Сая сургууль дээрээ Тажив ахтайгаа таарлаа. Хэдэн жилийн өмнө түүний тухай бичиж номонд оруулж байсан хөрөг цахим бичвэрт маань хадгалаатай байгааг олж тавив. Уншаагүй нь сонирхоорой. Манай нутгийн мундаг хөдөлмөрч хүний тухай бичсэнээ дахин хуваалцмаар санагдаад оруулчихлаа.
М.Одмандах
Одооноос 5 жилийн өмнө нутагтаа амралтаараа ирэхэд маань бидний Мянгат гэж нэрлэж заншсан 10 байшингийн дунд орон сууцны барилга сууриа тавьж байж билээ. Тэр үед орон сууц, тэр дундаа олон айлын орон сууц барина гэдэг хэн хүний санаанд ч орохооргүй зүйл байлаа. Тэр үед надад лав сэтгэлд бууж өгөхгүй л байсан даа. Хүмүүсийн амьдрал хэцүү, Засгийн газраас янз бүрийн дэмжлэг хөтөлбөр гараагүй, хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө сайнгүй гээд түмэн бэрхшээл байсан нь мэдээж. Барилгын материалын үнэ, ажиллах хүчний туршлага энэ тэр гээд яривал урт түүх хөврөх бэрхшээлийг сөрөн байж таван давхар орон сууц босгохоор зориг шулуудсан хүн хэн бэ гэж би их гайхаж байж билээ.
Сураглах нь ээ, манай сумын унаган хүү, бизнесмен Ц.Тажив гэж хүний нэр дуулдав. Би ч яахав бага залуу хүүхэд байхдаа нутгаа орхиж гарсаныг хэлэх үү, дээрээс нь энэ хүн аймаг, төв газар ажиллаж, амьдарч байсан тул нэрийг нь ч сонсоогүй, төсөөлөх гэтэл тийм гэх танидаг хүн биш болж таарлаа. За, ямар ч байсан манай нутгийн л хүн юм байна, яасан ч зоригтой хүн бэ дээ, хийж бардаг л байхдаа. Ямар ч их мөнгөтэй юм гэсэн шүү юм бодоод л өнгөрч билээ.
Гэтэл дараа жил нь ирэхэд ажил нь хэзээний эхэлчихсэн, гэхдээ дан цагаан тоосгоор барьж байгаа харагдлаа. Энэ ч яахав ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулан ингэж байна даа гэж бодсоноос биш энэ хүний өөрийнх нь барилгын бусдаас ялгарах онцлог гэдгийг сүүлд л ойлгож билээ.
Миний нэг ангийн, багын найз А.Батмөнх гэж залуу бий. Би түүнтэй ойрд уулзаагүй байсан тул хаана байгааг сурагласаар, тэр нэг өдөр аймгийн төвд ажиллаж байгаа гэж дуулаад очтол анх миний эргэлзэн гайхаж байсан барилга дээр ажиллаж байна. Гэр бүлтэйгээ хоёулаа тэнд ажиллаж байгаа ажээ. Манаач хийж байгаа бололтой жижиг амбаарт байшингийнхаа хажууд хашаанд амьдарч байв. Манаачаас эхлээд нэлээд зүйлийг бодвол хийж байсан байх. Эндээс харахад Тажив ах нутаг орныхоо ядарсан, ажил хайсан хүмүүст тус болж, чадвал ажиллах нөхцөлөөр хангах гэж хичээдэг нь харагдаж байсан бөгөөд харин хэд нь энэ хүний итгэл дааж, сайн ажилласан юм бол доо гэж хааяахан бодогддог юм.
Энэ хүн ажлын төлөө, Дорнод нутгийнхаа цэцэглэлт хөгжилтийн төлөө бусдаас ялгарсан өнгө төрхтэй, өөрийн гэсэн хэв загвар бүхий барилгын ажлыг энэ барилгаас л эхэлсэн бол уу гэж би бодож байна.
Ц.Тажив ахтай би өмнө нь танилцаж амжаагүй, эчнээ мэдэж байсан билээ. Гэтэл шинэ оны анхны өдөр "Хаан банк”-ны захирал, нутгийн Д.Баатархуяг ах бид хоёр уяач Т.Батзориг ахаас бэлэглэсэн морьдоо зүслүүлэхээр хөдөө явах ажил таарлаа. Тэгтэл Баатархуяг ах дэлгүүрт зогсож байхдаа Тажив ахруу ярьж, хамаг ажлыг нь хойш нь тавиулаад хөдөө хамт явахаар болж, анх бид хоёр бие биетэйгээ албан ёсоор танилцаж билээ. Би өмнө нь сураг сонсох, барааг нь харахаас цаашгүй байсан тул танилцах боломж олдсонд талархаж байлаа. Тэд үй зайгүй сайхан найзууд. Бие биедээ үнэнчээр нөхөрлөн 40 жилийг ардаа орхижээ. Д.Баатархуяг ах "Хадгаламж” банкны захирлаар томилогдоход Ц.Тажив ах тэдний үйлчлүүлэгч болон хамаг дансаа шилжүүлсэн байх жишээтэй. Энэ бол тэдний сайхан нөхөрлөл, итгэлцэлийн илэрхийлэл байлаа.
Ц.Тажив. Энэ нэр одоо Дорнодын хэнд ч танил санагдах болжээ. Гэхдээ зарим нь мэдэхгүй байж болох юм. Тэрбээр 1960 оны 10-р сарын 13-ны тэр нэгэн намрын шаргал өдөр Цагаан-Овоо сумын баруун урд талын Хөөвөрийн нуурын баруун эрэгт энэ хорвоод мэндэлсэн байна. Хөдөөний хүүхдийн борог амьдрал дунд өссөн түүнд бусдаас ялгарах онц гойд зүйл байсангүй. Түүнийг 7 дугаар ангид байх жил ээж нь нас барж, аав, хэдэн дүүтэйгээ хоцорчээ. Энэ үеэс л амьдралын хар борыг үзэж, ажил хөдөлмөрийн сайхныг 10 хэдхэн настай байхаасаа мэдэрч эхэлэв. Аав нь нүд муутай, ажил хийх хүн бүл багатай тэдэнд айлын том хүү Таживт ачааны хүнд оногдох нь тэр. Бие томтой, үеийнхэн дундаа өсгөлүүн байсан тул бригадын хадланд явах, хашаа хороо барих, засварлах гээд юм юм л хийж үзжээ. Түүнд хийж үзээгүй ажил гэж тухайн үедээ байсангүй. Ингэхдээ бусдаас хоцрохгүй, ахиухан хэдэн төгрөг олох гэж байдгаараа хичээнэ. Тэдний нутагт бригадын хадланд явдаг Бат гэдэг өвгөн өдөрт хамгийн олон буюу 200 бухал хийдэг байж. Мань хүнтэй өрсөлдөж хийх гэж Тажив ах үзэж тардаг байж. Ингэж л бусдын дор орохгүйн төлөө өөрийгөө дайчилсаар, энэ хэрээрээ хөдөлмөрт суралцсаар байлаа. Тиймдээ ч тэр өнөөдөр бусдын дор орохгүйн төлөө цуцалтгүй тэмцэгч болон төлөвшжээ.
10 дугаар ангиа төгсөөд элсэлтийн шалгалтанд орох болов. Хуваарь сонгох ч болж дээ. Уул уурхайн цахилгааны инженерийн хуваарь дээр өрсөлджээ. Тэр үед кармааны оноо гэж хэн өндөр оноотой нь хуваарьт хүрдэг байв. Тухайн үед гадаадын их, дээд сургуулийн хуваарийг хамгийн сайнууд нь сонгоод үлдсэн нь дотоодын их, дээд сургуулийн хуваарийг авдаг, дараагийн нөхдүүд нь гадаадын техникумыг авдаг гэх мэтээр явдаг байж. Мань хүнд зөвлөх хүн байх биш, ганцаараа л бүгдийг шийдэж байсан тул ямар ч сургуульд явахгүйгээр тогтжээ. Гадаадын техникумд орьё гэсэн ч мөнгөгүйн зовлон их тул яаж ч чадаагүй байна. Ингээд сургуульгүй үлдсэн хүн цэрэгт явахаар шийдэв. Гэтэл цэрэгт эрүүл мэндийн шалтгаанаар бас л тэнцсэнгүй. За, ингээд юу ч үгүй амьтан үлджээ. Яг энэ үеэр Станцын өргөтгөл дээр ажилтан шалгаруулж авахаар оросууд хөдөө сумдаар явж хүн элсүүлж таарахад азаар тэнд багтсан байна. Ингэж түүний амьдралын зам хаашаа явах нь тодорчээ.
1978 оноос эхлэн аймгийнхаа Станцад оросуудын хамтаар шугам хоолойн угсралтын ажил хийж байсан тул шаггүй орос хэлтэй болов. Амьдралын төлөө тэмцэхэд мэргэжлийн сайхныг эндээс л мэдэрчээ. 1980 он болов. Ажилдаа овоо гаршаад байсан ч эр хүний ёсоор цэргийн зарланд дуудагдан Зүүнбаянд цэргийн алба хаахаар нутгаас хөлгийн жолоо залав. Аавын олон хүүхдүүдтэй адилхан үзсээр нэг жилийг орхитол эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас жилийн дараа чөлөөлөгджээ.
Ингээд нутагтаа ирж, хуучин ажлаа хийж байгаад 1982 оны хавар элсэлтийн шалгалтанд дахин орж тухайн үеийн нэрээр Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний факультетийн Дулааны цахилгааны ангид орж суралцав. Энэ нь станцын ач байлаа. Бага залуугаасаа уг газартай амьдралаа холбосон түүнд мэргэжлээ сонгоход нь асар их нөлөө үзүүлжээ. Оюутан нас ямар л байдаг билээ. Тэр л замаар алхаж явсаар, зав чөлөөндөө энд тэнд очиж ажил хийсээр, ямар ч л байсан бусдаас гуйхгүйгээр болгоод явдаг байв. Олон ч газар явж, их ч ажил хийжээ. Түүнд энэ нь амьдрах эрч хүчийг ч өгдөг байсан байж магад. Оюутны амьдрал удаан үргэлжилсэнгүй, ар гэрээс нь харамсал дагуулсан захиа ирсэн нь хайртай аавынх нь "мэлмий хаагдсан” явдал байлаа. Аавыгаа, хэдэн дүүгээ асрах үүрэг мэдээж түүний нуруун дээр буув. Ингээд сургуулиасаа жилийн чөлөө авч нутаг буцав. Харин тэр эргэж сургуульдаа явж чадахгүй юм гэдгээ даанч мэдээгүй байсан юм. Аав, гурван дүүгээ аваад аймгийн төв барааджээ. Тэдэнд наашаа гэж туслах нь олон ч битүүхэндээ ад үзэх нь ч бас бий. Ийм амьдралыг үзсэн түүнд шинээр ажиллах, амьдрах ганцхан зам байлаа. Тэр бол төв газар, олныг бараадах явдал. Буцаж ирээд бас л нөгөө станцаа бараадав. Овоо ч ажиллав. Жил гаруйн дараа өөр ажилд шилжлээ. Тэр үеийн Техник туслалцааны барилгын 7 дугаар трестэд хангамжийн мэргэжилтнээр ажиллав. Орос хэл дажгүй сурсаны хэрэг энд гарч тэр оросуудтай хамтран ажиллах болжээ. Сайн юманд садаа мундах биш 1991 он хүртэл сайн ажиллаж байтал гай тохиов. Тэнд дан хоригдлууд ажилладаг байж. Тажив ах их зарчимч тул тэд мэдээж дургүй. Яаж ийж байгаад чадах юмсан гэсэн хорон бодол хэн нэгэнд байсан байжээ. Түүнийг тэр яаж мэдэх билээ. Нэгэн өдөр ажилдаа ирээд явж байтал урдаас нь ирж явсан нэгэн ажилтан толгой руу нь асар хүчтэй дэлсээд авчээ. Энэ гэмтэл түүнийг бүр группт оруулсан байна. Тэд түүнээс ингэж хариугаа авчээ. Амьдрал дандаа тэгш байдаггүйг тэгэхэд дахин нэг ойлгов.
Зах зээл эхлэхэд түүний амьдрал мэдээж таатай байсангүй. Зарим талаар зовлон бэрхшээл түүний мөнхийн дагуул мэт он жилүүд эхэлсэн гэж болно. Юу ч хийсэн түр зуурын ашиг олохоос бус байнгын амжилт бага л байлаа. Олсоноо алдана, эргэж олно, эр хүн унаж босохын олон давааг давсан байна. Юу хийвэл ашигтайг эрэлхийлж, бусдын жишгээр наймаанд орсон байна. Эхлээд овоо л байж. Харин сүүлдээ жинхэнэ дампуурна гэдгийг хоёр ч удаа үзсэн байна. Харин тэр шантарсангүй дахин дахин босох гэж байдаг хүчээрээ зүтгэсээр байлаа. Ингэж тэр өөрийн гэсэн наймааны гарцыг олж харж, бусдаас сэргэлэн, хурдтай ажилласнаар багагүй ашиг олох боломжоо нээжээ.
Анхны наймаагаа Оросоос эхлэв. Нэг сар орчим Чита хот Бооржийн хооронд наймаа хийж ч үзжээ. Эндээс харин овоо олзтой, олсон ашигаараа мотоцикл авчирчээ. Овоо ч урамшиж, янз бүрийн наймаа хийсээр л байлаа. Эвэр авч борлуулна, ноолуур дарна гээд хийж үзээгүй наймаа ховор. Харин хаа очиж спирт дарж, ард олноо хордуулаагүй юм даг. Бөс бараа, ахуйн хэрэглээний барааг тэрбээр олон жил зөөсөн байна. Тухайн үед наймаачид Хятад явна гэж баахан хугацаа алдана, ирээд бараагаа нугалж зарах гэж нэлээд юм болно. Ингэсээр байтал нөгөө ашиг нь аажимдаа багасна. Үүнийг сайтар ойлгосон тэрээр богино хугацаанд бага бараа дарж ирээд хувилж бөөндөөд богино хугацаанд мөнгөө эргэлдүүлж амждаг байснаар бусдаас илүү овсгоотой, ашиг олох магадлал нь өндөр байлаа. Юу сайндаа л мотоциклоор Эрээн хот орж бараа даран давхиж ирдэг байхав дээ. Дунд насныхан түүнийг мотоциклоор бараа зөөж зурайтал давхидаг байсныг одоо ч тодхон санаж байгаа байх. Наймаа хийнэ гэдэг мөн их авхаалж шаардсан ажил болохыг тэр мэдэрсэн тул бусдаас түрүүлж хөдлөх ёстойг ухаарсан байна.
Ингээд анхны ашгийн хуримтлалаараа СМУ-гийн ягаан дэлгүүрийг түрээсэлж авчээ. Тэд ингэж дэлгүүр эрхлэх болсон нь ашигаа өгч эхлэв. Энэ ашигаараа супер УАЗ-469 ч худалдан авчээ. Түүний дараа нөхцөлөө сайжруулах үүднээс тэр үеийн 24 дүгээр байранд байх Хүнсний комбинатын дэлгүүрийг түрээслэх болсон байна. "Түшиг” нэртэй дэлгүүрээ тууштай ажиллуулснаар жинхэнэ хуримтлал бий болгож эхэлжээ. Энэ үеэс эхлэн тэрбээр олсон мөнгөө баар цэнгээний газар байгуулах, хялбар ашиг олох зүйлд хөрөнгө оруулалт хийсэнгүй. Уг дэлгүүрээ хоёр жил орчим түрээсэлж байгаад 5.5 сая төгрөгөөр худалдан авсан байна. Юутай ч өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийг ингэж авав. Дараа нь 2000 онд одоогийн зочид буудлынхаа газрыг багахан обьектын хамтаар 3.5 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан авчээ.
Мөн найзуудынхаа хамтаар хуучин Техникумын дутуу орхигдсон барилгыг худалдан авсан байна. Энэ үеэс тэрбээр бүтээн босгох их ажлыг эхлүүлжээ. Арсайж, сарсайн барайж байсан барилгыг худалдан авч буулгаснаар олон олон шинэ сайхан барилгыг барих материаллаг баазтай болжээ. Мөн бидний нэрлэдгээр Дивизийн хаягдмал барилгуудыг худалдан авчээ. Аажим аажмаар материаллаг баазаа бэлдэж байлаа. Зарим нь баахан эвдэрхий барилга худалдан авахад нь дургүй хүн ч байсан л байх. Ямар ч ашиггүй зүйлд хөрөнгө оруулж байна гэж зэмлэх нь ч байж. Тэр алдсангүй. Өөрийн бодлоор бүтээн босголтын ажилд ханцуй шамлан орохоор аажмаар бэлтгэлээ базааж байсан нь тэр байжээ.
Тэр наймаагаа саяхан болтол хийсэн бөгөөд дэлгүүрээ зарснаар эргэлт буцалтгүй барилгын ажилд ханцуй шамлан оржээ.
Тажив ах ингэж унаж босохын дэнсэн дээр өнөөдрийн амжилт, сайхан амьдралын үндсийг тавьжээ. Энэ бүх хугацаанд зовох жаргахад нугаршгүй, шантаршгүй хамт байж, түшиг хань болж, сэтгэлийн дэм хайрлаж байсан нь мэдээж гэр бүл нь. Сайн хань, сайхан гэр бүлийн бүлээн дулаан уур амьсгалд дахин босох эрч хүч, урам зоригийг олж байлаа.
Түүний эхнэр Д.Жаргалсайхан гэх намбалаг сайхан эмэгтэй байх. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул тэрбээр нөхөртөө таван сайхан үр төрүүлсэн буянтан. Одоо компанийхаа дэд захирлын албатай, өдөр тутмын хамаг ажлыг гардан хариуцна. Тэдний хүү, охид нь эцэг, эхдээ туслан өөрийн чадах чинээгээр гэр бүлийн бизнесээ өргөжүүлж байна. Тэдний том хүү нь гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Том охин нь Зочид буудал хариуцсан менежер, дунд хүү нь барилга хариуцсан менежер, бага хүү ШУТИС-ийн барилгын инженерийн мэргэжлээр төгсөх ангийн оюутан. Аавынхаа ажлын голыг нугалах хүү нь бэлтгэгдэж байна гэсэн үг. Бага охин нь сурагч. Тэд гэр бүлээрээ энэ компаниа өөд нь татахын төлөө амьдарч, сурч, хөдөлмөрлөж байна. Ийм байхад түүний сэтгэл юунд зовох билээ. Тэдний хүүхдүүд өөрсдийн амьдралын утга учир болсон гэр бүлийн бизнестээ эртнээс ингэж бэлтгэгдэж байна. Аав нь энэ амьдралыг хэрхэн зовж, зүдэрч байж босгосныг тэд дэндүү сайн мэддэг тул цааш улам хөгжүүлэн авч явах чин эрмэлзэлээр зүтгэж байна, тэдний хүүхдүүд.
Хүн зовлонд хатуужиж, зорилго тавин хөдөлмөрлөхийн гайхамшгийг харуулсан хүн гэвэл би Тажив ахыг л гэж хэлнэ дээ. 1990 оны нийгмийн өөрчлөлт бужигнааны үеэс эхлэн бизнест хөл тавьсан тэрээр Эрээн хотоос мотоциклоороо бараагаа зөөж байснаас эхлээд олон хүнд бэрхшээлтэй замыг туулан байж өдий хүртэл явсан нь түүний шантаршгүй, цуцалтгүй хөдөлмөрч чанарын үр дүн.
Тэр бизнесээ хоёр ч удаа 00 цэгээс эхэлсэн. Бизнес хийнэ гэдэг бусдын эрх ашгийг ямагт дээдлэх ёстой гэсэн түүний алтан зарчим одоо ч хэвээрээ. Тэр хэзээ ч гуйвахгүй нэгэн. Тэр анх 24 дүгээр байрны дэлгүүрээ "Түшиг” гэж нэрлэжээ. Энэ нэр түүнд яагаад ч юм их ойрхон, сайхан санагддаг тул мөн зочид буудлаа ч ийн нэрийджээ. Энэ тухайгаа "Түшиг гэхээр нэр нь их гоё санагдаад л өгчихсөн” хэмээн даруухан хуучилж сууна. Би энэ утгаар нь түүний компанийг "Түшиг” гэдэг юм байна гэж бат итгэчихсэн явсансан. Анхны худалдаж авсан газар дээрээ анх хувийн хаус барихаар төлөвлөж байж. Тэр нь нэг мэдсэн чинь явсаар, өрөгжүүлсээр байтал нь зочид буудал болтлоо томорчээ.
Нээрээ л би түүний компаний нэрийг саяхан болтол мэддэггүй байлаа. Читийн гудамжинд байх "Түшиг” зочид буудлаар нь компанийх нь нэрийг төсөөлж байв. Ер нь хүмүүс түүний компанийн нэрийг мэддэггүй юм байна лээ. "Эйч Жи Эй” ХХК. Энэ бол түүний компани. Би л лав ийм нэртэй байх юм гэж зүүдлээ ч үгүй. Тэгсэн чинь хүүхдүүдийнхээ нэрийн эхний үсгийг оруулан нэрлэсэн нь энэ аж. Бас их мэдрэмжтэй. Юу гэвэл англиар дуудахад нь хүмүүст тогтоогдоход нь хүртэл хялбар байхыг бодолцож уг нэрийг өгчээ. Ийм л торгон мэдрэмжтэй нэгэн.
2006 онд компаниа байгуулж байхад 160 гаруй сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 10 гаруйхан ажилтантай эхэлж байсан бол одоо 500 сая орчим төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, байнгын болон түр ажлын байраар 100 орчим хүнийг ханган ажиллаж байна. Анх зээл авалгүй өөрийн хөрөнгөөр эхэлж байсан түүний бизнес өнөөдөр томоохон бүтээн босголт, тендерийн ажилд оролцож, ажлаа чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч, амжилт арвинтай байна.
Нэг давхартаа худалдааны төв бүхий хувийн 24 айлын анхны таван давхар орон сууц, "Түшиг” зочид буудал, нэг давхартаа үйлчилгээний төв бүхий 6 давхар 15 айлын орон сууцыг чанарын өндөр төвшинд барьж ашиглалтанд оруулснаас гадна одоо Цагдаагийн газрын захиалгаар 20 айлын орон сууц барьж байна. Түүний барилга бүрт өөрийнх нь чин сэтгэл шингээстэй байдаг юм. Тийм ч учраас хүмүүс түүний барилгын чанарт эргэлздэггүй.
Сүүлд барьсан байранд нь манай аймгийн боломжийн амьдралтай хүмүүс төвхнөсөн харагдана. Тэднийх шинээр барьж ашиглалтанд оруулсан 6 давхар барилгынхаа гурван давхарт төвхнөжээ. Таживынх гэж жирийн л нэгэн айл. Гоё ганган тансаг тавилга багатай. Айл болгонд тэр бүр байхгүй хүрэн модон мебельтэй, хүний хэрэгцээ, ая тух хангасан ширээ сандал, ахуйн хэрэглээний бусад хогшилтой, энгийн л нэгэн айл. Гэрийнхээ ханыг хүүхдүүдийнхээ зургаар чимсэн нь тэдний амин шүтээн үр хүүхдийнх нь өнгө жавхаатай царай, хийморьлог харцнууд нь ээж, аавыгаа энхрийлэн ширтэх аж. Тэр зурагнуудаас нь хайр мэдрэгдэнэ. Байшингийнх нь орц цэвэрхэн, гэрэл гэгээтэй, хэний ч сэтгэлд таатай сэтгэгдэл төрүүлэхээр аж. Энэ нь хүмүүст амьдрах таатай орчин, сэтгэл, итгэл өгнө. Эзэн нь өөрийн барьсан байрандаа амьдарна гэдэг оршин суугчдад нэгийг бодогдуулж, итгэл өгдөг байх.
Түүний барилга бүрийг үйлчилгээ, худалдааны төв ёс мэт дагана. Энэ нь үйлчилгээг иргэдэдээ ойртуулсан том буян. Барьсан орон сууц болгондоо үйлчилгээний төвтэй.
Одоо тэднийх аймагтаа хамгийн анхны есөн давхар барилга барихаар зураг төсөл нь бэлэн болж, газар олголт нь шийдэгдээд байна. Удахгүй эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа юм билээ. Тэрбээр барилгын салбарт, тэр дундаа орон сууцны барилга барихад бусдыг араасаа дагуулагч, манлайлагч. Хувийн орон сууцыг олон айлд зориулан барьж эхлээгүй байхад тэр л эхлүүлсэн. Анхны зургаан давхар байшин мөн л тэднийх, одоо анхны есөн давхарыг барихаар зориг шулуудсан байгааг харахад бахадмаар. Ер нь аймагтаа олон зүйлийг эхлүүлсэн анхдагч гэхэд буруудахгүй байх аа.
Түүний тухай олон хүнээс асуухад дандаа л нэг зүйлийг ихэд чухалчлан хэлнэ. Тэр нь түүний хөдөлмөрч чанар. Бусдыг яг тийм байхыг шаардана. Цаг баримтлах, эхэлсэн ажлаа дуусгах нь түүний гол зарчим. Зарим хүмүүс энэ байдалд нь нийцэхгүй ажлаас гарсан нь олон. Хэнийг ямар ажил хийлгэх, түүнтэй хэрхэн харьцахаа сайн мэднэ. Ажил эхэлсэн л бол заавал дуусгана. Дутуу дундуур үлдээнэ гэсэн ойлголт түүнд байхгүй. Шөнө дөлөөр ачаатай ирсэн бол буулгаж дуусаад, өөрийн биеэр харж, жин тан болсон цагт л гэртээ харьж амарна. Төд удалгүй л нөгөө эрч хүчтэй зангаараа ажлын талбар дээр ирчихсэн гүйж явах. Хэдий завандаа амарч амждаг байнаа гэж гайхмаар. Намайг үүнийг бичиж эхэлж байх үед 60 тонн цемент хотоос авчраад, гэртээ хоёр цаг амарсан уу, үгүй юу буулгах, хураах ажилд оролцон зогсож байх жишээтэй.
Тажив ахаас хэдэн зүйл тодруулах санаатай цаг орчим хамт явахад тэр бага хугацаанд их зүйл амжуулах юм аа. Юм бүхэнд өөрийн сэтгэлээрээ ханддаг нь ажилчиддаа үдийн хоол, цайг нь өөрөө дөхүүлж өгөхөөс эхлээд, эцэг хүн шиг тэдэндээ хандан, зэмлэхдээ зэмлэж, магтахдаа магтан, хоол цайгаа халуунд нь идэхийг сануулан алхах нь аргагүй л хүнийг олж ажиллуулж чаддаг, хийсэн хүмүүсээ урамшуулж чаддагийг бэлхнээ илтгэнэ.
Тэр зөвхөн ажиллаж, бүтээн босгохын төлөө төрсөн мэт. Түүнийг харжээ байхад хийсэн зүйлдээ бардахгүй, хийх гэж байгаа зүйлээ хөөргөн магтахгүй, хийсэн хойно хүмүүсийн сэтгэл ханамжаар өөрийн ажлыг дүгнэж, нэг ажил дуусахад нөгөө ажлыг эхлэхэд бэлэн болгосон байдаг нэгэн ажээ.
Хийж бүтээхийн төлөө төрсөн түүнийг Дорнод нутгийн ажилсаг зөгий гэлтэй.
2011 оны 6-р сарын 17.
М.Одмандах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих