Хөлбөмбөг тоглож эхэлсэн цагаас сургуулийнхаа шигшээ багт дуудагдах бодол төрнө. Сургуулийн шигшээ багаас улсын шигшээ багтаа тоглох хүсэл бас л салахгүй. Улсын шигшээ багт оронгуут гадаадын лигт тоглож, мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдөл өөрийн эрхгүй зовоож.
Алтанхуягийн Мөрөнгийн тасралтгүй үргэлжлэх хүсэл мөрөөдөл, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл түүнийг Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин хэмээх цолонд хөтөлсөн.
Тайландын багтай гэрээ хийж өөртөө нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байсан бол өдгөө хөлбөмбөгийн гүрэн буурал Европ тивд бууриа сэлгэж, дахин нэг хаалгыг нээсэн билээ.
Өнөөдөр өглөө Серби улсыг зорьж буй А.Мөрөндөө спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ түүнтэй амжиж ярилцсaнаа та бүхэнд хүргэж байна.
-А.Мөрөн гэж хөлбөмбөгчний хүүхэд нас хэрхэн өнгөрөв?
Манайх ам бүл тавуулаа. Эхээс ах, дүү гурвуулаа. Би айлын дунд хүүхэд. 1989 оны есдүгээр сарын 21-нд төрсөн. Хүүхэд нас минь Бага тойрогт өнгөрсөн. Байрны гадаа, сургуулийн гадна талбай гээд л хаана хөлбөмбөгийн шон байна тэнд л өнждөг байлаа. Намайг хоёрдугаар ангид байхад манайх Дамба руу нүүсэн. Дамбад очоод хөлбөмбөг бүр ч илүү тоглосон доо. Тавдугаар сургуульд орсноор хөлбөмбөгчин болох гараа эхэлсэн шүү.
Аав, ээж маань хөлбөмбөг тоглож эхлэхэд "Хөлбөмбөгөөр хоолоо олж идэх юм уу чи” гээд дургүй байсан. Миний хүсэл мөрөөдлийг дийлэхгүй болохоор сүүлдээ 100 хувь дэмждэг болсон. /инээв.сур/ Аав минь миний болон дүүгийн тоглолтыг байнга үздэг. Дүү минь "Сэлэнгэ пресс” багт тоглож байгаад эхнэр, хүүхэдтэй болж хөлбөмбөгөө орхисон.
-Тавдугаар сургууль. Хэзээнээс хөлбөмбөгчдөөрөө алдартай сургууль шүү?
-Бараг л хөлбөмбөгийн мэргэжлийн сургууль шүү дээ. Өнөөдрийг хүртэл хөлбөмбөгийн олон шилдэг баг, тоглогчдыг бэлтгэн гаргасан. Тавдугаар сургуульд сурдаг эрэгтэй хүүхэд бүр хөлбөмбөгт яах аргагүй дурладаг. Шархүү багшийг дурсахгүй бол болохгүй. Энэ хүний ачаар маш олон хүүхэд спортод дурлаж, хөлбөмбөгөөр дамжиж гайхалтай амжилтад хүрцгээсэн. "Од” клубын Баттөр багшаасаа ч их зүйл сурсан даа би.
-Өдөржингөө л шороон талбай дээр хөлбөмбөг тоглоод бужигнаж өгдөг байв уу. Одооных шиг хиймэл зүлэгтэй эсвэл зориулалтын ногоон талбай ховор байсан.
-Шороон дунд л тоостой хутгалдаад тоглодог байсан.
Д.Мөрөн хурандаа УИХ-д нэр дэвшээд сонгуулийн сурталчилгааны үеэр Дамбад зориулалтын хаалга, шугамтай хөлбөмбөгийн ногоон талбай байгуулж өгөөд.
Тухайн үед гоё зүлэгтэй ногоон талбай Улаанбаатарт бараг л байхгүй учраас улсын шигшээ баг ирж бэлтгэлээ хийдэг болсон.
Лүмбэнгарав, Даваа-Очир, Гэрэлт-Од гээд хөлбөмбөгийн шигшээгийн ах нарыг хараад л хөлбөмбөгийг шүтчихсэн.
Лүмбээ ахын тоглолт яах аргагүй намайг гайхашруулсан. "Энэ ах шиг тоглож сурах юмсан. Яг энэ ах шиг тоглогч болно” гэдэг бодол надаас салаагүй. Тэгээд л хөлбөмбөгөөр хичээллэж сургуулийнхаа аварга, "Дамбын дуулиант өдрүүд” гээд тэмцээнд оролцож эхэлсэн. Сургуулийнхаа шигшээ багт анх дуудагдаад их баярлаж билээ. Хичээл тараад л Шархүү багш дуудаж бэлтгэл хийлгэнэ. Бэлтгэлгүй байсан ч хөлбөмбөгөө заавал тоглоод л гэртээ харина шүү.
-Анхны тэмцээнээс л А.Мөрөн тодров уу. Эсвэл сэлгээнд суучихав уу?
-Гарааны бүрэлдэхүүнд тоглож байсан ч эхэндээ байнга хожигдоод зооноосоо ч гарч чадаагүй. Зөндөө гоолын зөрүүтэй хожигдоод л. /инээв.сур/ Мэдээж сүүлдээ манай баг бүх тэмцээний аварга болж үзсэн. "Дамбын дуулиант өдрүүд” тэмцээнээс 14 настайдаа анхны алтан медалиа хүртсэн. Улсын хэмжээнийх гэвэл Хүүхдийн спартакиад наадмын хүрэл медаль анхных. "Нөхөрлөл” клубуудын тэмцээнд хамгийн олон гоол хийж, шилдэг довтлогчийн шагнал хүртсэн минь бас анхных. Анхны бүх зүйл минь үнэ цэнэтэй бас урам их өгсөн дөө.
-Улсын шигшээ багт анх хэзээ дуудагдаж байв?
-2005 онд 15 настайдаа өсвөрийн шигшээд анх дуудагдсан. Шигшээ багт дуудагдан Хойд Солонгос улсад очиж довтлогчоор тоглосон. Дараа жил нь Өмнөд Солонгосын эсрэг тоглож тухайн тоглолтондоо гоол оруулсан. Хонконгийн багтай хийсэн тоглолтод гоолдоод зогсохгүй өөрийн хэмжээнд их сайн тоглосон гэж боддог. 16 насандаа Монгол Улсын Үндэсний шигшээ багт дуудагдсан. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч И.Отгонбаяр дуудахад үнэхээр их баярласан.
-Үндэсний шигшээ багт хамгийн залуудаа дуудагдаад зогсохгүй өөрийн харж биширч байсан Доноровын Лүмбэнгаравтай мөр зэрэгцэн тоглох тэр мөч хэрхэн догдлуулав. Ховорхон тохиолдох хувь тавилан шүү?
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав
-Шигшээ багт хамт тоглоод Лүмбээ ахаар бүр ч илүү бахархсан. Тоглогчийн ур чадвар, туршлага, хувь хүний зан чанар гээд маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Монголын үе, үеийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт шилдэг тоглогчид байсан. Буман-Учрал ах, Лүмбэмгарав ахыг Монголын хамгийн шилдэг лидер тоглогч гэж хүндэлж явдаг. Өнөө цагийн тоглогчдоос гэвэл Гарьдмагнай.
-2009 онд дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт Макао-Монголын хариу тоглолт Улаанбаатарт болоход та бүхэн 3:1-ээр ялалт байгуулсан. Тодруулбал багийн ахлагч Д.Лүмбэмгаравын эхлүүлсэн довтолгооны төгсгөлийг А.Мөрөн амжилттай болгож хамгийн эхний гоолыг хийсэн байх аа?
-Тийм ээ. Тоглолтын 55 дахь минутад анхны гоолыг хийсэн.
-Зүүн-Тиморын хариу тоглолтын талаар юу хэлэх вэ. Өөрийн санасан хэмжээнд тоглож чадсан уу?
-Шигшээ багтаа тоглоно гэдэг хөлбөмбөгчдийн хувьд хамгийн гоё зүйл. Миний хувьд Сербиэс ирээд долоо хоног бэлтгэл хийгээд амарсан. Шигшээ багийг Улаанбаатарт ирэхэд хоёр хоног нэгдсэн бэлтгэл хийсэн.
Шигшээ багийн хувьд залуухан байлаа. Шигшээ багт анх удаа тоглож буй тоглогч олон болохоор тэвдэж сандарсан зүйл байсан байх. Гэхдээ манай тоглогч нар чадах бүхнээ л хийсэн. Богино хугацаанд бэлтгэл хийсэн учраас миний хувьд ч ойлголцоогүй зүйл гарсан. Шигшээ багаа дэмжихээр цэнгэлдэхэд ирсэн хөлбөмбөг сонирхогч болон дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Санасан хэмжээнд тоглож чадаагүй бол уучлаарай.
-Өөрийг тань "нууц зэвсэгт” тооцож, илүү их итгэл найдвар хүлээлгэж байсан болохоор хэцүү байв уу?
-Тийм. Тоглолтын дараа сэтгэлээр унасан. Надад ямар их найдлага хүлээлгэсэн билээ гэж бодохоор. Хөгжөөн дэмжигчдийн өмнө ядаж нэг гоол хийж тэнцүүлсэн бол гэж бодогдоод л. Хамгийн гол нь Монголынхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө хожигдсондоо тамирчдын хувьд сэтгэл дундуур байсан.
Тоглолтын дараа Жийгээ багш "Та нар сэтгэл зүрхээрээ үнэхээр сайн тоглож чадлаа” гэж хэлсэн. Найз нөхөд ч бас сэтгэл санаагаар их дэмжсэн дээ.Шигшээ баг ойрын хэдэн жил олон улсын томоохон тэмцээний эрх ингээд хаагдчихаж байна. Тэгээд бодохоор олон жил тоглосон тоглогчдын хувьд үнэхээр хүнд тусна шүү дээ.
-АНУ-д суралцаад зундаа лигт ирж тоглодог байсан юм билээ. АНУ-д ямар мэргэжлээр сурч байсан бэ?
-Тавдугаар сургуулийнхаа "Сэлэнгэ Пресс” багт тоглож, "Дуулиан 2020″ тэмцээнд оролцоод 2008 онд Шилдгийн шилдэг тоглогчоор шалгарсан. Тухайн үед шилдэг тоглогчийг Америк улсад нэг жил сургуульд явуулна гэж амласан ч явуулаагүй.
-Яагаад?
-Явуулж чадахгүй л болчихсон. Нэг жил хүлээж Улаанбаатар их сургуульд суралцсан. Тэгээд гэр бүлийнхэн минь намайг дэмжээд, мөнгө төгрөг зээлээд АНУ руу явуулсан. Хэлээ сураад, хичээлдээ яваад, хажуугаар нь ажил хийдэг байсан. Зав зайгаар нь цаг гарвал найзуудтайгаа хөлбөмбөгийн талбайд тоглож, эсвэл фитнес клубт бэлтгэлээ тасралтгүй хийхээр хичээдэг байсан.
-Тэгээд Тайландын лигт шалгуулах болчихоод их сургуулиа орхисон гэсэн?
-Тийм ээ. Тайландыг зорьж байхад эрсдэлтэй алхам хийсэн болохоор айж, эмээгээд л. Гурван жил сурсан сургуулиа орхиод явах хэцүү санагдаад шийдвэр гаргахад хүнд байсан. Тухайн үед би Сан Францискод амьдарч байсан. Сургалтын төлбөр, байр хоол гээл мөнгө олохын тулд ажил хийдэг байсан болохоор бэлтгэл муутай. Зөвхөн найзуудтайгаа чөлөөт цагаараа хөлбөмбөгөө тоглодог байсан.
Тэгээд өвөл болж байсан Сан Францискогоос олон цаг нисээд шууд Тайландад очиход хөлсөөр их хэмжээний шингэн алдсан. Үүнээс шалтгаалж булчин зангирах, хөлийн шөрмөс татан эхний багт тэнцээгүй. Сургуулиа орхиод очоод эхний багтаа тэнцээгүй болохоор үнэхээр хэцүү байдалд орсон. Тэгээд дахин бэлтгэл хийж байгаад өөр багт тоглох боломжтой болсон.
-Тайландын лигийн хувьд цалин хөлс хэр байсан бэ?
-Мэргэжлийн лиг учраас цалин, бэлтгэлийн цалин, бонус гээд авдаг байсан. Лигийн төвшин болон багаасаа цалин шалтгаална л даа.
-А.Мөрөнгийн албан ёсны менежер бол Такаши Моримото. Энэ хүнтэй яаж танилцсан бэ?
-Монголын хөлбөмбөгийн лигийн тоглолтыг Такаши үздэг байсан. 2001 онд анх танилцаад би Такашид "Би гадаадад тоглох хүсэлтэй. Та миний бичлэгийг багууд руу явуулж чадах уу” гэж зөндөө асуудаг байсан. Такаши ч надад ч тусалж, маш олон багт миний бичлэгийг явуулсан. Хариу ирэхгүй байж байгаад Тайландаас ирсэн. Миний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд энэ хүн маш их тусалж байгаа учраас баярлаж явдаг.Тайландын лигийн багуудтай холбож өгч замын зардал, байр хоол гээд миний зардлыг бүрэн даасан. Европ тивийг зорих ажлыг мөн л Такаши гүйцэтгэж, багуудтай намайг холбох ажлыг хийсэн. UBS телевизийн захирал Балхаа ах, Акира сан гээд хүмүүст тусалж дэмжиж байсанд баярлалаа гэж хэлье.
-Такашитай холбоотой янз бүрийн зүйл хэвлэл мэдээллээр гарсан. Тантай холбоотой гэрээг хэрхэн хийдэг юм бэ?
-Хүмүүсийн яриад байгаа шиг тийм нарийн ширийн гэрээ бид хоёр байгуулаагүй. Надад өнөөдрийг хүртэл тусалж ирсэн хүн. Цаашид мэдээж цалинтай томоохон мөнгөн дүнтэй гэрээ хийсэн тохиолдолд 10 хувийг авах ёстой. Такашитай бид хоёр энэ асуудлаас болж цагдаад хүртэл байцаагдсан.
-Хэзээ тэр вэ?
-Сербиэс явахаас хоёр, гурван хоногийн өмнө хилээр гаргахгүй гээд цагдаа ирж байцаалт өгөөрэй гэсэн. Цагдаа дээр очиход нэг их сүртэй асуудал үүсээгүй. Надаас байцаалт аваад Такашигийн талаар асуугаад өнгөрсөн. Мэдээж янз бүрийн асуудал байхгүй учраас санаа зовоогүй л дээ. Гэрээгээ би бүрэн уншина. Такаши гэрээний талаар багтай ярилцдаг. Харин гэрээнд бол албан ёсоор би гарын үсэг зурдаг.
-Европ тивээс яагаад Сербийг сонгосон бэ?
-Хорватын багаас урилга ирсэн ч Сербид очоод хөрөнгийн баталгаа, даатгал зэрэг асуудлаас шалтгаалж виз гараагүй. Сербийн "Мачва” багтай нэг жилийн гэрээ байгуулсан. "Мачва” баг маань лигийнхээ 16 багаас 12-13 дугаар байрт яваа. Надаас гадна Нигери тоглогч авсан байгаа. Сербийн лигийн тоглолтуудад "Манчестер Сити”, Италийн Сери А лигийн багуудын скаутууд явдаг, нууцаар явж байдаг гэсэн. Тоглогч нарыг хараад явж байдаг тагнуулууд гэх үү дээ. Хэрвээ өөрийгөө бүрэн дайчлаад тоглож нээж чадвал Европ тивийн томоохон багуудад очих гарцаа нээсэн.
-А.Мөрөн найз охинтой юу?
-Найз охинтой. Анх танилцсан хугацаа гэвэл жил болж байна. Үерхээд гурван сар орчим болж байгаа. Намайг их дэмждэг.
-Ямар баг дэмжих үү?
-Барса.
-Хамгаалагч, довтлогч хоёрын аль байрлалд тоглох дуртай бол?
-Би хагас хамгаалагчийн байрлалдаа дуртай. Хагас хамгаалагч зайнаас тоглож чаддаг болохоор илүү. Довтлогчийн байрлалын тухайд хаалгачтай ойртож тоглодог болохоор зайнаас санасандаа тоглож чаддаггүй.
-Жигүүрийн хувьд?
-Зүүн жигүүрт тоглох дуртай. Миний үндсэн байрлал зүүн жигүүрийн хагас хамгаалагч.
-Серби улсыг зорих их ажлынхаа хажуугаар цаг гарган манай редакцид зочлон ярилцлага өгсөнд баярлалаа. Хүсч мөрөөдөж зорьж буй бүхэндээ хүрэхийг хүсэн ерөөе?
-Танай ажлын хамт олонд болон дэмжиж туслаж явдаг бүх хүмүүст баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бүх хүчээ дайчлах болно гэж хэлмээр байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих