Автобусны жолооч, кондукторууд жилийн жилд нийтэд хэрэгтэй чухал салбар гэдгээрээ шантаажилж цалингаа нэмүүлдэг. Энэ жил ч үндсэн цалингаа 35-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Уг нь нийтийн тээврийнхэн ажилчдынхаа үндсэн цалинг 25 хувиар нэмэх санал гаргасан ч тэд голсон. Харин жолооч, кондукторууд үндсэн цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж, биелүүлэхгүй бол өнөөдөр ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл эдийн засаг хямралтай, бүгдийг хасч, танана гэгдэж байгаа энэ үед цалин нэмэх эсэх нь эргэлзээтэй юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 750 мянган төгрөгийн дундаж цалинтай. Сая гаруй төгрөг гэдэг бусад салбарын ажилчдынхаас дутахааргүй өндөр цалин гэсэн үг. Тухайлбал, төрийн албан хаагчдын дундаж цалин 500 мянган төгрөг. Нийтийн тээврийнхнийг бодвол хоёр өдөр амардаг гэдгээрээ ялгаатай. Ямар ч байгууллагын ажилчид цалин хөлсөө нэмүүлэхийг хүсч буй. Гэтэл эдийн засгийн хямралын үед ийм шаардлага тавьж байгаа нь цаг үеэ олоогүй шантааж гэдгийг хүн бүр л хэлж байна. Хэрэв нийтийн тээврийнхэн ажил хаявал нийслэлчүүд ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрнэ. Гэтэл үйлчилгээгээ сайжруулахгүй хэрнээ цалингаа нэмүүлнэ, ажил хаяна гэж байгаа нь нийгэмд хамгийн чухал салбар гэдгээрээ түрий барьж байгаа явдал юм. Товчхондоо нийтийн тээврийнхэн иргэдийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан шантааж хийж байгаа нь дэндүү увайгүй үйл гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа нь гарцаагүй. Тэдний цалин нэмэгдлээ гээд гаргадаг зөрчил дутагдал нь багасахгүй нь харамсалтай. Өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд нийтийн тээврийн жолоочид 500 гаруй осол гарган 140 хүн гэмтээж дөрвөн хүний амь насыг хохироосон байна. Тэд цалингаа нэмүүлж болно. Түүний хажуугаар үүрэг хариуцлагаа ухамсарлах шаардлагатай. Автобусны жолооч, кондукторууд үүрэг гэхээсээ урьтаж, эрхээ эдэлж мэддэг улс. Хүнд нөхцөлд ажилладаг, олон хүнтэй харьцаж, стресстэй байдаг хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг ч энэ нь хүмүүстэй зүй бус харьца шалтгаан биш юм. Иргэдийн дийлэнх нь өглөө ажил, хичээлдээ явахын тулд зайлшгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх болдог. Гэвч нийтийн унаанд суугаад кондукторт загнуулна. Тэр дундаа цахим картаар үйлчлүүлж буй оюутнууд ад үзэгдэх нь энгийн үзэгдэл болсон. Иргэдийн ярьдагчлан "Жолооч, кондукторын харилцаа туйлын муу” гэж хэлж болно. Хамгийн сүүлийн жишээ татахад автобусны кондуктор, зорчигч бүсгүйтэй нийлж нэгэн эмэгтэйг нүүр нүдгүй зодож, гоо сайхан, эрх чөлөөнд нь халдсан хэрэг энэ сарын7-ны өдөр гаржээ. Нийтийн тээврийн жолооч, кондуктор хэд хэдэн үүрэгтэй байдаг. Тухайлбал, жолооч нь хөдөлгөөний үед жолоочийн кабинд хажуудаа хүн суулгах, бусадтай зүй бусаар харьцах, гар утсаар ярих, тамхи татах, зааланд дуу хөгжим чангаар тавих. Буудал хооронд хурд хэтрүүлэн явахыг хориглодог аж. Харин кондуктор буюу зорчигчтой соёлч боловсон харьцан, хөнгөн шуурхай үйлчилнэ. Үйлчилгээний явцад эцсийн ба дундын буудлуудын нэр байршил, үнэ, тариф зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллээр ханган ажиллана гэж заасан байдаг. Мөн тасалбар өгөхгүйгээр мөнгө хураахыг хориглодог байна. Гэтэл улсын, хувийн аль ч нийтийн тээврийн компанийн автобусанд дээрх үүргийг биелүүлдэг жолооч, кондуктор байхгүйтэй адил. Зорчигчтой зүй бус харьцаж, эрхэнд нь халдах энүүхэнд. Мөнгө аваад тасалбар өгдөггүй кондукторууд мэр сэр байж л байдаг. Жолооч нь тамхи татдаг, архи үнэртүүлдэг, дурын газраа зогсч зорчигчдыг өөр автобусанд шилжүүлэн чирэгдүүлдэг, чиглэлийн бус замаар явдаг. Кондуктор нь зүй бус үг хэллэг хэрэглэдэг, тасалбараа өгдөггүй, насанд хүрээгүй хүүхдээс том биетэй гэж мөнгө нэмж авна эсвэл хөөж буулгана. Оюутнуудыг гадуурхан илүү үзнэ гээд тоочоод байвал мундахгүй. Иргэд ч энэ бүхнийг өдөр бүр ярьдаг. Гэвч энэ зөрчил хэзээ ч арилдаггүй. Тиймээс цалинг нь нэмбэл үүрэг, хариуцлагыг нь ч нэмээд өгөх хэрэгтэй юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8459
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих