Монголчуудынхаа тухай муу үгийг бид өөрсдөө л гаргадаг болж. Олон
нийтийн сүлжээгээр ямар нэгэн муу залуугийн тухай цуурайтахад л доор нь
хүүхнүүд "Монгол эрчүүд арчаагүй, мөнгөгүй, архичин, яргачин" гэж
хараасан сэтгэгдэл үлдээж байна.
Сонин хэвлэлүүдийн нийтлэл, сурвалжлагад "Замын хөдөлгөөнд зөв
оролцдоггүй нь монгол болохоор тэр", "Хар яр хийж хэрэлдэж муудалцдаг
монгол муу зан", "Монголчууд хэзээнээс урвамтгай, худалч", "Хотжоод
хогийн амьтад болчихлоо" гэх мэтээр бичиж байх юм.
Мөн нэг гадаад нөхрийн "Чингисийн баатрууд олон улсад тараад явчихсан.
Нутагтаа үлдсэн хэдэн хөгжлийн бэрхшээлтэй болон аян зам даахгүй
хөгжлийн бэрхшээлтэйгүүд нь одоогийн монголчууд юм" гэж бичсэнийг иш
татаад байдаг хүмүүс бий.
Олон зуун жил хөрш явж байлдаж, эзлэж, залилуулж байсан юм болохоор
Хятадаас дор л гэхгүй юм даа. Харин "Америк бол гайхалтай", "Орос ах нар
шиг ч болоосой", "Европчуудын соёлтойг ээ" гэх мэтээр ярилцаад эцэст нь
монголоо муулж халаглацгаана. Ер амьтан болгоны адагт оччихсон
бололтой.
Гэтэл эргэн тойрноо харахаар муу хүн ер нь харагдахгүй л байгаа юм даа.
Хүний мөн чанарын талаар харин ч бид эвлэг хүмүүс шиг санагдах юм. "Ой
мод урттай богинотой" хойно муу хүн байлгүй л яахав. Тэднийгээ бид
нийтээрээ жигшиж байгаа нь сайн хэрэг.
Гэхдээ үүндээ нийтийг хамруулах ямар шаардлага байна. Ер нь муу юм их
сонсогдох болсон өнөө үед монгол алан хядагч, цуврал алуурчин гэж
байхгүй л байна. Замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог л гэнэ. Хяналтын
систем нь сонор, хатуу чанга, зөв болоогүй байхад ийм явдал хаана ч
болно.
Бид хөгжлийнхөө туулах ёстой зам дээрээ зогсож байгаа болохоос хүн
төрөлхтний адагт оччихсон хүмүүс биш. Үндэстний хувьд арга зальтай
хүмүүс байж болно ш дээ. Эрт дээр үедээ эргэж зугтаад эгнээг нь эвдээд
дараа нь гэнэт дайрч ялсан баримт цөөнгүй. Энэ нь дэлхийн тулааны
стратегид хүртэл нөлөө үзуүлсэн гэдэг.
Ер нь ч тэгээд хоёр том хөрштэй атлаа өдийг хүртэл тусгаар улс хэвээр
байсан нь арга зальтай л холбоотой биз. Одоо харин биднийг нийтээрээ муу
хүмүүс мэт ойлголтыг дотор нь төлөвшүүлж, үндэстний хувьд өөрсдийгөө
сул доройгоор мэдрүүлж байх нь хэнд ашигтай вэ. Монгол байж Монголыгоо
муулаад байгаа хүмүүсээ л сэжиглэмээр санагддаг юм.
Ж.Энх
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих