Цэргийн баяр тохиосон өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдралын зарим үйл явдлууд ихээхэн сонирхолтой болж өнгөрлөө.
Энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдлаар "Босоо хөх Монгол” бүлгэм, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахаар тэмцэж эхэлсэн явдлыг нэрлэж байна. Тэд Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн бөгөөд суулт хүртэл зарлаад амжсан. Тус бүлгэмийнхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Капла нарт уучлал үзүүлсэн нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2, 49 дүгээр зүйлийн 2, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн хэмээн тайлбайрласан. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Ингээд "Босоо хөх монгол" ТББ, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Тэд анх Ноё уулыг аврахаар тэмцэжгарч ирсэн. Харин дараа нь УИХ-ын даргын телевизээр өгсөн ярилцлагатай нь холбогдуулан ярьсан, хэлсэн зүйлээ батал. Үгүй бол хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн огцруулах жагсаал, цуглаан хийнэ гэж байсан. Харин өдгөө тэд Ерөнхийлөгч рүү давшиж эхлэв. Анх өлсгөлөн зарлаж эхлэхдээ "Бидний захиалагч бол Монгол Улсын Ерөнхийлөгч” гэж гарч ирсэн. Гэвч төд удалгүй захиалагч руугаа "довтолсон” нь тэдний тэмцэлийн хэтийн зорилго нь Ерөнхийлөгчийг огцруулах, нэр хүндийг нь унагах гэсэн зорилготой байв уу гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж орхилоо.
Дараа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хийсэн мэдээлэл энэ долоо хоногийн онцлохуйц үйл явдал байлаа. Учир нь тэд хуралдаа сууддаггүй, ажлаа тасладаг, хоцордог гишүүдэд хариуцлага тооцох хуулийн төслийг боловсруулсан тухайгаа мэдэгдсэн. Иргэд, сонгогчдоос Өргөдлийн байнгын хороонд хандаж, хуралдаа суудаггүй гишүүнд хариуцлага тооцдог байх шаардлагыг тавих болжээ. Тиймээс тус байнгын хороо нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй гишүүнийг, мөн дээрх хуралдаанд согтуу ирсэн гишүүнийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийн төсөл боловсруулж бэлэн болгосон гэнэ. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Хэрвээ Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн боловсруулсан уг хуулийн төсөл батлагдвал гишүүдийн хариуцлага нэмэгдэнэ гэж олон хүн үзэж байна.
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр нь төлөгдөөгүй тул буцаан эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний асуудлыг шийдвэрлэх Байнгын хорооны тогтоол баталсан бөгөөд уг тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломж бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгах чиглэлийг Засгийн газарт өгчээ.
Мөн өнгөрч буй долоо хоногт иргэдийн анхаарлыг татсан нэг зүйл нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оролцсон "Сайдын 30 минут” байв. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан.
Түүний хэлж буйгаар 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсантай холбоотой гэнэ. Төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэхгүйн тулд 2015 онд макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар харилцан уялдаатай хийж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгож, хувийн хэвшилд ирэх ачааллыг бууруулж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Мөн тэрээр ирэх хаврын чуулганы үеэр 2015 оны төсвийг дахин тодотгох магадлалтай гэдгийг илэрхийлсэн юм.
Эдгээр үйл явдлаас гадна УИХ-ын дарга З.Энхболдын Европын орнуудаар хийж буй албан ёсны айлчлалыг онцолж байна. Тэрээр өнгөрч буй долоо хоногт ХБНГУ болон БНПУ-аар албан ёсны айлчлал хийж байгаа.
Өнгөрч буй долоо хоногт улс төрийн амьдралд болсон үйл явдлууд тоймлоход иймэрхүү дүр зураг бууж байна. Ерөнхийдөө талууд бүгд хаврын чуулганыг хүлээсэн байдалтай байгаа бол иргэний хөдөлгөөнийхөн энэ долоо хоногоос эхлэн Ерөнхийлөгчийг "татаж, чангааж” эхлэв бололтой.
Г.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих