Халимагууд дэлхийн хамгийн зовсон зон түмний нэг билээ.
Торгууд нар /хожим халимаг гэгдсэн/ 1607 онд шинэ газар нутгийг эзэмших
их аяндаа гарч, Эрчис мөрнийг уруудан нүүсэн. Чингэхдээ, мөн газар
нутгаа тэлж байсан Орос гүрнийхэнтэй тохиолдож, учир байдлаа мэдэлцээд,
эвийн, сайн хөршийн гэрээ байгуулсан нь 1609 он.
Оросууд Зүүнгарын хүчирхэг хаант улстай зөрчилдөхийг хүсээгүй тул,
ийнхүү эрх тэгш гэрээ байгуулж, торгууд нарын шинэ нутаг орон, эрх
ашгийн хүлээн зөвшөөрсөн юм. "Халимагууд Оросын харъяанд орсны 400
жилийн ой” гэх нь буруу юм шүү дээ. Түүхийг гуйвуулж байгаа хэрэг.
"Халимаг, оросын ард түмний найрамдлын 400 жилийн ой” гэвэл оночтой.
Зүүнгар улс Урал хүртэл нутагтай байсан бөгөөд, Уралаас Каспийн баруун
эрэг хүртэлх нутгийг Халимагийн хаант улс эзэлж, ойрд монголын энэ хоёр
ахан дүүс улс хил залгаа оршиж байв. Тиймээс 1637 онд Зүүнгар улсаас Хөх
нуурт хийсэн байлдаанд халимагийн цэрэг туслан оролцож байсан. 1640 оны
Монгол-Ойрадын цаазыг батлахад халимагийн Далай тайш тэргүүтэй
төлөөлөгч нар ирж, Монголын холбооны улсын сүбьект гэдгээ бататган,
үзэглэсэн.
Аюуш /Аюк/ хааны үед Халимаг улс хүчирхэгжлийн оргилдоо хүрсэн. I Пётр
хаан Аюуш хааны анд нөхөр байсан агаад, Халимагийг чухал холбоотноо гэж
тооцдог байв. Орос, Халимаг хоёр холбооцон, нийтийн дайсныхаа эсрэг
олоын дайн тулаан хийж байсаан. Халимагийн хүн ам тэр үед 250 мянга
байв.
Зүүнгарын хаант улсыг манж нар мөхөөж эхлэхэд, Орос халимагуудаас
урвасан юм. "Одоо л Халимагийн хаант улсыг эрхшээлдээ оруулах цаг ирлээ”
гэж үзэн, элдвээр дарамтлах болсон. Энэ үед "эх нутаг руугаа буцаж,
Зүүнгар улсаа сэргээе” гэх хөдөлгөөн Халимагт бас үүссэн. Ингээд 1771
онд халимагууд буцаж нүүхэд Ижил мөрний наад биеийнхэн нь оролцож, цаад
биеийнхэн нь үерээс болоод үлдсэн. Нүүсэн халимагуудтай хасагууд
байлдаж, бас олон бэрхшээл тохиолдож, 170 мянган хүнээс ядарч туйлдсан
70 мянга нь үлдээд, арга буюу Манжид дагаар оржээ.
Үлдсэн халимагуудыг Орос гүрэн мэдэлдээ авсан байна. Оросууд
халимагуудыг торгуулийн батальон мэтээр дайн тулаан руу тууж, ихэд
зүдрээдэг асан. 19-р зууны сүүлчээр 200 мянган халимаг хүн Европод байв.
20-р зууны Иргэний дайн, улаан террор, өлсгөлөн, хэлмэгдүүлэлт, хамтралжуулалт, халимагуудад маш хүндээр туссан.
Дэлхийн 2-р дайнд халимагууд Улаан армийн бүрэлдэхүүнд маш баатарлагаар
тулалдаж байв. Гэтэл 1942 оны зун Халимаг Германд эзлэгдэв.
Германчуудад хэрхэн хандах вэ гэсэн асуудал тулгарав. Зөвлөлтийн
харгислал, ер нь өнгөрсөн бүх Оросын дарлалд өшиж хорссон хүмүүс байв.
Тэр үед Халимагт ажиллаж байсан монголч эрдэмтэн, герман үндэстэн
Н.Поппе хэсэг халимагчуудын сонголтод нэлээд нөлөөлсөн гэдэг.
Н.Поппе улс төрөөс хол эрдэмтэн хүн боловч, Зөвлөлтийн гаж буруу
нийгмийг ухаарч таньсан, Финландын эсрэг түрэмгий дайнд нь оролцоод үзэл
нь бүр ч батажсан нэгэн байлаа. "Герман улс монгол, манж, япон нарыг
тэнгэр язгууртай, азийн ари, анд нөхдөө гэж үздэг. Монгол та бүхэнтэй
адил хас сүлдтэй нь тохиолдлын хэрэг бус. Хэдэн зууны Оросын дарлал,
Сталины яргаллаас салж, эрх чөлөөт Халимаг улсаа байгуулах цаг чинь
ирлээ!” гэж тэр ятгажээ.
Түүний зөвлөгөөний дагуу, зөвлөлтийн эсрэг үзэлтэй халимагууд Германы
доктор Долл тэргүүтэй төлөөлөгчдийг есөн цагааны бэлэг барьж угтжээ. Энэ
нь оккультизм-мистикт автан германчуудад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн
аж.
Гитлер ч "Халимагийн чөлөөт улсыг байгуулах эрхийг тэдэнд олго, онцгой
ханд, манай холбоотон халимаг цэргүүдийг СС-д ч, Оросын чөлөөлөх армид
/РОА/ ч оруулж болохгүй, тусгай арми болго” гэж тушаал буулгажээ. Гэхдээ
уг армийн командлагчаар доктор Доллыг түр тавьсан нь тэдгээр
халимагуудын дунд дээд офицер байгаагүйтэй холбоотой бололтой.
5000 цэрэгтэй Халимагийн арми вермахтын формыг өмсөж, ханцуйн дээрх
"Хальмг морьн цэрг” /ХМЦ/ гэсэн бичээсээрээ ялгарч байв. Энэ арми
Халимагийн чөлөөт улсын л аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байв.
Зөвлөлтийн партизан, тагнуул, хорлон сүйтгэгч, десантчидтай тун ч үр
дүнтэй тэмцэж байлаа. Холбоотон армийн статустай, Халимагийн чөлөөт улс ч
зөвлөлтийн үетэй зүйрлэшгүй өргөн автономитой байв. Гитлер Халимагийг
тусгаар улс гэж мэдэгдсэн ч, чөлөөт автономийн байдалтай байсан л даа.
ККК буюу "Калмукен Кавалерие Корпс”-ын цэргүүд өөрсдийгөө эх орончид, ариун үйл хэрэгтнүүд гэж баттай итгэсэн байв.
1943 онд Герман Халимагаас ухарчээ. ККК ч бас хамт ухрахад хүрсээн.
Ингээд Хальмг морьн цэрэг /ХМЦ/-ийнхэн харь нутагт тулалдаж явдаг
боллоо. Польш, Югослав зэрэгт Зөвлөлтийн армид ширүүн эсэргүүцэл
үзүүлсэн байдаг. Дэлхийн II дайны дараа ихэнх нь Европын орнуудад үлдэж,
АНУ руу цагаачилсаан.
Ямар ч ард түмнээс нь Сталиныг эсэргүүцэн, Германы талд орогсод гарсан
атал, Сталин бага ард түмнүүдээ устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аятай
шалтаг олдов хэмээн, эхний шатанд "халимаг, чечен, ингуш, карачай,
балкар, крымийн татар, герман, түрк, финланд, солонгос гэсэн 10 урвагч
ард түмэн гарлаа” гэж тунхаглан, депортаци гээчдээ хамруулж, хүйтэн
Сибирь, халуун Дундад Ази зэрэгт тарааж цацан цөлсөн юм.
Тэгэхдээ халимагчуудад онцгой хатуу ханджээ. Тиймээс халимагчууд хамгийн их үхэж үрэгдсэн байдаг.
1943.12.28-нд халимагуудыг малаас дор нөхцөлд, таваарын вагонд чихээд Сибирийн 6 хэсэг рүү цөлсөн.
Тэр үед Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг хүсэж, "ингэх нь хүн
хүчээр дутмаг Монгол улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл
ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно”
гэж ятган, Сталиныг том эргэлзээнд оруулж байсан гэдэг. Ер нь
Чойбалсангаас ганц авах юм гэвэл панмонголизм байв.
Сталин "Панмонголизм сэргэж магад” гээд халимагуудыг дандаа монгол биш
бүс нутагт цөлж, Монголд харин власовчуудыг илгээхээ амласан юм. Гэвч
халимагууд монгол бүс нутгуудад зарим газар ойр байсан бөгөөд, Монгол
улсаас тусламж хүргэхээр очигсод, буриадын явуул хүмүүс зэрэгтэй уйлан
хайлан уулздаг, тус дэм ч авдаг байжээ.
1957 он хүртэл халимагийн тухай юуг ч, нэрийг нь ч дурсахыг Зөвлөлт
даяар хориглосон, халимагуудад эх хэлээрээ ярих, соёл уламжлалаа
дагахыг нь цаазалчихсан, тэдний бүх эрхийг нь хасчихсан, төлөвлөгөөний
дагуу сөнөөж байлаа.
Ж.Бурхинов гэдэг "Ард түмнүүдийг чөлөөлөгч” агуу халимаг хүн
депортацийн үнэнийг дэлхий дахинд ойлгуулж, НҮБ удаа дараалан
шаардсанаар, цөлөгдсөн ард түмнүүдийн дийлэнх нь өршөөгдөж, буцах эрхтэй
болсон юм /крымийн татар, месхетийн түрк, ижилийн герман зэрэг ард
түмнүүд 1980-аад оны эцсээр л цөллөгнөөс суллагдсан/.
Өдгөө Хальмг Тангч улс ОХУ-ын эрх тэгш, дээд сүбъект, бие даасан улс
гэж явдаг. К.Илюмжинов гэдэг сод удирдагч нь нефтийн асар их нөөцтэй
улсаа Дубай болгох, дэлхийн бүх Халимагийг улсдаа цуглуулж жаргаах,
Далай ламыг авчирч Шамбалын орныг байгуулах зэрэг их зорилготойгоор
ажиллаж байна. Бүрэн тусгаар тогтнолын үзэл санаа ч газар авч буй.
Өнөөдөр Оросын халимагууд 200 гаруй мянга бөгөөд, 20-р зууны гамшгууд байгаагүй бол 800 мянгад хүрэх байсан гэдэг.
Ч.Мөнхбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих