Аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Сүхбаатар
Сүхээ хурандааг Дорнодынхон андахгүй. Цэргийн хүний буйртай,
аливаад годос годос хийхгүй ноён нуруутай, одоо цагт ховордсон хурандаа
нарыг нэг дээ. Цэргийн баярын угтуулан түүнтэй хууч хөөрөх санаа төрж,
тамгын газрын дарга Бат-өлзийд энэ санаагаа хэлтэл мань хүн өлгөж аван ”
тэгэлгүй яахав, манай хурандаа чинь жинхэнэ төрийн хар хүн байгаа юм,
ярилцлага хийнэ гэдэг чинь сайхан санаа байна” гэсэн "ташуур” сонсоод
ажлын өрөөнд гүйж орон хэсэг хөөрөлдлөө.
- Сайн уу, Сүхээ дарга?
- Сайн сайн. Ажилдаа гүйгээд л байж байна даа.
-Цэргийн баярын мэнд. Энэ баярт дуртай биз?
- Өө тэгэлгүй яахав. Олон жил армиар явсан хүн чинь баяртаа дуртай
байлгүй яахав. Жил бүр бид олон нийтийг хамарсан ажлууд зохион
байгуулдаг. Маргааш бид "Мөрдэстэй хүүхнүүд” тоглолтыг хийлээ. Цэргийн
салбарт ажиллаж байгаа авъяаслаг хүүхнүүдийнхээ урлагийн тоглолтоор
эрчүүддээ бэлэг барив. Тоглолтод Хэнтий, Сүхбаатар аймгуудын анги
нэгтгэл идэвхитэй оролцсон. Ер нь гурван сар манай гэрийн бүлийн хувьд
баярын сар гэж хэлж болно. Эхнэр гурванд, том охин 17-нд, бага охин
28-нд төрсөн.
-Цэргийн хүний гэргий байх хэцүүхэн атлаа хүндтэй үүрэг хүлээдэг гэрийн "дарга” аа танилцуулаач?
- Миний ханийг Т.Цолмонсүрэн гэдэг. Аймгийн БОЭТөвийн Халдвартын тасагт
эмчээр ажилладаг. Мэргэжил нь эмч хэдий ч намайг дагаж цэргийн хүн
болсон доо. үнийг цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, УЗХ-ны арга зүйч, аврах
отрядын эмч гэхэд олдсон ажил болгоныг хийж явсан. Цэргийн хүнд ажил
төрлийг нь ойлгодог сайн хань л хэрэгтэй. Манайх хоёр охинтой. Охидууд
минь намайг өвөө болгосон, хоёр жаахан зээтэй. Тэднийгээ эрхлүүлээд
сайхан байна аа.
-Таны унасан газар угаасан ус хаана билээ?
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн. Өвөг дээдэс Дарьгангынх
аа. Их зохиолч Д.Маам гуайн "Газар шороо” романд гардаг сойвон Тангад
гэдэг хүн чинь миний дээд удам юм шүү дээ. Тиймдээ ч би "сойвон” гэж
овог авсан. Тэр номонд гардаг "хазгар” Нидаа зэрэг дүрүүд чинь манай
хамаатнууд юм билээ.
-Тэгвэл та чинь Сүрэгчин хошууны унаган хүн юм байна ш дээ. Сайн эрсийн нутгийн хүү адуунд дуртай биз?
- Адууны захад бага нас минь өнгөрсөн. Аав минь нэгдлийн адуучин байсан
юм. Тэр үеийн адуучид мянга давсан адуу хариулна шүү дээ. Адуучны хүү
адуунд ойр байлгүй яахав. Мэдээ орсон цагаасаа л адууны захад байлаа.
Уяа морь унана, жаахан томроод эмнэг сургана. Аравдугаар анги төгстлөө
адуунаас салаагүй дээ. Оюутан болсон хойноо ч амралтаараа адуугаа л
хариулна даа. Одоо ч машин, мотоциклд сүжиггүй. Харин хоёр сайхан
морьтой бол хаа ч хүрчихнэ шүү.
-Хэдэн жил армийн тогоонд"чанагдаж” байна ?
- Энэ тогооноос 36 жил "идлээ” шүү дээ. Өргөсөн тангарагтаа үнэнч явах гэж гэж хичээж л байна.
-Яаж яваад цэргийн амьдралыг сонгов?
- Дунд сургуулиа төгсөөд 1979 онд Хуучнаар Цэргийн нэгдсэн дээд
сургуулийн Ерөнхий цэргийн командын ангийг төгссөн. Одоогийн БХИС шүү
дээ. Дөрвөн жил казармд амьдарч сонсогчоос эхэлж өдийг хүртэл явлаа даа.
- Таныг Зүүнбаянгийн ангид байсан гэж дуулсан.
- Тийм ээ. Сургуулиа төгсөөд Зүүнбаянгийн 169-р ангид гурван жил болсон.
Салаан захирагч, ротын захирагч зэрэг алба хашиж байлаа.
-Зүүнбаянгийн цэргийн хуаранг ширүүн гэж ярьцгаадаг. Цэргийн дэг хэр байв.
- Олон аавын хүү цугласан газар дэг жаяг байлгүй яахав. Айлын таван
хүүхэд хоорондоо зодолдоод байхад арван найман аймгийн залуус цугласан
газар шанаа зэргийн юм байлгүй дээ. Гэхдээ одоогийн сонин хэвлэлд гардаг
шиг бие биенээ амийг нь егүүтгэдэг тохиолдол цөөн байсан. Олон залуусын
дунд тодрох, бага зэргийн атаман зан илрэлгүй яахав. Тэр үеийн хүмүүс
чинь хүмүүжилтэй, ах захтай байсан.
-Дорнодоос атаман цэрэг байв уу?
- Миний жагсаалын дарга нар чинь "атаман” цэргүүд байлаа ш дээ. Одоо энэ
Бямбаа байна. СМУ-д хиймэл шүдний газартай. Зүүнхараагийн Болдбаатар,
махкомбинатын "Тахир Лхагвасүрэн гээд сайхан жа нар байсан. Ер нь сайн
жа-тай байхад алзахгүй дээ. Дэг журам алдагдахгүй. Үүрэг даалгаварыг
ягштал биелүүлнэ.
-Дорнодод хэзээ ирэв ээ?
- 1991 онд ирсэн. Дорнодод урьд нь ирж байгаагүй, нэг ч хүн танихгүй
нөхөр ирж байлаа шүү дээ. 25-р байшинд жил хэртэй ганцаараа амьдарсан.
Өглөө ажилдаа ирнэ, өдөр баруунтаа байх "Додь” Галсан гуайн гуанзанд
хоол иднэ. Намайг ирэхэд Дамдинсүрэн гэж хурандаа Цэргийн штабын дарга
байлаа. Тэр хүнээс их ч юм сурсан даа. Долоо найман жил удирдлага дор нь
ажилласан.
-Бүдүүн хуруу дарах найз чинь хэн бэ?
- Н.Батжаргал, Ц.Отгонбаатар гээд сайхан нөхөд минь байна аа. Ер нь
цэргийн дарга, багш хоёр бол хаа ч явсан газардахгүй байх шүү. Энд тэнд
явж байхад цэрэг, дарга явсан хүмүүс их таарна аа. Түмтэй сайхан ажил
шүү дээ. Олон аавын хөвгүүдтэй найз нөхөд болгодог сайхан мэргэжил.
-Шадар цэргүүдтэй л биз?
- Надтай ажиллаж байсан залуус сайн явж байна аа. Манай тоо бүртгэлийн
офицероор ажиллаж байсан Ганболд Зүүн бүсийн Нөөцийн даргын алба хашиж
байна. Баяндалай маань Сүхбаатар аймгийн цэргийн штабын даргаар ажиллаж
хурандаа цолтой яваа. Иргэний хамгаалалтын офицер байсан Батсуурь гээд
бүгд л албаа нэр төртэй хааж явна. Энэ хамт олны зүтгэлээр манай штаб
2008 онд улсын тэргүүний штаб 2013 онд дэд байрыг эзэлсэн амжилт
гаргасан гавъяатай. Цэргийн хүн гэдэг шагнал, зэмлэл хоёрыг ээлжилж
хүртдэг хүмүүс дээ. /инээв/ Халхын голын дайны дөрвөн их ойг тэмдэглэн
өнгөрүүлэхэд гар бие оролцлоо.
-Сүүлийн үед цэрэгт явах залуусын тоо хэр байна?
- Харьцангуй дажгүй шүү. Хуулинд цэргийн алба хаасан хүнийг төрийн албан
хаагчаар авна гэсэн заалт орсон болоод ч тэр үү, сүүлийн үед цэрэгт
явах сонирхолтой залуус олширсон. Ер нь цэргийн алба хаана гэдэг хувь
хүн болж төлөвшихөд их хэрэгтэй шүү дээ. Биеэ дааж сурна, үг даана,
аминдаа арчаатай болно, хүнтэй харьцаж сурна, захирах захирагдах ёсыг
мэднэ гээд.
-Та чинь нэлээд олон "засгийн” нүүр үзсэн байх шүү?
- Тэглээ шүү дээ. Батсүх, Дагвасүрэн, Л.Сүхбаатар, Д.Одбаяр, Ц.Жанлав,
Ц.Ганбат гээд 6 Засаг даргатай хамтарч ажиллажээ. Бидний чиг үүрэг
тодорхой болохоор таарч тохирохгүй гэх юм байх биш. Бүгдтэй нь гар нийлж
ажилласан даа.
-Цэргийн штаб юм бүхний эхэнд л явдаг шиг санагддаг. Ачаалал их биз.
- Өргөсөн тангараг хойно хойш суух эрх байхгүй. Нэг үе Онцгой байдлын
алба гэж байгуулагдаагүй үед Цэргийн штаб гамшиг осол, онцгой тохиолдолд
ажилладаг байлаа. 2001 оны шүлхийн үеэр албан өрөөндөө яг 42 хоног
хоносон тохиолдол бий. Манай тамгын газрынхан чинь тэгэхэд ажил дээрээ л
өнждөг байлаа шүү дээ. Компьютер ховор. Дээш явуулах мэдээгээ шөнөжин
бичгийн машин дээр цохиод өглөө нь явуулдаг байлаа.
-Цэргийн хүмүүсийг хатуу чанга гэж боддог. Ер нь нулимс хол биз?
- Хэт зөөлөн бол хүн захирна гэж юу байхав, би л дарга гээд хашгирч
гуугчаад зандарч загнаад явбал яаж хүндлэл олох вэ дээ. Хатуудаа хатуу,
зөөлөндөө зөөлөн байж л удирдана. Нас ахиад ирэхээр уярамтгай болдог юм
шиг байна.
-Морь уяж байна уу?
- Ажлын зав чөлөө муу байна. Гэхдээ төрийнхөө наадамд хийморио сэргээж ганц нэгэн юм сойно оо, сойно.
-Удахгүй тэтгэвэртээ гарна. Ямаршуухан өвгөн төсөөлөгдөж байна?
- Олон жил төрд ажилласан надад хурааж хуримтлуулсан юм юу байхав.
Компани байгуулаад бизнес хийгээд явж барахгүй. Тэгэхээр даага, шүдлэн
сойсон шиг л хөдөөгөө бараадах байх даа. Нөгөө Ц.Хулангийн хэлснээр
"Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэж үг байдаг биз
дээ.
-Сайхан хөөрөлдсөнд гялайлаа.
- Танд мөн баярлалаа. Дорнодынхоо нийт эрчүүдэд эр цэргийн баярын мэнд дэвшүүлье. Монгол улсын дархан хил ариун байг ээ.
Н.Мөнхсайхан /Дорнод сонин/ Фотог Б.Батцэрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих