Хятадын Бээжин хотын эрх баригчид хот дахь хамгийн сүүлчийн томоохон нүүрсний цахилгаан станцыг 2016 онд хаахаар боллоо хэмээн Bloomberg агентлаг уламжлав. Саяхан болтол нийслэл хотод нүүрсний дөрвөн цахилгаан станц ажиллаж байсан юм. 2014 онд нэгийг нь хаасан бол, өнгөрсөн долоо хоногт хоёрыг нь хаажээ. Тэдгээрийн оронд байгалийн хийн дөрвөн цахилгаан станц ажиллаж 2.6 дахин их эрчим хүч нийлүүлж байна. Бээжингийн эрх баригчид 2017 гэхэд нүүрсний хэрэглээг 2012 онтой харьцуулахад 13 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Ийнхүү нийслэл хотыг нөмөрсөн өтгөн утааны асуудлыг хэсэгчлэн шийднэ хэмээн найдаж байгаа аж.
Нүүрсхүчлийн давхар ислийн хаягдлыг багасгах үндэсний кампанит ажлын хүрээнд Бээжин дэх нүүрсний цахилгаан станцуудыг хааж байгаа ажээ. 2015 оны эцэс гэхэд Хятад даяар хоёр мянга орчим нүүрсний уурхайг хаахаар төлөвлөж байна. Хятадын удирдлага үүнээс үүсэх эрчим хүчний хомсдолыг усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүч, мөн цөмийн эрчим хүчийг хөгжүүлж нөхнө хэмээн тооцоолж байгаа аж. 2014 онд сүүлийн арван жилд улс оронд анх удаа нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ буурсан (хоёр хувиар) үзүүлэлт ажиглагджээ. Гэсэн хэдий ч Хятадын том хотуудын оршин суугчид уушиг, амьсгалын замын өвчин үүсгэдэг утаанд шаналсан хэвээр байгаа юм.
2013 оны нэгдүгээр сард Бээжин хотын утаа рекорд түвшиндээ хүрчээ. Тухайн үед нийслэл хотын зам харгуй, байшин барилга утаанд "живж” харагдах орчин бараг байхгүй болж, ард иргэд амны хаалттай явахаас өөр аргагүй болж байв. Сүүлийн хэдэн жилд Бээжингийн агаарын бохирдол хэрээс хэтэрсний улмаас гадаадын мэргэжилтнүүд тэндээс "дүрвэх” болжээ. Бээжингийн Harrow School International сургуульд дөрвөн жил ажилласан Ханна Сандерс нөхөр Бений хамтаар Их Британи руугаа буцжээ. "Бид зургаан жилийн гэрээтэй ирсэн. Гэвч агаарын бохирдол ийм боломж олгосонгүй. Жаахан хүүхдүүд маань гадаа тоглоход баталгаагүй болж байна. Гэр бүлээрээ Бээжинд амьдрах боломжгүй боллоо” хэмээн Ханна өгүүлж байна. Хэдийгээр Хятадын Засгийн газрын албаны хүмүүс батлахгүй байгаа ч үйлдвэр компани, элчин сайдын яам, сургууль, хүний нөөцийн зөвлөхийн эх сурвалжууд үүнийг баталж байгаа юм. Хятад улс олон улсын үйлдвэр, компаниудын хувьд улам чухал болсоор байгаа ч Бээжин хот гадаадын авъяаслаг мэргэжилтнүүдээ тун хурдан алдсаар байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих