ШАРАЙД ОВОГТ ДАШДОНДОГИЙН НАМЖИЛЦЭРЭН
Унасан газар, угаасан ус:Угтам уулын ард Жимгэрийн хөндий
Аавын сургаал-амьдралын луужин: Ах, дүү, найз нөхөдтэйгээ эвтэй, найртай, үнэнч шударга явбал ямар ч бэрхшээлийг давна.
Сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил: Аймгийн төвийн арван жилийн сургууль, Улаанбаатар хотын Политехникумыг хүнсний үйлдвэрийн гехнологич, механикч мэргэжил эзэмшин төгссөн.
Ажлын гараа, өнөөдрийн бариа:1967 онд Дорнод аймгийн ГТҮ-т хуваарилагдаж ирээд 2005 он буюу тэтгэвэрт гартлаа ажилласан. Одоо хүүхдүүдийн хамт "Цэн төгөл” нөхөрлөлийн аж ахуйг авч явна.
Хорол тооно тулсан хос багана: 1968 онд Лхамжавын Цэндэмтэй гэр бүл болж, улсдаа өрх, удамдаа голомт нэмсэн.
Арга бэлгийн заяа-алтан аргамж: 1969 онд анхны охиндоо "аав, ээж” эолсноос хойш дөрвөн сайхан хүү заяаж, гал голомт минь ураг овогтойгоо алтан аргамжаар холбогдоод байна.
Эр хүний ноён нуруу, намба төрх: Аавынхаа захиж сургадаг байснаар шударга амьдарч, худлаа хэлж, хуурч мэхлээгүй, өөрийгөө магтаж дөвийлгөөгүй, дарууг эрдэм, үр хүүхдүүдээ эрдэнэ хэмээн үзэж, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг даа.
Ажилч, бүтээлч байхын нууц:Ихийг их, багыг бага гэхгүй уйгагүй, тууштай хөдөлмөрлөн санасандаа хүртэл хийх.
Магнай тэнийх сэтгэлийн баясгалан: Хүнээс хүн бий болж, өөртэй нь, хайртай хань ижилтэй чинь ямар нэг юмаараа адил байхыг анзааран, баярлан, хайр төрж, өсөж, том болохыг нь харах гэдэг агуу их баясгалан, аз завшаан гэж боддог.
Түмэндээ нэртэй, олондоо тустай явахын учир: Хүн чанартай байж, хүнээс сайныг нь харж. дэмжиж амьдарвал нэр цэвэр, эцэг, эх, өвгөд настнуудаа асран тойлж, хүндэтгэн амьдрах нь олондоо тустай явахын эх гэж үздэг.
Төрийн мялаалга, улсын хишиг: 5.6-р таван жилийн гавшгайч, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2 удаа, атарчдын 20 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг, 2003 онд "Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж ажлаа үнэлүүлж, дүгнүүлсэн.
Ш.ДУГАР
Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн хоёрдугаар дайн гэж олон сая амь насаар зул өргөсөн гашуун туухийн хуудсыг хаасан 1945 онд манай нутагт зуд болсны улмаас Цагаан-Овоогийн хэсэг айл Баяндун сумын нутагт отор нүүдлээр амьдран ахуйд эгчийнхээ дараа айлын том хүү болон мэндэлсэн тэрээр бага насаа хөдөөгийн хүүхдүүдийн адилаар тугал, хурга эргүүлэн хонь малд явж, багийн ажлаар явах аавыгаа харуулдан, саальчин ээждээ тусалж хувин сав, саасан сүүг нь зоон жаахан зав гарахаар үеийн хүүхдүүдтэй морь унаж, салхи татуулан давхих зэргээр өнгөрөөж улаан таван хошуу хадсан даавуун цүнх үүрэн Цагаан-Овоогийнхоо сургуульд анх оржээ. 4-р ангиа төгсгөөд аймгийн төвийн дунд сургуульд шилжиж ирэн суралцаж 7-р анги төгсөхөд, дэнхийсэн том биетэй, өндөр хүү тэгээд ч насаар ангийнхаа ихэнх хүүхдээс хоёр ах байсныг хэлэх үү, политехникумын хуваарь ирэхэд нь. Уухайн тас аван Улаанбаатар хотод суралцаж, дотуур байраар амьдарч 1967 төгссөн байна. Тухайн үед аливааг төлөвлөдөг. байсны дагуу төгсөх жил нь гурилын үйлдвэрийн техник, технологийг давуу үзүүлж, чиг баримжаа олгон, Дорнод аймгийн ГТҮ-т хуваарилсны дагуу ирж ажилдаа оржээ. 1959 онд байгуулагдсан гурилын үйлдвэр 1965 оноос шинэ залуу боловсон хүчин, ажиллагсдаар эгнээгээ өргөтгөж эхэлсэн бөгөөд, 1967 онд политехникумаас хоёр, Баян-Уулын 10 жилийн сургуупь төгсөөд хоёр, Сүхбаатар аймгаас гурван хүүхэд ирж ажилд орж байсны нэг нь Дашбалбар сумын Лхамжавын Цэндэм байлаа. Боловсон хүчний тасагт анх дайралдаж, харц мөргөлдөн; бие биедээ татагдан, ээнэгшин дасаж, 1968 онд гал таслан, голомтоо бадрааснаас хойш эдүгээ дочин гурван жил өнгөрч, аав, ээжтэйгээ адилхан нэгохин дөрвөн хүүтэй, арван гурван ач, зээгээ тойруулсан өнөр отгон айл болоод байна.
Амьдралыг ямар өнцгөөс нь харж, эцэг эх цаашлаад өвөг дээдэс ямар замаар замнаж ирснээс үр хүүхдийн нь хувь тавилан хамаардаг бололтой юм. Манай өвөг эцэг ОХУ-ын Чта мужийн Дульдарга, Ага нутгаас гаралтай багш хүн байсан бөгөөд, Монголд орж ирснээсээ хойш цэргийн газар ажиллан, орчуулагч, зааварлагч хийж байгаад, эсэргүүний хэрэгт хэлмэгдэн 1937 онд дээд хэмжээ авахад, Архангай аймаг, Улаанбаатар хотоор багшилж байгаад, цэргийн сургуулийн 2-р курсэд суралцаж байсан 22 настай аав минь сургуулиасаа хөөгдөн, Цагаан-Овоо сумандаа ирж, багийн дарга, саалийн фермийн эрхлэгч, худалдааны агент, сүү-тосны тасгийн эрхлэгч гэх ээрэг ажил хийж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт суусан. Ээж бас аавтай нэг нутаг усных, аавыг Алхана уулын өвөрт төрсөн гэдэг, харин ээж хаана төрснийг нь мэдэхгүй, хамаатан садангууд нь аавынхтай адил хуучин "Будалан” хамтрал хавиар байдаг байсан, бас ганц нэг айл Хятадын Шинэхээнд гэдэг. Ээж маань бичиг үсэгтэйгээс цааш сургууль соёлоор явж байгаагүй боловч их ажилсаг, хөдөлмөрч, барьсан юмаа дуусгаж санаа амардаг хүн байсан. Өглөө харанхуйгаар босож, үдэш шөнийн 11 цагаас нааш унтахгүй, хөдөөгийн малчин хүний ажил, амьдрал гэгч цаг наргүй, хамгийн хүнд хэцүү хөдөлмөр гэж боддор Одоо мал хувийн байсан ч ажил нь хэвээр байгаа даа, улс орон маань малчин хүнээ харж үзэх нь зөв гэж үздэг. Ээж маань сум, аймгийн аварга саальчин байлаа. Аав боловсролтой хүн байсан болохоор бид бүгдээр сургууль соёлоор явцгаасан, Чимэдцэрэн эгч маань АУДэС төгссөн, хүний их эмчийн мэргэжилтэй, Дорнодынхоо хүн амд тэтгэвэрт гартлаа үйлчилсэн сайхан, сайн эмч, одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Дүү Цэрэндорж, Батмөнх нар барилгын инженер, бага дүү Баатархуяг МУИС-ын санхүү эдийн засгийн сургуулийг төгссөн, ХААН банкны захирлаар олон жил ажилласан, одоо "Хадгаламж банк”ны гүйцэтгэх захирал. Харин Цэрэндорж маань одоо байхгүй. Бид аав, ээжийнхээ буянаар бүгд нэр хүндтэй, сайхай амьдарцгааж байна даа. Аавынхыг хөдөө байхад өвгөн бид хоёр хоёр гурван удаа очиж амралтаа өнгөрүүлсэн гэж гэргий Цэндэм. ярьж байна. Би ч хөдөөний хүүхэд, бага насныхаа ихэнхийг, ээжийгээ алдсан болохоор өвөө, эмээ дээрээ өнгөрөөж, аав, ээжээ гэж өссөн, манайх хонь малладаг байсан, тэгээд бас хэдэн үнээ сааж, сүү тосны заводод тушаана. Би сургуульд ороогүй байхаасаа "дэржигнэдэг тэрэг” чирэн, сүүгээ хүргэж өгнө дөө. Саальчин хүүхнүүд сүүгээ тушаан, цөцгийгөө машиндуулж, түүнийгээ хэмжүүлж байж сав суулгаа аван явна, очоод угааж цэвэрлэн маргаашдаа бэлтгэж байж унтдаг байсан, харин би мориноосоо буувал мордож ч чадахгүй жаахан юм байсан болохоор тэр үү, сүүг маань суллан, бидоныг минь явган тэргэн дээр тавьж өгнө, түүнийг нь чирээд л гэртээ ирдэг байсан. Хадам ээж маань ч тэгж л ажилладаг байсан, тухайн үед үнээ хайдагшуулан саах гэх туршлага нэвтрүүлэн ажилладаг байхад хадмыгаа дагаж босоод үнээнд гарахад нөгөө хатуу хөхтэй хайдаг үнээнүүдээс хамгийн зөөлөн хөхтэйг нь ээж ялгаж саалгана. Ээжийг хоёр, гурвыг сааж байхад нэгийг л сааж дуусдаг сан. Хөдөө өссөн, хөдөөний амьдралаар амьдарч байсан гэхэд саальчин хүний ажил тун хэцүүг тэгэхэд л мэдсэн дээ.
Монголд арав хүрэхгүй байсан ГТҮйлдвэрүүдийн нэг болох Дорнод аймгийн энэ л үйлдвэрийн хашаан дотор амьдралынхаа гучин найман жилийг өнгөрөөж, тэр бүтээлч он жилүүдэд хүн амыг чанартай, сайн гурилаар хангах нь миний эрхэм үүрэг хэмээн үзэж, тууштай хөдөлмөрлөж иржээ. Гурилын үйлдвэрт ээлжийн мастер, цехүүдийн дарга зэрэг ажлыг 15 жил, ерөнхий механикаар 11 жил, ерөнхий инженерээр 8 жил ажиллан, 2001-2005 онд үйлдвэрийн дэргэд талхны цехтэй болох ажлыг гардан зохион байгуулж, тус цехийн дарга, мастераар ажилласан байна. 1970 онд багсармал тэжээлийн үйлдвэр барьж, өргөтгөл хийхэд ч тэнд мөн л ажиллаж байв. Ажилдаа нягт нямбай, нөр зүтгэлтэй, жинхэнэ эзэн нь болсон түүнийг залуусын байгууллагын шугамаар ЗХУ-ын Москва, Ленинград болон бусад газруудаар хоёр ч удаа аялуулан, их бүтээн байгуулалттай танилцуулж байжээ. Тэрээр социализмын үед ажил явуулдаг байсан зарчим, социалист уралдаан гэж хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх том хөшүүрэг байсныг, залуусьн нийгэм хамт олны дунд төлөвшүүлэх олон арга хэмжээ зохиодог байсны дүнд ажилсаг, биеэ авч явах чадвартай, мэргэжил, боловсролоо байнга дээшлүүлж чаддаг иргэд төрөн гарч, нутаг орныхоо нүүр царай болдог байсныг дурсан ярьж байна. Тиймдээ ч Дорнодын ГТҮ, гурилын үйлдвэрүүдийн нэгдлийн хэмжээнд улсдаа тэргүүн байр эзэлдэг, хүнсний үйлдвэрүүдээс анх удаа социалист хөдөлмөрийн үйлдвэр болж байсан гэнэ. Үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад туслах аж ахуй хөгжүүлэх шийдвэр гарч, дээр доргүй л юм юм оролдож, шинээр бий болгож байсан он жилүүдэд манай засварын цехийнхэн ярилцаж байгаад төмс тарив аа. 6-р сарын сүүлчээр л юм даг, төмсний маань иш сайхан гарчихсан үед, цехийнхээ ганц эмэгтэй болох тухайн үед биднээс эгчмэд үйлчлэгчдээ "Төмснийхөө талбайн зэрлэгийг зулгаачихаарай” гээд юманд яваад ирэхэд, халуун наранд харшиж, ядарсан бололтой хөлсөө арччихсан сууж байна. "Би хэлсэн ажлыг тань биелүүлчихлээ” л гэнэ.
Харсан чинь талбайд маань ширхэг ч ногоон юм байхгүй, "Та чинь яаж байгаа юм бэ? Хамаг төмсөө зулгаачихсан байх чинь” гэхэд "Төмс нь дороо байгаа” гэдэг юм даа. Тэгээд "Би амьдралдаа ч өвс ногоо арчилж яваагүй, бодвол өвс байж болохгүй юм байлгүй” гэж бодсон гээд хэнэг ч үгүй суух сүнтэй юугаа ч ярихав дээ. Бид туслах аж ахуйн үзүүлэлтээрээ үйлдвэртээ сүүл мушгиж, нэг хэсэгтээ л онигооны эзэн болж байж билээ. Энүүхнээс сарахад ч хүнтэй ажиллана гэдэг их ур ухаан, тэсвэр тэвчээр шаарддаг ажил шүү. Үйлдвэр маань над их юм өгсөн дөө, ийм сайхан хамт олны дунд ажиллаж байсандаа их баярладаг.
Тэрээр, хүн ер нь мөрөөрөө яваад байхад болдог юм уу гэж боддог, бурханд сүсэглээд сүйд болдоггүй, зон олонтойгоо эвтэй найртай, хүндэтгэлтэй амьдарч, урд оногдсоноо бусдаас дутахгүй хийж, аливааг яаж хийвэл энэ байгаагаасаа сайжирч болох бол гэсэн нүдээр харж, ирэлхийлж явахад болохгүй юм байхгүй дээ. Үйлдвэрт ажиллаж байхдаа агуулахад гараар зөөж хураах биеийн хүчний их хөдөлмөрийг хөнгөвчилж, "транспортёр” нэртэй дамжлага хийж, хүнд зүйлийг өргөхөд хэрэглэх туузан өргөгч санаачилж бүтээн, ашиглалтад оруулж байлаа. Мөн засварын ажлыг хөнгөвчлөх техникийн жижиг хэрэгслүүдийг боловсронгуй болгох зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлүүдэд анхаарал, цаг заваа голчлон зарцуулдаг байсан даа гэх. Аливаа ажлыг эхлэхийн өмнө удаан бодож, тунгаан, эерэг, сөрөг талуудыг нь жинлүүр дээр тавьж шалган, нэг ёсондоо Долоо хэмжиж, нэг огтолдог” түүний төрөлх занг хүүхдүүд нь ч өвлөж авсан бололтой. Түүнд гадаад, дотоодын их дээд сургуулиудад суралцах боломж байнга байсан боловч, настай аав, ээж, бүр ч өндөр настай хадмуудаа харж, хандах ажлыг өөрийн үүрэг гэж үзэн, ажилдаа дуртай, түүнээ ч өөрийн санаснаар хийж чадаж байсан тул заавал суралцъя гээгүй байна.
1993 онд үйлдвэрийн 70% хувийг хувьчилж, ажилчдадаа давуу эрхтэйгээр хувьцаа өгсөн, тухайн үед газар тариалан уналтад орж, өмнө нь урван ээлжээр хорин дөрвөн цагийн турш тасралтгүй үйлдвэрлэл явуулж, жилд нэг сар л зогсон техникийн үйлчилгээ, засвар хийдэг байсан үйлдвэр дөнгөн данган нэг ээлжээр ажиллаж, ажилчдаа цомтгон, цалин тавих гэж том асуудал мэт бөөн юм болж байх үед 1997 он гарч, үйлдвэрийг бүрэн хувьчлах шийдвэр гарснаар Булган суманд "Хишиг агро” ХХК-тай газар тариалан эрхэлж байсан, ХААИС-ийн инженер-механикийн ангийг төгсөгч Болорчулуун дуудлага худалдаагаар үйлдвэрийн 30%-ийг авснаар хувийн хэвшилд шилжсэн билээ. Гэр бүлийн нь хүн агрономич, тэгээд ч тэртэй эргүй тариалалт хийж чадахгүй болж байсан газар тариалангийн компаниуд Хишиг-агро” ХХК-ийн мэдэлд шилжиж, үйлдвэр өөрөө өөрийгөө түүхий цээр хангах шинэ нөхцөл байдалд орсон доо. Тариалан эрхэлж байсан газруудын техник гэж их юм ирсэн. Тэдгээрийг тордож, босгох гээд ажилаар ер ажилгүй байж үзээгүй. Хувийн хэвшилд очиж, залуу хүний орчноо мэдэрдэг сэргэг толгойгоор үйл ажиллагаа нь аажим жигдэрч байсан гэр үед ч төрөлх үйлдвэртээ болгох, босгох, бүтээхийн төлөө чармайн ажиллаж, зах зээлийн эхний үеийн хүнд жилүүдийг даван туулахад мэдлэг, туршлагаа хуваалцан, хөдөлмөрлөж, хувь нэмрээ оруулсан гэж бодож явдаг аа. 1997 онд үйлдвэрийн нийт хувьцааны 10%-г эзэмшиж байсан боловч Болорчулууныг дэмжин, түүнд хувьцаагаа өгсөн дөө. Болорчулуун ч тухайн үеийн дээд ханшаар худалдаж авсан. Уул нь тэтгэвэрт суусан хойноо ч гэсэн үйлдвэртэйгээ холбоотой байж, ажилд нь оролцож байх сонирхолтой байсан боловч, тухайн үеийн нөхцөл байдал хувь нийлүүлсэн компани байх боломж муутай, хүмүүс хувьцаагаа зарах хүсэлтэй байсан нь нөлөөлсөн. ХК-д харъяалагдсанаас хойш үйлдвэртээ олон жил сайхан ажиллаж тэтгэврээ тогтоолгосон. Манай гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 1980 онд солин, шинэчлэл хийснээс хойш жижиг сажиг сэлгээ хааяа хийж, өнөөдрийг хүртэл хүчин чадлаар нь ажиллуулж байсан нь техникээ зөв зохистой, ном журмын нь дагуу ашиглаж, байнга анхаарч тордож байсны ач гэж санадаг. Энэ тал дээр би ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн дагуу байнга анхаарч, Болорчулуун дарга мөн мэргэжлийн үүднээс надаас илүү л гэхээс дутахгүй ханддаг нь мэдэгддэг. Хүн хийж байсан ажлаа хэн нэгэнд цаг нь болохоор шилжүүлдэг, гэхдээ сэтгэл зүрхээ шингээсэн бүхнээ яаж байгаа бол гэж харах гээд байдаг юм байна. Миний хувьд баярлаж, талархахаас өөр аргагүй, үйлдвэр маань цэцэглэж байна, энд өнгөрүүлсэн 38 жил минь үр ашигтай, зөв, сайн байсныг мэдрэх сайхан байна аа. Энэ жил үйлдвэр маань Швейцариас хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Би үйлдвэрийнхээ шинэ сэргэг, амжилт, ололт бүхэнд өөрөө оролцсон юм шиг баярладаг маань хэвээрээ л байна. Бид үйлдвэртээ будааныхаа чийг, мөөгөнцөр, хортон шавьж үздэг лабораторитой, гурилынхаа уураг, цавуулгийг үздэг байсан. Одоо хөгжлөө дагаад бусад бүх шинжилгээгээг хийдэг болох ёстой, тэгээд судалгаа, шинжилгээний баг ажиллуулж, эрдмийн ажил хийвэл зүгээр дээ. Тэгээд ч Дорнодынхоо хөрсөнд сайн ургаж байгаа улаан буудайн сортуудыг судалж, "Дорнод” гэсэн чанар, стандарттай болж, түүгээрээ хэмжүүр хийж явбал... "Даахгүй нохой булуу хураадаг” гэдэг үнэн юм шиг байна, чадлаасаа хэтэрсэн юм бодож, сэтгэж суудаг болж дээ.
Би өндөр насны тэтгэврээ тогтоолгосны дараа олон бизнесийн санаа олж, юм юм хийх гэж зүтгэж яваа хүүхдүүддээ тус нэмэр болох, хаана ч үр бүтээлтэй ажиллаж болох боломжууд байгааг харж эхэлсэн. Нэгэнт хүнсний үйлдвэрийц тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, үр бүтээлт он жилүүдээ хүнсний үйлдвэртэй холбосон юм чинь яагаад бусад салбаруудад нь ажиллаж болохгүй гэж!? Зөвхөн урдах ажлаа чанартай сайн хийх гэж
зүтгэж явсаар зах зээл яаж өөрчлөгдсөн, хүүхдүүд яаж явааг гүйцэд мэдэж, мэдэрч амжаагүй байсан байна лээ. Үйлдвэртээ олон жил удирдах ажилд зүтгэснийх хүнтэй ажиллах, ажил удирдан хийлгэх туршлага хуримтлуулж, хүнийг таних тал дээр алдах нь багасч, олон хүнтэй танилцсан маань хиамны үйлдвэр нээхэд хүндрэл бага байх нэг нөхцөл болж байв, тиймээс ч намайг диплом өвөрлөсөн жирийн л нэг техникийн дунд боловсролтой залууг бусдын итгэлийг даах чадвартай, үйлдвэрийн ерөнхий инженерийг мэдлэг, туршлагаараа хийж чадах сайн ажилтан болгон өсгөсөн үйлдвэрийн үе үеийн хамт олон минь миний хамгийн их талархаж, хайрлаж явдаг гэр бүл маань билээ.
Мах комбинат гэдэг туршлага, ажлынхаа далайцаар зүүн хэдэн аймагтаа том айл байхад хиамны үйлдвэр байгуулах гэж Улаанбаатар хотоос Оросын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авчран, чанар, стандартын шаардлагыг хангасан үйлдвэр байгуулаад чанар суларч, тоо хөөдөг нь бүр алга болж амжаагүй байсан тухайн үед эдийн засгийн ашигтай ажиллаж чадна гэж тооцон, зоригтойгоор бий болгосон манай бүтээгдэхүүн болох "Вест” нэртэй давхар утлагат хиам өнөөдөр худалдааны сүлжээнүүдээр өргөн зарагдаж, борлуулалт сайтай байна. Биднээс өмнө хиамны цех ажиллуулж, одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа бусад хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье, зоривол бүтэхгүй зүйл гэж байдаггүйг тэд үлгэрлэн харуулж чадсан. Бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах гэж үзсэн боловч, нэг зүйлийг үнэхээр хүн бүхний сэтгэлд таартал хийж чаддаг, тэр нь брэнд гэж хэлэх бүтээгдэхүүн болсны дараа ондоо жор, технологи бүхий хиам гаргах нь зөв юм гэж санал нэгтэй шийдсэн. Хиам сайн байна гэдэг түүхий эдээс ихээхэн хамаарна, ашиг орлогоо бодоод муу мах авах зэрэг өчүүхэн л өөрчлөлт ороход амт нь ондоо болчих жишээтэй. Бид сая Хятад улсаас шинэ машин оруулж авчраад байна, хятад юм хэврэг л гэдэг, үнэндээ юуг ч технологийнх нь дагуу ашиглавал хүндрэл гарах нь тун ховор байдаг, тэгээд ч манай үйлдвэрлэлийн хэмжээ ихсэхээс бүтээгдэхүүнд өөрчлөлт орохгүй. "Цэн төгөл” нөхөрлөл маань нарийн боов хийдэг цехтэй, бас дэлгүүртэй. Би хэдийгээр техникийн хүн боловч, хүнсний үйлдвэр, түүний бүтээгдэхүүнд тавьдаг шаардлага, стандартыг ихээхэн анхаардаг, гол нь хүнс гэдэг нэгдүгээрт амьдралын зайлшгүй хэрэгцээ, хоёр дугаарт тухайн ард түмний эрүүл мэндийн баталгаа тул "а-гаас я хүртлээ” номын дагуу байх ёстой, техник, технологи бүрэн бүтэн байж, энэ боломжийг хангана гэж үздэг. Том охин хөнгөн үйлдвэрийн техникум төгссөн, хивсний дизайнер, нөхөртэйгээ дэлгүүр ажиллуулдаг, юмны донжийг олохдоо тун сайн, ер нь мэргэжил бүхэн эзэмшиж чадвал хаана ч хэрэг болдгоос тэр байх, тэгээд ч ээжийнхээ, хийсэн бүхэн нь нүдэнд тусахуйц сайхан байдгийг өвлөж авсан ч биз. Гэр бүлийи маань хүн ГТҮ-т 12 жил машинистаар ажиллаж байгаад, аймгийн намын хорооны даргын туслах, намын хороо болон аймгийн захиргаанд бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж тэтгэвэртээ гарсан. Тэр маань өөрийнхөө сонирхлоор олон ч хүний тэргүүнийг гоёмсог булган малгайгаар чимэглэсэн, сүүлд СМУ-гийн байшингуудад нэг өрөө байранд оёдлын газар бага охинтойгоо ажиллаж байгаа. Оёдол гэдэг хөгшний маань хобби байсан, одоо чамгүй орлогын эх үүсвэр болж байх шив дээ. Цэндэмийн маань талийгаач дүүгийн охин манайд өссөн, "данс” нь ондоо болохоос манай л хүүхэд, тэр урлах эрдмийн сургууль төгссөн хувцасны дизайнер. Охин ээжээрээ заалган үндэсний хувцас гайгүй сайн оёдог болж байна. Юмыг хэзээ ч хийж сурчихлаа гэдэггүй, төгс зүйл гэж байхгүйтэй адил цаг хугацаа бүхэн юмыг улам төгөлдөржүүлж байдаг. Охиноо гайгүй сайн оёдолчин болж, өөрийн гэсэн нэртэй салонтой, дизайнер мэргэжлээ гарган, орчин үе-үндэсний хувцасны хэв маягийг тодорхойлолцох байх гэж итгэдэг. Одоо бид хоёрыг хүүхдүүд маань амраах гэдэг болсон, нээрээ ч амрах гэдэг сайхан боловч байнга хөдөлмөрлөж сурсан улс чинь зүгээр байж чадахгүй юм аа. Ууган хүү төмөр замын ашиглалтын албанд дарга, дараагийн хүү хуульч мэргэжилтэй, хувийн хэвшлийнхээ ажлыг тэр маань ерөнхийдөө зангидаж явна. Удаах нь "Адуунчулуун” ХК-д цахилгааны инженер, бага хүү аймгийн захиргаанд хуучнаар санхүүгийн хэлтсийн дарга юм даг уу даа. За, ингээд миний хэлэх юм ч дууслаа, үр хүүхдүүдээ харж, тэдэндээ тусалж байна гэж сэтгэлээ баясган ололт амжилтаар нь бахархаж, шүүмжлэхдээ шүүмжлэн, хааяа бас бяцхан хүндэрхэх аядаж, амьдрал сайхан байна аа, нас насанд өөрийн гэсэн жаргал байдаг юм байна хэмээн хүүрнэх Намжилцэрэн гэж ухаалаг, нас жар гарсан ч шув шулуухан алхаж, нүдний шил ч хийхгүйгээр бичиг цаас уншин, ирээдүйгээ төлөвлөж, түүнээ биелүүлж яваа сайхан хүнтэй танилцаж, ярилцах завшаан олдсонд баярласнаа илэрхийлж бичсэнээ дуусгая аа.
"Дорнодын бүтээлч эрчүүд” - номоос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих