Түүхэн хүмүүсийн, тэр дундаа өнгөрсөн зууны нэртэй улстөрч, төрийн тэргүүн нарын "ангууч” гэгддэг, "Түүхтэй хөөрөлдөхүй” ярилцлагын номоороо алдаршсан Италийн сэтгүүлч Ориана Фаллачигийн нэгэн содон "бүтээл”-ийг онцолж байна. Орчин цагийн Хятад буюу БНХАУ-ын түүхийг Мао Зэдуний (1949-1978), Дэн Сяопиний (1978-) хэмээн үндсэн хоёр үед хуваах нь бий. Одоогийн Сычуань мужийн нутагт 1904 онд мэндэлсэн Дэн Сяопин хэдийгээр төрийн тэргүүн юм уу, Сайд нарын зөвлөлийн дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр дээд тушаалыг албан ёсоор хашаагүй ч 1978 оноос насан өөд болтлоо буюу 1992 он хүртэл улсынхаа нэгдүгээр зэргийн хүн байв. Өсвөр насандаа Францад суралцаж , 1923 онд Хятадын Коммунист намд элссэн тэрбээр Соёлын хувьсгалын үеэр хоёронтоо хэлмэгдэж, нутаг заагдсан ч удаатай. Гэсэн ч 1978 онд дахин төрийн эрхэнд гарч, Мао Зэдунээс хүлээж авсан хөгжил буурай Хятад орныг социализмын "шинэ аргачлал”-аар залж, өнөөгийн өндөрлөгт хүргэсэн. Дэн Сяопин орчин цагийн Хятадын хоёрдугаар үеийн төлөөлөгч. Гэхдээ тавдугаар үеийн удирдагчид шинэ Хятадыг цогцлоон буй энэ үед ч түүнийг тус улсын эдийн засгийн шинэчлэлийн гол "архитектор” гэж үзсэн хэвээр байна. Түүний ачаар Хятад улс олон улсад нээлттэй зах зээлийн тогтолцоотой болж, 30 гаруйхан жилийн дотор дэлхийн тэргүүлэх хүчний нэг болсон. Мөн олон зуун сая хятад хүн чухам түүний ачаар гэдэс цатгалан, мөр бүтэн, хөрөнгө чинээтэй яваа. "Муур хар байна уу, цагаан байна уу, хамаагүй. Хулгана барьж чаддаг байх нь л чухал” гэсэн түүний алдартай үг чухамдаа төрийн тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан иргэдийн аж амьдрал л сайхан байх учиртайг хэлсэн хэрэг. 1980 оны наймдугаар сарын 21-ний өдөр О.Фаллачид өгсөн Дэн Сяопиний уг ярилцлагыг "Жэньминь жибао” сонины цахим архиваас товчлон орчууллаа. Барууныхан бидэнд ойлгохгүй зүйл их бий. Тухайлбал, "Дөрвийн бүлэг”-ийн талаар бид тун бага зүйл мэднэ. Хятад хүмүүс энэ тухай ярихдаа дөрөв биш, таван хуруугаа гозойлгодог гэж би сонссон. Мао даргын алдаа хийгээд "Дөрвийн бүлэг”, Линь Бяо (БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч.Манай улсын нутаг дэвсгэр, Хэнтий аймгийн нутагт 1971 онд онгоцны ослоор нас барсан.Орч) нарын гэм бурууг ялгаж, салгах хэрэгтэй.Мао дарга их олон сайн зүйл хийсэн. Намаа болоод улс орноо хэчнээн ч хямралаас аврав. Марксизм-Ленинизмийн суурь үзлийг Хятадын хувьсгалч үзэлтэй хослуулж, ялалтад хүргэсэн нь түүний байгуулсан хамгийн том гавьяа. Гүн ухаан, улс төр, батлан хамгаалах, уран зохиол, соёл урлаг гээд олон салбарт Мао дарга бүтээлчээр шинэчлэл хийсэн. Харин нас ахисан хойноо, ялангуяа Соёлын хувьсгалын үеэр намдаа төдийгүй ард түмэн, эх орондоо хожмоо ихээхэн урхаг дагуулах алдаа эндэгдэл гаргасан. Хувьсгалын ялалт түүний сонор, сэрэмжийг бууруулсан байх. Тэр хэрээрээ бодит байдлаас жаахан алдуурсан гэхэд болно. Гэхдээ энэ зөвхөн түүний буруу биш.Надаас эхлээд миний үеийн, хуучин цагийн хувьсгалчид ч гэсэн хариуцлага хүлээх учиртай. Намын дотоод амьдрал, улс төрийн хүрээнийхний дунд гажуудал үүсэж, эрүүл бус болж ирсэн нь Соёлын хувьсгалд хөтөлсөн. Энэ нь алдаа байсан юм. Мао дарга нас дээр гарсан хойноо ихэд чилээрхдэг байсан тухай та дурдсан. Гэхдээ Лю Шаоцигийн (1959-1968 онд БНХАУ-ын дарга байсан. 1969 онд шоронд нас барсан.Орч) үед эрүүл мэнд нь харьцангуй сайн байсан гэлцдэг.Ер нь Их үсрэлтийн бодлого алдаа байв уу. Зөвлөлтийн хөгжлийн загварыг хуулбарласан нь оносонгүй юу. Мао дарга Соёлын хувьсгалаар чухам юунд хүрэхийг зорьсон юм бэ? 1950-иад оны сүүлчээр байдал бишидсэн шиг санагддаг. Таны хэлснээр Их үсрэлтийн үед. Гэхдээ энэ нь зөвхөн Мао даргын алдаа биш шүү. Түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс ч гэсэн харалган болсон.Харин Мао дарга удаа ч үгүй, хэдхэн сарын дараа алдаагаа ухамсарлаж, 1962 онд өөрийнхөө бодлогыг шүүмжилсэн байдаг. Харамсалтай нь, эргэн тойрных нь хүмүүс сургамж авч чадаагүйгээс Соёлын хувьсгал хараахан зорилгодоо хүрээгүй.Мао даргын хувьд капиталист үзэл газар авах вий гэж болгоомжлохдоо Соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Гэвч тэр нь тухайн үеийн Хятадын нөхцөл байдалтай уялдаагүй гэмтэй.Үүнийг Мао дарга таалал болохоосоо хэдэн жилийн өмнө ойлгож, Соёлын хувьсгал үндсэн хоёр шинжээрээ алдаа болжээ гэж хэлсэн нь бий. Нэгд, "бүгдийг авч хаях” гэсэн бодлого нь буруу байж, хоёрт иргэний дайнд хүргэсэн нь ихээхэн уршигтай байж гэж тэр дүгнэсэн. Харин улстөрчийнх нь хувьд гаргасан түүний алдаа, сиймхийг "Дөрвийн бүлэг”, Линь Бяо нарын хувьсгалын эсэргүү нар ашиглаж, төрийн эрхийг авахыг санаархсан.Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй. Гэхдээ Мао дарга Линь Бяог өөрөө залгамжлагчаараа сонгосон биз дээ, яг л эзэн хаан угсаа залгамжлагчаа сонгодог шиг? Үүнийг л би байдал бишидсэн гээд байгаа юм.Удирдагч хүн залгамжлагчаа өөрөө сонгох нь феодалын үеийн ёсон. Мао даргын хөрөг Тянь-Аньмэний хаалганы дээр цаашид ч байх уу? Байлгүй яах вэ. Үүрд байна. Өмнө нь түүний хөргийг дэндүү олноор нь хаа сайгүй залдаг байсан. Одоо санахад ихээхэн хүндэтгэлгүй, зохисгүй явдал байж. Мао дарга алдаж эндсэн нь бий ч Хятадын Коммунист нам болоод манай бүгд найрамдах засаглалын үндэслэгч хэвээр байна. Түүний сайн, мууг дэнсэлбэл алдаа мадаг нь хэзээд сүүлд бичигдэх болно. Хятадын ард түмэн түүний ач гавьяаг хэзээ ч мартахгүй. Коммунист намын дараагийн бүгд хурлаар Мао даргын талаар хэр их ярих бол? Би сая хэллээ.Түүний гавьяа зүтгэл хэзээд эхэнд, алдаа эндэгдэл нь сүүлд бичигдэнэ. Нас дээр гарсан хойноо хэрэгжүүлсэн түүний андуу эндүү бодлогыг ч бид бодитоор шүүн тунгаана. Мао даргын амьдралынхаа зөв, зүйтэй үедээ боловсруулсан төрийн төв үзлийн талаарх баримтлалыг бид цаашид ч дагаж мөрдөнө. Түүний ачаар л бид ялж, өдий зэрэгт хүрлээ.Тийм ч учраас хөргийг нь Тянь-Аньмэний хаалганы дээр үүрд байлгах учиртай юм. Хрущёв Сталинд яаж хандсан, бид Мао даргад хэзээ ч тэгж хандахгүй. Өөрийг нь анхаарч чагнадаггүй гэж Мао дарга таны талаар гомдоллож байсан тухай дуулсан юм байна. Түүнийг танд дургүй байсан ч гэлцдэг. Энэ үнэн үү? Яриаг нь анхааралтай сонссонгүй гэж шүүмжилсэн удаа бий. Гэхдээ зөвхөн надад биш, өөр олон хүнд нэгэн зэрэг хэлсэн үг л дээ. Нас ахисан хойноо тэр бусдын үгийг таатай хүлээж авахаа болиод байсан. Юм болгонд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Гэхдээ тэр бүхэн нь бас ч буруу байгаагүй. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Хятадын удирдагчдаас элдэв хэл ам, дуулиан шуугианд орооцолддоггүй, хэзээд нэр цэвэр үлддэг ганц хүн шиг санагддаг. Энэ талаар юу хэлэх вэ? Жоу сайд ажилч хичээнгүй, буурьтай нэгэн. Өдөр бүр 12 цаг, заримдаа бүр 16 цаг ажилладаг хүн. Бид бие биеэ эртнээс мэднэ. Бүр 1920-иод оны үед, Францад суралцахын хажуугаар ажил хийх тусгай хөтөлбөрт хамрагдах үеэсээ таних юм.Би түүнийг хэзээнээс ах шигээ санаж ирсэн. Бид бараг нэгэн зэрэг хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн юм. Аз болоход, Соёлын хувьсгалын үеэр бидний хэдэн нөхөр уруудаж, байр сууриа алдаад байхад Жоу сайд тэсэж үлдсэн. Их хүнд хэцүү нөхцөлд байсныг нь би сайн мэдэх юм. Хийхийг хүсээгүй олон зүйлээ хийж, хэлнэ гэж бодоогүй олон үг хэлснийг нь ч мэднэ. Гэвч түмэн олон түүнийг уучилсан, тийм зүйлс хийгээгүй бол яагаад ч Соёлын хувьсгалыг давж гарахгүй байсныг нь ч ойлгосон. Тэгж төвийг сахьснаараа олон хүнийг тэр хамгаалсан юм шүү. Соёлын хувьсгал шиг аймшигтай явдал давтагдахаас цаашид хэрхэн сэргийлэх ёстой вэ? Манай нийгмийн тогтолцоонд ямар алдаа дутагдал байна, тэр бүхнийг эхлээд засаж залруулах нь чухал. Өмнө нь бидний хэрэгжүүлсэн зарим бодлого үнэн хэрэгтээ феодалын үеийн, хоцрогдсон зарчимтай байсныг дурдах хэрэгтэй байх. Бид олон мянган жил феодалын байгуулалтай байсан болохоор социалист ардчилал хийгээд социалист ёс зүйт төрийг цогцлооход ихээхэн хүндрэлтэй байлаа. Социалист ардчиллыг бэхжүүлж байж бид алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлүүдээсээ салж чадна. Одооноос юмс арай өөр голдирлоор, арай аядуу тайван өрнөнө гэж бодож байна уу. Маоистууд өнөө ч олон байгаа гэж би сонссон. Соёлын хувьсгалыг дэмжигчдийг би хэлж байна л даа. "Дөрвийн бүлэг” буюу хувьсгалын эсэргүү нарын нэр, нөлөөг дутуу үнэлж болохгүй. Гэхдээ ард иргэдийн 97-98 хувь нь тэдний эсрэг байсан. 1976 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэднийг эсэргүүцсэн маш том хөдөлгөөн өрнөснөөс үүнийг харж болно. Тэр үед Мао даргын бие чилээрхүү, Жоу сайд өөд болсон байлаа. "Дөрвийн бүлэг”-ийг шийтгэснээс хойш, өнгөрсөн хэдэн жилд намын III, IV, V бүгд хурлаар ард олон нийгмийн тогтолцоог хэрхэн шинэчлэх талаар санал дэвшүүлсэн. Ялангуяа, орчин үежих шаардлагатай талаар дээр, дооргүй ярьж байна. Хэн хүнгүй эв нэгдэл, тогтвортой байдлыг хүсэж байна. Ард түмэн өргөн хүрээний хөтөлбөр, элдэв хөдөлгөөнөөс залхжээ.Тиймэрхүү явдал нэг биш, нэлээд биш, бүр нэг хэсэг хүнийг хохироодог гэдгийг одоо бүгд мэдэх болсон. Тиймээс ард иргэд одоогийн төр засгийн бодлогыг дэмжинэ, тэгснээр Соёлын хувьсгал шиг үзэгдэл дахин давтагдахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Мао даргыг нас барсны дараа л "Дөрвийн бүлэг”-ийнхнийг баривчилсан. Тэдний баривчилгааг хэн зохион байгуулсан бэ. Хэний санаа байсан бол? Хамтын ажил байсан юм.Дээр дурдсан дөрөвдүгээр сарын 5-ны хөдөлгөөн суурийг нь тавьсан гэхэд болно. "Дөрвийн бүлэг” гэх нэршлийг Мао дарга нас барахаасаа хоёр жилийн өмнө гаргасан юм шүү дээ. "Дөрвийн бүлэг”-ийнхэнтэй бид хоёр жил тэмцсэн. Тэд Мао даргын сонгосон залгамжлагчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тиймээс түүнийг нас барсны дараа засгийн эрхийг гартаа авах гэж оролдсон тул бид хариу арга хэмжээ авсан хэрэг. Тэднийг ганц, хоёрхон хүн зайлуулж чадахгүй шүү дээ. Баригдсаныхаа дараа хүртэл тэд Мао даргыг хүндэтгээгүй. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалаа таныг удахгүй өгөх гэж байгаа гэж дуулсан. Би ганцаараа огцрох гэж байгаа юм биш. Өмнөх үеийн нөхөд маань бүгд ажлаа хүлээлгэж өгөх гэж байна. Хуа Гофэн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаасаа бууна. Намын төв хороо нөхөр Жао Зыяныг түүний оронд томилохоор товлоод байгаа. Бид суудалдаа байгаад байвал шинэ үеийнхэн маань дорвитой зүйл хийж чадахгүй. Тиймээс дараа үеийнхэндээ зай тавьж өгөх нь төрийн суурь бодлогыг боловсруулах, улс орныг орчин үежүүлэхэд нэн тустай. Үндсэн дөрвөн салбарыг орчин үежүүлэх бодлого гадаадын хөрөнгийг Хятад руу татна. Энэ нь хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн үг. Ингэснээр Хятадад капитализмын "жижгэрүүлсэн” хувилбар бий болно гэж бодохгүй байна уу? Мао даргын гаргасан эдийн засгийн хөгжлийн ерөнхий зарчмаар бол бид дотоодын хүчин чадалдаа илүүтэй найдах нь зүйн хэрэг.Хэчнээн хэмжээгээр гадаад ертөнцөд үүдээ дэлгэхээс үл хамааран бусад улсын бидэнд үзүүлэх нөлөө хэзээд бага байна. Гаднын ямар ч хүч манай социалист тогтолцоонд нөлөөлөхгүй. Гэхдээ их, бага алин боловч Хятадад капиталист нийгмийн нөлөө орж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнийг бид сайн мэдэж байгаа. Энэ бол айх зүйл биш. Тэгэхээр капитализмыг та тийм ч муу зүйл биш гэж бодож байна уу? Капитализмыг чухам хэрхэн тодорхойлохоос шалтгаалах байх. Ямартай ч феодализмаас дээр гэдэг нь маргаангүй. Капиталист орны юм бүхэн капитализмын үр дагавар гэх аргагүй шүү дээ. Тухайлбал, техник технологи, шинжлэх ухаан зэрэг салбарын хөгжил аль ч тогтолцооны, ямар ч улсад хэрэгтэй. "Дөрвийн бүлэг”-ийн талаар нэмж нэг зүйл тодруулахад ард иргэдийн дийлэнх нь тэдний эсрэг байсан атал яагаад тэд тийм эрх мэдэлтэй болсон юм бэ. Ялангуяа ахмад үеийн төрийн зүтгэлтнүүд тэдний дунд байсан шүү дээ. Тэр дөрвөн хүний нэг нь Мао Зэдуний эхнэр байсантай энэ холбоотой юу? Нэг талаар тийм. Тэднийг эрх мэдэлтэй болгосон нь Мао даргын бас нэг алдаа байсан санагддаг."Дөрвийн бүлэг” тойрон хүрээлэгчдээ хурдан бүрдүүлж, залуусыг ашигласан. Мао дарга эхнэрээсээ болж, эргэн тойронд нь юу болж байгааг сайтар анзаараагүй болов уу? Зян Чин олон муу зүйл хийсэн. Гэхдээ Мао дарга тэр хоёр олон жил тусдаа амьдарсан юм. Тэр тухай мэдээгүй юм байна. Эхнэрээ төрийн хэрэгт оролцож эхлэхэд Мао дарга их хүлээцтэй байсан. Энэ нь түүний алдаа байсан. Зян Чин болон "Дөрвийн бүлэг”-ийн бусад гишүүн сая сая хүнийг аюулд унагасан шүү дээ. Зян Чинийг үнэл гэвэл та хэдэн оноо өгөх вэ? Тэг ч хүрэхгүй оноо өгнө. Хасах 1000 гэсэн үнэлгээ байхад болно. Харин өөртөө ямар оноо өгөх вэ? Давуу болон сул талуудыг минь 50, 50 хувиар үнэлэхэд л хангалттай. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна. Би насан туршдаа ухаан саруул байхыг эрхэмлэж ирлээ. Үүнийг сайн тэмдэглэж аваарай. Нэг бус удаа алдаж, нөхөр Мао Зэдуний гэм буруугаас үүрэлцэж байгаа ч зөвхөн сайн сайхныг бодож, бусдын тусын тулд гэж санаж яваад алдаж эндсэн байна. Алдахгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Өмнөх бүх эндэгдлээ бид зөвхөн Мао даргад тохож болохгүй. Бидний хойч үе ч гэсэн түүний алдаа, төөрөгдлийг саруул ухаанаар цэгнэхийн хамт ач гавьяаг нь санах болно.
Орчуулсан Г.Лхагвадулам
Мэдээний эх сурвалж: http://time.mn/60882
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8437
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих