Монголтой залгаа 36 км урт хилийн бүсийг ойн түймрээс хамгаалах
арга хэмжээ авахыг Өвөр Байгалын хязгаарын Прокурорын газар шаардан
шүүхэд хандсан тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.
Хилийн зурвас байгуулахын тулд Өвөр Байгалын хязгаарын засаг захиргаа
нөөцийн сангаас өнгөрсөн онд 2 сая рубль гаргасан нь прокурорын
шалгалтаар тогтоогдсон. Энэ мөнгийг "Өвөр Байгалын хязгаарын ойн аж
ахуй”-н дансанд шилжүүлсэн бөгөөд тайлангаас үзвэл зурвас байгуулах ажил
2014 оны эцэс гэхэд дууссан гэж мэдээлж байжээ.
Гэвч Орос-Монголын хилийн дагуу шалгалт явуулсныхаа дараа Акшинск
дүүргийн Прокурорын газар ажил бүрэн хийгдээгүй болохыг тогтоов. 120 км
урт зурвас байгуулах ёстой байснаас 84 км зурвасыг байгуулсан байна.
"Хил дамнасан түймэр орж ирэх хамгийн их эрсдэлтэй хэсэгт уг ажлыг
гүйцэтгээгүй байна” гэж Акшинск дүүргийн Прокурорын газар мэдэгдлээ.
Өвөр Байгалын хязгаарын хил орчмын Акшинск дүүрэгт хил дамнасан түймэр
тулгамдсан асуудал болоод байгаа юм. 2014 онд Монголын нутаг дэвсгэрээс
орж ирсэн ойн түймэр бараг долоо хоног үргэлжилж, 5000 гаруй га талбайг
хамарчээ.
Өвөр Байгалын хязгаарын ойд гуравдугаар сарын 19-нд түймэр гарч эхэлсэн
байна. Түймрийн улмаас гуравдугаар сарын 25-нд тус хязгаарт онцгой
байдлын дэглэм тогтоосон бол гуравдугаар сарын 30-наас эхлэн өвс шатаах,
ил задгай гал тавих, ойд аялахыг хоригложээ. Мягмар гарагийн өглөөний
байдлаар ойн түймэрт автсан талбайн хэмжээ 5097 га болж нэмэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8994
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих