Буриад судлалын академийн ерөнхийлөгч, доктор М.Одмандах
Танай академиас зохион байгуулсан буриад ардын дууны тоглолтын зорилго, үр дүнгийн талаар яриагаа эхэлье ?
Манай Буриад судлалын академи, Монголын театрын хөгжлийн академиас хамтраад Буриад дуун учиг буюу "Буряад аянгай hабагша” гэдэг тоглолтыг зохион байгууллаа. Гол зорилго нь буриад ардын мартагдаж байгаа дуу хуурыг орчин үеийн залуучууддаа мэдрүүлье, таниулья, буриадын ардын дуугаар дамжуулж буриад хэл аялгуу, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлье гэсэн зорилготой төсөлт ажлыг хамтарч хэрэгжүүлж, үр дүнгээ тайлагнаж, тоглолт хийлээ. Энэхүү 3 сарын ажлынхаа үр дүн болсон "Буряад аянгай hабагша” нэртэй нутаг нутгийн буриад залуучуудыг оролцуулсан 14 дуутай цомог гаргалаа. Ингээд 5-р сарын 21-нд цомгийн баяраа хийж, Монгол Бөхийн өргөөнд тоглолт болсон юм. Хамгийн гол нь 14 шинэ дуучинтай боллоо, 14 мартагдаж байсан дууг сэргээж авлаа. Энэ ажлыг хийхэд Монголын театрын хөгжлийн академи анх санаачлага гаргаж, манайхтай хамтарч ажилласан.
Тоглолтыг зохион байгуулахад танай байгууллагын зүгээс ямар үүрэгтэй оролцсон бэ ?
Манай зүгээс буриад дууны түүхэн гарал, онцлог, дуулах ур маяг, ая данг нь зааж, сургах, зөвлөн туслах үүрэгтэй оролцлоо. Тухайлбал, угсаатны зүй, антропологи, буриад хэл-аялгууны талаас нь МУИС–ийн докторант, Буриад судлалын академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Оюунцэцэг, нутгийн аялгуу, үг хэллэг талаас нь МУИС–ийн багш, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Г.Гантогтох нар чухал үүрэгтэй оролцсон. Эдгээр дуунууд нь нутаг нутгийн буриадуудын дуулдаг хамгийн багадаа л гэхэд 100, 200 жилийн түүхтэй учраас түүх, угсаатны зүй, хэл аялгуу талаас нь зөвлөгөө өгөх, судлах зайлшгүй шаардлагатай байлаа. Мөн урлаг судлал, хөгжмийн талаас нь СУИС–ийн багш, урлаг судлалын ухааны доктор, профессор, МУ-ын СТА, ОХУ-ын Буриад улсын УГЗ Г.Батцэрэн багш, СУИС-ийн багш, докторант н.Чулуунцэцэг, Хөгжим бүжгийн коллежийн багш, МУГЖ, БУАЖ Д.Долгормаа нар голлон ажиллалаа. "Заяан Нава” гэдэг дуу багадаа л 1000 жилийн түүхтэй, 4-5 хувилбартай аяаар дуулдаг дуу. Энэ дууны хамгийн мартагдаж байгаа хувилбар болох аавынхаа дуулж байсан тэр л ая дангаар нь сэргээж, Г.Батцэрэн багш маань зааж, зөвлөж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, СУИС-ийн оюутан Б.Шинэбаяраар дуулуулсан.
Буриад дууны судалгааны бүтээл хэр олон байдаг вэ ?
Буриад дууны хэл аялгуу, соёл, угсаатны талаас нь Дорнод дээд сургуулийн багш, хэлшинжлэлийн ухааны доктор С.Алтанцэцэг "Буриад дууны хэл соёлын судалгаа” сэдвээр хийж эрдмийн зэрэг хамгаалсан. СУИС–ийн багш, доктор Г.Батцэрэн буриад ардын дууны ая, аялгуу, түүхэн талаас нь судалж, мөн л эрдмийн зэрэг хүртсэн. Мөн манай монгол судлаач эрдэмтэд буриад дууг сурвалжлан цуглуулах, эмхэтгэх талаар маш их ажил хийсэн. Эрдэмтэн Б.Сумьяабаатар, Ж.Цолоо, Г.Гантогтох нар 1960-аад оноос хойш монголын бүх буриад нутгуудаар болон ОХУ, БНХАУ–ын буриадуудын дунд хээрийн судалгааны ажил хийж, энэ судалгааныхаа ажлын хүрээнд буриад дуу ардын аман зохиолыг эмхэтгээд "Арван гурван ноёдын дуу” гэж томоохон эмхтгэл гаргасан. 1964 оноос буриад ардын дууг судлах, цуглуулах, эмхэтгэх ажил эхэлсэн. 1964 онд Ч.Содном гэж хүний "Буриад ардын дуу” гэж хоёр том эмхэтгэл зэрэг маш олон бүтээл байна. Миний мэдэж байгаагаар бараг 10 орчим буриад дууны түүвэр гарчээ. Эдгээр бүтээлүүд бүгд буриад ардын дууг судлах үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байна. Буриад зон дотроо олон янз байгаа. Зөвхөн Хэнтий, Дорнод биш Агын буриад, Хорь буриад, Сэлэнгийн Сонгоол буриад, Эхирэд Булгад, Түнхэн Санагын буюу баруун долоон буриад гээд маш олон угсаатны нийлэгжилтэй учраас тэр болгоны дуу хуур өөр өөр байдаг. Энэ онцлогийг нь харгалзаж судалсан бүтээлүүд ч бий. Ялангуяа баруун буриадын, Түнхэн, Санагын ардын дууг Хөвсгөл аймгийн судлаач, оточ ламбугай Л.Галбаабадраа тусгайлан судалж, эмхэтгэл хэвлүүлсэн нь бий.
Эрдэмтдийн судалгаанаас харахад таны бодлоор буриад дууны гол онцлог нь юу вэ ?
Буриад ардын дуунд бэсрэг уртын дуу, богинын дуу голлодог. Монгол ардын дуу илүү их гүн ухаанлаг шинжтэй, ертөнцийн мөн чанарыг танин мэдэх чиглэлрүү байдаг бол буриад ардын дуу ахуй амьдралаасаа урган гарсан, ертөнцийн жам хуулийг амьдралын мөн чанартай харьцуулсан дүр дүрслэл олонтой. Жишээлбэл:
Алтан шаргал нарыг
Альган яаж л халхалхав
Аав л ээжийн сургаалыг
Андуурж л яаж л болохов гэдэг ч юм уу, ийм сургаалын, ахуйн шинж, чанар угсаатныхаа мөн чанар, сэтгэлгээ, философи, шашны үзэл хандлага, ертөнцөд хандах хандлагаа илүү бодитойгоор илэрхийлсэн байдаг. Дээрээс нь түүхэн дуу, шог хошин дуу их олон. Амьдралд болсон үйл явдлыг шууд дуу хуур болгож хойч үедээ үлдээдэг. Зарим талаараа нэг дуу 4 – 5 аятай эсвэл нэг аятай 4 – 5 хувилбар үгтэй байх нь их түгээмэл учир нутаг нутгийн буриадууд өөр өөрсдийнхөө айзам хэмнэл аялгуунд оруулж дуулдаг гэсэн үг. Мөн гуниг харууслын дуу их олон байдаг. Хамгийн гол нь бид ямар түүхийг туулж өнөөдрийг хүрсэн юм гэдгийг буриад дуунаас мэдэж болохоор байдаг. "Заян наваа”, "Тэмүүжин Чингис”, "Михлай ноён”, "Шилдэй занги” гэх мэт түүхт хүмүүсийн тухай дуу ч их байна.
Буриадууд ямар хөгжмийн зэмсэг голчлон хэрэглэж ирсэн бэ?
Мэдээж монголын үндэсний хөгжмүүд бүгд тодорхой хэмжээгээр хэрэглэгдэнэ. Буриадын яг үндэсний хөгжим гэвэл "Суухан хуур” гэж хөгжим бий. Тэр бол ганц утас, чавхдастай хуур. Энэ хөгжим ялангуяа манай баруун долоон буриадад илүү түгээмэл өвлөгдөж үлдсэн байдаг. Тус хөгжим маань яг морин хуур шиг гэхдээ хун толгойтой, цартай, цар нь болохоор үхрийн давсаг буюу "суух”-аар хийсэн байдаг учраас "Суухан хуур” гэж нэртэй ийм хөгжим юм. Эрдэмтэд "суухан хуур”-ыг Морин хуурын өвөг байж магадгүй гэж үзэж байгаа.
Яагаад үхрийн давсагаар хийх болсон тухай домог түүх болон бусад талаас судалсан зүйл хэр их байдаг вэ?
Домог түүхийнх нь талаар манай судлаач Л.Галбаабадраа гуай судалгааны ном, өгүүлэл бичсэн байдаг. Өнөөдөр Л.Галбаабадраа гуай Хөвсгөл аймагт Суухан хуурыг сэргээх, хөгжүүлэх, соёлын өвд бүртгүүлэх талаас асар их ажил хийж байна. Хөвсгөл аймгийн буриадууд Суухан хуураа жинхэнэ утгаар нь өвлөж авч явна. Суухан хуур хөгжим аялгууны талаас дөнгөж одоо л судалж эхэлж байна. Ерөөсөө нэг чавхдастай байна гэдэг нь өнөөдрийн чавхдаст хөгжмийн өвөг байж магадгүй гэж би боддог. Аялгуу нь яг л Морин хууртай адил байдаг. Өөр бусад хөгжмийн талаар би үнэндээ сайн мэдэхгүй байна. Нийтлэг монгол угсаатны хөгжмүүдийг хэрэглэдэг байсан байх. 1690–ээд оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд буриадууд 3 гүрэнд тархан сууснаас болж соёлын ондоошил явагдаж, буриадууд маань европын тэр дундаа оросын соёлд нилээн түлхүү орсон. Тиймээс европын сонгодог хөгжим, сонгодог урлаг талруугаа их зүйл хийсэн байдаг.
Буриадууд хэр зэрэг дууч ард түмэн бэ? Одоо мэдэгдэж байгаагаар хичнээн дуу судалж бүртгэсэн байгаа вэ ?
Одоо миний мэдэж байгаагаар 10 гаруй мянган дуу байгаа байх. Ардын дуу гэдэг чинь нэг үе мартагдаж, нэг үе сэргэж байдаг циклтэй. Манай буриадууд дуу хуурын асар их өвөрмөц соёлтой ард түмэн. Бүх найр наадам нь өөрийн гэсэн дэг жаяг, түүндээ тохирсон дуу хууртай байдаг. Жишээлбэл ниргэлгийн дуу буюу тойрон бүжгийн дуу, ёохор, еэхэр, хурим найрын дуу, бэлзэгийн дуу, төр хуримыг эхлүүлдэг, хөгжөөдөг, жаргаадаг дуу гээд олон байна. Хурим найр, баяр цэнгээн болоход хоёр тал болоод дуулдаг, харилцан андалдаж, наадаж, наргидаг байсан. Тэр оройн найран дээр нэг дуугаа давтаж дуулдаггүй. Хэдэн цаг ч хамаагүй найрлаад хоноход нэг дууг нэг л удаа дуулдаг. Тэгэхээр бол маш их дууч ард түмэн. Өвдөг газрыг өлцөртөл, хавирга газрыг халцартал бүжиглэдэг эртний монголчуудын тойром бүжгийг буриадууд өвлөж, "Ёохор”-оо хатирч, уламжлуулж явах жишээтэй. Тиймээс манайхан бол дууч, наргианч, өв соёлоо авч үлдэх тал дээр их эрмэлзэлтэй ард түмэн.
Тэгэхээр 14 дуучны 14 дуугаар цомог гаргажаа. Яаж эдгээр 14 дууг сонгосон байна?
Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эвэнкэ хошууны Шинэхээний буриадууд ямар ямар дуу дуулж байна. Ямар дуу дуулдаг байсан юм. Ямар дуу нь мартагдаад байгааг судалж, эрдэмтдээс зөвлөгөө авч, 20, 30 дуу сонгосон. Тэндээсээ бүгдээрээ ярилцаж байгаад нутаг нутгийн онцлогийг илэрхийлсэн 14 дуу сонгосон юм. Жишээлбэл: "Хүдэр дунгуй”, "Хууяа шил”, "Шилдэй занги”, "Саран хөхүй” зэрэг зарим нутаг одоо төдийлөн дуулдаггүй боловч түүх, угсаатан, өв соёлын талаасаа ч ач холбогдол бүхий, мэдэж байхад илүүдэхгүй дуунуудыг сонгосон.
Эдгээр дуунуудыг хамгийн гол нь залуучуудад таниулах, өвлүүлэх зорилготой гэж байгаа юм чинь энэ цомгийг гаргаснаас өөр ямар ажил зохион байгуулах вэ ?
Монголын театрын хөгжлийн академиас "Монголын дуун учиг” гэдэг нэртэй том төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэрний эхний алхам болж "Буриад дуун учиг” буюу "Буряад аянгай hабагша” гэдэг нэртэй төсөлт ажил зохион байгуулаад дууслаа. Цаашид бүх монгол угсаатны дуу энэ хэлбэрээр сэргэх юм. Манай академийн зүгээс дуу хуураа өвлүүлэх, судлах, сэргээх ажлыг тасралтгүй явуулна. Энэ бол манай академийн зүгээс урлаг соёлын чиглэлд хийж байгаа анхны томоохон ажил болж байна. Цаашдаа бид бүх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай эрдэмтэд өөр өөрсдийн чиглэлээр судалгааны ажлуудаа хийгээд л явж байна. Түүнийг нь олон нийтэд хүргэх таниулах ажлыг тасралтгүй хийнэ.
Залуучууд буриад хэл соёл, аялга, дуу хуураа хэр сайн мэддэг юм бэ?
Яг үнэнийг хэлэхэд нэг хэсэг буриад хэл-аялгуу, дуу хуур мартагдах тийшээ байлаа. Сүүлийн үед сонирхож байгаа залуучууд олон болжээ. ЮНЕСКО–оос буриад хэл-аялгууг мөхөж буй хэлний тоонд оруулчихсан. Бид бол мөхөөхгүйн тулд л буриад хэл-аялгаа судалж, толь бичиг гаргаж, мөн буриад ардын дууны цомог гаргаж, тоглолт зохион байгуулж байна. Буриад хэл-аялгууны талаар манай ахмад багш нар сургалт зохион байгуулж байна. Бид бол залуучууддаа "би буриад хүн шүү” гэдгээрээ бахархах, итгэл үнэмшил төрүүлэх, өөрийнхөө мартагдаж буй өв соёлоо аваад явах хэмжээний чин сэтгэлтэй байгаасай гэдэг үүднээс л ажлаа зохион байгуулдаг юм. Жишээлхэд манай Г.Гантогтох багш "Буриад аялгууны толь” гээд 33 орчим мянган толгой үгтэй ном гаргалаа. Бас идэвхитэй ажиллаж байгаа залуучууд байна. Тухайлбал, "Амин Тоонто” буриад оюутан залуучуудын ТББ байна. Мөн хоёр жилд нэг удаа болдог "Алтаргана” гэдэг наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд одоо 20 дахь жилдээ буюу 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ наадам бол буриад дуу хуур, соёлыг сэргээхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ наадмыг зохион байгуулахад "Буриадын өв, соёлыг хөгжүүлэх сан”, сангийн тэргүүн С.Билигсайхан их чухал үүрэг гүйцэтгэсэн.
Буриадын өв соёлын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу вэ?
Мэдээж бүх л ардын өв соёл үнэ цэнэтэй. Хамгийн гол нь буриадын ёс заншил, өв уламжлалыг хадгалж үлдсэн ардын аман зохиол, ардын дуу байна. Мөн буриадын бөө мөргөл байна. Буриадыг бөө мөргөлгүйгээр төсөөлшгүй. Эртний монголчуудын шүтлэг бишрэлийг буриадын бөө мөргөлийг судлаад гаргаж ирсэн байдаг. Манай үнэт зүйл бол асар баялаг, би зөвхөн ганц нэгийг нь л дурдаж байна. Аль ч угсаатны өв соёл бол ширгэшгүй, юугаар ч үнэлшгүй чухал зүйл юм. Орчин үед гээж, мартаж болох олон зүйл байдаг боловч өв соёл, уламжлалаа хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ мартвал мөхнө. Нутаг нутгийн өв соёл үлдэх ёстой. Ойрад, Буриад, Халх гээд өвөрмөц онцлогоо хадгалж үлдэх ёстой. Мэдээж соёлын нийлэгшил байна гэхдээ өвөрмөц онцлогоо авч үлдэх нь чухал.
Ярилцсанд баярлалаа
Т.Түвшинсайхан
Hunnu.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих