Нийгмийг айдас хүйдэст автуулах олон гэмт хэргийн дунд хүйтэн мэсээр нэгнээ хөнөөх гэмт хэрэг маш олон гарах болжээ. Өөрийгөө болон өрөөлийг хутгалж, хоолойг нь хэрчиж хөнөөсөн байна гэх мэдээлэл ч нийгэмд цочрол өгөхөө больж байх шиг. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн ахуйн хүрээнд, ар гэрийн асуудал, эр эмийн маргаан, хэрүүлээс үүдэлтэй үйлдэгдэж байгааг бидэнд дуулгасан юм.
-ТАЛИЙГААЧИЙН НАЙЗ БҮСГҮЙН БИЕ ТААРУУ БАЙНА-
Төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг Төв аймгийн Зуунмод суманд гарчээ. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 00:45 цаг орчимд Төв аймгийн Зуунмод сумын нутаг, тавдугаар хорооны Шинэ хороололд оршин суух 26 настай Т гэртээ хоолойн тус газраа хутгалуулж амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан байна. Мөн түүнтэй хамт байсан найз бүсгүй болох Э нь хоолойн тус газраа болон хэд хэдэн газар хүйтэн мэсний шархтайгаар аймгийнхаа эмнэлэгт хүргэгджээ. Биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд "шок”-нд орсон байдалтай, ярьж чадахгүй, хэлэх гэснээ бичгээр ойлгуулж байгаа талаар ойрын эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Тэрээр ухаан орсныхоо дараа гэмт хэрэгтний нэрийг цаасан дээр бичиж харуулсан гэх мэдээлэл ч байна. Одоо тэрээр Улаанбаатар хотод, Гэмтлийн эмнэлэгт хэвлэн эмчлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Т-ийн гар утаснаас найз руу нь "Түргэн дуудаж туслаач, болохоо байлаа” гэсэн мессэж шөнө унтах гэж байхад нь ирсэн аж. Улмаар найзууд нь гэрт нь очиход талийгаач Т аль хэдийнэ амьсгал хураасан байсан бол найз бүсгүй Э нь ухаангүй хэвтэж байжээ. Иймд яаралтай түргэн тусламж дуудаж, бүсгүйг эмнэлэгт хүргэсэн байна.
-Э ГЭХ БҮСГҮЙ ЭНЭ ХЭРГИЙН "БУРУУТАН” БОЛОЛТОЙ-
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, эл хэргийг талийгаачийн төрсөн ах 29 настай Б гэгч үйлджээ. Тэрээр дүүгийнхээ найз бүсгүй Э-ээс болж энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй аж. Дээрх хэрэг яагаад үйлдэгдэх болсны учрыг тодруулбал, талийгаач Т нь төрсөн ах Б-ийн уулздаг, бүр сар гаруйн хугацаанд хамтран амьдарч байсан Э гэх бүсгүйтэй уулзах болсноос үүдэлтэй гэх. Хуучин найз бүсгүй Э-гээ дүүтэйгээ уулзаж байгааг мэдсэн Б "Та хоёр ингэж болохгүй, сал” гэж дүүдээ олон удаа сануулдаг байсан аж. Улмаар талийгаач Т ч ахынхаа үгэнд орж, энэхүү харьцаагаа дуусгахаар шийдээд байгаа тухайгаа найзууддаа хэлж байсан байна. Гэсэн хэдий ч тэдний харьцаа улам гүнзгийрч асуудал хурцдах болсон нь эцэстээ алтан амиа алдахад хүргэсэн бололтой. Уг нь Э Улаанбаатарт амьдардаг ч ойр ойрхон Төв аймаг орж талийгаач Т-тэй уулздаг байжээ. Хэрэг болдог өдөр ч гэсэн тэрбээр хотоос дөнгөж очоод байсан юм байна.
-ӨӨРӨӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ-
Хэрэгтэн этгээд Б нь энэхүү хэргийг үйлдчихээд өөрөө цагдаагийн газарт очиж хэргээ хүлээсэн гэх бөгөөд түүнд Төв аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод буй юм байна. Хуулийн дагуу онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд ийнхүү цагдаагийн байгууллагад очиж хэргээ хүлээх нь Эрүүгийн хуульд хөнгөрүүлэх нөхцөл байдал хангасан гэж үздэг байна. Гэхдээ ялаас хэдэн жилийг хөнгөрүүлэхийг шүүхээс тогтоох юм байна.
Өмнө нь мөн л ийм төрлийн гэмт хэрэг гарч байсан. Тодруулбал 2014 оны 4-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч эхнэрээ хардаж, өс санан хүзүүнд нь хайчаар дүрж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ дараа мөн л цагдаагийн газарт өөрөө очиж хэргээ хүлээсэн байдаг. Хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-ээр үүссэн бөгөөд түүнд гурван шатны шүүхээс 23 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хориход эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
medee.mn
Б.ЦЭЛМЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
Судалгааны ажилтанг хөнөөсөн этгээд аавыгаа "ална" хэмээн сүрдүүлдэг байж ...
-
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн ял оноолоо
-
Гуравдугаар эмнэлгийн сувилагчийн аминд хүрэхийг завджээ
-
Цагдаагийн хошууч эхнэрээ зодож, хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарлаа!
-
Эхнэрийнхээ хүзүүг хайчаар зүсч амь насыг нь хөнөөжээ
Сэтгэгдэл бичих