Монгол Улс XXI зуунд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэртэй, хүний эрхийг хааж боосон хар гивлүүртэй явж байгааг сэрэмжлүүлж бас сануулсан өдөр байлаа, өчигдөр. 2012 оны дөрөвдүгээр сарын 13 -нд тухайн үеийн сөрөг хүчний дуу хоолой болж байсан МАХН-ын дарга, Н.Энхбаярыг улстөрийн өрсөлдөгч нь, эсрэг нам нь захиалгаар бариулж, шоронд хориулсан, тэр үйл явдлаас ийм ойлголт нийгэмд үлдсэн. Жил бүрийн энэ өдөр орчин цагийн хэлмэгдүүлэлтийг дурсдаг.
Тэр байтугай тухайн үед Н.Энхбаяр гэдэг нэг хүнийг чиглэсэн тэр хэлмэгдүүлэлт өнөө цагт намын харъяаллаар, үзэл бодлоор нь ангилж ажлаас нь хоморголон халах, улмаар барьж хорих үйл явдал болон өргөжиж байгаад нийгэм даяараа эмзэглэх болов. Энэ сэдвээр МАХН-ын гишүүд, дэмжигчид өчигдөр чөлөөт ярилцлага зохион байгуулсан юм. Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Дугаржав, Ц.Шаравдорж, З.Батбаяр, тус намын дэргэдэх АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нар байр сууриа илэрхийлсэн юм.
Г.Дугаржав: ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА НЭГ НАМЫН ГАР ХӨЛ БОЛСОН
-2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тухайн үеийн УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор улстөрийн эсрэг арга хэмжээ авч хорьж саатуулсан. Олон зуун цагдаагийн хүчийг дайчилж, нэг намын удирдлагын эсрэг төр ажилласан. Үүгээрээ ардчилсан тогтолцоот Монгол Улсад улстөрийн сонгуулийг шударга явуулах нөхцлийг хаасан. XXI зуунд байж боломжгүй ийм үйл явдал тухайн үед болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гурван жил буюу 1080 хоног өнгөрлөө. Гэтэл хэлмэгдүүлэлт, улс төрийн хориг арга хэмжээ авдаг явдал үргэжилсээр байна. Тэр үйл явдлын дараа манай намын удирдлагад эх орондоо биеэрээ ажиллах бололцоог олгохгүй байна. Улс төрийн зорилготой элдэв шинэ хэрэг үүсгэх зэргээр хууль хүчний байгууллагууд улстөрийн аль нэг хүчний гар хөл болж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм. Уг нь Монгол Улсын улс төрийн дэвжээ ариун байх ёстой. Шударгаар өрсөлдөж, ардчилсан тогтолцоо, сонгуулийн тогтолцооны дагуу төр засгаа эмхлэн байгуулах ёстой. Ийм байж чадахгүй байгаа нь улс төр нь гажуудсан, улс төрийн хэлмэгдүүлэлт байсаар байгаагийн илрэл.
Ц.Шаравдорж: Н.ЭНХБАЯРЫГ ЦАГААТГАХ ЁСТОЙ
XXI зууны ардчилсан Монгол Улсад байж боломгүй үйл явдал 20012 оны хавар өрнөснийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль, хүчний байгууллагын өндөр зохион байгуулалттай бүрэлдэхүүнээр баривчилсан явдал. Монголчуудыг сэрхийлгэсэн үйл явдал болсон. Ер нь бол монгол хэлмэгдлийн түүхээр арвин орон. Дээхнэ үедээ лам нарыг, сэхээтнүүдийг хоморголон хэлмэгдүүлж байсан. Дараа нь МАХН-ын дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсныг мөн л хэлмэгдүүлж байсан. Тэгвэл энэ их хэлмэгдүүлэлт цааш үргэлжилж, нэгэн цагт Ерөнхийлөгчөөр ажиллаж, төрдөө зүтгэж байсан хүнээ барьж, хорьж, хүчээр шийтгэж байгаа том хэлмэгдүүлэлт гарч байна. Энэ хэлмэгдүүлэлт нэг хүнээр хязгаарлагдахгүй байна. улам цааш үргэлжилж, нийтийг хамарсан шинж рүү явж байна. Өнөөдөр нэг нам засаг, төрийн төвшинд гарч ирээд өөрийн боловсон хүчнийг байршуулна, цомхотгол хийнэ гэсэн нэрээр улс төрийн томоохон хэмжээний хэлмэгдүүлэлт явуулах болсон. Төрийн албаны хуулийг гууль болгож байна. Төрийн албаны нэг албан хаагчийг халахад цаана нь гэр бүл, үр хүүхэд нь дам байдлаар хохирч байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт өнгө төрхөө засч, далд хэлбэрээр бүр олон хүнийг хамарсан хэлмэгдэл болж байна. Үүний буруутан нь төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд. Тэндээс эх үүсвэртэй хэлмэгдүүлэлт яваад байна. Хуульч хүний хувьд би Н.Энхбаяртай холбоотой үйл явдлуудыг задлан шинжилж байгаа. Намын зүгээс түүнийг цаашид цагаатгах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.
З.Батбаяр: ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
-Өнөөдөр тухайн үед өрнөсөн асуудлыг ярихын өмнө хүний эрх гэж юу вэ гэдгийг авч үзэх ёстой. Монголд ажиллаж буй төрийн болоод ТББ-уудын нэн тэргүүний хийх ёстой ажил бол хүний эрхийг хамгаалах юм. Тэгвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд болсон бүх процесс хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн. Тодруулбал, Монгол Улсын нэгдэн орсон эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бусаар харьцахыг хориглосон олон улсын гэрээ, конвенцийг бүдүүлгээр, маш олон удаагийн үйлдлээр зөрчсөн. Харамсалтай нь, Монголын төр энэ тал дээр алдаагаа засах байтугай, энэ нь хүний эрхийн зөрчил байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт ч гаргасангүй. Бүр тодруулж хэлэх юм бол, Монгол Улсад Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй. Хүний эрхийн комисс ажлаа хийсэнгүй. Нөгөөтэйгүүр, хуулиар биелүүлсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас хүний эрхийн зөрчил газар авч байна. Төрийн тусгай хамгаалалтад байсан Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийхээ эрхэнд халдаад зогсохгүй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа нь хэний ч эрхэнд халдах боломжтой гэдгийг харуулсан явдал. Тэгвэл хэлмэгдүүлэлт өнөөдөр XXI зуунд үргэлжлээд явж байна. төр өнөөгийн байдлаар хэлмэгдүүлэлтийг зогсоох, хүний эрхийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна.
О.Буяннэмэх: ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ
-2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүд Монголын түүхэнд өмнө нь байгаагүй хар түүхийг үлдээсэн. Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлж, хууль хүчний байгууллагыг ашиглан хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж нэг талдаа гэрээлсэн дээрэм маягаар шоронд хорьсон. Тухайн үед манай залуучуудын байгууллагын маш олон гишүүн энэ асуудалд эмзэглэж, байр сууриа илэрхийлж, тэмцэж байсан. XXI зуунд ийм хэлмэгдүүлэлт байгаад монгол хүний хувьд, залуу хүний хувьд харамсалтай санагддаг. Ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулна гэж зарлачихаад хүний эрхийг зөрчиж, хохироож , олон хүний хувь заяагаар тоглож, өнөөдрийг хүртэл хэлмэгдлийн хар сүүдэр арилаагүй, нэг ёсондоо боловсон цөллөгт Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнээ цөлчихсөн, Монгол Улсад байх орчингүй болгох гэж оролдож, бүх хар зүйлийг тэр хүн рүү түлхэж, тэгээд араар нь алдаатай бодлогууд хэрэгжүүлж байгаа нь гутамшиг. Өнөөдөр улстөрийн тогтолцооны алдаанаас болж олон залуу боловсон хүчин өөрийн ажиллах нөхцлийг хангаж чадахргүй, ард нь олон гэр бүл золиос болж байна. Энэ ч бас улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг илрэл. Цаашид бид хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө хичээж ажиллана.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих