Монголын экологид Хятадын "Шинь
шинь” компани 100 саяар тогтохгүй хохирол учруулжээ. Монгол орны газрын
хөрсөн дорх баялагт харийнхны нүд унаж, түүгээр дөрөөлөн баяжих гэсэн
зорилготой "нөхөд” манай улсыг хараачилсаар, зарим нь "эзэн” сууж
эхэлсэн.
Ялангуяа хэдэн зууны туршид Монголын баялагт шүлсээ унагаж ирсэн өмнөд
хөршийнхөн хөрөнгө оруулж байгаа нэрийн дор баялагт маань эзэн суухын
зэрэгцээ, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, үргэлж амьдрахгүй юм чинь
гээд хордуулж орхисоор. Үүний тод жишээ бол БНХАУ-ын хөрөнгө
оруулалттай "Шинь шинь” компанийнхан.
Тус компанийнхны буруугаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ,
хамгийн багадаа 100 тэрбум төгрөг болж байгаа талаар 2-3 жилийн
хэмжээний хууль, хяналтын байгууллагынхан бидэнд мэдээлж байсан. Гэвч
прокурорын байгууллага хэргийг хаацайлж, холбогдогч хятадуудын толгойг
илсээр байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж, хэрэгсэхгүй
болгочихоод байгаа юм.
"Шинь шинь" компанийнхны буруугаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, хамгийн багадаа 100 тэрбум төгрөг болж байгаа талаар 2-3 жилийн хэмжээний хууль, хяналтын байгууллагынхан бидэнд мэдээлж байсан.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх ч Виржинийн арлуудын хэнд ч
харьяалагддаггүй (офшор) бүсэд бүртгэлтэй "Шинь шинь” компанийнхан
Дорнод аймгийн Дашбалбар сумын I багийн нутаг дахь холимог металлын
Улааны ордын 247А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг УИХ-ын гишүүн
асан нэр бүхий хүмүүсээс авсан гэдэг.
Монгол Улсын стратегийн орд газрын хоёрдугаар хавсралтын 38-д бичигдсэн
байгаа энэ ордод үйл ажиллагаа явуулах, ашиглах тусгай зөвшөөрлийг
хэрхэн авсан нь сонин. Юутай ч 2009 онд баяжуулах үйлдвэр ашиглалтад
оруулж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 21-нд үйлдвэрийн барилгыг Улсын
комисс хүлээн авсан байдаг юм.
Харин баяжуулах үйлдвэрийн барилгыг Улсын комисст хүлээн авах ажлын
хэсгийнхэн тэнд 2009 оны арванхоёрдугаар сарын 18-21 хүртэл гурав хоног
ажиллахдаа хятадуудаар дайлуулж цайлуулаад, зөрчил нь ил тод байхад
хараагүй юм шиг байсаар өнгөрөөсөн байж болзошгүй гэсэн хардлага төрөв.
Тус ажлын хэсгийн ахлагч нь Уул, уурхайн яамны ахлах мэргэжилтэн
Ч.Цогтбаатар, гишүүн нь Г.Тамир, Б.Бямбадагва, С.Баярцэцэг, М.Энхтуяа,
Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц тэргүүтэй хүмүүс байсан аж.
Тэд 2009 оны арванхоёрдугаар сарын 21-нд 13 дугаартай "Уурхайг
ашиглалтад хүлээж авах Улсын комиссын акт” үйлдэн үйлдвэрийн барилгыг
хүлээн аваад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулахыг
зөвшөөрчээ. Дээрх хүмүүс ингэж уурхайг ашиглалтад хүлээж авахдаа
барилгын Улсын комисс хүлээн аваагүй хаягдлын даланг ашиглалтад авчихсан
байгаа юм.
Гэтэл химийн хортой бодисоо хаях энэ далан нь цоорсон, чанаргүй зүйлээр
хийсэн байсныг үнэхээр мэдсэнгүй юү, эсвэл ямар нэг ашиг сонирхол
нөлөөлчихөв үү. Юутай ч Улсын комисс хүлээн авснаас хойш нэг жилийн
дараа Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тухайн
газарт шинжилгээ хийхэд хаягдлын далан цоорч, химийн хорт хаягдал бүхий
шингэн хөрсөнд нэвчиж буй нь тогтоогдсон аж.
Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Шинь шинь”-ийг байгаль орчинд
хор, хохирол учруулж буй үйл ажиллагаагаа зогсоох, хаягдлын даланг
засах үүрэг өгчээ. Харамсалтай нь "Шинь шинь”-ий хятадууд алтыг нь аваад
авдрыг нь хоосон хаях сэтгэл өвөрлөж ирсэн нь тодорхой учраас химийн
хорт бодисоор Монголын зүүн хязгаарын нэгэн сумын хөрс бохирдож, хүн,
малын ундны ус, ургамал хордох нь огт хамаагүй байсан гэж хэлэхэд
буруудахгүй л болов уу.
Яагаад ингэж хэлэх болов гэхээр цагдаагийнхан тус компанийн удирдлагад
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа 2012 оны эхээр "Шинь шинь”-ий
уурхайн бүсэд очиж, дээж авч холбогдох мэргэжлийн байгууллагаар
шинжлүүлсэн гэдэг юм билээ. Улмаар мөрдөн байцаалт дуусаж, Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд заасны дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг
арилгуулах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэл
бичсэн аж.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-анд
хүргүүлсэн мэдэгдэлд хаягдлын далан нь үргэлжлэн шүүрч, хорт бодис
хөрсөнд нэвчиж байгаа талаар дурдсан байв. Хэргийг шалгасан мөрдөн
байцаагч нар 2012 оны хоёр, 2013 оны гурав, 2014 оны долдугаар сард
"Шинь шинь”-ий уурхайд очиход, тэднийхэн "Хаягдлын далангийн цоорсон
хэсгийн нөхсөн, хөрсөнд химийн хорт бодис нэвчихээ больсон” хэмээж
байсан ч дахин шинжлэхэд нөхөөс нь ямар ч үр дүнгүй болсон, хорт бодис
шүүрч нэвчсэн хэвээрээ байжээ.
Уг нь анх "Шинь шинь” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох орлогч
захирал Юү Лей, Жань Жи Фү, Ван Фу Жүн, Ван Шин Чиан, Вэй Юу Фү, Жан
Хун Тао, зөвлөх Тиан Зи Лин, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга,
ӨМӨЗО-ны иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж зэрэг хүмүүсийг "Хар
тугалга, цайр нэрийн дор ураны өндөр агууламж бүхий 40 мянган тонн
баяжмал БНХАУ руу хил давуулсан, үүний улмаас Монгол Улсын эдийн засагт
85 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэж
буруутгаж байсан.
Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчмын хөрсний бохирдол ихээр нөлөөлөх магадлалтай жалганы хөрсөн дэх хүнцлийн агууламж 45.46 мг/кг. Улааны уурхайн хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартаас өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.
Харин мөрдөн байцаалтын явцад энэ хохирол 534.5 сая төгрөгөөр
нэмэгджээ. "Шинь шинь”-ий уурхайн орчимд шалгалт хийсэн шинжээчид
"Химийн хорт бодис хөрсөнд шингэсний улмаас байгаль экологид 534.5 сая
төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан” гэж дүгнэжээ. Шүүхээр гэм
буруутай нь тогтоогдсон тохиолдолд БОНХАЖЯ-ныхан ч юм уу, эсвэл орон
нутгийн засаг захиргааныхан "Шинь шинь”-ээс уг мөнгийг гурав дахин
нэмэгдүүлэн гаргуулан авч болох хуулийн заалт байдаг юм билээ.
Хэдийгээр хэрэг хэрэгсэхгүй болсон ч гэсэн хохирлыг Дорнод аймгийн
Дашбалбар сумын хөрсийг бохирдуулсан Хятадын компаниас гаргуулан авах
боломжтой. Архангай аймгийн ЗДТГ-ынхан Орхон голыг бохирдуулсан "Алтан
дорнод Монгол” компаниас 35 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаад
байгаагийн адил Дорнодынхон ч "Шинь шинь”-д худалдагдчихаагүй бол
төсөвтөө хэдэн төгрөг оруулаад авах боломж байгаа юм.
Хөрс бохирдуулсан уурхайг яагаад хаадаггүй юм бол "Шинь шинь”-ийг
удирдаж байсан хятадуудад эрүүгийн хэрэг үүсгэхдээ Монгол Улсын эдийн
засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн гэдгийг дээр
дурдсан. Ингэж шалгахад "Шинь шинь”-ийнхэн хуулиар Цөмийн энергийн
газарт шилжүүлэх байсан тусгай зөвшөөрлийг өгөөгүй байдаг. Улмаар
хүчингүй болсон тусгай зөвшөөрөл ашиглан хилээр баяжмал гаргасан нь
тогтоогдсон юм.
УИХ-аас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль баталсан. "Шинь шинь” энэ
хуулийн дагуу Цөмийн энергийн газраас цацраг идэвхт ашигт малтмал
ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой байж. Тухайн
үед үйлчилж байсан Цөмийн энергийн тухай хуулиар дээрх 247А дугаартай
лицензийг АМГ-ын бүртгэлээс хасаж, улмаар энэ тухайгаа "Шинь шинь”-ий
удирдлагад удаа дараа мэдэгджээ.
Гэвч хятадууд хүчингүй болсон зөвшөөрлөөр Монголын баялгийг гадагш нь
зөөсөөр байжээ. Энэ компани 2010 оны арванхоёрдугаар сараас хойш багагүй
хугацаанд хар тугалга, цайр нэрийн дор 90 гаруй удаагийн бүрдүүлэлтээр
40 мянган тонн баяжмал БНХАУ руу зөөсөн байдаг юм. Үүний улмаас дээрх
хохирол учирсан гэж шинжээчид дүгнэсэн.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь шинь” компанийн ашиглаж
буй Улааны ордод 1986 онд БНМАУ-ын холбогдох дээд байгууллагын
шийдвэрээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоож,
улмаар хэдхэн жилийн өмнө УИХ-аас стратегийн ордод тооцож, дээр дурдсан
жагсаалтын 38-д бичсэн байгаа юм. Ингэж хайгуул хийгээд тэнд ураны 270
кг нөөц байгааг урьдчилсан байдлаар тогтоосон юм билээ.
Стратегийн ордод Улааныг авсан юм бол яагаад төр өдий хүртэл хуульд
заасан хувь хэмжээгээ авахгүй байгаа нь мөн л хачирхал төрүүлсээр. Тус
компанийнхан хүчингүй болсон лицензээр ураны агууламж бүхий баяжмал хил
давуулсан хэргээс гадна манай орны газар шороог бохирдуулсан талаар дээр
дурдсан. Хаягдлын далангийн геомембран давхарга цоорч, ашиглалтын
шаардлага хангахгүй болж, химийн бодис шүүрсэн.
Хөрсөнд хийсэн шинжилгээгээр химийн онц аюултай бодис болох мыщъяк буюу
хүнцэл байгальд байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өндөр гарчээ.
Монголчууд бид хаан хор хэмээн сүрддэг хүнцлийн хэмжээ "Шинь шинь”-ий
хаягдлын сангийн орчимд маш өндөр байсан гэнэ. Тус компанийн уурхайд
ажилласан шинжээчдийн 2014 оны есдүгээр сарын 8-нд гаргасан 01 дүгээр
дүгнэлтэд "Хаягдлын сангийн ойр орчмоос авсан нийт дээжинд хүнцлийн
дундаж агуулга 33.5 мг/кг байна.
Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчмын хөрсний бохирдол
ихээр нөлөөлөх магадлалтай жалганы хөрсөн дэх хүнцлийн агууламж 45.46
мг/кг. Улааны уурхайн хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцлийн
агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартаас өндөр байна” гэжээ. Мөн
ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013
оны долдугаар сарын 31-ний 01/2013 дүгнэлтэд "Хаягдлын далангийн бохир
усанд хүнцлийн агууламж MNS 4943:2011 стандартаас 1.4352 дахин их байна”
гэж дурджээ.
Хорт хавдар үүсгэгч энэ бодис зөвхөн "Шинь шинь”-ий буруутай үйл
ажиллагаанаас болж хөрсөнд нэвчсэн гэж үзэх нь буруу бололтой. Мэдээж
химийн хорт бодис хөрсөнд нэвчүүлж, Монгол орны хөрсийг бохирдуулчихаад
байгаа ийм компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь зүйд нийцнэ
гэж үү. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн
дөрөвдүгээр зүйлд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл
ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж,
аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний
эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол
тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж,
20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж цагаан дээр
хараар тод бичээд үлдээчихсэн.
Энэ хуулийн заалтыг БОНХАЖЯ-ныхан хэрэгжүүлж, уг компанийн үйл
ажиллагааг цаашид явуулах боломжтой эсэхийг судлан, хэрэв хаягдлын
сангийн геомембранаа шинэчилж солиогүй, хортой ус хөрсөнд нэвчсэн хэвээр
байгаа бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахгүй бол Монгол
орны зах хязгаар нутаг химийн хорт бодисоор бохирдон, Минамата шиг
болоод үлдэх вий.
Үргэлжлэл бий
Г.Равжаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих