Автобусны жолооч, кондукторуудын зан харьцааны талаар хүмүүс маш их шүүмжлэлтэй ханддаг. Кондуктор нь зорчигчдыг элдвээр хэлж, загнадаг, жолооч нар нь орлоготой хүмүүсийг хаанаас ч хамаагүй "шүүрдэг” хэрнээ хөгшин настай, мөнгө төлдөггүй иргэдийн улаан нүүрэн дээр хаалгаа тасхийтэл хаагаад явдаг, зорчигчдыг гүйцэд бууж, суугаагүй байхад хөдөлдөг, ачиж явсан зорчигчдоо дараагийн автобус руу шалтгаангүйгээр дамжуулдаг гэх мэт асуудал олон бий. Ийнхүү тэдний Замын хөдөлгөөний хууль, дүрэм биелүүлэхгүй хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэг гаргах байдал буурахгүй байгаа нь тоо баримтаас тодхон харагдаж байна.
Зөвхөн гуравдугаар сарын 19-нд гэхэд Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн автобусны буудалд "Эрдэм транс” ХХК-ний автобусны жолооч М нь зорчигч, 52 настай, эмэгтэй Ч-г унагаж гэмтээсэн, ЧД-ийн нутаг Чингэлтэйн шинэ эцэст "Тэнүүн дэлгэр” ХХК-ний автобусны жолооч Г нь зорчигч, 82 настай, эмэгтэй Б-г унагаж гэмтээсэн зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2 "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гарсан байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас тухай бүр холбогдох газруудад жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлдэг боловч энэ төрлийн зөрчил дутагдал гарсаар байгаа гэнэ. Иймд Нийслэлийн тээврийн газар, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын хариуцлагаа өндөржүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нараас зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарах шаардлагатай юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8605
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих