Ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 8-нд дэлхий даяар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг хэн, хэзээ, хэрхэн санаачилсан түүхийг Германы нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Клара Цеткинээс салгаж ойлгох боломжгүй. Учир нь, түүнийг нэг зууны түүхтэй энэхүү тэмдэглэлт өдрийг санаачлагч нь хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь тухайн цаг үеийнхээ нийгэм, улс төрийн байдлаас шалтгаалаад эхэндээ Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нэртэй, феминист гэхээсээ илүү социалист шинжтэй байсан бөгөөд 1911 оны хүртэл үндэснии хэмжээнд тэмдэглэж байгаад мөн оны гуравдугаар сард "Германы коммунизмын эмэг эх" хэмээн хүндлэгдэж ирсэн Клара Цеткиний санаачилгаар анх удаа олон улсын хэмжээнд тэмдэглэсэн байдаг. Коммунист үзэл санаагаараа "Улаан" Клара хэмээн алдаршсан, тухайн үеийнхээ "төмөр хатагтай" байсан Клара Цеткин 1870-аад оноос Германы социалист хөдөлгөөнүүдэд идэвхтэй, манлайлан оролцож эхлэхээсээ өмнө жирийн нэгэн дунд сургуулийн багш байсан бөгөөд Парист амьдарч байхдаа Оросын социалист Оссиф Зеткинтэй танилцаж, гэрлэжээ. Гэсэн ч тэдний аз жаргалтай амьдрал хангалттай удаан үргэлжлээгүй. Эр нөхөр нь цаг бусаар өөд болж, тэрээр хоёр хүүтэйгээ бэлэвсэрч хоцорсон учир эх орондоо эргэн очжээ. Ингээд үлдсэн амьдралаа улс төр, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл, сурган хүмүүжүүлэх үйлст зориулсан байдаг.
Клара эх орондоо ирснийхээ дараа оюутан байхдаа холбоо тогтоосон эмэгтэйчүүдийн болон хөдөлмөрчдийн хөдөлгөөнийхөнтэй эргэн хамтарч нийгмийн идэвхтэй хэсгийн эгнээнд нэгдсэн бөгөөд 1878 онд Социалист хөдөлмөрчдийн нам буюу одоогийн Германы Социал демократ намын анхны гишүүдийн нэг болж байжээ. Гэвч төд удалгүй Герман улс социалист үйл ажиллагаанд хориг тавьсан учир тэрээр эхлээд Цюрих, дараа Парис руу цөлөгдсөн байна. Гэхдээ шантарсангүй. Тэндээ социалист хөдөлгөөн зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Клара анхнаасаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог сонирхон судалж, улмаар эрх тэгш байдлын төлөө идэвхтэй тэмцэж эхэлсэн бөгөөд социалист эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. 1992 онд Их Британийн "Гвардиан" сонинд бичсэнээр, тэрээр феминизм бол дундаж давхарга болон дээд зиндааныханд хамааралтай, ажилчин ангийн эмэгтэйчүүдийн хувьд социализм нь эрхээ хамгаалах тэмцэх цорын ганц хөдөлгөөн, арга зам юм гэж итгэдэг байжээ.
Эх орондоо эргэж ирснээсээ хойш эмэггэйчүүдийн хөдөлгөөн байгуулснаас гадна "Эрх тэгш байдал" нэртэй эмэгтэйчүүдийн сонины эрхлэгчээр ажиллах болсон байна. Тухайн үедээ Владимир Ильич Ленинтэй ярилцлага хийж байсан удаатай. Түүний хувьд дотнын найз, мөн л тухайн үеийн алдартай эмэгтэйчүүдийн нэг Роза Люкембургийн хамт намынхаа, ялангуяа зүүн жигүүрийн гол хүмүүсийн нэг байсан бөгөөд 1907 онд нам дотор шинээр байгуулагдсан "Эмэгтэйчүүдийн бүлэг"-ийн удирдагч болжээ. Ингээд 1911 онд Данийн Копенгагенд болсон томоохон чуулга уулзалтын үеэр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болох санаачилгыг гаргасан байна.
Үүнээс гадна дэлхийн нэгдүгээр дайны үеэр дайны эсрэг олон үйл ажиллагааг санаачлан 1915 онд дайны эсрэг олон улсын социалист эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Берлин хотноо зохион байгуулж байжээ. Дайны эсрэг энэ үзлээсээ бол тэрээр хэд хэдэн удаа баривчлагДаж байсан байна. Гэсэн ч ухарсангүй. Дайны дэмжсэн үзэл санаатай нь тэрсэлдэн 1916 онд намаасаа "өрх тусгаарлаж," Спартакист Лиг болон Бие даасан Социал демократ намыг байгуулсан байна.
Харин 1919 оны нэгдүгээр сард Герман хувьсгалын дараа Германы коммунист нам үүсгэн байгуулагдсанаар Цеткин мөн л анхны гишүүдийн нэг болж, 1920-1933 онд тус намыг төлөөлөн Рейхстаг буюу парламентад суусан байна. Энэ хугацаандаа намын жирийн гишүүнээс Төв хороо, гүйцэтгэх хорооны гишүүн болтлоо ахисан байдаг. Хожим нь 1932 онд насныхаа эрэмбээр Рейхстагийг даргалж байжээ. Ингээд 1933 онд Адольф Гитлер болон түүний Нацист нам төрийн эрхийг авч, Германы коммунист намд хориг тавихын өмнөхөн тэрээр парламентын хамгийн ахмад гишүүний хувиар хуралдааныг нээж, 40 минут үргэлжилсэн үг хэлсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан байдаг. Залуугаасаа уран илтгэх чадвараараа гайхагдаж ирсэн түүний үг эхлэхээсээ дуусах хүртэл Гитлер болон түүний намыг хатуу шүүмжилсэн утгатай байсан бөгөөд нацистуудыг "алуурчид" хэмээн нэрлээд, ажилчин ангийг нэгдэн фашизмын эсрэг тэмцэхийг уриалсан байна. Төд удалгүй Клара сүүлчийн удаагаа, тэр удаад Зөвлөлт рүү цөлөгдөж, 1933 онд 76 насандаа Москвагийн ойролцоо таалал төгсчээ. Түүний чандрыг Кремлийн дэргэдэх оршуулгын газарт хүндэтгэн байрлуулсан байдаг.
Б.НАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих