Өнөөдөр Дорнод аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар анхаарал татсан хэд хэдэн асуудал хэлэлцэгдсэний нэг нь Засаг даргыг огцруулах тогтоолын төсөл байлаа. Монгол ардын нам Дорнод аймгийн ИТХ-д олонхи болсон ч засаг даргын суудлаа авч чадаагүй. Тэд ирэх сонгуулиас урьтаж, орон нутгийн гүйцэтгэх засаглалыг гартаа авах гэж байгаа тухай яриа сар шинийн дараахнаас хүчтэй сонсогдож эхэлсэн. Тэгвэл энэ нь биелэлээ олж, АН-аас сонгогдсон засаг дарга С.Ганбатыг "амжилттай” түлхэн унагав.
Засаг даргын суудлын хувь заяа ИТХ-ын хуралдаан эхлэхээс өмнө шийдэгдчихсэн гэхэд болно. Учир нь МАН-ын бүлэг өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, С.Ганбатыг огцруулах талаар 18 төлөөлөгчөө нэгдсэн байр суурьтай болгож багцалжээ. ИТХ-ын ирц хуулийн дагуу бүрдсэн тохиолдолд 18 хүн ярсхийтэл гар өргөнө гэдэг ямар ч асуудлыг шууд батлах боломжтой гэсэн үг. Ардчилсан намын хувьд ИТХ-д боломжийн суудалтай ч дотроо хоёр хуваагдчихаад байгаа тул намаасаа сонгогдсон засаг даргыг авч үлдэх найдвар тун бага юм. Өнөөдрийн хуралдааны дундуур АН-ын төлөөлөгч Ч.Энхболд мэдэгдэл хийж, "Дорнод аймгийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн хурлын тогтоолоор төлөөлөгч С.Итгэл, С.Ганбат, Г.Болдбаатар, Д.Ганцогт, Д.Зоригтбаатар нарыг эргүүлэн татсан тул хуралдаанд таслах эрхгүй оролцож байгаа” гэж хэлээд гарч одсон нь үүний илрэл.
"Зохион байгуулалтын асуудал” нэрийн дор орж ирсэн Засаг дарга С.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл хэлэлцэгдэх гэж багагүй цаг үрсэн. Өглөө хуралдаан эхлэх үеэр АН-ын бүлгийн дарга С.Итгэл "Наад зохион байгуулалтыг чинь хамгийн эхэнд бус, аймаг орны асуудлаа хэлэлцсэний дараа төгсгөлд нь болоё” гэсэн ч дэмжигдээгүй тул хоёр цагийн завсарлага авсан. Үдийн алдад төлөөлөгчид нэмэгдэн ирж санал хураах үеэр МАН-ын бүлэг бас л хэдэн минутын завсарлага авсан. Ийнхүү 13 цагийн үед санал хураалт ил хэлбэрээр явагдаж, 28 төлөөлөгчийн 18 нь засаг дарга С.Ганбатыг огцруулах санал өгсөн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын дарга уншиж танилцуулан, Ерөнхий сайдад өргөн мэдүүлж буйг зарласан.
МАН-ын бүлэг засаг дарга С.Ганбатыг Төрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239-р тушаалын хавсралтын 2,3-р заалтыг тус тус зөрчсөн тул огцрох ёстой гэж үзжээ. Харин С.Ганбат болон АН-ын бүлгийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр ИТХ-ын олонхийн саналаар түүнийг огцруулах тухай тогтоол батлагдаад гарчихсан ч С.Ганбат нар дээрх үндэслэлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулж, зарга үүсгэх эрх нь нээлттэй бий.
Одоо 2016 он хүртэлх ганц жилийн хугацаанд аймгийн засаг ноёноор хэн залрах вэ гэдэг асуулт урган гарч байна. ИТХ энэ тухай жич хэлэлцэх бөгөөд засаг даргад нэр дэвшигчийг МАН-ын бүлгээс зарлах аж. Гэвч Ардын намын 18 төлөөлөгч дараагийн засаг даргын асуудлаар санал зөрөлдөөнтөй байгаа аж. Ямартай ч засаг даргын үүргийг хууль ёсоор засаг даргын орлогч М.Бадамсүрэн түр хашиж эхлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих