Холливууд түүх
Хэдхэн хоногийн өмнө болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр кино урлагийн хатан хаан Мерил Стрийп үзэгчийн суудлаасаа "Зүйтэй, яг зөв, дэмжиж байна” хэмээн хуруугаа гозолзуулан хашгиран босч ирэхийг дэлхийн олон сая хүн нэгэн зэрэг харсан. Бүтээсэн дүрүүдээрээ бөмбөрцгийн олон сая хүний шүтээн болсон супер одын сэтгэл юунд тэгтлээ хөдлөв?
"Холивуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаатай байдлыг арилгах ёстой” хэмээн "Хүүхэд нас” киноны ээжийн дүрээрээ шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн Патрисиа Аргуеттын үнэнийг илчилсэн зоримог үг.
Мэрил Стрийп, Женифер Лопес нарын Патрисиа Аргуетын үгийг уухайлан дэмжсэн агшин Оскарын шагнал гардуулах 87 дахь удаагийн ёслолын үйл ажиллагааны содон дүр зураг болон шуугиулсан. Энэхүү цаг мөчтэй зэрэгцэн барууны хэвлэлүүдээр Холливудын эмэгтэй жүжигчид эрэгтэйчүүдээсээ бага цалин авдаг тухай баахан баримт сэлт хөврөв. Өнөө ч хуучраагүй. Өнгөлөг мөнгөлөг дээрээ ардчилал, үзэл санааны эрх чөлөө ноёлсон гэгддэг Холливууд хүртэл эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалтай байх нь. Гэхдээ хэн нэг нь хамгийн зөв агшныг тааруулан зоримгоор илчилж дуу хоолойгоо дэлхийд хүргэн, сонссон хэсэг нь дав дээр дэмжин уухайлах хүчтэйг харуулаадхав.
Ямартаа ч, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх тэмцэл амар шийдэгдэх асуудал биш аж. Гол нь хэзээд үнэнийг илчлэх зоригтонгуудтай, тэднээ дэмжих хүчтэй байхаа л зогсоож болохгүй!
Цагаан сараар сонссон түүх
Өнгөрсөн амралтын өдрөөр шинэлж яваа хүмүүсийн ярианаас нэг түүх сонслоо. Хойд эцгийнхээ хүүхдийг төрүүлсэн охины тухай. Тэр охиныг би багад нь таньдаг байсан юм. Туяа, Цэцэг гэж хөөрхөн, тэрсхэн эгч дүү хоёрын төрх өнөө ч сэтгэлд тод. Эгч Туяа нь нүдний шилтэй, нимгэн шар царайтай, аядуу даруухан охин байсан. Аав нь нас барж ээж нь удалгүй дахин нөхөрт гарсан тухай ч сонсч байв. Гэтэл одоо энэ. Ээжийнхээ нөхөртэй нөхцөж хүүхдийг нь төрүүлсэн байж. Одоо хүүхэдтэйгээ хойд эцгийнхээ хаяаг бараадан илүү гэрт нь амьдардаг юм байх. Хүмүүс жигтэй сонин болгон ярьцгааж, хойд эцэг нэртийг "булай новш”, эхийг нь "арчаагүй хог” хэмээснээр охины талаарх яриа өндөрлөв.
Энэ хэргийн тухай би хөндөхдөө хачин жигтэй сонин дуулгах, эсвэл хойд эцэг нэртийг жигшүүлэх санаа агуулсангүй ээ. Харин нүдний шилний цаанаас гэрэлтдэг асан сониуч бор нүд олон зүйлийн тухай эргэцүүлэхэд хүргэв. Мэдээж тэр харц одоо гэрэлтэхээ больсон байж таараа. Хүний нүүр харах аргагүй боллоо гэж үзсэн тэр бүсгүйн нэг өдөр байтугай нэг цаг ямар их зовлонтой өнгөрдөг бол. Энэ мэт түүх хэр олон юм бэ? Бид тэгээд асар харгис энэ мэт гэмт хэргийг зүгээр л нэг жигтэй сонин болгоод өнгөрдөг болчхоо юу.
Төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар хүчийрхийллийн гэмт хэргийн гол үүр нь гэр бүлийн орчин гэж. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, нэгэнт өртсөн хүн хэргийг нуун дарагдуулалгүйгээр үнэнээ өчих нөхцөл олгох, зохих дэмжлэг үзүүлэх төрийн үйлчилгээнүүд хаагуур явдаг хэрэг вэ. Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрхийг хэрэгжүүлэх бүхэл бүтэн яам, байгууллагуудын сүлжээ уг нь бий. Сум бүр нийгмийн хамгааллын ажилтантай. Таминь ээ, нийгмийн ажилтан гэж халамжийн мөнгө тараахаас өөр ажилгүй хүн биш шүү дээ. Сумын хэдхэн хүнийхээ амьдрал ахуйн талаар нарийн судалгаа хийж, болзошгүй аюулыг тодорхойлон зохих газруудад мэдэгдэх, эргэж тойрч, сэжигтэй санагдсан зүйлсийг нягталж, шаардлагатай нөхцөлд нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бусад байгууллагуудтай нягт хамтран ажилладаг хүн байх учиртай. Нийгмийн ажилтан бүр ажил үүргийнхээ хуваарийн мөн чанарын талаар нарийн нягт эргэцүүлэхгүй бол болохгүй нь ээ. Хүний хувь заяанд учирсан аюул занал, туйлын харамсалтай нөхцөл байдлууд үүсэхэд төрийн тогтолцоо үүргээ гүйцэтгээгүй бол үүрэх хариуцлага нь нарийн тодорхой байх нь зүй.
Миний найзын түүх
Дотно найзтайгаа кофе уулзалт хийв. Гэдэс нь улам томорчхож. Хэд хоноод амралтаа авна гэнэ. Хүүхдээ төрүүлчихээд аль болох хурдан ажилдаа орох юм байх. Тэгж ярихдаа жаахан түгшүүртэй. Том охиныхоо балетын сургалтыг таслуулчихгүй байх, багадаа гэрийн багш авах гээд найзад минь орлогоо таслахгүй байх шалтгаан олон. Эдийн засгийн хүндрэлийг туулж яваа компани дээр нь цомхотгол хүчээ авсан үе. Уг нь миний найз чадалтай бас дайчин бүсгүй болохоор иймэрхүү асуудалд санаа зовмооргүй. Гэхдээ хамт ажилладаг, өрсөлдөгч нь гэмээр нэгэн бий. Эрэгтэй хүн л дээ. Хямралын үед компани удирдаж буй захирал нь миний найз хийгээд нөгөө өрсөлдөгч эрэгтэй хоёрын нэгийг сонгох хэрэг гарлаа гэж бодъё. Хэнийг нь сонгох бол?
"Эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь Хүмүүнлэг ёсыг дэмжиж буй хэрэг – Анхаарлаа хандуулна уу!”
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх болсоор даруй зуу илүү жил өнгөрчээ.
Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц дэвшлийг тэмдэглэх, цаашид анхаарах асуудлуудыг өргөнөөр хэлэлцэн, дуу хоолойгоо нэгтгэж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаарх санаачилга, үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн мартын 8-ныг тохиолдуулан НҮБ-ын гаргасан уриалга нь "Эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь Хүмүүнлэг ёсыг дэмжиж буй хэрэг – Анхаарлаа хандуулна уу”. Эмэгтэй хүн хүчтэй, мөнгөтэй байх нь хүүхдүүд хоолтой, эрүүл, аюулгүй байхын баталгаа гэсэн санаа. Үзэмжит бялуу хуваан, болор хундага харшилдуулахаасаа өмнө дээрх уриалгыг заавал нэг бодож үзнэ үү!
С.Энхцэцэг @STsetseg
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих