Социализмын үед үнэ цэнэ нь нэлээд буурч мартагдах тийшээ хандаж байсан нь үнэн. Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.
Гэтэл аймаг, сумын төвд нам, улсын алба хашдаг сэхээтэн казахууд айл хунараар орж көже зооглохоос ихэд цэрвэдэг байж. Харин эртнээс уламжилж ирсэн ёс заншилдаа үнэнч хөдөөгийн айлууд, тэр дундаа настайчууд нь Наурызаа ил, далд алин боловч тэмдэглэсээр иржээ.
Өдөр, шөнө хоёр тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг "Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэглэдэг ёс тогтжээ. Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлзэнэ. Мөн болж өгвөл хүн бүхэн урьд оны бүх өр ширээ дарж шинэ онд өрийн дарамтгүй сэтгэл тайван явахыг хичээнэ. Ингээд баярын урд орой айл болгон өнөөх коже идээгээ бэлтгэдэг. Наурызын баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг нь монголчууд Цагаан сараар аль болох том сүүлтэй ууц тавих гэдэгтэй төстэй мэт. Көже нь баярын гол зоог, ихээхэн хүндэтгэлтэй идээ гэхэд орц нь тун энгийн. Түүнд ус, мах, давс, үр тариа (энэ нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн аль нь ч байж болно), цагаан идээ, тос, гурил гэсэн долоон зүйл ордог. Мөн хонины сүүж, чанасан толгой заавал тавьдаг байна. Эдгээр нь баяр баясгалан, амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл энх, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу их хийгээд тэнгэр бурхны авралыг бэлгэддэг гэнэ.
Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ. Бас нэг зүйлийг сонирхуулахад, манайхны зурхайч, төлгөч нартай төстэй сауегей хэмээгчид баярын өмнө мэргэ төлгө үйлдэж, ирэх жилийн өнгө ямар байхыг олон түмэнд айлддаг байна. Гэвч тэдний мэргэ янз бүрээр бууж, гарч буй жилийн тухайд багагүй санал зөрдөг аж. Улаанбаатарт л мэдэгддэггүй болохоос Өлгийн телевизээр бол голлох хэдэн сауегей багагүй маргалдаад авдаг гэх. Наурызыг нийтээр гуравдугаар сарын 22-нд тогтмол тэмдэглэдэг учир уг баяр хэдийд болох тал дээр харин ямар ч маргаан гардаггүй, гагцхүү жилийн өнгө хэд хэдэн янзаар илэрч, чухам хэн нь хамгийн мэргэн болохыг тодруулахад бэрхшээл учирдаг байна.
Энэхүү баяраар архи огт хэрэглэдэггүй нь гарцаагүй үнэн юм. Лалынхны ёсонд "харам” буюу архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үзэж ирсэнтэй нь холбоотой гэдэг. Наурызыг төдийлөн үнэлэхээ болиод байсан 90-ээд оны өмнө залуучууд хуучны бүдүүлэг ёсыг тоодоггүйгээ харуулж нанчид хүртэхээсээ нэг их буцдаггүй байж. Гэвч одоо ёс заншил жинхэнэ утгаараа сэргэснээс хойш эргээд бүх зүйл хэвэндээ оржээ. Архи үл хэрэглэхээс гадна "казахша күрес” буюу казах барилдаан, ямааны арьс морин дээрээсээ булаалддаг "көкпар” хэмээх тоглоом, хурдан морины "байгы” уралдаан зэрэг эртнээс өвлөгдөн ирсэн олон сайхан ёс эргэн сэргэсэн нь бахдууштай.
Наурызын өглөө эрт казахууд нар мандахыг хардаг. Энэ үндэстэн эмээгээ "апа” гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан хөөрч баярласан ач, зээ нар нь эмээгээсээ "шашу” хэмээх хишиг хүртэх гэж холоос шуугилдан ирнэ. Цагаан өнгийн гоёмсог алчуур толгойдоо ороож, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг нь өнөөдрийг хүртэл уламжлагджээ. Ингэхдээ тэд шашуг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн дастархан (их идээ)-ыг тойрон суугаа зочдын дунд цацаж хүртээдэг. Тараасан хишгийг олж хүртэх гэж хөөрхөн бужигнаан үүсдэг нь нэн хөгжөөнтэй. Наурызыг апа нарын шашугүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэр нь ердөө л чихэр боов шүү дээ. Гэхдээ тэр хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлгэшээдэгт хамаг учир буй.
Сэтгэгдэл бичих