Хятадын газрын тосны хамгийн том төрийн өмчит компани "Петро Чайна”-гийн дэд дарга Ляо Ёнгуань авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байна хэмээн ВВС мэдээлж байна.
Түүнчлэн "Петро Чайна”-гийн охин компаниудын томоохон албан тушаалтнуудыг авлигын хэргээр байцааж эхэлжээ.
Ляо Ёнгуань Хятадын үндэсний газрын тосны корпорацид (CNPC) 30 жил ажилласан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн "Петро Чайна” компанийн дэд даргаар ажиллаж байсан юм.
Сануулахад БНХАУ-д эрх баригчид болон томоохон албан тушаалтнуудын авлигын эсрэг кампанит ажил өрнөж байгаа юм.
Хятадын шинэ удирдагч Си Зиньпин төрийн эрхийг авсны дараа бүх шатны авлигатай хатуу тэмцэхээ сануулсан. Хятадад авлигын ял маш хатууд тооцогддог. Ноцтой бол тухайн албан тушаалтанд цаазаар авах хүртэл ял ноогдуулдаг.
Си Зиньпин дарга эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтнуудыг шалган, кампанит ажлаа эхэлсэн.
2012 оны сүүлээр Хятадын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг, Чунцин хотын Коммунист намын хорооны дарга асан, 64 настай Бо Силайг авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласанд буруутгасан юм. Шүүх түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн дүгнэж, бүх насаар нь хорих ял оноосон.
Түүнчлэн Си Зиньпин томоохон албан тушаалтнуудад зардлаа багасгаж, тансаг хэрэглээгээ хязгаарлах, цөөн ном хэвлэх, гадаадад айлчлахдаа цөөн хүн дагуулж явах, машины зардлаа танахыг шаардаж байна. Шинжээчид түүний хэлж буй эдгээр үгс Хятадын өмнөх удирдагчдын амнаас тэр бүр гардаггүй байсныг онцолжээ.
Эх сурвалж: ВВС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих