Шийдлийн Засгийн газар экспорт, импорт хоёрын статистик тоон үзүүлэлтээс шалтгаалан бие даасан Аж үйлдвэрийн яам байгуулах болсон гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээллээ. Учир нь Монгол Улс бараг бүх хэрэглээгээ гадаадаас импортолдог аж. Тухайлбал бензин шатахуун нийт импортын 28 хувийг, автомашин түүний сэлбэг хэрэгсэл 30, төмөр хийц эдлэл 10 хувийг эзэлж байна. Дээр нь нефть химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэл, хүнсний бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ ч гаднаас зөөдөг. Мал аж ахуйн орон гэх мөртлөө жилд 50 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн авдаг гэнэ.
Үүнээс гадна ургамлын тос, хүнсний ногоо, цагаан будаа, элсэн чихэр, дэвтэр харандаа гээд ер нь бүгдийг гаднаас валютаар оруулж ирж байгаа. Харин экспортод зөвхөн уул уурхайн түүхий эд гаргадаг гэвэл алдаа болохгүй. Ийм байгаа тохиолдолд валютын ханшийг бууруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж ярилтгүй. Тиймээс үйлдвэрлэлийн нэгдсэн бодлоготой болох ёстой гэж үзжээ.
Байгуулагдаад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байгаа Аж үйлдвэрийн яам дээрх тоон үзүүлэлтийг эсрэгээр нь өөрчлөх зорилготой. Автомашинаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй юм гэхэд нефть боловсруулах, төмөр болон хуванцар эдлэлээ 100 хувь өөрсдөө хийдэг болчиход импортын барааны талаас илүү хувийг орлох боломжтой. Тиймээс Дорноговь аймгийн Сайншанд, Дорнод аймгийн Тамсагийн сав газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Одоо энэ хоёр байрлалд дээрх үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг боловсруулж байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж эхлэх юм байна. Төлөвлөсөн ёсоор явбал 2020 он гэхэд Монгол Улс бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь. "Худлаа ярьж байгаа юм биш.
Тэр үед ам.долларын ханш 1000 төгрөгөөс буурна" гэж сайд Д.Эрдэнэбат өчигдөр болсон "Сайдын цаг" уулзалтын үеэр хэллээ.
Хүнд,
хөнгөн, жижиг дунд үйлдвэр, чөлөөт бүс, концессын бодлого тус яаманд
харьяалагддаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийг
УИХ-аар батлуулжээ. Одоо чөлөөт бүс үндсэн утгаараа хөгжинө гэж салбарын
сайд нь амласан. Цаашдаа хаана ямар чиглэлээр хэдэн үйлдвэр байгуулахыг
тодорхой заасан аж үйлдвэрийн зураглал удахгүй бэлэн болно.
Түүнчлэн Багануур дүүрэгт цахилгаан станц, хог боловсруулах үйлдвэрийг концессын гэрээгээр бариулах юм байна. Түүнчлэн томоохон эмнэлэг бүрт биш нэгдсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлдэг цогцос хадгалах газар барих зэрэг 17 төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх юм байна. Мөн баруун аймгуудыг бүхэлд нь хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлж 2016 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдоно. Өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай Монгол орны нөхцөлд ард иргэдийг зам нэгтгэж нийлүүлдэг. Тиймээс замыг мөнгөөр хэмжих аргагүй ойлголт. Зам барихад их мөнгө зарцууллаа гэх нь буруу гэсэн юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
-Импортын барааг багасгахын тулд гаалийн тарифын ямар бодлого барих вэ?
-Үйлдвэрлэлийг
дэмжих тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Мөн
дагалдах хуулиудад Импортын гаалийн татварын тухай хууль орж ирнэ. Үүнд
дотооддоо үйлдвэрлэж чаддаг барааныхаа татварт өөрчлөлт оруулна. Зарим
хүн татвар нэмэх нь буруу гэж үзэж их маргаан дагуулж байгаа. Гэхдээ яг
өнөөдрийн нөхцөлд ийм арга хэмжээ авах нь зөв. Нийт найман төрлийн 300
гаруй нэрийн барааны импортын татварыг өөрчилнө. Гэхдээ энэ нь эцсийн
шийд биш, эцсийн шийдийг УИХ гаргана. Татвар нэмэгдэх нь худалдаанд
сөрөг нөлөөтэй мэт харагдавч үйлдвэрлэгч, хэрэглэгчид ашигтай тусна.
-888 төсөл цааш үргэлжлэхгүй гэж ойлгож болох уу?
-888
ч байна уу ямар нэгэн нэр өгч зүтгэх би дургүй. Ер нь цаашдаа Монгол
Улсын үйлдвэрлэлийн бодлогод нийцсэн, үүнд чиглэсэн төслийг дэмжихэд Аж
үйлдвэрийн яам бэлэн. Одоогийн байдлаар өмнө нь ирсэн 3000 гаруй төсөл
байна. Бид үүнд шалгуур үзүүлэлт гаргаад шүүж байна. Шаардлагад нийцсэн
төслийг авна. Мөн зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй төсөл
бий. Тиймээс ирэх сараас сонгон шалгаруулалт зарлана.
-Нефть
боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Гэтэл 2016 оны
сонгуулиар үүнийг зогсоох магадлалтай. Тэгэхээр хэдий хэрийн урт
настай бодлого вэ?
-Нефтийн үйлдвэр байгуулна ,үгүй гэж олон
жил эргэлзлээ. Өөрийнхөө нефтийг боловсруулж чадахгүй улс байж болох
уу. Бид 2020 он гэхэд дуусгах зорилт тавьж байгаа. Тавих ч ёстой. 2020
онд ямар Засгийн газар байх нь чухал биш, 2020 онд Монгол Улс өөрийн
шатахуунтай байх нь чухал. Нэгэнт Аж үйлдвэрийн яам байгуулагдсан учраас
суурийг тавих л ёстой. Манайд түүхий нефть хангалттай, үйлдвэр барьсан
байхад түүхий эдийн гачигдал гарахгүй.
-Нефть боловсруулах үйлдвэр барихад хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай вэ?
-Өнөөдөр
зөвхөн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах зөвшөөрөл
л гаргасан байгаа. ТЭЗҮ бэлэн болсны дараа шууд урьдчилсан шалгаруулалт
явуулж хөрөнгө оруулагчийг шалгаруулна. Хөрөнгө оруулагч санхүүгээ
өөрөө даана. Төр оролцох уу үгүй юү гэдгийг өнөөдөр ярих асуудал биш.
-Долларын ханш өндөр байхад үйлдвэржилтээ сэргээх бодлого барьдаг туршлага байгаа. Манайх ашиглаж чадах уу?
-Доллар
өндөр ханштай байгаа үед үйлдвэрлэлээ дэмжих нь зөв. Нефтийн үнэ
буурсан мөчид үйлдвэр барих асуудлаа ярьж эхлэх нь ч зөв.
-УИХ-ын
дарга, Ерөнхий сайд нарын гадаадад айлчлах үеэр Монголд хөрөнгө оруулах
сонирхол байна гэсэн. Аль салбарт нь их байна вэ?
-Уул
уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт гадаадын хөрөнгө оруулалтыг
бууруулсан. Харин одоо аж үйлдвэрийн салбар, бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах сонирхол ихэсч байна. Би өдөр алгасахгүй
Элчин сайд, компани, банкны төлөөлөл гээд гаднынхантай уулзаж байна.
Манайд үйлдвэржилт дөнгөж эхэлж байгаа цэгцтэй бодлого байхгүй нь
хүндрэл үүсгэж байгаа. Гэхдээ энэ нь байдаг л зүйл. Харин бид тэдгээр
хүмүүстэй холбоо тогтоохоор ажиллаж байна. Дөрөвдүгээр сард манай яамны
Төрийн нарийн бичгийн даргаЯпон явахгэжбайна. Японы парламент гэрээгээ
соёрхоогүй ч Японтой харилцах хүсэлтэй дотоодын компаниудтайгаа одооноос
ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга маань эдгээр компанийн
багцыг аваад монголыг сонирхож байгаа Японы хөрөнгө оруулагч нартай
уулзана. Японы парламент энэ зун, намраас гэрээг соёрхон батлах байх.
Тиймээс урьдчилан бэлтгэл ажлыг үр дүнтэй болгохоор ажиллаж байгаа гэсэн
үг. Гэрээ батлагдмагц хоёр улсын хамтарсан томоохон бизнесийн форум
хийхээр төлөвлөж байгаа. Тэр үед шууд гэрээгээ хийгээд эхэлнэ.
-Чөлөөт бүс байгуулаад бид хөгжүүлж чадсангүй. Хуультай болоод дээрдэх үү?
-Чөлөөт
бүсийн тухай хууль хөрөнгө оруулагчийн сонирхлыг их татаж байгаа.
Чөлөөт бүсийн өмнөх гунигтай түүх давтагдахгүй хөгжинө гэдэгт
эргэлзэхгүй байгаа. Одоо шинэ бүтцээр ажиллана. Өнөөдрийн суурь дээрээ
дахин төлөвлөж хөрөнгө оруулагчийн уулзалтыг зургадугаар сард хийнэ. Яаж
ямар бодлогоор явах вэ гэдгийг шийднэ.
-Дотооддоо үйлдвэрлэсэн барааг төр худалдаж авах бодлого хэзээ хэрэгжих вэ?
-Тендерийн
хуульд өөрчлөлт оруулж дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа бүтээгдэхүүн
байхад төсвийн мөнгөөр гадаадын бараа бүтээгдэхүүн авахыг хориглосон
заалт орж байгаа. Энэ нь хамгийн шударга зохицуулалт болно. Үүгээр бүх
юм зохицуулагдана.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих