АТГ -ынхан "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгажээ. Түүнийг "хүргэн” Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотойгоор шалгаж байгаа. Харин мөнгийг нь авсан Г.Дэнзэн гадаадаас "Би хамаагүй шүү...” гэсэн утгатай захидал бичсэн шиг гэм зэмгүй царайлсан хүн явна.
Чухамдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн гэдэг шавилхан залуу "Эрдэнэс Тавантолгой” гэдэг төрийн компанийн захирлыг гарын үсэг зуртал хөдөлгөж чадахгүй. Тэгэхээр дээрх асуудал гэмт хэрэг байлаа гэхэд Я.Батсуурь тухайн үедээ Ерөнхий сайд Н.Алтанхуягаас юм уу, хэн нэгэн нөлөө бүхий албан тушаалтнаас үүрэг даалгавар авч байж л шийдвэрлэж таарна.
Ерөөс "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Ерөнхий сайдын шууд тушаалаар ажилладаг гэдгийг Сү.Батболд Ерөнхий сайд, Б.Энэбиш "Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхаас тодорхой болсон. Б.Энэбиш өнөөдөр эх орондоо ирэх эрхгүй. "Би гэмт хэрэг үйлдээгүй, засгийн даалгавар биелүүлсэн шүү” гэдгээ "алга болсноосоо” хойш хоёр ч удаа захидал бичиж, онлайн ярилцлага өгч илэрхийлсэн байдаг. Тэр ч байтугай Сү.Батболд 2012 оны сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг бодож "Эх орны хишиг” гэсэн амлалтыг биелүүлэх гэж "Тавантолгой”-г барьцаалж, "Чалко”-гоос 350 сая ам.доллар авсан. Ингэж байж 21 мянгыг тараасан байдаг. Эцэст нь Б.Энэбиш буруутаж яваа. Түүнийг камазны хэдэн дугуй компанидаа шахсан, мөн
"Чалко”-гийн мөнгөний зарцуулалтаар буруутгадаг.
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх захирал Б.Энэбиш гадаадад бүгчихсэн, одоогийн захирал Я.Батсуурь шоронд хоригдоод байна. Харин Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Алтанхуяг нар УИХ-ын гишүүн гэдэг дархан эрхтэй улстөрчид улс төрөө хийгээд манаргаж явна. Золиос гэдэг жинхэнэ утгаараа энэ биз ээ.
Б.ДАМДИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих