Нэгэн цагт намар оройхон үед өвгөн анчин марал буга намнажээ. Нас өндөр болоод ч тэрүү эсвэл хүч тамир нь барагдаад ч тэрүү алдаж харваад буга шархдаж цойлон холджээ. Анчин араас нь явсаар ойгоос гарч талын дундах жижиг намгийн захад өнөөх буга нь шаварт хэвтэж байхыг үзлээ.
Өмхий үнэрт шаварт хэвтэх буга өвгөн анчнаас өршөөл эрэх мэт дүрэлгэр хархан нүдээр ширтээд байхаар анчин,
- Эх байгалиас чамгүй ихийг хүртсээн. Одоо болсон юм байна, үүнээс цааш улай үзэхгүйгээр хадан гэртээ очих минь хэмээн бодлоо.
Өвгөн өмхий үнэрт намгийн орчинд огт ялаа шумуул байхгүйг гайхаж бас түмэн зүйлийн цэцэгс газар булаалдах мэт хачин ихээр ургасныг анзаарчээ.
Өөрөө авлаж шархдуулаад, өөрөө домнон эдгээх гэж оролдвол энэ зэрлэг амьтан яавч ойлгохгүй тэгэхээр зөнд нь орхиод нүд анивал чирч гаргаад ус намгийг цэвэрлэе гэж бодоод явжээ.
Өвгөн нилээд хэд хоногийн дараа намагт очвол өнөөх буга нь цочин үргээд намаг захлан одов гэнэ. Анчин өмхий шаварт булагт учир буйг гадарлаж усыг амсаж үзвэл тагнай хага ташим хүйтэн, жаахан дарь хүхэр амтагдсан ус байна гэнэ. Үүнээс хойш өвгөн булгаас өглөө бүр ус авч уусаар бие чалх нь сайжирсан гэдгээ.
Хүний бие бахбодь буюу аль нэг эрхтэнд анагаах зохистой нөлөө үзүүлдэг байгалийн усыг рашаан гэдэг. Рашаан нь ямар эрдэс бодис агуулснаас хамаарч гашуун, давслаг, хужирлаг, хүхэрлэг байхаас гадна халуун, хүйтэн байна.
Рашаан усны дэргэдээс чулуун зэвсгийн болон хүрэл зэвсгийн үеийн олдвор, хадны сүг зураг, булш хиргисүүр ихээр олддог нь маш эртнээс рашаан усны анагаах эрхэм чанарыг мэддэг байсны гэрч.
Монгол рашаан нь байгалиас заяамал эрдэс шим бодис бүхий 70 гаруй махбодыг шингээсэн учир рашааныг эмийн дээд эрхэм хэмээн үздэг. Монголчууд рашаан усанд ороход заавал дэг, гам барина. Рашаанд орсон хүмүүс наранд огцом халахгүй, сэрүүнд хүйтэнд даарахгүй байхаас гадна бороо, цасанд норох, архи, тамхи зэрэг зүйлсийг хэрэглэхийг цээрлэнэ.
АЖНАЙН РАШААН
Баян уул сумын хуучин 7-р багийн нутгаас хойш чиглэн урссан Ажнайн горхиний баруун хөвөөнд, Дунд уулын ар х.ө 48 градус 54 минут, з.у 112 градус 20 минутын соливцолд д.т.д 950 м өргөгдсөн өндөр газарт оршино.
Баян уул сумаас баруун тийш 35 км, Хэнтийн Норовлин сумаас зүүн тийш 40 км зайтай газар энэ 2 сумын хоорондох засмал замаас урагших 6 км-т Дунд уулын араар зүүн баруун тийш чиглэсэн Чингисийн хэрмэн замаас хойш 6 км зайтай орших рашаан. Орон нутгийн хүмүүс энэ рашаанаас ходоод гэдэс дотрын өвчинд ууж үе мөч, бөөр нурууны зэрэг өвчинд тэрхүү хар лаг шавраар шавж эмнэн сувилдаг.
ГУРВАНЫ РАШААН
Цагаан-Овоо сумын нутагт х.ө 48 градус 34 минут, з.у 113 градус 43 минутад д.т.д 850 м өргөгдсөн газар оршино. Сумаас зүүн хойш 40 км Цагаан ухааны ар шилд зүүн урагшаа уруудсан жалганы эх орчимоос ундарна. Рашааныг эрт дээр үеэс хэрэглэж байсныг нотлох баримтууд байдаг. Нутгийн хүмүүс дотрын элдэв өвчинд рашаанаас ууж эмнэн хэрэглэдэг байсан.
ДУНД ЯМТЫН РАШААН
Дашбалбар сумын нутаг х.ө 50 градус, з.у 113 градуст д.т.д 850 м өргөгдсөн газар оршино. Рашааны найрлага нь гидрокарбонат, кальци магни зонхилсон 44 төрлийн бал бүхий маш их исгэлэн амттай, үнэр, өнгөгүй, тунгалаг рашаан.
ХӨХ НҮДЭНГИЙН РАШААН
Чулуухороот сумын нутагт х.ө 49 градус 45 мин, з.у 114 градус 56 минутын еоливцолд д.т.д 680 м өргөгдсөн өндөр газарт байрладаг. Энэ рашаан нь Хөх Нүдэнгийн нуурын зүүн хойд хөвөөнд нуураасаа 100 м хэртэй урагш урсан тэр нуурт орсон булгийн шавартай хотгорын зүүн захад дөрөвдөгч галавын хурдаст хучигдан цайвар шавар дотроос ундарна.
Хужир ихтэй, элсэрхэг цайвар болон шавранцар хөрстэй. Энэхүү рашааныг ойр орчимд нь нутагладаг нутгийн иргэд дотрын элдэв өвчинд хэрэглэж ирсэн.
ЦАГААН ЧУЛУУТЫН РАШААН
Гурванзагал сумын нутагт х.ө 49 градус 08 минут, з.у 115 градус 00 минутад д.т.д 870 м өргөгдсөн газар оршино. Рашааны найрлага нь барий, вислут, мөнгө, стронций зэргийг агуулсан ходооны хүчил багадсан, ихэдсэн зэрэг гэдэс дотрын элдэв өвчинд сайн гэж хол ойрт алдаршсан рашаан. Аймгийн төвд хамгийн ойр орших нүүрсхүчлийн исгэлэн рашаан.
Миний Дорнод сэтгүүлийн 2014 оны 12-р сарын дугаараас
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих