Монгол бөөгийн Буриадын их удган, МБНЭ-ийн Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Г.Гэрэлтуяа удгантай ярилцлаа.
-Удган хүний удам судраас яриагаа эхэлбэл уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу?
-Магадгүй л дээ. Манайхны удамд сайн бөө олон байсан. Зургаан хүүхэдтэй айлын гурав нь бөө, хоёр нь лам байлаа. Харин удган байгаагүй. Одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаар нутаглаж байсан юм. ОХУ-ын Буриад улсаас нүүж орж ирсэн, Агын буриадууд.
-Буриадууд "Ойханы 13 ноёд” гээд л залбираад байдаг юм билээ?
-Ойханы 13 ноёд, 13 хатад гэж үргэлж мөргөж залбирч байдаг нь их учиртай юм. Тэд бол тэнгэрийн шүтээн гэсэн үг. Одоогийн ойлголтоор бол тэд бүгдээрээ сайдууд байжээ. Тус бүрдээ хариуцсан ажил үүрэгтэй. Буриадын бөө удганууд Ойханы 13 ноёддоо мөргөж залбарихгүй юм бол бөө удган гэж ярих хэцүү юм. Бид тэднэээс л бөө удганыхаа цол хэргэмийг хүлээж авдаг. Буриадын бөөг эрэгтэйг нь зайран, эмэгтэйг нь удган гэдэг. Дээд чанарт хүрсэн удганыг Дууриска удган гэнэ. Одоогийнхоор бол магистр докторын зэрэг дэв юм даа.
-Таны онгод тэнгэрийн суудлыг сонирхож болох уу?
-Манайхан дээд тэнгэр буюу Гэгээн мандалын оронд суудалтай гэж онгод маань буудаг юм. Ухаандаа, манай бөөгийн хэллэгээр бол Дааган чанарын дараа ийм суудалд суулаа гэсэн үг юм. Бөөгийн чанарын 12 дахь чанарыг дааган чанар гэдэг. Эрт цагт буриад бөө нар онгод шүтээнээ тахихдаа даага өрөлж, том ширмэн тогоонд чанаж тахидаг байж л дээ. Тэгээд хус модон дээр чанараа хийдэг байж.
-Буриадууд "Хус модон цэрэгтэй” гэж ярьцгаадаг юм билээ?
-Тиймээ, "Хус модон цэрэгтэй, хун шувуу гарвалтай” гэдэг юм. Буриадын 11 эцэг гэж ярьдаг шүү дээ. Хорилдай мэргэн гэж түүх домогт гардаг. Хун шувуу гарвал гэдэг нь эртний домогт хатан Балжинтай холбогддог юм билээ. Энэ хатан Байгаль нуурын усанд хун шувуу болж хувираад явж байсан гэдэг. Удганы ид шидийг тэр ингэж харуулдаг байжээ. Ингээд буриадын бөө удганууд "Хун шувуу гарвалтай, хус модон цэрэгтэй, 11 эцгийн ариун удган шүтээнтэнгүүд” гэж онгод тэнгэртэйгээ харилцдаг болсон юм.
-Таны үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын чинь нэр "Хун хатан ижий” гэдэг нь Балжин хатны домгоос улбаатай хэрэг үү?
-Тэгж ойлгож болно. Би бөө мөргөлийнхөө зан үйлээр Дорнод аймгийнхаа төвд ийм нэртэй төрийн бус байгууллагыг 2012 онд байгуулсан юм. Зан үйлийн өргөө маань Монгол гэр. Учир нь гэвэл одоогийн байшингуудад бөөгийн онгод буухдаа тааруу байдаг юм. Тиймээс би эсгий гэрт бөөлөх дуртай. Би урьд нь Монгол бөөгийн Голомт төвд арав гаруй жил ажилласан. Тэгээд тус төвийн арван жилийн ойгоор буриад бөөгийн зан үйлийн өргөөг анх байгуулж, буриадынхаа бүргэд сүлд, 11 эцгийнхээ тугуудыг байрлуулсан юм. Мөн буриад гэрийн есөн онгод гэж бий. Тэдгээрийг нь ч байрлуулсан. Тэр бүгд маань одоо Дорнод аймагт төвлөрч байна. Бөөгийн зан үйлийг ингэж сэргээн хөгжүүлэхэд Голомт төвийн тэргүүн Сүхбат, дэд тэргүүн Энхжаргал удган, миний төрсөн эгч Загдаа удган нарын зэрэг олон хүн тус болсон доо.
-Загдаа удган бариа засал сайн хийдэг гэл үү?
-Манай удмын сахиус болохоор ясны бариачийн сахиус юм. Эгч маань одоо Хуагчин удган гэдэг бөөгийн төвтэй. Америк, Солонгосын бөө нартай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ бид бүгдээрээ Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн туг дор нэгдээд байна.
-Нэгдсэн эвлэл болж ажиллах нь илүү давуу чанартай байна уу?
-Тэгэлгүй яахав. Улсын хэмжээнд, төрийн хэмжээнд ажиллах ийм том байгууллагатай боллоо. Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргалсайхан маань бөөгийн удам гарвалгүй, насаараа төрийн алба хашиж явсан хүн.
-Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч нь бөөгийн удамгүй болохоор зарим нь таагүй ханддаг уу?
-Тэр яахав, хувь хүний л асуудал байх. Биднийг хэн удирдах нь хамаагүй. Гол нь нэгдмэл нэг зорилготой, хамтын эв нэгдэлтэй, нэг дээвэр дор ажиллах нь чухал болоод байна. Алийн болгон жалга довынхоо үзэл санаа, аминчлан бодлоор амь зогоож явах билээ.
-Саяхан Дорнод аймагт томоохон тахилга хийгдсэн гэл үү?
-Тэгсэн. Манай аймгийн Чулуун хороотын нутагт Хөх гэж сайхан том хайрхан бий. ОХУ-тай хиллэдэг хилийн зааг газар юм даа. Халх, буриад, барга зон олон маань өнө эртнээс Хөх уулаа дээдлэн шүтэж, цэргийн хар сүлдээ тахиж, цэнгүүлж байжээ. Энэ уулыг Монгол орны хөл уул гэдэг юм билээ.
-Хөл уул гэсэн нь ямар учиртай юм бол?
-Монголчууд эртнээс эх нутгийнхаа Толгой уул, Зүрх уул, Хөл уулыг нэрлэж тогтоосон байлаа. Толгой уул нь Баян-Өлгийд бий. Жаргалтхаан гэж сайхан том хайрхан байдаг. Зүрх уул нь Бурхан халдун. Эртний Бавж барс баатарын түүх домог Хөх буюу Хөл уултай салшгүй холбоотой. Хожим нь Манлай ван Дамдинсүрэнг өөд болоход нь тэнд Шинэ булаг гэдэг газарт нутаглуулсан байдаг юм. Хөх уул бол Монгол түмний цэрэг дайны асуудлыг боловсруулах, туг сүлдээ дээдлэх гол газар нь байсан юм байна. Энэ уламжлал Хамаг Монголын Хабул хааны үеэс эхтэй гэдэг. Хабул хаан ялалтаа Хөх ууланд ирж тэмдэглэж байсан. Хабул хаан энэ уулын оройд шилдэг сайн хүлэг мориныхоо толгойгоор тахилга өргөж байж. Бавж барс баатар мөн тэндэхийн Бор өндөр, Цогт өндөр гэдэг хайрхануудтай холбоотой бөгөөд одоо тэнд Бавж жалга гэж бий. Энэ жалга нь Хөх уулын доод хэсэг юм. Цэргийн окоп нуувч шиг хэлбэр төрхтэй том жалга юм л даа.
-Хөх уулын тахилга олон жил тасарсан байв уу?
-Олон жил тайж тахиагүй байжээ. 1942 онд тахиж, дараа нь 1972 онд тахисан байна. 1942 оны тахилгыг Санжжав гэдэг хүн санаачилж нутгийн цөөн бөө нартайгаа хийсэн байлаа. Тэгвэл бид энэ оны есдүгээр сарын 12-нд Монголынхоо өнцөг булан бүрээс Монголын таван язгуурын бөө нараа нараа урьж тахилгад оролцууллаа. Өөрөөр хэлбэл, нийт монголчуудынхаа хэмжээнд тахисан, өндөр түвшингийн тахилга боллоо. Ийм тахилга Чингис хаанаас хойш бараг тасарсан байсан болов уу. Уг тахилгыг би өөрөө санаачлан хийлгэсэн юм. Ер нь цаашдаа бид нутаг нутгийн уул овооны тахилга, төрийн хэмжээний томоохон тахилгыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Монголынхоо Толгой уул, Зүрх уул, хөл уулын тахилгыг төрийн хэмжээнд хийж байх нь зөв гэж бодож байна. Бусад уул овоог тухайн орон нутаг бүс нутгийн хэмжээнд тахиж байх хэрэгтэй байх. Хөх уулыг бид тахисан нь энэ уулаа төрийн тахилгат их хайрхан болгох зорилготой байлаа. Тиймээс энэ удаа орон нутгийн удирдлага, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс зохион байгууллагатайгаар тахисан юм. Хөх уул бол Дашбалбар сумаас 90-ээд км зайд оршдог. Түүх уламжлалаа бодсон ч гэсэн энэ уул бол яах аргагүй Монголын тулгуур уул, төрөөс тахих ёстой уул юм. Хөх уулынхаа тахилгын үеэр бид нарны тахилга, мөнх хөх тэнгэрийн тахилга, галын тахилга, овооны тахилга зэргийг хийлээ. Олимпын аварга, хөдөлмөрийн баатар Баатаржав гуай маань очиж тэнгэр өөд нум сумаар харвах ёслол үйлдэж, есөн сум тавьсан. Дамдинхүү зайран овооны тахилгыг хийлээ. Эрийн гурван наадмаа бас бэсрэг байдлаар зохион байгуулсан. Нутгийн бүх нэгдүгээр ангийн хүүхдүүддээ болон ахмад настангууддаа дурсгалын зүйл гардууллаа.
-Та бас л бусдын адил бөөгийн өвчнөөр өвчилж байв уу?
-Би 21 дэх жилдээ удганы зан үйлээр замнаж байна. Урьд нь бөөгийн өвчнөөр өвчилж, унаж тусдаг хэцүүхэн л амьтан байлаа. Уг нь би багш хүн. 12 жил багшилсан. Тэгээд бие муудаад болохгүй болохоор нь бөө дээр очсон. Ингээд онгод сахиусаа авсан. Бие нь муудсан болгон бас бөө удган болдоггүй.
-Зарим бөө нар үзэж харсан хүн болгоноо шахуу "Чи бөөгийн онгодтой юм байна” гээд л дагуулаад харайгаад байх юм?
-Тиймэрхүү хүмүүс ажиглагдаж л байдаг. Бөө, удган бол удмын юм. Тухайн хүнийг олон бөө, удган үзэж хараад таарч тохирч байвал тэнгэр сахиусыг нь авч бариулах л хэрэгтэй болох байх. Түүнээс биш хэн нэг хүний хэлснээр л бөө болно гээд яваад байж болохгүй.
-Таныг Ордос руу очих гэж байна гэж сонслоо. Ямар зорилгоор явах гэж байна вэ?
-Манай Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн удирдлага болон судлаачид тэнд очих гэж байгаа юм. Зорилго нь гэвэл Ордост Чингис хааны нэрээр ямар их бүтээн байгуулалт хийгдэж вэ гэдгийг харж өнөөгийн Монгол оронтойгоо харьцуулж үзэх санаатай. Тэнд том шинэ хот байгуулсан. Чингисийн онго, хөшөө цогцолборуудыг ямар их хөрөнгө гаргаж хийгээ вэ. Аялал жуулчлалын маш мундаг менежментийг хийжээ. Тэгвэл Чингисийн өлгий нутаг Монгол маань ямархуу байна. Судалж харьцуулах, санаж сэдэх их юм бий.
Ярилцсан Б.Отгонбаяр
WWW.ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих