Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Жаргалан суманд ажиллалаа. Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, ИТХ-ын тогтоол, хурлын даргын захирамж, хуралдааны материал зэрэг 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны баримт бичиг, мөн өнгөрсөн онд ажилласан ажлын хэсгийн илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан байдалтай газар дээр нь үзэж танилцав. Дээрх сумдын тухайд өнгөрсөн онд ажилласан ажлын тайланд тулгуурлан холбогдох материалуудтай танилцсан ба өнгөрсөн онд гарч байсан зөрчлийг бүрэн арилгаж ажиллажээ. Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлалд тусгагдсан шалгуур үзүүлэлт нэг бүрээр арга зүйн зөвлөгөөг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад "Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ, түүний аргачлал”, "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, "Мэдээллийн ил тод байдал” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад хариулав. Уг сургалтад аймаг дахь төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын 96 ажилтан хамрагдсан бөгөөд сургалтын үеэр авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэг сорих асуулт хариултын "АХА” тэмцээн зохион байгууллаа.
Аймгийн төвийн ерөнхий боловсролын 7 сургуулийн захирал, менежертэй уулзаж орон нутгийн сурагч, хүүхдүүдэд авлигын эсрэг мэдлэг олгох асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн "Би шударга ёсыг дүүдээ зааж өгсөн” сэдэвт хичээлийн хөтөлбөрийг эдгээр сургуулиудад хүлээлгэн өгч, хөтөлбөрийн дагуу сурагчдад хичээл зааж, товч танилцуулгыг хүргүүлэх ажлыг зохион байгуулав.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих