Уншигч та бүхнийг 2014 оны Дорнод аймгийн наадмын түрүү бөх, Дашбалбар сумын харъяат, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин, Шонхор-Олимп дээд сургуулийн оюутан, Бүст бөхийн дэлхийн аварга, Аймгийн арслан Доржийн Анартай танилцуулж байна.
-Залуухан шинэ арслантай боллоо гэж ярьцгааж байна. Анар маань энэ жил хэдэн нас хүрч байгаа билээ?
-Би 22 настай. Аймгийнхаа баяр наадамд түрүүдж арслан цол хүртсэндээ маш их баяртай байна. Тусалж дэмждэг ах эгч нар, багш дасгалжуулагч нарынхаа хүчээр энэ цолонд хүрсэн гэж бодож явдаг аа.
-Дашбалбар сумын харъяат байхаа?
-Тиймээ. Аав маань Дорнодын хүн. Би 6 настайгаасаа 8-р анги төгсөх хүртэл Дашбалбар суманд амьдарч байсан. Балбарт бага насны минь сайхан дурсамжууд үлдсэн дээ. Хотод очоод нэг жил болсныхоо дараа Япон руу явж, Нисэхийн ахлах сургуульд сурч төгссөн. Одоо "Шонхор-Олимп” дээд сургуулийн Багш дасгалжуулагчийн 3-р курсийн оюутан.
-Анар арслан шинэ цолондоо хэр дасч байна?
(Инээв) Энэ сайхан хүндтэй цол хүртсэнийх, ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж явах юм шүү л гэж бодож байгаа. Хариуцлага улам нэмэгдэж байна гэх үү дээ.
-Бөхийн удам бий юу? Анарыг бөхийн спортод хэн чиглүүлж өгсөн бэ?
-Ээжийн маань талд хүчтэй сайн бөхчүүд байсан гэдэг. Харин анхны багш гэвэл Дашбалбар сумын харъяат цэргийн начин Мөнхжаргал багшийгаа нэрлэнэ. Намайг 1-р ангид байхад Аймгийн хүүхдийн "Үе чацуутан” тэмцээнд анх барилдуулж байсан. Харин одоо ОБЕГ-ын Аврагч спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг.
-Багаасаа барилдаж эхэлсэн юм байна. Хүүхэд байхдаа ямар амжилт үзүүлж байв? Хамт барилдаж өссөн хүүхдүүдээс нэрлээч?
-"Үе чацуутан” аймгийн аваргын тэмцээнд мөнгөн медаль, Баян-Уул суманд болдог Жамъян аваргын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Баян-Уул сумын начин
Идэрмөнх гэдэг залууг мартдаггүй юм. Бид хоёр мөн ч олон барилдсан даа. Би ерөөсөө давдаггүй байсан. Харин сүүлд ер таарч барилдсангүй.
-Нэг таарвал яах бол?
-Одоо давах байх аа. (Инээв)
-Энэ жилийн наадмаар өөрийгөө дээгүүр барилдана, түрүүлнэ гэж бодож байв уу?
-Эн тэнцүүхэн үздэг олон залуус бүгдээрээ л дээгүүр цолонд хүрнэ гэж хичээж барилдсан. Өөрийнхөө санасан бодсоноо хийгээд наадамд түрүүлсэндээ баяртай байна.
-Аймгийн наадамд хоёр жил л зодоглож байгаа. 2012 онд анх зодоглосон жилээ начин авсан байхаа?
-Тэгсэн. Тухайн үед цолонд хүрнэ ч гэж бодоогүй байсан. 5-ын даваанд аймгийн харцага Мөнхзоригтой тунаж үлдээд давж начин болж байлаа. Их л баярлаж хөөрч байсан санагддаг юм.
-Энэ жилийн наадамд ч мөн адил, сүүлчийн даваа бүрт тунаж барилдлаа шүү дээ?
-Тунасаан. Дандаа Дорнод аймгийнхаа сайн барилддаг залуучуудтай тунаж байсан. Бүгд л бие биенийхээ барилдааны арга, техникийг мэддэг улсууд.
-Чухам хэдийн даваа нь илүү чанга байв?
-Даваа бүр л хариуцлагатай, хүнд байсан даа. Ялангуяа дөрөв, тавын даваанд чанга байсан. Аймгийн харцага Батжаргал, Аймгийн нэмэх начин Эрхэмбаяр нартай барилдсан шүү дээ.
-Зургаагийн даваанд Б.Батдорж начинтай тунаж үлдсэн. Тэр үед юу бодож байв?
Бид хоёр бие биенийхээ барилдааныг маш сайн мэднэ. Үндэсний бөхөөс гадна самбо, жудогоор ч барилдаж л байсан. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг. Тэгээд яахав дээ, ур ухаанаа уралдуулж л барилдсан даа. Өөрийнхөө мэхийг хийгээд л давсан.
-Анарын дархан мэх гэвэл?
-Тохно, давхар ачина, Хөмрөнө,
-Баяр наадмын долоогийн даваанд Х.Алтансүх заантай барилдсан. Нэг нь заан цолоо батлах, нөгөө нь шинэ цолонд хүрэх гэдэг утгаараа хүнд барилдаан болсон байх?
-Тиймээ. Ер нь барилдаан болгон хүнд байсан шүү. Дандаа сайн хүмүүстэй таарч барилдсан. Аль илүү бэлтгэл хийсэн нь л давдаг байх даа.
-Үзүүр түрүүнд Д.Ариунмөрөн заантай үлдэх үед багш дасгалжуулагч, ахмад бөхчүүд юу гэж зөвлөж байв?
-Хамгийн гол нь тайван сандрахгүй, өөрийнхөөрөө барилдаарай л гэж зөвлөж байсан даа.
-Наадамд түрүүлж, арслан цол хүртэхэд наадамчин олон гар дээрээ өргөөд гүйсэн шүү дээ. Тухайн үед нулимс унагаж байгаа харагдсан. Арслан цол хүртсэн яг тэр торгон агшинд төрсөн мэдрэмж, сэтгэгдлээсээ одоо хуваалцаач?
-Тухайн үед сэттэл хөөрч, омогшоод л өөрийн эрхгүй баярын нулимс гарсан даа. Олон хүмүүс бүчиж аваад, өргөөд явахаар чинь их эвгүй юм байна лээ шүү дээ. Тэгнэ гэж бодоогүй. Гэнэтийн бэлэг байсан гэх үү дээ. (Инээв) Тэр олон хүний хайр хүндэттэлийг дааж явах юм шүү гэж бодогдсон. Хүн бүр л "Аймгийн арслан боллоо.Улсад цолонд хүрээрэй” гэж захиж байлаа.
-Харин улсын цолны тухай асууя гэж бодож байлаа. Бөх хүн бүрийн санаанд улсын наадам байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Улсын наадам гэдэг их том даваа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, хувь хүн өөрөө сайн хичээвэл болох л байх гэж боддог.
-Энэ жилийн бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангасан бэ?
-Дорнодынхоо бөхчүүдтэйгээ л хамт бэлттэл хийсэн. Д.Цогзолдорж начнаар ахлуулан Сүүж уул амралтын газарт галд гараад, дараа нь аймагтаа Хан-Уулын зааланд бэлтгэл хийсэн.
-Наадмын өглөөг хэрхэн угтав? Гэрээсээ наадмын талбай руу ямар сэтгэгдэлтэй гарсан бэ?
-Наадмын өглөө эртлэн босч уул усандаа идээ будааныхаа дээжийг өргөж залбираад л гарсан. Залбирсны хүчинд л энэ зэрэгтэй амжилтанд хүрсэн байх. Би чинь бас нэлээд шүтлэггэй хүн шүү дээ.
-Монголчууд эртнээс нааш бөх хүний хийморь лүндааг зодог шуудагтай нь холбож дээдэлж ирсэн. Арслан цол хүртэхдээ өмсөж байсан энэ өмсгөл, зодог шуудагныхаа тухай яриач?
-Энэ өмсгөлийг Дорнод аймгийн Баяндун сумын харъяат аймгийн арслан Б.Батхуяг ах маань надад өгсөн юм. Өөрөө энэ зодог шуудагтайгаа барилдаж аймгийн арслан болж байсан түүхтэй. Тэгээд л багадангуут нь надад өгсөн. Өмнөх эзнээ арслан цолонд хүргэсэн зодог шуудгийг өмсөж арслан болсондоо билэгшээж байгаа.
-Анар маань үндэсний бөхөөс гадна, Бүст бөхийн дэлхийн аваргын алтан медальтай. Манайхан Кураш буюу бүст бөхийн тухай ойлголт багатай байдаг. Чүхам ямар онцлогтой барилдаан юм бэ?
-Бүст бөх Узбек улсаас гаралтай. Баруун золгож, бүс ороож барилддаг. Сүүлийн үед дэлхийн олон оронд дэлгэрч байгаа. Манай улсад л гэхэд жил бүр насанд хүрэгчдийн болон залуучууд, өсвөр үеийн УАШТ болдог. Түрүүлсэн нь ДАШТ-д очиж барилддаг. Би 2011 онд Бүст бөхийн ДАШТ-ий хасах 100 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртэж байсан. Би өөрөө баруун золгож барилддаг хүн. Тиймээс надад илүү ойр, давуу талтай байдаг.
-Жудо бөхийн шигшээд бас барилдаж байсан?
-Тиймээ. Өмнөх хоёр жил Жудо бөхийн үндэсний шигшээ багт ажиллаж байсан. Одоо жудо бөхийн багш дасгалжуулагчаар сурч байгаа юм.
-Бөх гэсэн алдрыг зүүсний бахархал юу вэ?
-Монгол айл бүхэн хүү төрвөл бөх болоорой гэж ерөөдөг, бөхөө дээдэлдэг ард түмэн. Энэ сайхан уламжлалт спортоор хичээллэж, ард түмнээ цэнгүүлж, хүндлэл хүлээж яваа учраас үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зөв явах ёстой юм байна даа л гэж боддог.
-Залуу хүний хувьд аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, сургуулиа төгсөөд аймагтаа ажиллаж амьдрах талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ирээдүйд нутагтаа багш дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй. Ялангуяа Дорнодынхоо бөхийг хөгжүүлэх юмсан гэсэн бодол байдаг юм.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг өөрт чинь үлдээе
-Сэтгүүлийнхээ зочноор урьж ярилцсанд баярлалаа. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг, надад туслаж дэмждэг хүмүүстээ баярласан сэттэлээ илэрхийлмээр байна. Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээждээ баярлаж байна. Амжилтад хүрэхэд их нөлөөлсөн Ц.Шийрэв багшдаа, Дорнод аймгийн ОБХ-ийн дарга Д.Гантөмөр ахдаа гээд тоочоод байвал олон хүн бий. Дорнод нутгийн нийт ард түмэндээ сайн сайхныг хүсье.
Миний Дорнод сэтгүүлийн 2014 оны 9-р сарын дугаараас…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих