Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очиртой ярилцлаа.
-Монголын дууны урлагт 20 жил хөдөлмөрлөхдөө бичсэн бүтээлүүдээ нэгтгэн дууны шүлгийн боть гаргажээ. Энэ номныхоо талаар ярина уу?
-Хүн өнгөрүүлсэн цаг хугацаагаа, туурвисан бүтээлээ эргээд нэг харах хэрэгтэй болов уу, гэж боддог. Цаас цоохорлож шүлэг бичихдээ юу үлдээв, шүлэг найргаа орхих хэрэгтэй юу. Эсвэл утга зохиолоор амьдрах зам зөв байж гэдгийг энэ номыг бүтээхээсээ өмнө удаан бодлоо. Өөрийгөө ийнхүү нэгжиж үзсэний эцэст дууны бүх шүлгээ эмхэтгээд ботилохоор шийдсэн. Намайг сонсдог, уншдаг хүмүүсээс, номын дэлгүүрүүдээс, уншигчаас санал ирсэн. Хүмүүс"Ном гаргаад ашигтай юу” гэж асуудаг. Ном бол ширхэгийн тамхи биш. Ном энгийн нэг ноолууран цамц биш. Ашиг харсан бол бизнес хийгээд явах байв. Миний туурвисан номнууд өнөө маргаашийн мөнгөний төлөө бус, өөрийгөө мэдэрч ирээдүйд үлдэхийн төлөө юм. Дууны урлаг агуу. Монголын эстрад, рок-поп хөгжим "Соёл-Эрдэнэ”, "Баян Монгол” хамтлагийн үед анх хүчтэй давалгаалж гарч ирээд хэсэг уналтад орсон. Ардчилалтай зэрэгцээд залуус өрнөдийн хөгжмийг сонсдог болсон. Тэр үед олон сайхан уран бүтээлчтэй уулзаж, жаргал зовлонг нь хуваалцаж явсан. Энэ дурсамжаа цаг хугацаанд түүх болгон үлдээж байна. "Чингис хаан” хамлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ах "Монголын рок попын түүх” нэртэй ном бичиж байгаа. Би тэр номд нь нэмэр болохыг хүсч байна. Ер нь ботилоно гэдэг бол дэвтэрлэнэ гэсний хүндэтгэлийн нэр л дээ.
-Дууны шүлгээр дагнан ном гаргасан яруу найрагч олон бий юү?
-Байдаг. Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа, манай нутгийн уран бүтээлч Г.Дарамзагд гуайн гаргасан дууны шүлгийн ном бий. Би эдгээр бүтээлээс арай өөрөөр ном гаргахаар хичээлээ. Дуу бүрийн бүтсэн түүхийг хавсарган оруулсан. Ингэснээр зохиогч нь тодорхойгүй байсаар ардын дуу болдог, миний чиний гэж булаацалдах зэрэг ярвигтай асуудлыг шийдвэрлэх гэж шүлгүүдээ дэвтэрлэж, оюуны өмчийн газраар, өөртөө баталгаажуулсан. Зохиогчийн бүтээлийг Монгол Улсын Оюуны өмчийн газар, харьяа яам нь бүртгэж авах ёстой байдаг. Зураач, хөгжмийн зохиолчдын бүтээлийг улс жил бүр худалдан авч архивладаг. Гэтэл хорин жил шүлэг бичсэн надад, улс нэг ч удаа хандсангүй. Ийм л байна.
-Та энэ олон жилүүдэд бичсэн дууны шүлгээ тоолж үзсэн үү?
-Зарим хүн төдөн дууны шүлэг бичлээ гээд тооны араас хөөцөлддөг. Би хорин жил яруу найраг бичихдээ чанартай дууны шүлэг олныг бичсэн гэж боддог. Монголчууд Д.Ган-Очир гэдэг нэрийг андахгүй ч намайг гудамжинд явж байхад таних хүн ховор. Танихгүй байх нь надад амар байдаг юм. Бүтээлээр минь намайг таньдаг, уншигчдадаа баярладаг. П.Бадарч гуай надад нэг удаа"Чи хэт их бичиж байна. Одоо шүлгийн мориныхоо амгайг тат” гэж хэлсэн. Урлаг бол бүх нийтийн өмч. Урлаг хаана байна би тэнд гэж бодоод бичихэд гамгүй өөрийгөө үржээ. П.Бадарч ах бол намайг хайрлаж, гамнаж хэлсэн үг л дээ. Миний дээд үед маш сайхан дууны шүлгийн яруу найрагчид байна. З.Түмэнжаргал ах маань үнэхээр сайхан бичдэг байсан. Ш.Сүрэнжав, П.Бадарч, Г.Мэнд-Ооёо, Л.Дагвадорж, С.Оюун, Ү.Хүрэлбаатар, Ц.Хулан, Ш.Гүрбазар гээд олон хүнийг нэрлэж болно. Дууны найраг гэдэг аварга модны өчүүхэн мөчир нь болсондоо баяртай байдаг. Дууны шүлгийн урлагт олон найрагч өөрийн өнгө, ертөнцөөр бичиж байна. Би тэдний л нэг.
-Та Монгол Улсын их сургуулийг төгссөн сэтгүүлч хүн. Яруу найрагтай ямар сэжмээр холбогдов?
-Дорнод аймгийн Чойбалсан хотынI арван жилийн сургуулийг төгссөн. Манай уран зохиолын багш Д.Батдэлгэр намайг утга зохиолд хөтөлж оруулсан. Энэ хүн намайг яруу найрагч Д.Нямсүрэн багштай минь уулзуулж өгсөн ачтан. Данзангийн Нямсүрэн гэдэг агуу найрагч багш маань"Өөрөө өөрийнхөө яруу найрагт үнэнч шавь нь байгаарай” гэж хэлсэн. Би энэ үгийг дотроо ямагт санаж явдаг. Дорнод аймгийн"Нөхөд” хамтлагийнханд 1993 онд дууны шүлэг бичиж байсан. Тэгээд тайзан дээр Д.Ган-Очирын шүлэг гээд зарлахад өөрөөрөө, уран бүтээлээ овоглуулахын сайхныг мэдэрч шүлэг, найраг бичих урам сэргэсэн. Улс орон ч бужигнаж байсан 1994 онд оюутан болж Улаанбаатарт ирээд О.Дашбалбар тэргүүтэй Монголын "Мөнгөн үе”-ийн яруу найрагчидтай танилцсан. Тэгээд Д.Ган-Очир гэдэг хүн утга зохиол, яруу найрагт гүн шумбан орж, эргэж гарахааргүйгээр донтсон гэхэд болно. Яруу найраг далайцтай оргилж байх үед оюутан нас минь тохиосонд баярладаг. Тэр үед Монголын агуу яруу найрагчидтай уулзаж, сургаалийг нь сонсч ахан дүүс болж явлаа.
-Тэдгээр мундаг яруу найрагчийн сургаальд авах гээхийн ухаанаар хандахдаа уран бүтээлдээ хэвшүүлсэн зарчим тань юу вэ?
-Тэдгээр яруу найрагчаас Монгол гэдэг омогшил, эх орноо хайрлах сэтгэл, түүх, угсаатан, танин мэдэхүйн гайхалтай чанарыг нь мэдэрч байв. Тэдгээр гайхалтай бүхнээс өчүүхэн жижиг үртэс нь надад гялайсан байх. Сүрдмээр яруу найрагчдын салхин доор нь явж сургаалийг нь сонссоныхоо хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Үе, үеийн яруу найрагчдын дунд өөрийн гэсэн онцлог байдаг. Нийгмийн шилжилтийн үед гарч ирсэн танай үеийнхний ялгарах онцлог юу юм бэ?
-1990-ээд оны яруу найрагчид, нийгмийн шилжилтийн үед гарч ирснээс гадна нийгэмтэйгээ цуг авъяасын их давалгаа үелзэн, цэлэлзэж байлаа. Оюун санаанд гүн цочирол, сэргээш, хувьсал болсон. Үнэхээр гайхалтай залуус яруу найрагт орж ирсэн. Биднийг Монголын ард түмэн тайзан дээрээс маш сайхан хүлээж авсан. Одоо бид намба суудаг үедээ ирлээ. Тогтож унших, сууж бүтээх, гэгээрэх, бусдыг гэгээрүүлэх, хүмүүсийг сайн сайханд хөтлөх, хүндэтгэх бас уншигчдаа хайрлах насан дээрээ иржээ.
-Нээрээ л 1990-ээд онд "Болор цом”-ын наадмыг үзэх гэж хүмүүс дараалалд зогсдог байсан. Харин одоо яруу найргийн наадмууд үзэгчгүй болсон гэж шүүмжлүүлдэг шүү дээ?
-Тухайн үед монголчууд яруу найргаар цангаж байв. Одоо бол Монголын яруу найраг өөрөө ганцаардалд орж байна. Мөн цахим ертөнц, зохион байгуулалтын асуудал яруу найргийн наадмыг үзэгчгүйдүүлж байна уу гэж хардаг. Сүүлийн жилүүдэд"Болор цом”-ын наадмыг аймгуудад зохион байгуулж буйг дэмжиж байна. Энэ наадмын ач холбогдлыг сурталчилж, шүүлтийн арга барилыг нь сайжруулах хэрэгтэй болов уу. Хэдхэн хүн гарч ирээд цөөхөн үзэгчдэдээ зориулаад номойтол шүлэг уншаад Монголын яруу найраг хөгжихгүй. "Болор цом”-ыг тойрсон сайн шүүмжүүд гарах хэрэгтэй байна.
-"Болор цом” гэлтгүй Монголын яруу найрагт шүүмж дутаж байна гэж ярьдаг?
-Яруу найрагт шүүмж орхигдож байна. Яруу найрагчид шүүмжээс их айдаг болжээ. Ингэж болохгүй. Урлаг шүүмжлүүлж байж хөгждөг. Шүүмжилсэн хүндээ"Баярлалаа” гэж хэлж чаддаг төвшний найрагч байх хэрэгтэй. Найрагчидад "цаасан малгай” өмсгөх амархан. Магтсаар байгаад унагаж болно. Тиймээс шүүмжлүүлэх хэрэгтэй.
-Монголын орчин цагийн яруу найргийн залгамж холбооны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Яруу найрагт дараагийн үеэ бэлтгэх нь чухал. Гэтэл өнөөдөр Монголын яруу найрагт залгамж холбоо алдагдсан. Сэтгэлгээ, бичлэгийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй цойлоод гараад ирэх хүн алга. Монголын утга зохиолын хаалгыг цөмөртөл өшиглөөд ороод ирэх яруу найрагч өнөөдөр төрөөгүй байна. Унших нь бүгд адилхан. Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн, Б.Гал-сансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, П.Батхуяг маягийн хүмүүс гарч ирж байна. Энэ бол шинэ залуу яруу найрагчид авьяасаа нээн илрүүлж чадахгүй бас уншихгүй байгаатай холбоотой гэж хардаг. Яруу найрагт хамгийн чухал нь авьяас, мэдрэмж. Бусдыг уншихгүй бол яруу найрагч болж чадахгүй.Өөрийгөө дараа үе минь хөгжүүлэхгүй,зөвхөн бэлэн тайзан дээр алдаршихын дон тусжээ,зайлуул.
-Та сэтгүүлч хүнийхээ хувьд нийтлэл бичиж байна уу. Сэтгүүлзүйн ямар төрлөөр бичих дуртай вэ?
-Цахим ертөнц, өдөр тутмын сонин дээр хүмүүс өөртөө нэр, хоч өгч байгаад Баабар маягийн загвараар их бичих болжээ. Нээх их мэдэмхийрсэн нөхдүүд ч байна. Дэлхийн түүхийг өөрийн болгож хувийн дүгнэлт хийгээд, "тэгж болохгүй шүү дээ”, "ингэдэггүй байхгүй юу”, "тийм ёстой” гэж бичдэг. Нийгмийн шинж чанартай асуудал дэвшүүлсэн зүйлийг твиттер, фэйсбүүктээ хүмүүс өдөр бүр бичих юм. Хэнд заагаад байгаа нь мэдэгдэхгүй нэг л их зааварчилсан хүмүүс. Тэр зааварчилгаагаа нийгэмд тулгах гээд байгаа юм уу, өөрийгөө цэцэн цэлмэг гэж харуулах гээд байгаа ч юм шиг. Юуг нь ч мэдэхгүй байж эдийн засаг, улс төр ярьж, бичээд байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Цахим ертөнцөд мэдэмхийрлийн бүлгүүд их болжээ. Нэг үгээр хэлбэл, агуу ихийн дэмийрэлд автсан. Тийм зүйлд дургүй. Өөрийхөө мууг арилгаж чадахгүй байж хүнд заана гэж юу байх вэ. Сэтгүүлч хүнийхээ хувьд би аян замын тэмдэглэл бичих дуртай. Эссэ хааяа бичнэ.
-Та төгссөн мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?
-Монголын сэтгүүлзүй өнөөдөр маш их сэвтэж байна. Сэтгүүлзүй захиалгат шинж чанартай болсон. Би ийм зүйлд оролцмооргүй байна.Монголын баячууд өөрсдийгөө "Оросын олигархи” гэж бодоод телевиз, радио олноор нь байгуулаад эхнээсээ тэд нь дампуурч байна. Сэтгүүлч хэдий ч би унших, уран бүтээлээ туурвих замыг сонгосон. Сэтгүүлзүйн тогоонд ороод байлдвал байлдана. Гэхдээ энэ бол миний сонголт биш. Бусдыг дуурайх дургүй учраас өөрийн орон зайдаа баймаар байна. Биеэ засаад гэрээ засах зарчмаар л амьдрахыг эрхэмлэдэг. Би чөлөөт хэвлэлээс сайн дураараа чөлөө авсан уран бүтээлээ туурвиж явна.
-Таныг сургуулиа төгсч байхад шар хэвлэлүүд дөнгөж үүсч байсан. Одоо бол цахим сэтгүүлзүй Монголд нэвтэрч байна. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Шар хэвлэл бол дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд байдаг зүйл. Би шар хэвлэлд ажиллаж байв. Дажгүй л байсан. Надад карьер хөөгөөд өдөр тутмын гайгүй сонинд ажлах боломж байлаа. Би "Ил товчоо” сонинд дадлага, дагалдан ч хийж үзсэн. Г.Аким, Ж.Нэргүй, Г.Нямдорж, Л.Энх-Амгалан, И.Амартөв зэрэг мундаг хүмүүстэй ажиллаж байснаараа бахархдаг. Тэднээс их зүйлийг сурч, чөлөөт хэвлэл гэж явсан үе надад бий. Тэр бол сайхан үе. Тэгж сайхан хөгжиж байсан сэтгүүлзүйг улстөрчид худалдаж аваад захиалгат болгон чөлөөт хэвлэлийн утгыг алдагдуулсан. Юун хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм бэ. Цахим ертөнц ноёлж хүмүүс бие биентэйгээ уулзах, нэгнийдээ зочилдог заншил үгүй болж байна. Фэйсбүүкийн зурган дээр нь лайк дарснаар"Сайн байна уу?” гэсэн санааг илэрхийлж байх шиг.
-Таныг шүлэгчийн хувиар тань илэрхийлэх олон сайхан дуу бий. Ялангуяа"Камертон” хамтлагийнхантай хамтарч бүтээсэн олон дуу байдаг?
-"Камертон” хамтлагтай намайг Л.Тайванбат, П.Хэрлэн нар учруулсан юм. Хөгжим, бүжгийн сургуулийн сурагч байхад нь1996 онд танилцсан. Би чадах чинээгээрээ, авьяас билгээрээ тэдэнд тус дэм болсон. Одоо хувь хувийн ажлаа хөөцөлдөөд уулзах завгүй яваа байх аа. Гэхдээ зориод надтай уулзах байлгүй дээ.
-Та бичсэн шүлгээсээ онцлоод ямар бүтээлд нь хайртай вэ?
-Аав, ээждээ зориулан бичсэн"Миний хоёр эрдэнэ”, номонд зориулсан "Монголын нууц товчоо”, хайр дурлалд зориулсан "Хайр…”, ханьдаа зориулсан "Хайрын бэлэг” дууны шүлгэндээ дуртай. Хүмүүс "Бүсгүйчүүдэд зориулж хайрын шүлэг бичихээр эхнэр тань харддаг уу” гэж асуудаг. Миний хань намайг хардаж байгаагүй. Зохиож буй уран бүтээлтэй, цаастай хардвал шизоферин болно биз дээ. Би харын өвчтэй хүнтэй олон жил ханьлахгүй биз. Намайг өдий зэрэгтэй бүтээл туурвихад хань минь үнэтэй хувь нэмэр оруулсан. Өөрт нь бол хэзээ ч хэлж байгаагүй. Бид амьдралыг дөнгөж л туулж эхэлж байна. Хүн хэзээ туулж дуусахаа мэдэхгүй ч туулсаар байж амьдралаа элээдэг шүү дээ. Тиймээс эхнэрээ гэсэн сэтгэлээ дуун дотроо нууцхан дархалж явдаг.
-Монголын өв соёл,хэлний тухайд..?
-Монгол хэлний оройн дээд чимэг нь яруу найраг юм шүү.
-Яруу найрагчийн жаргал, зовлон нь юу юм бол?
-Яруу найрагч хүн аливаа болохгүй зүйлийг харж биш шууд хүлээж аваад зүрхэндээ зовдог. Монголын эмэгтэйчүүд гудамжаар инээгээд алхвал яруу найрагч баярладаг. Монгол айл гэр амар тайван байж, Ноён уулаа ухахын эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавибал яруу найрагчийн жаргал тэр. Газар шороогоо сэндийчээд эхлэхээр яруу найрагчид зовдог.
-Яруу найрагч хүн нийгмийн алдаа, оноог мэдрэхдээ гаргууд. Та өнөөдрийн нийгмийг хэрхэн харж байна?
-Яруу найрагч хүн нийгмийнхээ өмнө хонхон дохио нь байх ёстой. Өнөөдөр нийгмийн төвлөрөл туйлдаа хүрлээ. Улс орон тэлэх бодлого барьдаг байтал манайх дөрвөн уулынхаа дунд бөөгнөрөлдөж хоорондоо талцаж хэрэлдээд дуусч байна. Энэ хэвээр байвал Алтан тэвшийн хөндий удахгүй цөмрөх нь. Улстөрчид ард олноо мунхаг, харанхуй байлгах гээд байгаад нь эгдүүцдэг. Монгол судлалын академийг татан буулгана гэдэг юу гэсэн үг вэ. "Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй” гээд гадаадад байгаа монголчуудаа дуудаад, олуулаа боллоо, эх орондоо ирж сайхан амьдар гэсэн суртачилгаа өдий төдий явсан. Гэтэл яасан, төрийн албанд ажиллах боломжгүй, улс төр нь хэрүүлтэй болохоор гаднаас ирсэн залуучууд гомдоод, буцаад явж байгаад ихээхэн эмзэглэл төрсөн. Хувийн хэвшил, бизнес ч эрхлэх боломжгүй, цэвдэг нийгмээ гэсгээх, анагаах, соён гэгээрүүлэх, сайн сайхныг амны билгээс ашдын билэг гэж хэдий болтол ерөөж, ерөөл архи уух юм бэ, Монголчууд минь. Хувь хүнийхээ хувьд сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө энэ ярилцлагыг О.Дашбалбар ахын"Өвгөдөөсөө бид бүтэн эх орон хүлээн авсан, ирээдүйдээ бид яг тийм улс эх орныг хүлээлгэн өгөх учиртай” гэсэн үгийг хэлмээр санагдана.
Х.Эрдэнэзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих