Өнгөрсөн оны сүүлээр Хятад, Японы улс төр бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын 500 гаруй хүмүүс оролцсон Бээжин-Токиогийн 10 дахь чуулга уулзалт Токиод болсон юм. Тэрхүү чуулга уулзалтаар хоёр орон түүхийн олон зууны туршид ойлголцолд хүрдэггүй асуудлаар хэл амаа ололцох нь нэн чухал юм гэдгийг санал нэгтэй зөвшөөрснөөр өдгөө Японы нийслэл Токиод хоёр талын албаны хүмүүсийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр ч гэсэн Токио хотноо Япон, Хятад, Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр үргэлжилж байна. Дөрвөн жилийн өмнө буюу 2011 онд Япон, Хятадын Гадаад хэргийн яамны холбогдох хүмүүс Өмнөд Хятадын тэнгис дэх японоор Сенкаку, хятадаар Дайюу хэмээн нэрлэгддэг арлуудын маргаант асуудлыг шийдэхэд гарц хайн хэлэлцээрийг эхлүүлж байсан юм. Гэвч энэ хэлэлцээрээс хүсэн хүлээж байсан шийдэл гараагүй юм. Азийн тэргүүлэгч хоёр гүрний харилцаа сүүлиийн жилүүдэд эрс муудаж тэрхүү 2011 оны оролдлогоос хойш анх удаа ийнхүү хэлэлцээрийн ширээний ард сууж энхтайвны замаар маргаантай арлуудын асуудлыг шийдэхээр ярилцаж байна.
Дээр дурдсанаар энэ уулзалтад Өмнөд Солонгосын тал ажиглагчаар оролцож байгаа бөгөөд бямба гаригт БНСУ болон БНХАУ-ын албаны хүмүүсийн хаалттай хуралдаан болсон юм. Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл Хятад, Өмнөд Солонгосын талууд тодорхой асуудлууд дээр ойлголцолд хүрсэнээр энэ уулзалтын үр дүн нэлээд ахицтай гарах нь гэсэн эерэг хүлээлт үүсгээд байгаа аж. Ингээд өнөөдрөөс Япон, Хятадын талууд хэлэлцээрийн ширээний ард суусан байна. Талууд ямартай ч гурван нийтлэг асуудлаар ойлголцолд хүрсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Нэгд, Хятад Японы хөрш орон, хамтын ашиг сонирхол маш олон, олон улсын тавцанд нэг ашиг сонирхолтойгоор тоглолт хийх нь хоёр улсын ард түмний өмнө зайлшгүй чухал үүрэг хариуцлагыг хүлээж байгаа, бид ижил чиглэлээр урагшлан хоёр орны харилцааг нэн даруй сайжруулж, ашигтай нөхцөл боломжийг идэвхтэй буй болгох ёстой. Хоёрт, түүхийн үзэл ойлголтын асуудал болон нутаг дэвсгэрийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх нь Хятад Японы харилцааг хөгжүүлэхийн гол үндэс суурь гэж хоёр тал санал нэгдсэн байна. Гуравт, хоёр орны харилцаа ямар ч ноцтой байдалтай байсан олон асуудлаар нарийн хянамгай хэлэлцэх хэрэгтэйг тохиролцсон нь энэ удаагийн чуулга уулзалтын хамгийн чухал ололт болсон байна.
Энэхүү уулзалтын үр дүнг хэлэлцэхээр энэ оны эцсээр Японд дахин Аюулгүйн хэлцэл хийхээр болж байгаа тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн Инь нотолжээ.
Мөн энэхүү уулзалттай холбоотой нэг зүйлийг BBC агентлаг уламжилсан байна. Энэ нь,өнгөрсөн арваннэгдүгээр сард Бээжин хотноо болсон Ази, Номхойн далайн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хятадын дарга Си Зиньпин болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзсан билээ. Тэр үеэр талууд ерөнхийдөө хатуу байр суурин дээр зогсохоосоо ухарч маргаантай арлуудын талаар тохиролцоонд хүрч энэ сэдвээр дахин харилцаагаа сэвтүүлэхгүй байя хэмээн тохирсон гэнэ. Тэрхүү удирдагч нарын тохиролцооны үр дүн энэхүү дээд хэмжээний уулзалт хэмээн бичжээ.
Сенкаку буюу Дайюу арлуудын маргаан хоёр талын албаны хүмүүсийн мэрийлт дор шийдэгдэж чадвал дэлхийн хоёрдугаар дайны үеийн гашуун дурсамжаас үүдсэн хүйтэн харилцаа шинэ зууны эхээр л нэг ийнхүү шийдэгдэх магадлалтай болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих