Я.Батсуурийг Г.Дэнзэнг иртэл цагдан хорино
"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Түүний суллагдах хугацаа энэ сарын 11-нд дуусах байсан ч прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, хоригдох хугацааг дахин 2 сараар сунгасан юм. Ингэснээр тэрбээр ирэх тавдугаар сарын эхээр суллагдана. Я.Батсуурийн биеийн байдал тааруу байгаа учраас өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч прокурор хүлээн аваагүй, хорих хугацааг 2 сараар сунгасан байдаг.
Я.Батсуурийг ямар хэрэгт буруутгав
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн хэрэгт буруутган шалгаж байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Г.Дэнзэн нь одоогоор эх орондоо байхгүй байна” гэлээ. Юутай ч Я.Батсуурийг шалгаж ажиллагаа үргэлжилж байна. Г.Дэнзэнг эх орондоо ирж байцаалт өгтөл Я.Батсуурийг цагдан хорино гэж эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр Я.Батсуурь нь ирэх тавдугаар сард суллагдах хугацаа нь дуусах хэдий ч Г.Дэнзэнг иртэл батлан даалтад гарах зэрэг батлан даалтад гарах ямар ч боломжгүй аж.
Г.Дэнзэн нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй "Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан юм. Харин энэхүү хэрэгт ийнхүү "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь холбогдон шалгагдаж байна.
Г.Дэнзэн нь АТГ-т шалгагдаж байхдаа хил даваад байгаа юм. Түүнийг оргон зайлсан хэмээн мэдэгдэж байсан тэрбээр Германд улсад сургалтад сууж байгаа хэмээн захидал илгээж, ирэх дөрөвдүгээр сарын 2-нд эх орондоо ирнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих