"Хар, цагаан өнгө бол үндсэн өнгө. Уран зурагт хамгийн их зүйл илэрхийлж чаддаг өнгө” гэдгийг танил зураач хэлж байсан нь мартагддаггүй. Тиймдээ ч тэр хар өнгийг бүх өнгөнөөс хамгийн сайхан нь гэж билээ.
Гэтэл энэхүү "сайхан өнгө”-өөр өнөөгийн бид өөрсдийн болоод бусдынхаа оюун санааг юу ч үгүй болтол нь будаж байна. Оюун санааг шууд бийр будгаар будна гэж юу байхав. Харин элдэв муу үгс, хэт их туйлшрал, бусдыг үргэлж гоочлох нь хүмүүний бодол сэтгэхүйг харлуулдаг аж. Урган төлжиж буй өсвөр насныхан төдийгүй барагийн зүйлд барьц алдахааргүй болсон "долоо буудуулсан чоно”-ууд ч тархи оюунаа хараар будаж, бусдыг ч будсаар байна. Бүгд харлаж байгаагийн хамгийн том илрэл нь олон нийтийн цахим сүлжээ болон мэдээллийн сайтуудын мэдээллийн дор бичигдэж буй сэтгэгдэл нэртэй "хэрүүлийн алим” юм.
Сэтгэгдэл нэрийн дор бүхнийг муучилж, гоочилж суудаг нийгмийн нэг хэсэг бүлэг бий болсон гэхэд хилсдэхгүй. Тэдэнд таалагдах юм гэж нэгч үгүй. Улс төрийн хүрээний шийдвэр, уул уурхайтай холбоотой мэдээллийн дор бухимдсан сэтгэгдэл бичихийг ойлгож болох ч түүнээс хэтийдсэн зүйлс нь их. Цахим сүлжээнд явж буй машиндаа дуулж байгаа бүсгүйн тухай сэтгэгдлээр бол тэр хүүхэн өвчлөөгүй өвчлөл бараг алга. Сэтгэцийн гажуудал, тархины дутуу хөгжил, мэдрэлийн өвчтэй гээд л… Уг нь бол тухайн хүн садар самуун сурталчилсан, мансуурлыг өөгшүүлсэн л бичлэг тавиагүй бол өөрийн "нүүр ном”-доо юугаа тавих нь тухайн хүний эрхийн асуудал.
Сар гаруйхны өмнө эхээс мэндэлж Монгол түмнийг гурван сая болгож, хүн бүрийн сэтгэлд баяр баясгалан бэлэглэж байсан Х.Монголжин охины гэр бүл шинэ байранд орсон тухай мэдээллийн дор ийм нэгэн сэтгэгдэл орсон байна.
/ Зочин(80.171.189.*)
2015 оны 3 сарын 10
ene ih muuhai zaluu, bi yag zov dugnesen bna. huuhdiinhee buyanaar unegui yum avchihaad huuhdee tevreed zurgaa avhuulchihgui. odoo Mongoljingiin 70 saya-iig ooroo dur meden zartsuulj bna. naadah chini ta 2-iin mongo bish mongoljingiin bolovsroliin mongo./
Мэдээний доорх сэтгэгдэл учраас хэн бичсэн нь мэдэгдэхгүй ч нэгэн өрх айл, гэр бүлийн тэргүүн, хүний эцэг хүн тухайн мөнгийг юунд зарцуулах, юунд зарцуулахгүй нь бидэнд огт хамаагүй баймаар. Бусдад, өөртөө гаргасан уур бухимдлаа "сэтгэгдэл” нэрийн цаана нууж, хөөрхий нялх үрийн тухай, энгийн л нэг мөрөөрөө амьдарч яваа залуу гэр бүл, эцэг хүний тухай юман чинээ бодолгүй ингэж бичиж. Харин цаад хүмүүстээ энэ нь хэрхэн тусдагийг бодох, ойлгох сөхөө ч байдаггүй бололтой.
Энгийн нэгэн энэ мэт сэтгэгдлийг яахав гэхэд дэлхий нийтийн од болон
гялалзаж, монголчуудынхаа бахархал нь болж явсан Сүмо бөхийн 68 дахь их
аварга Д.Дагвадорж өөрийн твитер хуудсандаа "Чонон сүлд” киноны талаар
ингэж оруулсан юм. Энгийн нэгэн уран бүтээл, кино урлаг гэдгийг энэ
хүн ингэж ойлгодог аж. Гэхдээ энэ хүнийг даган дуурайдаг, үлгэр
дуурайллаа болгодог, түүний үгэнд маргаангүйгээр итгэдэг мянга, мянган
залуус байгааг бодолцоогүй бололтой.
Харин тэрээр үүнийхээ оронд үнэхээр тэгж бухимдаж байгаа бол Монголоо дэлхий нийтэд сурталчилан таниулах нэг сайхан кино хийх хөрөнгө мөнгийг нь босгох их ажлыг эхлүүлсэн бол ч… Учир нь тэр чадна. Холливудын бүхий л одод түүнтэй хамт зургаа авахуулахын тулд дараалал үүсгэж байдаг тухай ярьдаг. Тэдний дундаас дэлхийд нэртэй нэг найруулагч олж, үнэхээр чадвартай нэг монгол зохиолчид захиалга өгч зохиолыг нь бичүүлж яагаад болохгүй гэж.
Энэ бол ердөө л энгийн хоёрхон жишээ. Цаана нь энэ мэт зүйл олон бийг уншигч та надаар хэлүүлэх юун. Хэн нэгний нэр хүндийг харлуулах, бусдын хийснийг буруушаахад ердөө л ганцхан пост, сэтгэгдэл, жижигхэн мэдээ байхад л хангалттай болж. Тэгээд л бусад нь түүнийг сохроор дагаж "өөрийг нь хартал шейр”, "дэлхийгээс зайлуул”, "алуурчин”, "авилгачин”, "засаршгүй өвчтөн” болгож байгаа юм.
Манай ардын зүйр үгэнд "Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үг бий. Энэ нь аливаа зүйлийг сайтар эргэцүүлж, учир холбогдлыг нь олж байж өөрийн алхмаа хий гэж ойлгогдоно.
Хэнийг ч юуг ч хараар будах дон хэмээх энэ өвчнийг хэрхэн анагаана?
Т.ДЭЛХИЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих