-Дахиад л хүний хүчин зүйлийн улмаас осол болов уу?
-Нисгэгчийг зорчигчдын үхэлд буруутгасан прокурорын мэдэгдэл нь ICAO (International Civil Aviation Organization-Олон улсын иргэний нисэхийн байгууллага)-ийн нисэхийн осол, эндэгдлийг судлан шалгах тухай шаардлага, стандартад харшилж байгааг хэлэх хэрэгтэй. Францад энэ ажлыг зохих товчоо нь хариуцаж байгаа, тэд одоогоор ганц ч мэдэгдэл хийгээгүй байна. ICAO-ийн дүрмээр, прокурорын ярьсан шиг зүйлийг хэд дахин баталж нотолж байж бусад баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ярих ёстой.
-Прокурорт ийм мэдэгдэл хийх хангалттай нотолгоо байгаа юм биш үү?
-Марселийн прокурорын үг одоо мэргэжлийн төвшинд ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Иймэрхүү мөрдөн шалгалт дээр жинхэнэ үнэн тийм амар тодордоггүй. Прокурорын мэдэгдэл ICAO-ийн стандартыг зөрчсөн. Түүний мэдэгдэл эцсийн үнэн биш гэдэг нь ойлгомжтой.
-Андреас Любиц гутарч, хямардаг байсан нь түүнийг буруутгах нэг шалтаг болж байна уу?
-Энэ тохиолдолд хоёрдугаар нисгэгчийг буруутгах нь бүгдэд ашигтай байна л даа. Бүгд буруутай хүнийг олоод олон нийтэд зарласнаар хүмүүсийг бага зэрэг тайвшруулж болох л юм. Гэвч нисэхийн осол сүйрэлд ганцхан шалтгаан гэж байдаггүй. Үргэлж бие биенээсээ хамаатай гинжин шалтгаанууд байдаг. Сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан хүнийг нисгэгчийн ажилд аваад, бүр зорчигч тээвэрлүүлж байна гэдэг... Germanwings авиакомпани эрүүл мэндийн шалгалтыг маш нухацтай авдаг гэж ярьж байна. Тэгэхээр нэг хүн биш, системээрээ буруутай гэж бодож байна. Боловсон хүчнээ сонгож, шалгаруулах систем буруутай. Үүнд эмнэлгийн үзлэг шинжилгээ ч багтана.
-Тэгээд энэ гинжний эцэст хоёрдугаар нисгэгч байна шүү дээ. Хүний хүчин зүйлтэй яаж тэмцэх вэ?
-Магадгүй нисгэгчийн бүхээгт заавал хоёр хүн байлгах дүрэм журам нь хамгийн ухаалаг гарц байж болох юм. Нисгэгч шиг мэргэжлийн ур чадвартай экипажийн гурав дахь гишүүн байх шаардлагатай юу гэж их ярьж байна. Онгоцны үйлчлэгчдийн нэг нь бүхээгнээс ямар нэг шалтгаанаар гарч явсан нисгэгчийг "орлон” сууж байхад хангалттай л даа. Ийм байсан бол энэ ослоос сэргийлж болох байсан. Мэдээж нисгэгчийг "түр орлох” онгоцны үйлчлэгч нь тусгай заавар, бэлтгэлтэй байх ёстой. Онцгой, стандарт бус нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөдлөх зэргийг сурсан байх ёстой.
-Ямар нэг техникийн арга хэрэгсэл байж болох уу?
-Тэгж бодохгүй байна. Нисгэгчийн бүхээгт видео бичлэгийн систем нэвтрүүлэх санаа гарч байсан. Энэ нь ослын дараах мөрдөн шалгалтад тус болох ч иймэрхүү ослоос сэргийлж чадахгүй.
-"Бүхээгт хоёр хүн” дүрэм АНУ-д аль хэдийнэ үйлчилж байна..?
-Америкууд яагаад ийм журам нэвтрүүлсэн бэ. Яагаад гэвэл, зорчигчдынхоо хамтаар онгоцоо сүйрүүлсэн нисгэгчийн тохиолдол иргэний нисэхийн түүхэнд байдаг, тав зургаан тохиолдол байдаг. Саяхных гэвэл, 2013 онд Мозамбикийн авиакомпанийн онгоц ингэж сүйрсэн. АНУ-д ийм эрсдэлийг бууруулахын тулд бүхээгт үргэлж хоёр хүн байлгах амаргүй журмыг хэрэгжүүлж эхэлсэн. ICAO ч мөдхөн ийм стандартыг нэвтрүүлэх биз.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих