Казино бол бидэнд хуучин зүйл биш л дээ. Өдгөө ч манайд далд хэлбэрт байгааг бид мэднэ. Мөн ихэс дээдсүүд маань ч хилийн чанад казино тоглож төсвөөс хулгайлсан мөнгөөрөө харийн эдийн засгийг тэтгэчихээд ирдэг нь ч нууц биш. Нөгөө талаар өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө казиногийн хууль батлуулах гэж зүтгэсэн УИХ-ын гурван гишүүнээ хэрэгт татаж шоронд суулгасан гээд олон талаар казиногийн мэдлэгтэй ард түмэн. Казиногийн гэх хэргээр хоригдож байсан амьд гэрчүүд нь өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж нөгөө нь бригадын генерал цолтой армид алба хашиж буй. Ингэхээр бидэнд казино бол огт хуучин зүйл биш.
Харин эдийн засгийн чамгүй хүнд нөхцөлд казиногийн хууль хэлцэгдэж байна. Ямартай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгохоор ярина лээ. Эдийн засгаа самарчихсан эрхэм дээдсүүд маань үүнийг бий болгочихвол жилдээ улсын төсөвт 75-135 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй алсдаа ДНБ-ний 15 хувийг ч эзлэхээр зүйл ярив. Харин шалгуур нь нэлээд өндөр байхаар хуульд тусгасан байна лээ. Тухайлбал, дотоодын иргэн 25 нас хүрсэн улсад 20-40 сая төгрөгийн татвар төлсөн байх ёстой гэнэ. Энэ мэт ашигтай байх талаас нь хуулийг санаачилагчид мэдүүлж байна.
Гэтэл сөрөг талаас юу ч дурдахгүй байна гэх шүүмжлэл ч байна. Юуны түрүүнд энэ талын төлөвшил бий юу гээд асуудал үүсч таарна. Өнөөх л ирээдүйд мөрийтэй тоглоомчид олноор бэлдэх эсэх нь ч эргэлзээтэй. Хуульд заасан дагуу бол эрх мэдэлтэй мөнгөтэй нэгэн орох бололтой. Гэлээ гэвч ёс суртахууны хувьд энэ тал дээр хэр бэлтгэлтэй улс орон бэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Хүүхэд залуучууд олсон хэдээ бариад гүйдэг газар болчихвол цөөхөн монголчуудад хүнд тусна. 30 сая хүн амтай улс оронд бол гурван сая хүн нь мөрийтэй тоглоомонд донтоно л биз. Харин наргих дуртай гурван сая хүн амтай улс оронд бол маш нарийн хуулийн зохицуулалт байх хэрэгтэй. Үүнийг л бид ярих ёстой. Ахин дурдаж хэлэхэд бид чинь наадам цэнгэлд дэндүү дуртай улс шүү дээ.
Нөгөө талаар казино дагасан гэмт хэргийн бүлэглэл ч их бага хэмжээгээр байж таарна. Энэ бүгдэд зохицуулалт хийсэн судалгаа, хуулийн заалтууд нэг л харагдахгүй байгаа юм. Үүнийг дагасан маш олон сөрөг дагавар нийгэмд үүснэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Өнөөх л гадны кинонд гардаг шиг зүйл яриад байгаа хэрэг огт биш. Ерөөсөө л мөрийтэй тоглоом гэдэг өөрөө сөрөг сүүдэр дагуулж байдаг бичигдээгүй хуультай зүйл.
Казиног ямар ч агуулгаар байгуулж болно, үнэхээр улс орны эдийн засагт нөлөөлөхүйц мөнгөний тоо ярьж байгаагаас үзвэл ашигтай бололтой. Аялал жуулчлал дагасан мөнгөний тоо ч тэнгэрт хадах юм байх. Тиймээс зөвхөн мөнгөний тоо харж байгаад энэ хуулийг батлах нь аюултай. Бүр үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөлөл байгаа. Тиймээс бид энэ тал дээр хуулийн зохицуулалт хийж, ирээдүйд хойчид зөв зүйтэй ойлголт өгөх талаас нь ажиллах, судлах хэрэгтэй. Шоглож хэлэхэд казиногийн сургууль байгуулсан ч багадахгүй санагдана. Яахав сургууль нь нэг жилээс хэтрэхгүй сургалтын программтай байя. Тэгээд сургалтын хөтөлбөрт хэрхэн мөнгө хожих тухай биш яаж түүнээс сэргийлэх тухай заавал болох юм биш үү.
А.Гал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих