2013 оны 10 дугаар сарын 02-нд "Дефольт гэж ийм байдаг” өгүүлэл
бичсэн чинь над руу тал талаас дайраад алангаа алдаж билээ. Тэр ч
байтугай гүүгл хайлтын системээс арилгачихсан гээд бодчих. Ийм "монгол
аргаар” дефольтоос сэргийлчихдэг бол сайхан л байна. Гэхдээ миний
ganaa.mn блогоос арилгаж чадахгүй л дээ. Одоо энэ тэнэг шааруудыг тэрэн
шигээ дайрахыг нь хармаар л байна. Одоо бол би герман, орос хоёр
санхүүчийн тухай өгүүлнэ. Эдгээр нь хоорондоо үл авцалдах огт өөр
системийн төлөөлөгчид ч гэсэн улс үндэстнээ аврах гэж гавъяа байгуулсан
суут хүмүүс юм. Яагаад тэдний тухай өгүүлэх болсон нь манай эдийн
засгийн үхээнц байдалтай холбоотой нь мэдээж хэрэг…
Арван хоёр тэгийг арилгахын төлөө
Дэлхийн Нэгдүгээр дайны үед Германы инфляцийг британыхтай харьцуулж
болох байв. Гэхдээ 1918 онд Герман дайнд ялагдсан юм. Ялагчид Германд
санаанд багтамгүй их дайны төлбөр тулгажээ.
Германы Үндэсний банкны захирал Ялмар Шахт сонирхолтой харьцуулалт
хийсэн байдаг: 1870 оны франц-пруссийн дайны дараа ялагдсан Франц 6
миллиард франкыг 12 тасалж алтаар буюу: Францын хүн амын бүх орлогын 3,2
хувь, 1869 оны үндэсний орлогын 25%-ийг өгөх болсон байдаг. 6 миллиард
доллар бол энэ үед Францад эргэлдэж байсан бүх алтан болон цалин мөнгө
юм. Үүнийг хатуу ширүүн гэхээс өөр үг байхгүй юм.
Гэхдээ Дэлхийн Нэгдүгээр дайны дараа Германаас бүр 132 миллиард
алтан марк: хүн амын бүх хөрөнгийн 38%, 1913 оны үндэсний орлогын 220%
буюу тэдний гүйлгээнд бодитой эргэж байсан үнэт металлаас нь 22 дахин
ихийг шаардсан байна.
Түүний дээрээс немцүүдийг энэ өрөө хэл амгүй төлөхөд нь албадахын тулд
Франц, Бельги хоёр аж үйлдвэрийн таваар, мөнгөний эх үүсвэр болсон
Германы аж үйлдвэрийн үндсэн бүс нутаг Рурыг эзэлжээ. Энэ болтол Герман
өлсгөлөн амьдралаа янз бүрийн "эрзацлеббенстит”-ээр бүтээгдэхүүнээ сольж
амиа зогоож байсан юм.
Одоо бол зүгээр инфляци биш, гиперинфляци эхлэв. Түүхэнд ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй билээ.
1921 оны зун 1 доллар 75 марк байв, 1922 оны зун 400 марк болов. 1922
оны 12 дугаар сард Рурыг эзлэхээс өмнө 7 мянга болов. 1923 оны 1 дүгээр
сард Рурыг эзэлсний дараа 18 мянга болжээ. 1923 оны 7 дугаар сар болоход
нэг доллар аль хэдийн 165 мянган марк, сарын дараа 1 сая, 11 дүгээр
сард 4 сая, оны сүүл гэхэд хэлэхэд ч хүртэл аймаар 4 триллион (!) 200
миллиард марк болов.
1924 онд марк 1.600.000.000.000 буюу 1,6 триллион (!) дахин үнэгүйджээ.
Энэ бол албан ёсны тоо юм. Эдгээр нь немцийн дурын нэр хүндтэй лавлах, бүх утга зохиолд байгаа.
Хүмүүсийг ядахдаа ямар нэг юм авч амжуулахын тулд цалинг өдөр болгон
тавьдаг байв. Маш их үнэ цэнэтэй эртний маркын цуглуулгын зургийг үнэгүй
шахам өгч байгааг өгүүлсэн Стефан Цвейгийн "Үл харагдах цуглуулга”
туужийн үйл явдал энэ үед хамаарна. Марк болгонд боломжийн мөнгө төлдөг,
гэхдээ тооцоо хийх болоход тэдгээр нь бага зэргийн идэх хоол болтлоо
үнэгүйддэг. Дашрамд дурдахад С.Цвейгийн энэ алдарт зохиол монгол хэл
дээр нэлээд эрт социализмын орчуулагдсан юм.
Мөн Эрих Мария Ремарсын "Хар багана” дахь өгүүлэмж бүр ч илүү санаанд
үлддэг: гол баатар ресторанд хооллох захиалга худалдан авдаг. "Хэрэв ийм
цэсээс үзвэл нэгдүгээр хоолны өртөг тухайн агшинд тогтоосон ямар нэг
хэмжээгээр таарна, тэгээд арван цаг болоод ирэхэд ханш аль хэдийн унасан
байна.” Ийм рестораны эзэн яах нь ойлгомжтой юм, эгдүү нь хүрсэн тэр
ресторанаас найз нараа дурын арга замаар гаргахыг хичээнэ.
Нэг үгээр хэлбэл: яруу алдарт холбоотон, Дэлхийн Нэгдүгээр дайнд
ялагчид Германы эдийн засгийг бүр мөсөн сүйд хийсэн юм. Нарийн нийлмэл,
эрчимтэй эдийн засгийг устгах нь тийм ч хүнд биш, тэр нь маш эмзэг
байдаг гэж тэд ярьж байсан билээ.
Эвдэлж эвдэлж байснаа сүүлдээ айжээ, яагаад гэвэл Герман харсаар байтал
Европын хамгийн гол дунд хувьсгалт хөдөлгөөний голомт болон хувирч
байв. Иймээс тэд айсандаа саяхан өөрөө эвдсэн юмаа засах гэж зүтгэв.
Гитлер Мюнхений пивоны газар НСДАП буюу немцийн ажилчны үндэсний
социалист намын анхны хурал аль хэдийн хийснийг олон хүн ойлгосонгүй;
нацизм олон талаар чухамхүү хямралын ачаар бий болсон юм…
Немцүүд агуу их эдийн засагч Ялмар Шахтад бүр ч их талархах болсон юм.
Шахт мөнгөний хэмжээ таваар болон үйлчилгээний хэмжээтэй нийцэж байх
ёстой, мөнгө бол "үнэтэй” байх ёстой гэдэгт хатуу итгэж байсан юм.
Тэрээр сүйрсэн Германы эдийн засгийг хямралаас гаргаж, тэр ч бүү хэл
ахар богино хугацаанд цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болгож чадсан
юм.
Ингэлээ гээд түүнийг Германы төр засаг сайшаагаагүй юм. Түүнийг
Гитлерийн эсрэг хуйвалдааныг дэмжсэн гэдэг шалтгаанаар шоронд суулгасан
гээд л бодчих. Дараа нь Ялмар Шахтыг Нюренбергийн олон улсын шүүхэд
Германыг цэрэг-аж үйлдвэрийн орон болгосон гэж ялласан юм. Эх орон нь ч
шоронд хийгээд, дайсан нь ч шоронд хийгээд түүнийг ёстой тамалж өгсөн.
Гэхдээ л тэр үнэхээр хүчирхэг хүн байлаа.
Шахт Ялмар (1877-1970) Германы Үндэсний банкны захирал (1916-1923),
Рейхс банкны Ерөнхийлөгч (1923-1930, 1933-1939), эдийн засгийн
рейхсминистр (1936-1937), цүнхгүй рейхсминистр (1937-1942). Түүнийг
Гитлерийн эсрэг хуйвалдааныг дэмжсэн хэргээр баривчлан шоронд хорьсон
байна. Хожим цэргийн гол гэмт хэрэгтний нэг болж Нюрнберг дэх Олон улсын
цэргийн шүүхэд татагдсан. Удалгүй бүрэн цагаадсан. Чөлөөлөгдсөний дараа
банкны салбарт ажилласан, Schacht GmbH (Дюссельдорф) банкны ордонгийн
эзэн болсон. Бүр хожим 1970 онд нас барсан.
Түүний удирдлагын дор 1923 оны 11 дүгээр сарын 16-нд шинэ мөнгөн нэгж
гаргажээ. Нягт нямбай немцүүд түүнд гүн гүнзгий утгатай нэр өгсөн юм:
төлбөрийн албан ёсны хэрэгсэл гэж. Гэхдээ бас рентийн марк гэж ч байсан.
Эхэндээ германы засаг үнэгүйдсэн цаасан маркыг 1 рентийн марк =
1.000.000.000.000 -аар бодож гүйлгээнээс ерөөсөө татаж авахаар бодож
байсан юм. Ялмар Шахт ингэх хэрэггүй гэж ятгаж чаджээ. Шинэ валютад
шилжих явдал дэс дараатай, үсрэлтгүйгээр явж байг гэсэн байна.
Ингээд хоёр марк гүйлгээнд нэгэн зэрэг явж, тэднийг Орост мөнгөн
рублийг мөнгөн дэвсгэртээр, АНУ-д "мөнгөн” долларыг "грибекээр” сольж
байсан шиг нэг нэгтэй нь сольж болдог байв.
Шинэ маркийг алтаар сольж байгаагүй, харин газар, үл хөдлөх хөрөнгө
зэрэг улсын бодит үнэт зүйлсээр баталгаажуулж байв. Рентийн маркийн
эмиссийн хэмжээг хатуу хязгаарласан байлаа, ингээд "төлбөрийн албан ёсны
хэрэгсэл” хурдан тогтвортой болов.
1925 оны 6 дугаар сард хуучин марк гүйлгээнээс бүрэн гарав. Энэ явдал
нь эдийн засаг, гадаадынхны итгэл өссөн шинэ эрин үе ирж байгаагийн
бэлэгдэл болов. Их гүрнүүд германы эдийн засаг ямар ч гэсэн хэвийн
ажиллаж чадах юм байна, гэхдээ немцүүд богино хугацаанд төлбөрөө төлөх
чадвартай юм байна гэдэгт эцэстээ итгэх болжээ. Ингээд зээл өгч эхэлжээ.
Шахтын тухай хөгжилтэй шүлэг хүртэл гарав:
Рентийн маркыг хэн эргэлтэнд оруулав ?
Эх ард немцийг Ялмар Шахт аврав.
Энэ шүлэг түүний гавъяаг хэнээс ч илүү тодорхой өгүүлэх бөлгөө.
Улаан бриллиант
Иргэний дайн дуусахад шинэ залуу Зөвлөлт орны эдийн засаг гэж авах
юмгүй болсон байв. Нуран унасан эдийн засаг-санхүүгийн системийг аврах
зорилт тулгарчээ. Ийм хүнд ажлыг цаг ямагт эрчимтэй, өөртөө итгэлтэй хүн
л хийж чаддаг юм. Хийх юмаа мэддэг, хэрэгцээт засаглалын нөөцтэй тийм л
хувь хүн чадах юм.
Тийм хүн нь сангийн Ардын коммиссар Григорий Яковлевич Сокольников
байсан бөгөөд түүний жинхэнэ нэрийг санхүүгийн урлагийн Бриллиант гэж
нэрлэж болох юм.
Сокольников Григорий Яковлевич. Бриллиант Гирш Янкелевич (1888-1939)
Зөвлөлтийн, дараа нь ЗХУ-ын сангийн ардын комиссар. Зөвлөлтийн алтан
червонцийг санаачлагч. Сокольниковын хүүгийн мөнгөний шинэчлэлийн
дурсгалд зориулж Червонный нэр авсан.
Тэрээр "хөрөнгөтний” гэр бүлд төржээ; аав нь эмч, ээж Фаня Розен нь
анхны гильдийн наймаачны охин, гоо бүсгүй байжээ. Эднийх Григорий,
Владимир, Михаил гэдэг гурван хүүтэй байжээ. Тэд бүгдээрээ сонгодог
боловсрол олж, хэд хэдэн хэл мэддэг байв.
Энэ сайхан боловсрол нь Григорийг Москвагийн Их сургуулийн нэгдүгээр
курст байхдаа мэргэжлийн гэмт хэрэгтэн Виктор Таратуйтай ойр дотно
танилцахад саад болсонгүй.
Таратута бол үзэл санааны дээрэмчин байсан бөгөөд алдарт Большевик
төвийг зохион байгуулагчийн нэг юм. Тэр зөвхөн дээрмийг удирдаж
байгаагүй, бас "мөлжигчдийн өмчийг хураадаг” байв. Ухаандаа хөрөнгөтөн
(жишээлбэл, Григорий Бриллиантын өвөө, анхны гильдийн наймаачин) ард
түмнээс хөрөнгөө хулгайлж олсон. Иймээс тэднийг сэгсрэх, тэмцлийг ардын
сайн сайхны төлөө чиглүүлэх нь ерөөсөө нүгэл биш юм.
1907 онд Бриллиант Таратутагийн найзуудад хамгийн тохирсон газар болох
Бутырын шоронд орсон юм. Дараа нь цөллөг. Орголт. Цагаачилж байхдаа тэр
Сорбоннын хуулийн факультетийг төгссөн ба эдийн засгийн шинжлэх ухааны
курс сонсож байсан юм.
Орост эргэж ирмэгцээ үзэл санаагаа дагагч болсон Сокольников ахиад
мөлжигчдийг мөлжих ажилдаа оров. Тэрээр чекистүүдэд алт, бриллиант бүхий
гэр бүлийнхээ нууцыг байгаа газрыг хэлж өгсөнд ээж нь хүүгээ удаан
уучилж чадаагүй гэдэг.
Дашрамд дурдахад ийм зарчимч чанар тэр үед ховор биш байсан юм.
Тухайлбал Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга Свердлов жишээлбэл,
Нижныйд байгаа аавынхаа жижиг инжааны газрын өмчийг улсын болгохыг
тушаасан байдаг; яагаад гэвэл аав нь ажилчин хөлсөлдөг байж, иймээс тэр
мөлжигч болж байгаа хэрэг.
Нэрт большевикуудын нэг Бриллиант-Сокольников Брестийн найрамдлын
гэрээнд гарын үсэг зурсан. Тэр Туркестаны фронт болон Бухарын дайралтыг
удирдаж байсан. Товчоор бол намын гавъяат зүтгэлтэн юм.
Харин тэр асар их зожиг зантай, тэр хэрээрээ асар их эрчим гаргадаг
байсан ба түүний талаар хүн болгон өөр өөрийн бодолтой байдаг байжээ.
Тэр Германтай дайн эхлэхийг, бас Британи, Францтай буцаж холбоотой
болохыг санал болгож байжээ. Эсвэл Ростов-Донд улаан армийн хийсэн
дээрмийн дараа улаан арми бүрэн ялзарсан гэж мэдэгдэж байсан.
Энэ сүүлчийн мэдэгдэл нь түүнийг Сталинтай насан туршийн дайсан
болгосон юм. Сокольниковыг дэвшүүлэлгүй нэг албан тушаалаас нөгөө рүү
шилжүүлдэг байжээ. Цонхигор, нам дуутай, хүйтэн хувирдаггүй царайтай
тэрбээр хэдийгээр зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг ч маш олон хүний
дургүйг хүргэдэг байсан аж. Эсвэл энэ нь түүний ажил хэргийн амжилт нь
байж ч болох.
Ингээд аюул болмогц түүнийг туслаач гэж дууджээ. Хилийн чанадад
оргосон Сталины хувийн нарийн бичгийн дарга Бажанов: "Сокольников бүх
даалгаврыг биелүүлж чаддаг байсан. Бүгдийг” гэж бичиж үлдээсэн юм.
1922 онд Ленинд Сокольниковт 70 жилийн дараа багцаагаар Ельцин Чубайст
хэлдгийн адил "Худалдааг босгож, татвар цуглуулж, рублийг сэргээх
хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. Ялгаа нь гэвэл Чубайс Оросын эрчим хүчний айлгуур болсон бол Сокольников Оросын эдийн засгийн шинэчлэлийн эцэг болсон юм.
Түүний 1922-1924 онд хийсэн шинэчлэл бол дэлхийн шилдэг шинэчлэлийн нэг болсон юм. Сокольниковын саяхны хамтран ажиллагсад нь түүнийг "санхүүгийн ардын
комиссарын диктатор” гэж хочлох болов. Тэд "партайгеноссе” одоо л
тэднийг мөнгөөр булаад өгнө гэж хүлээж байв. Сокольников "Өгөхгүй” гэж
ямагт үхэн хатан зогсох болов. Мөнгөө өөрсдөө олохыг шаардаж, мөнгөний эмиссийг "улс ардын аж ахуйн хар тамхи” гэж нэрлэв. Ийм зүйлд дуртай байна гэж үү ?
Ажлаа эхлэхийн тулд шинэ ардын комиссар тэр үеийн зөвлөлтийн эдийн
засагч, санхүүчдээс шилдэг баг цуглуулав. Тэд оршин суугаа газраараа
зөвлөлтийнх, харин итгэл үнэмшлээрээ бол биш байлаа: Сокольниковын
багийн гишүүд бүгдээрээ "хуучин” хүмүүс байлаа. Тэр болон түүний багийг
хатуу ленинчүүд "чалчигчдын цуглуулга !” гэж хочилж байсан юм.
Харин "чалчигчид” шинэчлэлийг хэрхэн явуулах вэ ? гэдгийг бодож байв.
Санхүүгийн шинэчлэл бүх ардын аж ахуйг босгоно гэж тооцоод хурдан
ажиллах хэрэгтэй юу ? Эсвэл эдийн засгийн бодит сектор өсөхийн хэрээр
шинэ валют оруулж удаан хөдлөх үү ? Шинэ валют хэрэгтэй юу, эсвэл зөвхөн
"совзнак” буюу зөвлөлтийн тэмдэгтийг өөрчлөх үү ? Хэрэв шинэ бол ямар ?
Цаасан мөнгө үү ? Алтан зоос уу ? Аль аль нь уу ?
Ингээд баг дүгнэлт хийжээ: зэрэгцээ валют хэрэгтэй. Оршин буй рублийг
аврах хэрэгтэй, гэхдээ энэ нь хангалтгүй. Эхлэхийн тулд Сокольниковын
баг байгаа зүйлээ цэгцэлж эхлэв.
1922 оны 1 рубль өмнө гаргасан болон гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн
10 мянган рубльтэй тэнцэж байв. Үүнийг дүнд гүйлгээнээс асар их
хэмжээний цаасан мөнгийг татсан юм. Хааны үеийн "романовка”, "керенка”,
"совзнак” мэтийн янз бүрийн үнэт цаасыг улсын нэгдсэн мөнгөн тэмдэгтээр
солив.
1922 оны загварын дэвсгэрт гүйлгээнд 1923 оны 10 дугаар сарын 1 хүртэл
байсан бөгөөд үүний дараа удаах загварын шинэ мөнгөн дэвсгэртээр
солигдсон юм. 1923 оны загварын 1 рубль 1922 оны загварын 100 рубльтэй
тэнцэж байв.
Гараараа тэг нэмж үнэгүйдсэн "совзнак”-ыг 1924 оны 5 дугаар сарын 10
хүртэл явуулсан ба түүнийг мөн оны 5 дугаар сарын 31 хүртэл солихыг
зөвшөөрч байв.
1924 оны 1 рубль 1923 оны 50.000 рубльтэй тэнцэх буюу "совзнак”-ын 50
миллиард рубльтэй тэнцэж байсан юм. 1923 оны 10.000, 15.000, 25.000-ын
дэсвгэртийг улсын 1, 3, 5-тын рублийн мөнгөн дэвсгэртээр сольж өгөв.
Одоо бол эдгээр мөнгийг зөвлөлтийн билэгдэлтэй хийх болсон; Тэр үеийн
Зөвлөлтийн Холбоонд багтсан улсуудын тоогоор тарианы зургаан түрүүг
туузаар ороосон ЗСБНХОУ-ын сүлд бий болов.
Эдгээр нь төлбөрийн чадвараа 1947 оны шинэчлэл хүртэл хадгалсан юм. 1937 онд рубль дээр Лениний хөрөг бий болжээ.
Гэхдээ энэ бол шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг байлаа. Бүрэн үнэгүйдсэн
рубльтэй зэрэгцүүлэн Скольников-Бриллиант хөрвөдөг валют червонцы-г
эргэлтэд оруулсан юм.
Түгээмэл ойлголтоор червонец гэдэг бол заавал арван рубль байх ёстой.
Үнэн хэрэг дээрээ бол тийм биш юм. Түүхийн хувьд бол бүр I Петрийн эрин
үед 1701 оны шинэчлэлийн дараа гаргасан 3 рублийн алтан зоосыг
"червонец” гэж нэрлэдэг байсан. Энэ нэр нь польшийн czerwony буюу улаан,
алтан гэсэн утгаас гаралтай юм. Петрийн өмнөх Орост эргэлдэж байсан
гадаадын бүх алтан зоосыг ингэж нэрлэдэг байсан аж. Харин Сокольниковын
үед "червонец” бас нэг нэмэлт утгатай болжээ: "улаан” мөнгө бол зөвлөлт
"улаан” засгийн билэгдэл ажгуу. Тэдгээрийг тоосгон улаан өнгөөр гаргасан
нь тохиолдол биш юм.
Зөвлөлтийн червонец 10 рубльтэй тэнцэж, түүний шинж чанар нь
Оросын эзэнт гүрний 1899 онд цутгаж байсан 10 алтан рубльтэй тэнцэж
байсан юм. Червонец 25 %-ийн алтаар баталгаажсан байв.
Энэ мөнгүүд дээр сонгодог үр суулгагчийг, мөн нэгэн зэрэг
Зөвлөлт орны ирээдүйн үрийг суулгах бэлэгдэл, "ухаалаг, сайн санаат,
мөнхийг” суулгаж буй тариачныг дүрсэлсэн байна. Ийм учраас червонецыг
ард түмний дунд "Үр суулгагч” гэж нэрлэсэн юм.
Үр суулгагчийн дүр улсын зээллэгийн облигацуудад туссан байдаг. Киса
Воробьеянида Остап Бендерийн хамт ухуулгын усан онгоцны бөөрөн дээр өөр
юу ч биш, чухамхүү үрийн оронд облигаци цацаж буй үр суулгагчийг зурсан
юм.
Эхэндээ червонецийг бөөний худалдаанд зориулж гаргасан юм. Түүнд
рублийг уяж, мөнгөн массыг хатуу хязгаарлаж өгсөн юм. Гэхдээ червонцийг
яаж ашиглах вэ ? Червонцыг дэлгүүрт авдаг совзнакаар яаж солих юм ?
Новороссийскт ачаа зөөгч 10 ажилчин цалиндаа 25 червонцийн нэг дэвсгэрт
дундаа аваад явж явж эцэстээ дахин зовохгүйн тулд зүгээр л архидаж
орхисон тохиолдол ч бий…
Тэр үед том дэвсгэртээс гадна жижиг червонец, бас алтан зоос гарч
байсан юм. Шинэ валют нэр хүндтэй, маш бодитой мөнгөн хэрэгсэл болж
чадсан юм.
1924 оны 3 дугаар сарын 7-нд зөвлөлтийн червонецод Нью-Йоркийн
бирж дээр 5 доллар 20 цент өгч байсан ба энэ нь европын дурын валютаас
илүү байсан юм. Гэтэл нэг жилийн өмнө тэр юу ч биш байсан юм шүү дээ !
1922-1924 оны зөвлөлтийн санхүүгийн шинэчлэлийг дэлхийн түүхэн дэх
хамгийн үр дүнтэй шинэчлэлийн нэг гэдгийг барууны эдийн засагчид
зөвшөөрсөн нь талаар асуудал биш юм.
Нарзаны хаяг, тэг нэмж бичсэн мөнгөтэй байсан оронд хэдхэн жилийн дотор
хэвийн ажилладаг санхүүгийн систем бий болов. Зөвлөлтийн рубль сталины
"их үсрэлт” эхлэх хүртэл 1920-иод оны сүүл гэхэд дэлхийн хамгийн хүчтэй
валютын нэг болж чадсан юм.
Харин Сокольников өөрөө харамсалтай төгссөн билээ…
Тэр XY их хурлын индэр дээрээс "зөвлөлтийн байгууллагуудыг дүүргэсэн
шулан мөлжигч хэвийн бус бүлгийг цомтгохыг” шаардаж ерөөсөө олон хүний
дургүйг хүргэсэн юм. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг
үгүй хийхийг шаардаж чухамхүү нөхөр Сталины цухлыг төрүүлсэн билээ.
Баруунд Сокольниковыг "зөвлөлтийн Витте” гэж нэрлэж байв.
Зөвлөлтийн хөрвөдөг червонец хийгээд 1922-1924 оны мөнгөний шинэчлэл нь
түүнийг дэлхийн санхүүчдийн дунд Ялмар Шахттай дүйцэх хүндэтгэлийг
авчирсан билээ.
Харин ЗХУ-д нам аж ахуйн идэвхтнүүд бүхнийг хамгийн энгийн аргаар
шийдэх мөнгө гаргахыг хүсч байсан юм ! Сокольниковын эсрэг шинэ эмисс
хийх шуналд Сталин, Троицкий нар хамтран орж, "червонецыг дэмжсэн бүх
зам сайн гэдэг Сангийн ардын комиссариатаар дамжуулан аж ахуйг биетээр
удирдах гурван жилийн практикийг дуусгахыг” сүржигнэн уриалав.
1926 оны 1 дүгээр сард Сокольниковыг Сангийн ардын комиссарын албан
тушаалаас авч хаяв. Улсын Төлөвлөгөөний хороонд тэр бас л удсангүй.
Эцсийн эцэст Сокольниковыг санхүүгийн салбарын бүхий л албан тушаалаас
шахан гаргаж, аажмаар дипломат албанд шилжүүлэв. Эхлээд тэр Америкт
бүрэн эрхт төлөөлөгчөөр явав, тэндээсээ Австри, Хятад, Англид очив.
Гадаадын хэвлэл, түүний дотор цагаачдын хэвлэл Сокольниковыг байнга
магтдаг байлаа.
Милюковын Парижийн сонин "Сталин ба Сокольников” гэсэн томоохон
өгүүлэл хэвлэсэн байна. Түүнд иргэншсэн большевик Григорий
Сокольниковыг зэрлэгээс өөр юмгүй большевик Сталинтай сөргөлдүүлэн
тавьжээ. Энэ нь сайнаар дуусч чадаагүй юм.
1934 оны 1 дүгээр сарын намын бага хурал дээр Сокольников руу "аж
үйлдвэрийн салбар дахь алдаа” хийгээд "аминч үзэл” зэрэг бүхий л өнгөөр
дайрсан юм. 7 дугаар сар гэхэд түүнийг баривчилж, өдөөн хатгаж эхэлжээ.
"Троицкист-зиновьевийн төвд” оролцсоны учир түүнд 10 жилийн ял өгчээ.
Шүүх дээр тэр томоохон, бие даасан хувь хүн байж, мэдүүлэг яаж авсан,
"эд мөрийн баримт” яаж зохиосон гэх мэтийг илчилсэн байна.
Зун нь түүнийг Бухарин, Рыков болон бусад хэрэгт мэдүүлэг авахаар
Москвад ахин дууджээ. Сокольников очсонгүй. Үүний дараа тэр Тобольскийн
шоронд нууцлаг байдалд амь үрэгдсэн юм.
Домог яриагаар бол нэг өрөөнийхэн нь "шоронгийн удирдлагын даалгавраар”
толгой руу нь суултуурын түмпэнгээр цохиж алжээ. Харин шоронгийн
удирдлага Москвагаас Тобольск руу тусгайлан чекистууд урьж "үйлчилгээ
үзүүлэхийг” хүссэн байна. Илүү дутуу юм яриулахгүйн тулд…
Судлаач Х.Д.Ганхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих