Дорнод аймгийн Тариаланчдын зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Хүнс, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга М.Бас-Эрдэнэ, гишүүд С.Мөнгөнбат, М.Уртнасан нар оролцсон юм. Зөвлөгөөний төгсгөлд бодлогын хороо орон нутагт газар тариалан эрхлэгч ААН, компаниудын удирдлагуудтай уулзаж, бодлогын хорооны ажлын талаар мэдээлж, хэд хэдэн чухал саналуудыг тавьжээ.
Дорнод аймагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани байдгийн зургаан компани нь аймгийн Татварын албанд бүртгэлтэй.
Тус аймагт газар тариалан эрхлэгчдийн дийлэнх хувийг орон нутгийн бус гаднын компаниуд эзэлдэг. Эдгээр компаниуд нутгийн хөрсөнд улаан буудай, эрдэнэ шиш, рапус, наранцэцэг, гурвалжин будаа зэргийг тариалдаг боловч аймаг, орон нутагт ирдэг үр өгөөж нь тун бага гэнэ. Дорнод аймагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани байдгийн зургаан компани нь аймгийн Татварын албанд бүртгэлтэй, үлдсэн 11 компани нь бусад газар бүртгэлтэй бөгөөд орон нутагт татвар төлдөггүй. Эдгээр компаниуд сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 тэрбум орчим төгрөгийн ургац хураан авсан. Гэтэл өнгөрсөн онд аймагт татварт ердөө 100 гаруй сая төгрөг төлжээ. Үүний дийлэнх хувийг "Дорнод гурил” ХХК төлсөн аж.
Уулзалтаар энэ тухай ярилцаж, үлдсэн 11 компани энэ оны наймдугаар сарын 01 гэхэд ААН-ийн бүртгэлээ орон нутгийн Татварын албанд шилжүүлэх, эсвэл аймагт охин, салбар компани байгуулан, Дорнод аймагт татвараа төлдөг болохоор шийдвэрлэжээ.
Үүний зэрэгцээ Хүнс, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооноос "Орон нутгийг дэмжих” сан байгуулах тухай санал тавьсныг уулзалтад оролцогч газар тариалан эрхлэгч ААН, компаниуд 100 хувь санал нэгтэй дэмжсэн байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих