-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт дипломатч, зохиолч, эрдэмтэн, анхны гавьяат багш Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна-
Шинжлэх ухааны академийн академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж байна.
Монголын үе үеийн хүүхэд багачуудад "Хоньчин Найдан”, "Болд Самбуу хоёр” тууж, "Сурагч Ганбат”, "Салхин зээрд” өгүүллэг, "Булшин дээр” найраглалаараа танил болсон энэ эрхэм бичгийн хүмүүн шинжлэх ухаан, боловсролын салбарт бүхий л амьдралаа зориулсан алдартай эрдэмтэн, гавьяат багш хүн төдийгүй Монгол Улсаа НҮБ-д элсүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, БНХАУ-д Элчин сайдаар ажиллан төрийн алтан аргамжийг атгалцаж явсан нэрт дипломатч байсан юм. Мөн АИХ-ын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, Дээд, тусгай боловсролын улсын хорооны дарга, Соёлын яамны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашсан төрийн зүтгэлтэн байв.
Өнөөдөр болж буй "Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал дээр тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүдэд нэрт эрдэмтний олон талт ажил үйлс, бүтээл туурвилыг тоймлон, шинэ содон мэдээ баримтуудыг тусгажээ.
Тухайлбал, Д.Цэвэгмид гуай сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хоёр шуудай төмс ялзруулснаас болж сар гаруй хугацаанд шоронд суусан тухай, МАХН-ын Төв хорооны гишүүдэд дарвинизмын онолын хичээл заадаг байсан тул уг хэрэг нь цагаадаж гарсан, Монгол Улсын төрийн дууллыг зохиох үүргийг академич Ц.Дамдинсүрэнгийн хамт авч, "Дархан манай хувьсгалт улс…” гэж эхэлдэг эхний бадгийг нь зохиосон ч Төрийн дуулал батлагдахад нэр нь оролгүй үлдсэн талаар тэрээр өөрөө ярьж байсан зэрэг дурсамжийг академич Ж.Болдбаатар илтгэлдээ дурдсан.
Монголын биологийн шинжлэх ухааны үндсэн суурийг тавилцан, Монгол орны хөхтөн амьтдын судалгааг анхлан хийж, энэ салбарын анхны эрдэмтэн болсон тухай нь ярих юм бол урт түүх болно.
Түүнчлэн Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө 1947-1957 он хооронд найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч тухайн үеийн Дундад иргэн улсын хориг саадаас болж бүтэлгүйтэж байсан үед Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Д.Цэвэгмидийг НҮБ-д Монгол Улсыг элсүүлэх Засгийн газрын комиссыг ахлуулан илгээсэн нь энэ их хүний эрдэм оюун, эевэрүү зөөлөн зан, ухаалаг хүлээцтэй чанарыг нь харгалзсан хэрэг байжээ. Ингээд тэрээр Монгол Улсаа НҮБ-д элсүүлэх өргөдлийг ес дэх удаагаа өргөн барьж, тав дахь удаагийн хэлэлцүүлгийг өрнүүлж, тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан улс орнуудаар зөвшөөрүүлж чадсан билээ. Тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 11 улсаас 9 нь Монголыг элсүүлэхийг дэмжиж, АНУ түдгэлзэж, Дундад улсын төлөөлөгч санал өгөхөөс татгалзан хуралдааныг орхисон байдаг. Ингэж БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэн 1961 оны аравдугаар сарын 27-нд болсон Ерөнхий ассамблейн 16 дугаар чуулган дээр Монголын төлөөлөгчдийн тэргүүн Д.Цэвэгмид үг хэлсэн юм. Ийнхүү бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсаа төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс монгол хэлээр анх мэндчилсэн тэр эрхэм хүн "НҮБ-ын хурлын танхим бөмбөгөр дугуй хэлбэртэй нь монгол гэрийг санагдуулж байлаа” хэмээн дурссан байдаг ажээ.
Өөрөө ийнхүү олон салбарт хүчин зүтгэж, дуурьсах алдар, дурсагдах бүтээл туурвил үлдээсний зэрэгцээ Д.Цэвэгмид гуай бүхий л чиглэлээр залуу халаагаа бэлтгэж байжээ. Тухайлбал өөрөө МУИС-ийн ректороор хоёр удаа томилогдон ажилласны зэрэгцээ олон арван академич, эрдэмтэн мэргэдийг төрүүлжээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх, Намын дээд сургуулийн захирал С.Миеэгомбо, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимид, Боловсролын яамны сайд Ц.Санжаасүрэн гээд Д.Цэвэгмид гуайн бэлтгэсэн төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд олон.
Утга зохиолын салбарт л гэхэд түүний удирдаж байсан дугуйлангаас хожмын нэрт эрдэмтэн, зохиолч Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Дашдэндэв нар төрөн гарчээ. Биологийн ухааны салбарт л гэхэд түүний шавь нараас нэрт эрдэмтэн, академич Шагдарсүрэн тэргүүтэй эрдэмтэн мэргэд төрөн гарсан бөгөөд Шагдарсүрэн академич хожим нь МУИС-ийн ректороор ажиллаж байв.
Ийнхүү Дондогийн Цэвэгмид хэмээх энэ эрхэм хүний тухай дурсамж хүүрнэх хүн олон. Нутгаас нь төрөн гарсан их эрдэмтэн, төр нийгмийн нэрт зүтгэлтнийхээ 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Дорнод аймаг болон төрсөн нутаг Баяндун сумынх нь удирдлагууд, мөн ах дүү, хамаатан садан нь хүрэлцэн иржээ. Д.Цэвэгмид гуайн удирдаж байсан МУИС-ийн нэгдүгээр байрны хананд өнөөдөр дурсгалын самбар байрлуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат багш хэмээх хүндтэй алдрыг анх хүртсэн энэ эрхэм хүмүүний хөшөөг Багшийн сургуулийн үүдэнд босгох санаачилгыг "Д.Цэвэгмид” сангийнхан гаргаад байгаа гэнэ.
Г.Сонинбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих