Хөөрхий муу эрчүүдээ өрөвдөх юм. Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. цахим
ертөнцийг жаал ажлаа. Өөрсөддөө л баяр хүргэж харагдах. Хөөрхөн пост
явж байна аа. "Хүүхнүүд та нар ганц өдөр цэрэгт явсан цэцэрлэгт явснаар
нь ялгах юм, бид та нарыг Март-аар матар, миссээр чинь ялгадаггүй биз
ээ” гэж. Нээрэн үнэн шүү. Мартаар ямар их хөл хөдөлгөөн болдог билээ
дээ.
За энэ ч яахав, сануулах гэсэн санаагаа хэлье. Сүүлийн жилүүдэд Монгол
эр хүнийг үнэлэх үнэлэмж эрс унасан. Эрчүүд бидэнд алдаа оноо байх ч
харин урам зориг дутаад байна уу даа гэж санагдах. Яагаад Монгол эр
хүний орон зай багасах болов. Нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөв. Зарим
нэгэн хүчин зүйл үүнд нөлөөлсөн байх. Жишээ нь айл бүр хүүгээсээ илүү
охиддоо анхаарлаа хандуулдаг. "Энэ эр хүн юм байна яахав, охиноо л
сургууль соёлын мөр хөөлгөе” гэх сэтгэлгээ ерээд оны сүүлээр хүчтэй
явагдсан. Одоо ч эрчээ алдахгүй байна. Их дээд сургууль төгсөгчдийн 80
хувь нь,төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 60 хувь нь, нийгмийн
салбар ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа олж
харлаа.
Салбар бүрт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөн, харин барилгын
болон уул уурхайн салбарт л эрчүүд дийлэнх. Хатуугаар хэлбэл хар бор
ажлыг нь нугалж байна гэсэн үг. Ингээд бодохоор эрчүүдийн боловсрол,
ажил эрхлэлт доогуур байх нь аргаггүй мэт. Одоо тэгвэл энэ байдлаас
гарах арга замыг төр засаг хайх цаг нь болсон юм шигээ. Олигтой мэргэжил
эзэмшээгүй эрчүүдэд минь ямар ажил олдохов. Аль хар борыг нугалж, бага
цалингийн доор нухлуулж эхнэрээсээ доогуур орлого олоод ирэхээр гэр
бүлийн хүрээндээ дутуугаа мэдэрнэ. Үүндээ гутарна. ажилгүй лааз
өшиглөсөн цагтаа "хатуу юм” хүртэнэ. Бухимдлаа гаргана. Энэ нь эргээд
нийгэмд эрчүүдийг үнэлэх үнэлэмжийг доошлуулна. Жижиг асуудал мэт
санагдавч маш ноцтой санагдана. Улс орон, цаашилбал тугаар тогтнолд ч
нөлөөлөх хүчин зүйл. сүүлийн үед Монгол хүүхнүүд харийн хүнийг эр
нөхрөөрөө сонгох нь ихэссэн.
Шалтгаан нь Монгол залуус мөнгөггүй, ядуу.
Тэгвэл хэн ядуу амьдруулаад байна. Ажлын байрыг олноор бий болгож чадсан
бол манай залуус ямар ч хүнд хүчир ажлыг нугалаад байж дөнгөнө. Монгол
эрчүүд арай тэгж тартагтаа тултлаа яадгаа алдчихсан хүмүүс биш. Олон
зуун жил өрхийн тэргүүний үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Монгол эр
хүнд язгуурын "эцэг” ухаан байж л байгаа. Жаахан дэврээгээд сэргээгээд,
урамшуулаад өгөхөд эрчүүдэд чадахгүй зүйл үгүй. Манай хүүхнүүд ч бодох л
хэрэгтэй. Эр нөхөр чинь орлого муу олдог ч гэр бүлээ гэсэн сэтгэлтэй,
халамжтай байна гэдэг хэдэн зуун саяыг олсноос ч илүү байж мэдэх
шүү.Тансаг харшид "хоригдсон” гүнжүүд зөндөө л байгаа байх. Эрчүүдийн
ухаан эмэгтэй хүнээс илүү гэдгийг /хүүхнүүд бүү уурлаарай/ түүхэн явц
батлаад өгсөн гэж хэлж болно.
Дэлхийг өөрчилсөн суут ухаантнууд, цэргийн
жанжид, шинжлэх ухаан, анагаах ухааны аль ч салбарын анхдагчид нь
эрчүүд л байдаг. Агуйн амьдралаасаа эхлэн эр хүйстэн отог овгоо, өрх
гэрээ тэжээж ирсэн хүний хөгжлийн түүхийг хэн ч үгүйсгэхгүй байх. Олон
хүний эрхийн байгууллагууд шил шилээ даран бий болсон ч эрчүүдийн эрх
гэж яригдахгүй байсаар өдийг хүрлээ. Үнэндээ эрчүүдэд "төрийн хайр”
хэрэгтэй санагдана.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8583
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих