Өр зүрхнээс
Өс хонзон үнэртэнэ
Өвөр түрийнээс
Билүүдэж нуусан хутга үнэртэнэ.(Р.Чойном)
1922 оны 08-р сарын 31-нд "Ардын хувьсгалын хэргээс урвасан" хэмээн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Д.Бодоо, Д.Чагдаржав, Ө.Дэндэв нарын хэдэн хүнийг цаазлан хороожээ
1922 онд мал аж ахуйн албан татварын анхны хуулиар 10-аас доош бодтой ядуу аж ахуйтныг албан татвараас хэлтрүүлж, мөлжигч феодалын аж ахуйгаас албан татвар авах болсноор ардын аж ахуйтны нийгмийн байдал эрс өөрчлөгдөж, чинээлэг дээд хэсгийн тоо эрс цөөрч 100-гаас дээш бодтой аж ахуйтан 4 хувь болж буурчээ.
1924 оны 08-р сарын 04-31-ний өдрүүдэд 108 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан МАХН-ын III их хурлаас "Монгол улсыг капиталист бус замаар хөгжүүлэх, социализмд дэвшүүлэх" зорилтыг намынхаа жанжин шугам болгон баталж уг хурлаас Засгийн Газрын жинхэнэ орлогч сайд бөгөөд тус улсын Бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны гишүүн Данзанг намын жанжин шугамаас гажиж, улс орноо хөрөнгөтний замаар хөгжүүлэх саналтай, Хятад болон хөрөнгөтний орны төлөөлөгчидтэй холбоотой зэрэг Э.Ринчиногийн бэлдсэн 12 зүйл бүхий буруутгасан, ор үндэслэлгүй баримт бичгийг үндэслэн ялын төлөвлөгөө боловсруулж, Засгийн Газрын жинхэнэ орлогч сайд бөгөөд тус улсын Бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны гишүүн Данзан, Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн Баваасан нарыг буудан алж, тэдгээрийн талыг баримтлагч Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Доржпалам, гишүүн Буяннэмэх нарыг 30 хоног гянданд хорихоор шийдвэрлэж уг хурлын шийдвэрийг 08-р сарын 31-ний өдрийн 08 цагт гүйцэтгэжээ.
МАН-ын гуравдугаар их хурлаас Коминтерний Гүйцэтгэх Хороонд илгээсэн цахилгаан утсанд:
Монгол Ардын Намын гуравдугаар их хурлыг нээсэн болох учир бүх дэлхийн үйлдвэрийн түмэн ардын удирдагч бөгөөд Дорно ба Өрнөдийн бага буурай улсуудыг өмгөөлөгч Эв хамтын гуравдугаар интернационалын Товчооноо мэдэгдэн баярыг хүргэж, тангараглан илтгэх нь: Манай Ардын Нам Коминтерний гэгээн зорилтоос огоорч няцахгүй. Дэлхий дахины үйлдвэрийн түмэн ардыг эзэрхэн дарлах явдлуудыг бүрмөсөн устгах тэмцэл болох аваас тухайд зааврыг авмагц оролцон зүтгэхийг батална. Хурлын тэргүүлэгчид. гэжээ.
Ингэж одоогийн МАХН, МАН, Коминтерний заавраар үй олон Монголчуудаа хядан устгахаа илэрхийлж байжээ.
1924 оны 11-р сарын 8-наас 25-ны өдрүүдэд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг баталж, уг Үндсэн хуулиар "хувийн ашиг завшааныг хичээж, бусдын хөдөлмөрийг мөлжих замаар амьдрагч худалдаачид, мөнгө хүүлэгчид, ван, гүн, хутагт, хувилгаад, хүрээ хийдэд байнга суудаг лам нарын улс төрийн эрхийг хассан" байна. /МАХН-ын товч түүх 112-р тал. 1985 он/
Ингэж улс төр, үзэл суртлын өөр байр суурь, үзэл бодлынх нь хариу болгож, үндэсний шилдэг сэхээтнүүдийг хилсдүүлэн цаазалсан нь 1930-аад оноос хийгдсэн нийтийг хамарсан зохион байгуулалттай их аллага, хядлагын анхны туршилтын алхам байжээ.
1925 онд "Хар шар феодалуудын эрх ямбыг хасах ба ургийн бичиг сэлтийн хөтлөлтийг зогсоох тухай" Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарчээ. Угсаа залгамжилсан ноёдыг ургийн бичигтэй нь устгах бодлого амжилттай хэрэгжсэн эмгэнэлт түүх энэ. Алтан ургийнхныг толгой дараалан устгаснаар "МАХН-ын нэгдүгээр программ амжилттай хэрэгжсэн" гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүний үр дүн нь 80-90 жил өнгөрөөд дахин ургийн бичиг хөтлөх болоход юун алтан ургийнхны удам, төрлийг мэдэх нь битгий хэл аав, аавынхаа аавыг мэдэхгүй монголчууд үлдсэн юм.
1926 оноос жасын малд албан татвар ноогдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээнүүдийг авч байв. Хүрээ хийдийн эдийн засгийн хүч чадлыг устгах хэрэгт "жасын кампани" чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1930-1931 онд хүрээ хийдийн малын 71,3 хувийг нь улсын мэдэлд шилжүүлсэн байна.
1928 онд үндэсний үзэлт хувьсгалчдыг устгаж, коммунист хэнээтнүүд засгийн эрхийг авав.
1928 оны 01-р сард МАХ Намын ТХ-нд "хуучин ноёд, түшмэд, харгис толгой лам нартай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх нам, төр, аж ахуйн газрыг феодал, түшмэлүүдээс ариутган цэвэрлэх" зэрэг зүйлүүдийг зөвлөсөн захидлыг Коминтернээс ирүүлэв.
1928 оны 10-р сарын 23-ны өдрөөс 12-р сарын 31 хүртэл хуралдсан МАХН-ын ҮII их хурлаас ". . .ядуу, дунд ардын тэргүүний хэсгээр намын эгнээг өргөтгөж, намд 2-р цэвэрлэгээ хийх нь зүйтэй" гэж шийдвэрлэн, 1929 онд МАХН-ын дотор цэвэрлэгээ хийсний дараа улс, аж ахуйн байгууллагыг хувьсгалд харш, дайсагнагч этгээдүүдээс цэвэртгэв. (БНМАУ-ын түүх. УБ хот. 1966 он 340-р тал)
1929 оны 9-р сарын 16-нд хуралдсан Феодалын хөрөнгө хурааж, тэднийг эдийн засгийн талаар шуурхай довтлох зорилт тавьсан МАХ Намын YII их хурал, Улсын Y их хурлын шийдвэрийн дагуу Феодалын хөрөнгө хураах тухай шийдвэр гаргаж "феодалын хөрөнгө хураах" кампанит ажил өрнөж, Хорлоогийн Чойбалсангаар толгойлуулсан Феодалын хөрнгө хураах ажил эрхлэх төв Комисс байгуулагдан, иргэдийнхээ өмч хөрөнгийг тонон дээрэмдэх нүгэлт ажиллагаандаа ханцуй шамлан орсон юм.
1929 онд анхны "Улаан журмын од" хамтралыг хүчээр байгуулж, ядуу өрхийн 16 адуу, 17 үхэр, 37 хонь, 56 ямааг нийгэмчилж байсан бол 1932 оноос эхлэн 100-гаас их малтай, 900 төгрөгөөс мих орлоготой аж ахуйтныг "нударган" гэж үзэн, мал хөрөнгийг хураах, сонгуулийн эрхийг хасах, бэлчээрээр хавчих зэрэг балмад үйл ажиллагааг явуулж байв.
1930 оны 03-р сард МАХН-аас явуулсан коммунист хүчирхииллийг эсэргүүцсэн Төгсбуянтын хошууны хар феодал, захирагч Бирдоо, мээрэн Аюур зэрэг хүмүүсийн толгойлсон 700 гаруй лам нарын зэвсэгт бослого гарч, орон нутгийн захиргааны байгууллагуудыг эзлээд, шоронгийн хоригдлуудыг суллан тавьж, босогчид 1500 орчим цэргээр хүрээгээ тэлж мөн энэ үеэр Улаангомын хийдийн лам нар сумын захиргааг булаан авч, биеэ даасан захиргаа байгуулахаа мэдэгджээ. Харин улаантнууд цэргийн хүчээр босогчдыг дарж, 33 лам, 9 феодал, 25 ардыг олны өмнө буудан хороож, 40 гаруй хүнд 10 жил хүртэл хорих ял оноосон байна.
1930 оны 4-р сараас хөдөө нутагт хамтрал, коммунуудыг кампаничилж байгуулах ажил хүчтэй явагдаж эхлэв. Хамтрал коммунуудыг байгуулахдаа ардуудыг албадан шахах, ашиг орлого ихтэй, тогтвортой аж ахуй байгуулна гэдэг нэрээр артель, хамтралуудыг голчлон байгуулах ажлыг газар сайгүй үргэлжлүүлэв. Албадан шахалтаар кампаничлан байгуулсан артель хамтралуудын тоо эрс өсөж, 1932 оны эхээр 757 хамтын аж ахуй байгуулагдаж улсын бүх өрхийн 33 хувь нь хамрагджээ. Албадан шахаж байгуулсан хамтрал, коммун нь аж ахуйн зохион байгуулалтын талаар сул, дорой, дэгжин дээшлэх чадваргүй байсан нь нийгмийн хөрөнгө баялагийг их хэмжээгээр үрэгдүүлсэн бөгөөд 1930-1932 онуудад тус улсын мал сүргийн тоо 32,3 хувиар хорогдсон нь үүний нэг тод жишээ юм.
1930-1940 онд Тусгай комиссын шийдвэрээр 5728 хүн, Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 27585 хүн, Шүүхийн шийдвэрээр 4261 хүн, нийтдээ 37574 хүнийг яллан шийтгэсэн байна
1931 оноос эхлэн хүрээ хийдийн аж ахуйгаас өсгөн нэмэгдүүлэх албан татвар хураах, лам нарыг анги ялгавартайгаар үзэж, ядуу дунд лам нарыг харгис, дээд лам нарын нөлөөнөөс тусгаарлан салгах, сургуулийн насны хүүхдийн лам болгохыг хориглох, лам нар, хөдөлмөрчдийн дунд шашингүйн суртал нэвтрүүлгийг хүчтэй зохиох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр хүрээ хийдийн эдийн засгийн хүч чадлыг үндсэн нь устгаж, нам, засгаас явуулсан хувьсгалт арга хэмжээнүүдийг элдвээр эсэргүүцсэн лам нарын харгис дээд хэсгийг 1937-1938 онд хувьсгалт хүчирхийллийн аргаар бут цохив. "Тус оронд олон зуун жилээр ноёрхож ирсэн феодалын улс төр, эдийн засгийн ноёрхлыг устгасан явдал МАХН-аас хувьсгалын ардчилсан шатанд шийдвэрлэсэн хамгийн төвөгтэй, чухал зорилт байсан юм" гэж МАХН-ын Төв Хорооноос дүгнэж байжээ. /МАХН ардын аж ахуйтныг социалист ёсоор хоршоолох зорилтыг хэрэгжүүлсэн нь. 1972 он. Д.Түмэнжаргал. 21-р тал/
1931 онд "Зүүний алдаа завхрал" нэрээр түүхэнд үлдсэн хэнээрхэл нь газар авч, хувийн хөрөнгийг хураан, эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хяргах, ардуудын малыг хурааж, хамтрал коммуныг олноор байгуулах, ажлыг эрчимтэй явуулжээ.1928 онд хуралдсан МАХН-ын 7-р их хурал, феодалын хөрөнгийг хураах зохистой нөхцөл бий болсныг тэмдэглэсэн ёсоор МАХН-аас феодал ангийн улс төр, эдийн засгийн ноёрхлыг устгах зорилт амжилттай хэрэгжиж 1929-1932 онуудад феодалын хөрөнгө хураах ажил явагдаж дуусав.
1932 онд коммунистуудын, "социализмыг хурдан түргэн байгуулах" уриан дор хэрэгжүүлсэн бурангуй бодлогыг эсэргүүцэж Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээний 10 гаруй лам, шинээр хар болсон лам нарыг элсүүлж, тайж Чойжилсүрэн, хамтралын дарга Санжид нарын удирдлагаар боссон бослого богино хугацаанд газар авч , Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийг хамарчээ. Энэхүү бослого гарснаас хойш 8 хоногийн дараа Архангай аймгийн Тариатын хүрээнд лам, хар нийлсэн 100 гаруй хүн босч, түүхэнд "Тариатын хүрээний бослого" хэмээх том хэмжээний бослого болжээ.
Энэхүү бослого нь "Монголчуудын үндэс угсаа, соёл, ёс заншлаа хадгалж үлдэх гэсэн эрх чөлөөний төлөөх томоохон хөдөлгөөн байсан" гэж судлаачид үздэг байна.
Эрх баригчид Монгол даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг нисэх онгоц, хуягт танкийн хүчээр нухчин дарж, "төрд тэрсэлсэн лам нарын бослого" гэж тодорхойлоод босогчдын ар талд Японы эзэрхэг түрэмгий ба Хятадын цэргийн эрхтэн зогсож байна гэсэн сүржин дүгнэлт гаргаж байжээ.
Нисэх онгоц, хуягт танкийн хүчээр дарсан энэхүү хэлмэгдүүлэлтэд 10 000 хүний амь нас сүйдсэн гэсэн тоо баримт байдаг ажээ.
Энэ хөдөлгөөнд лам нар төдийгүй Улсын Бага Хурлын гишүүн Дарьсүрэн нарын сэхээтэн эмэгтэйчүүд өртөж, эсэргүү хэмээгдэн буудуулсан бөгөөд эсэргүү нар эсэргүү нараа устгах, До Яамныхан өөрсдийгөө урвагч, шарвагч гэж хөнөөсөн, Аавыгаа барьж өгөөд одон шагнуулсан, олон хүн буудаж чекист болсон, танк хүлсэн, хүний зүрхээр тугаа тахисан зэрэг аймшигт үйл явц өрнөж байжээ.
Түүхч доктор И. Морозова "... энэ бослого их хэлмэгдүүлэлтийн эхлэл болсон юм. Зөвлөлт маягийн шашингүй нийгэм байгуулж, Монголыг өөрчлөх гэсэн коммунистуудын бодлого амжилттай хэрэгжээгүй буруутан нь:
Нийгмийн элит гэгдэх лам нар, тэдний соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ард түмэнд нөлөөтэй хэвээр байсан тул хөрөнгийг нь хурааж, эрхийг нь хязгаарлаж, хооронд нь муудуулах арга барил хэрэглэсэн ч үр дүнд хүрэхгүй байлаа. Ард түмэн лам нараа гайхамшигтай багш, эмч, урчууд гэж үнэлсэн хэвээр байсан юм" хэмээн тэмдэглэсэн байдаг
1934 оны 12-р сарын 27-ны өдөр хуралдсан Улсын 7-р их хурлын 7 дахь өдрийн тогтоолын 13-р зүйлд баталсан " Төр, шашныг тусгаарлан явуулах тухай хууль "-ийн Жас ба лам нараас хураах улсын албан татварын тухай 7-р бүлгийн 30-р зүйлд " лам нар бол цэргийн албанд эс дайчлагдах учир цэргийн татварын тухай хуулийн ёсоор цэргийн татварыг хураалгана." гэж заажээ
1936 оны 02-р сарын 26-ны өдрийн 49-р хурлын тогтоолоос: "МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас Тогтоох нь: нэг. Дотоодыг хамгаалах газрыг дотоод яам болгон явуулсугай. Хоёр. Ардын хувьсгал ба үндэсний бүрэн эрхийг сахин хамгаалж, гадаад дотоодын дайснууд лүгээ эсэргүүцэн тэмцэж, улсын дотоод хүчнийг бэхжүүлэх дор Дотоод Яам нь нам ба засгийн өмнө хүнд үүрэг хариуцлагыг хүлээх тул мөн яамны сайд дор алдар хүнд бүхий хүмүүнийг томилох нь зүйтэй хэмээн үзэж тус Төв Хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр, жинхэнэ орлогч сайд, Улсын /маршал/ өрлөг жанжин нөхөр Чойбалсанд хавсруулан эрхлүүлсүгэй.
1936 оны 03-р сард МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар П.Гэндэнг баруунтан хэмээн буруутгаж, хувьсгалын үйл хэргээс урвасан хэрэгт хилсээр тулгаж, Дотоодыг Хамгаалах газрын дарга Намсрай нарын хэдэн хүний хамт Зөвлөлт Холбоот Улсын нутагт мөрдөн байцааж эхэлжээ.
Улс төрийн цуст хэлмэгдүүлэлт эрчимжсэн 1937 оны 08-р сард Өрлөг жанжин Г.Дэмид Зөвлөлт Холбоот Улсад айлчлахаар явах замдаа хордлогын улмаас сэжигтэйгээр нас баржээ. Энэ хядлагын оргил үед гэхэд насанд хүрсэн эрчүүдийн 10 хувь болох лам, хар нийлсэн 30 гаруй мянган хүнийг хороож, 700 гаруй сүм хийдийг сүйтгэсэн байна.
1937 оны 08-р сарын 23-нд Зөвлөлт Холбоот Улсын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссарын орлогч сайд Фириновский Монголд айлчлахдаа:
"Японоос Монголыг эзлэх төлөвлөгөө" гэгчийг Дотоод Яамны сайд Хорлоогийн Чойбалсанд гардуулжээ.
08-р сарын 28-наар өдөрлөсөн "Загавор- 1" (Хуйвалдаан-1) гэсэн уг бичигт даруй дайчлан баривчлах шаардлагатай 115 хүний нэрийг Орос хэлээр бичиж машиндсан, мөн "П.Гэндэнгийн мэдүүлгийн хуулбар" гэгчийг бас гардуулсан нь "П.Гэндэн, Г.Дэмид нарын удирдсан хувьсгалын эсэргүү Японы тагнуулын хэрэг" гэгч ор үндэсгүй зүйлийн суурийг тавьж, Монгол оронд цуст хэлмэгдүүлэлт эхэлжээ. Энэ 115 хүний нэрсийн дотор Монгол Улсын төр, засгийн дээд тушаалтнууд, "Ж.Лхүмбийн хэрэг" гэгчид урьд холбогдож байсан 67 хүн ба тэр үеийн нийгэм, улс төрийн, соёл, цэргийн нэрт зүтгэлтнүүд байжээ.
1937 оны 09-р сарын 10-ны өдрийн шөнө Дотоод Яамнаас дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлжээ.
10-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Засгийн Газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж Д,Ламжавыг "П.Гэндэн, Г.Дэмид нарын эсэргүү бүлгэм"-ийн гишүүн гэсэн хилс хэрэгт тулган шийтгэжээ.
Түүнийг 1962 онд цагаатгасан байна.
"Эсэргүү нарын гэр бүлийнхэний бүлэг" гэсэн зохиомол хэрэгт өрлөг жанжин Г.Дэмидийн гэргий Богдановын Навчаа, түүний эгч Богдановын Зина, Дотоодыг Хамгаалах Газрын дарга байсан Д.Намсрайн гэргий Магсарын Дулмаа нарын бүсгүйчүүдийг хилс холбогдуулан гүтгэж, цаазалжээ.
Мөн Монгол Улсын сүүлчийн хаан YIII дүрийн Богджавзандамба хутагт Агваанлувсанданзангончигчойжиннямын бага хатанд заяа нь тохирч залагдан ирсэн Наваанлувсангийн Гэнэнпилийг жирэмсэн байхад нь хувьсгалын эсэргүү хэмээн цаазалж, Худалдааны Техникумын багш Зундуйн Долгор цаазлах ял аваад шоронд нас барсан, анхны хошуу дарга Дугарын Дунгаржид, Богдановын Навчаа нарын 5 эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазалсан бөгөөд төр нийгмийн зарим зүтгэлтнийг ураг, удмаар нь хүйс тэмтрэн хөнөөсний ганцхан л баримт гэхэд өрлөг жанжин Г.Дэмидийн гэргий, ах дүү, төрсөн эцгийг баривчлан цаазалсныг дурдаж болно.
1937 онд их хэлмэгдүүлэлт, аймшигт хядлага оргил үедээ хүрч улсын хэмжээнд байсан 767 сүм, хийдийг хааж, улсын мэдэлд шилжүүлснээс гадна 1689 лам баривчлагдсанаас 1548-ийг буудан хороож, 141-ийг нь урт, богино хугацаагаар хорихоор шийтгэжээ. Тэр үед лам нараас байцаалт авах үедээ Нюржин Сольдэв "IХ Богдыг залах" тухай номыг уншсан уу гэж асуугаад уншсан гэж хариулсан лам нарыг тусад нь суулгаж хэрэг үүсгэдэг байжээ
1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж, Дотоод Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн тушаалаар бөөнөөр дайчлан баривчилж, таслан шийдвэрлэхийг зөвхөн Дотоод Явдлын Яамны сайд ба орлогч сайдын зөвшөөрлөөр гүйцэтгэж байхыг аймаг, сумдын Дотоодыг Хамгаалах хэлтэст даалгажээ.
Сүм хийдүүдийг улсын мэдэлд шилжүүлэх компанит ажил үргэлжилж, сүм хийдэд шавилан сууж байсан 15268 лам нарыг дайчлан баривчилж, 12100 лам нарыг "Онцгой бүрэн эрхэт комисс"-оос буудан алах ял оноож, 3165 хүнийг урт богино хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
1938 оны эхээр "Загавор- 2", (Хуйвалдаан-2) гэсэн 99 хүний нэрс бүхий бичгийг ЗХУ-ын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссараас Монголын Дотоод Яаманд ирүүлжээ. Үүнд:
Алдаа завхрал гаргаж, нугалаа гаргасан гэдгээр халхавчлан 1937-1938 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэнд гар бие оролцсон ба үлдсэн нам, төрийн удирдагч нарыг ЗХУ-д хүргүүлэн хороох болжээ. Тэдний дунд А.Амар, Онц бүрэн эрхт комиссын нарийн бичгийн дарга асан Д.Лувсаншарав нарын олон хүн байжээ.
1938 онд 47 ламыг баривчилж, 34 ламыг нь буудан алж, 16 ламыг урт богино хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
1938 оны сүүлч гэхэд бүх сүм хийдүүдийг улсын мэдэлд шилжүүлж, сүм хийдээс хураагдсан барилга 2265, алт 30 кг 900 гр, цагаан мөнгө 5916 кг 30 гр, сувд 1.6 кг, монгол төгрөг тоогоор 223847, хятад янчаан тоогоор 5055, бусад эд хогшлын үнэ 388564 төгрөг, бод, бог нийт 27742 толгой мал хураан авчээ.
1939 оны 3 сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 2-р бүгд хурлаас МАХН-ын Төв Хороо, Засгийн Газраас лам нар, сүм хийдийн талаар авсан арга хэмжээнүүдийг зүйтэй гэж үзжээ
1939 оны 03-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд асан А.Амарыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн ЗХУ-д баривчлан хүргүүлж, мөрдөн байцааж байгаад 1941 онд цаазалжээ.
1937-1939 онд нийт 17004 хуврагийг дайчлан баривчилснаас 13679 хуврагт буудан хороох , 3322 ламыг урт, богино хугацаагаар хорих ял оноожээ.
Ийнхүү олон мянган эхчүүд, эмэгтэйчүүд, үр, ач нар үүрдийн өнчрөл, хагацлын зовлонг амссан байна.
Хувьсгал ялах үед Архангай аймагт Халхын бүх тамгатай хутагтын 72,7 %, тамгагүй хутагтын 20,0 хувь нь жасын 30 хувь, лам нарын 30 хувь байсан нь шашны соёл харьцангуй их байсныг харуулж байна. Ийм учраас МАХН-аас Архангай аймгийн талаар онцгой анхаарал тавьж, Коминтернд илгээсэн нэгэн бичигтээ: "...Заяын хүрээнд төлөөний хүн томилон илгээж, намыг олон болгох, бас салбар нэмэхийг 2-р чухал болгов" гэж онцлон дурдажээ. Ийнхүү тусгай бодлогыг хэрэгжүүлснээр жасын хөрөнгийг хурааж, сум дуган, бурхан тахил, судар номыг устгаж, 32 мянган лам хувраг хэлмэгдэжээ.
Архангай аймагт Ардын хувьсгал эхлэхээс өмнө улсын хэмжээний 60 гаруй бага сургуулийн 49 нь байжээ. Мөн байнгын ажиллагаатай 57 сүм хийд, 96 дацан, 239 сүм дуганад 28672 лам хувраг шавилан сууж байсныг 1940 он гэхэд бүгдийг нь устгажээ.
1940 онд хуралдсан МАХН-ын X их хурлаас "намын мэргэн жолоодлого"-ын үр дүнд мал сүргийн тоог:
1945 он гэхэд 50 сая улмаар
1951-1953 он гэхэд 200 сая толгойд хүргэх зорилт дэвшүүлсэн нь ардын аж ахуйтныг сөхрүүлэхэд хүргэсэн байна.
1941 онд МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас "Тус орны соёл боловсролын цаашдийн хөгжилт гагцхүү Зөвлөлт Холбоот Улсын ... соёлыг эзэмших замаар явах болно" хэмээн зааж кирилл үсэгт шилжихээр болжээ.
Энэ тогтоолыг босоо Монгол бичгээр бичсэн нь түүх болон үлдэжээ
1947 онд хуралдсан МАХН-ын XI их хурлаар "Ардын дайсан байсаар байна. Тэд эсэргүүцэл, тэмцэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа улс төрийн хүрээнээс эдийн засгийн салбар руу чиглүүлэн төвлөрүүлэх болсон. Тийм учраас хувьсгалт сонор сэрэмжээ дээд хэмжээнд хүргэсэн байх хэрэгтэй" -г онцгойлон анхааруулж байв.
1947 онд маршал Чойбалсангийн амь насыг хорлохыг завдсан бүлэг буюу "Порт- Артурын хэрэг" гэгч сүүлийн томоохон хэргийг Улсын Аюулаас Хамгаалах Байгууллага үүсгэн зохион байгуулж, 80 хүнийг түүнд холбон баривчилснаас 42 хүнийг буудан алж, үлдсэнийг нь шоронд хорьж, жирийн номхон иргэдийг хатуу харгисаар дарангуйлж, үй олон хүний нулимс, хөлсийг барж, цусан зам татуулсан юм.
1948 онд МАХН-аас "...түүхийг намч байр сууринаас бичих"-ээр шийдвэрлэж, Чингис хааны нэрийг сурах бичигт оруулахыг хатуу хориглосон энэ цаг мөчөөс эхлэн Цагаан морин жилийн (1990 он) Ардчилсан Хувьсгалын эхэн үе хүртэлх хагас зуу гаруй жилийн турш Чингис хааны нэрийг дурссан хүн бүрийг мөрдөн мөшгөж, хавчин гадуурхаж байв
1954 онд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг улсад албан журмаар нийлүүлэх тухай болон мал аж ахуйн албан татваруудын тухай хуулиудыг тус тус өөрчилж 301-500 толгой малтай ардын аж ахуйтнаас 50 хувиар, 500-гаас дээш малтай ардын аж ахуйтнаас татварыг чөлөөлөхгүй гэж заасан нь ардын аж ахуйтныг хоршооллын хөдөлгөөнд оруулах гол хөшүүрэг болгон, шахан хавчиж эхэлсэн бөгөөд 1954 оноос чинээлэг аж ахуйтан нэгдэлд олноороо элсэн орохоос өөр аргагүй байдалд хүргэсэн байна
1954 онд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд хамтран "БНМАУ-ын түүх" нэгэн боть зохиолыг монгол, орос хэл дээр нийтлүүлэв. Энэ бүтээл нь цаг хугацааны хувьд Монгол орны түүхийг бүрэн хамарч чадсанч албан ёсоор марксизм-ленинизмийг манай түүхийг бичих үндсэн арга зүй болохыг заан тогтоожээ.
1955 онд нэгдлийн гишүүдийн аминд үлдэх малын дээд хэмжээг хангайн бүсэд нэг өрх айлд 100, говийн бүсэд 150 толгой байхаар тогтоожээ.
1956 онд МАХН-аас улс орныхоо хөгжлийг түргэтгэх, нийгмийг ардчилах, олон ургальч үзлийг хөгжүүлэх асуудлыг хөндөн тавьж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд буй дутагдал, доголдлыг нэр заан шүүмжилсэн сэхээтнүүдийг "төөрсөн, төөрөлдсөн" хэмээн буруутгаж, МАХН-ын Төв Хорооны тусгай тогтоолоор энэхүү үзэл санааг нухчин дарав. Үүнд эгдүүцэж Академич Цэндийн Дамдинсүрэн "энэ тогтоолоор сэхээтний амыг бөглөж болох боловч ард түмний цоорхой гэрийг бөглөж чадахгүй" гэсэн алдарт үгээ хэлж, эсэргүүцэж байжээ
1959 онд Ардын Аж Ахуйтан, малчдын малыг хурааж нэгдэл байгуулж, хувийн өмч нийгмийн өмч болох эхлэл тавигдав.
Төрөөс татварын бодлогоор дарамтлан ардын аж ахуйтнуудыг нэгдэлд элсэхээс өөр аргагүй байдалд хүргэж, нэгдлүүдийг байгуулах кампанит ажил өрнүүлсэн бөгөөд "Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь Ардын хувьсгалтай эн дүйцэхүйц үйл явдал болсон юм" гэж дүгнэж байлаа. 08-р сарын 01-ний өдөр Засгийн Газрын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга, Нэгдлийн Ерөнхий Хорооны даргын орон тоог нэгтгэн, Багийн гүйцэтгэх захиргааг татан буулгаж, сумын улс, олон нийтийн байгууллага, нэгдлийн хүрээнд хамрагдан үйл ажиллагаагаа явуулах болжээ.
1959 оны 3-р сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаас ХАА-н нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг шинэчилэн боловсруулах ажлыг дуусгаж, хоршооллын хөдөлгөөн үндсэндээ шувтарч байгаа энэ үед бүх малын 48 хувь нь нэгдлийн гишүүдийн амины өмчинд үлдээд байсан нь үнэндээ хэвийн биш үзэгдэл юм.
Нэгдлийн гишүүдийн амины өмчид үлдэх малын тоо үлэмж их байсны улмаас гишүүд нийгмийн аж ахуйг биш харин амины аж ахуйг эрхлэн тордож, тэднээс нийгмийн үйлдвэрлэлд оролцох идэвхи санаачлагыг ихээхэн боогдуулж байна. Энэ нь ХАА-н нэгдлүүдийг аж ахуйн зохион байгуулалтын талаар бэхжүүлэх явдалд үлэмж саад бэрхшээл учруулж байна гэж үзэж нэгдлийн гишүүдийн амины малыг дахин нийгэмчлэх шийдвэр 1959 оны 7-р сард гаргаж нэгдлийн гишүүдийн аминд үлдэх малын дээд хэмжээг хангай бүсэд 50, говийн бүсэд 75 толгой мал байхаар тогтоосноор хувийн өмч хөрөнгөтэй байх эрх хязгаарлагдсан юм.
1962 оны 09-р сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал хуралдаж, хурлаар "Д.Төмөр-Очироос намын эсрэг үйлдсэн ажил явууллагын тухай" гэсэн зохиомол улс төрийн хэргийг босгож, намын доторхи цэвэрлэгээ нэрээр олон хүнийг улс төрийн хэлмэгдэлд өртүүлж, нутаг заах, ажлаас халах зэргээр шийтгэж эхлэв.
"Сэхээтний төөрөгдөл", "намын эсрэг бүлэг" гэгч зохиомол хэрэгт 100 гаруй хүмүүсийг гэр бүл хүүхэд 1000 гаруй хүмүүсийн хамт ажил сургуулиас нь халж, мэргэжлээрээ ажиллах, дуртай газраа шилжин суухыг нь хориглон, хатуу хяналтанд 25 жилийн турш байлгасны дотор эрдэмтэн, багш, эмч, зохиолч, эдийн засагч зэрэг 20 гаруй төрөл бүрийн мэргэжлийн дээд боловмсролтой хүмүүсийг 2-5 жилээр шорон гянданд хорьж ял эдлүүлсэн байна.
1962 онд Чингис хаан (1162 он)-ы мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн хүмүүсийг МАХН цөлж, "ЧИНГИС ХААН" шүлгийг хоригложээ.
1964 оны 12-р сарын 22-ны өдөр хуралдсан МАХН-ын Төв Хорооны YI бүгд хурлаас "Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай" тогтоол гаргаж, "МАХН-ын Төв Хорооны гишүүн, Сангийн Аж Ахуй (САА)-г Удирдах Газрын дарга Ц.Лоохууз, Статистикийн Төв Газрын дарга Б.Сурмаажав нар МАХН-ын эсрэг явууллага хийж, намын нэгдлийг бутаргахыг оролдон, намын жанжин шугамыг эсэргүүцсэн" тул эдгээр хүмүүс ба холбогдох зарим хүнийг намаас хөөж, нутаг заан суулгах, мөн Ц.Лоохууз, Б.Нямбуу нарыг ажлаас нь халж, нутаг заан суулгах тухай тогтоол гаргажээ.
Мөн онд "сэхээтний төөрөгдөл" нэрийн дор явагдсан хэлмэгдүүлэлтэнд "шинээр сэтгэдэг хагас зуу гаруй дэвшилтэт үзэлтэй хүн" -д эрүүгийн шийтгэл ноогдуулсан байна
Намын эсрэг магтуу
Шинэ жилийн концертын хор-Намын эсрэг магтуу
Хөгжмийг- Сэхээтний хэсэг
Гоцлол дуучин- Нямбуу, Сурмаажав
Удирдаач- Ардын хөгжмийн урлагийн зүтгэлтэн Лоохууз
Монгол үндэсний хөгжмийн хоршилд- Гунгаажав, Дашнамжил
Олны дунд МАXН-ын удирдлагаас зориуд тараасан шог, /Хэлмэгдсэн Заяа-12" номоос товчлов
Үгийг- Төмөр-Очир
1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-д Зөвлөлтийн цэрэг байрлах болжээ.
1970 онд эрх баригч МАХН-аас номлосон "коммунист аж төрөх ёс" -ны сургаалыг Монгол Хувьсгалт Залуучуудын Эвлэл (МХЗЭ)-ээс ажил хэрэг болгох аян өрнүүлсэн нь хүний эдлэх ёстой наад захын эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг болжээ.
1974 онд Р.Чойномын "Өөрөө өөртөө унших шүлэг", "Уур минь хүрч байна", "Аугаа хүнийг амьдад нь танихгүй" гэж эхэлсэн шүлгүүдийг "БНМАУ-ын нийгэм, төрийн байгууламж, төрийн ардчилал, соёл, эдийн засгийн ололт амжилтыг үгүйсгэн, Монгол-Зөвлөлтийн найрамдал, төрийн удирдагч, нам засгаас явуулж буй арга хэмжээг элдвээр дайран доромжлон гүтгэж, ..." гэсэн шалтгаанаар түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ.
1975 онд Академич Б.Ринченгийн эсрэг кампанит ажил дэгдээж, МАХН-ын Төв хэвлэл Намын амьдрал сэтгүүлд түүний удам угсааг дайран доромжилсон "Эрдэмтэн хүний өндөр хариуцлага" гэдэг нэртэй гүтгэлэгт нийтлэл хэвлэгджээ.
"Аяа мунхагуудын дунд суухад нас даанч урт Аяа мундашгүй эрдэм сурахад нас даанч богино"
хэмээн хэлсэн их эрдэмтэн Б.Ринчен гуай харамсалтай нь энэ нийтлэл гарснаас хойш удалгүй насан эцэслэсэн байна.
1979 онд МАХН-аас "социалист өмчийг хайрлан хамгаалан" хоёр лоозонг гаргаж, Эвлэл, Пионер, баатарчуудын гишүүдэд зориулан "Хоньчин барилгачин хоёр" гэдэг дуу зохион, заавал сурахыг албадаж, залуус багачуулд "...нандигнан хайрлах нийгмийн өмчийг насан туршдаа нүдлэн хамгаалж, хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй цэвэр ариун байлгах"-аар социалист уралдаанд үүрэг амлалт авахуулж байв.
"Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуй, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой." МАХН-ын Төв Хорооны тогтоолоос
"Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахин шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн." Ю.Цэдэнбал.
1980 онд эрдэмтэн Г.Сүхбаатар, Л.Жамсран нарын зохиож, эмхэтгэсэн "БНМАУ-ын түүх" сурах бичиг, "БНМАУ-ын түүхийн дээж бичиг"-ийг түүхэн үйл явдалд марксист-ленинист арга зүйн үүднээс хандах ангич, намч зарчим, залуу үеийг коммунист ёсоор хүмүүжүүлэх МАХН-ын бодлогод шууд харшилсан хэмээн хураан авч шатаасан ба зохиогчдыг нь хатуу шийтгэжээ.
Архангай аймагт 1950-иад оны дунд үеэс Хаянхярваа, Дашдэндэв, 1980-аад оны дунд үеэс Г.Бизьяа нарын зэрэг аймгийн эрх баригчид нохой устгах нударга огтлох, бүрхээр эвдэж ард түмний өмч, хөдөлмөр, хөлсөөр монголын уламжлалт аргаар бүтсэн идээг асгах, бурхан тахил хурааж, хувьдаа ашиглах зэргээр дураараа дургисныхаа хариуд одон, медаль хүртэн, тусгай хангамж эдэлж, тэднийг аялдан дагалдагч албан тушаал дэвшин, хариуцлагаас мултарч байсан зэрэг алдаа завхарлууд гарч байв.
1983 онд "...гуравдагч орон буюу капиталист орны иргэдтэй гэр бүлсэг харьцаа, холбоо тогтоосон хүмүүс"-ийг эх оронд нь татан авч ирэх шийдвэр МАХН-аас гаргажээ. Гадаадад суралцаж байсан 30 гаруй оюутныг дээрхи шалтгаанаар эх оронд нь татан авчирч хөдөлмөрийн фронтод шилжүүлжээ.
1984 онд МАХН-ын Төв Хорооны ээлжит YIII бүгд хурлаар МАХН-ыг 40 жил толгойлсон Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь огцруулав. Түүнд асар их эрх мэдэл төвлөрч байсан учраас энэ ажлыг Зөвлөлтийн талын дэмжлэг авч байж хэрэгжүүлсэн билээ.
1987 онд БНМАУ, АНУ-тай дипломат харилцаа тогтоов. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох талаар 1960-1970-аад онд хэд хэдэн удаа оролдлого гарч байсан боловч олон улсын харилцааг үзэл сурталжуулж байсны улмаас тасалдсан байна.
1990 оныг хүртэл хот хооронд буюу сум, аймгаас Улаанбаатар хотод хувийн ажлаар явахад сумын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаанаас "зам явах" буюу хот хооронд зорчих зөвшөөрлийн бичгийг заавал өгдөг байсан нь иргэдийнхээ улс орон дотроо зорчин явах эрхийг боогдуулж, иргэдээ хатуу хараа хяналтад байлгадагийн нэгэн жишээ юм.
Ингэж албан ёсны үзэл суртлаас өчүүхэн ч хальж бодож, сэтгэж, туурвиж бүтээсэн хэн ч бай эдгээр урьдаас тогтоосон хэргийн нэгэнд нь орж, албан тушаал, ахуй амьдралаараа хохирч, хилс хэрэгт гүтгэгдэн, малчны, ажилчны дунд цөлөгддөг байсан шинэ маягийн хэлмэгдүүлэлт тогтсон байна.
Эх сурвалж: dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих