Өнөөдөр нар хиртэнэ. Бөмбөрцөгийн умард хагаст буюу Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгуудад илүү тод ажиглагдах юм байна. Нар хиртэлт хэр удаан үргэлжлэх, нийслэлд харагдах эсэх талаар ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Өнөөдөр хэдэн цагийн үед нар хиртэх вэ?
-Өнөөдөр орой 18.40 цагт нар хагас хиртэнэ.
-Нийслэлд харагдах уу?
-Энэ удаагийн нар хиртэлт нар жаргах үетэй давхцаж байгаа учраас нийслэлд харагдах боломж бага. Харин нутгийн баруун хойд хэсгээр нар жаргахын өмнөхөн хэсэг харагдана.
-Хэр удаан үргэлжлэх вэ?
-Монголд нар хиртэлт бараг мэдэгдэхгүй. 5-10 минут үргэлжилнэ.
-Нар хиртэх нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?
-Сөрөг нөлөө бараг байхгүй. Агаарын температур багасдаг. Бага зэрэг салхи үүсэх магадлалтай.
-Нар хиртэх үзэгдэл хэдий хэр хугацаанд давтагддаг вэ?
-Нарны хагас хиртэлт бол олон болдог. Харин бүтэн хиртэлтийн тухайд Монголд 1997 оны гуравдугаар сарын 9-нд нутгийн төв хэсгээр, 2008 оны наймдугаар сарын 1-нд Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт нар бүтэн хиртсэн. Одоо 2063 он хүртэл Монголд нар бүтэн хиртэхгүй.
-Нар ямар тохиолдолд юунаас болж хиртдэг вэ?
-Нарны хиртэлт гэдэг одон орны нэгэн сонирхолтой үзэгдэл. Сарны хавтгай нарыг халхласнаар конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүснэ. Нар, сарны үзэгдэх өнцгөн диаметр ойролцоо байдаг. Дэлхий ба сарны тойрог замын хавтгайнууд хоорондоо бага өнцөг үүсгэдэг зэрэг нь энэхүү үзэгдэл тогтмол ажиглагдаж байх үндсэн нөхцөл нь болдог. Сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрно. Иймд сар дэлхийд ойртсон үед нь тохиолдох нарны хиртэлт бүтэн, холдсон үед нь цагирган хиртэлтүүд болдог. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтийн явцад энэ хоёр хиртэлт цувран тохиох ч байдаг аж. Дэлхий ба сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн учир нарны хиртэлт нь мөн ийм давтагдах чанартай байдаг. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор байдаг.
Нар хиртэлт Улаанбаатарт ямархуу харагдахыг ЭНЭ линкээр орж харна уу.
Т.Болор
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих