Сэтгүүлч Томас Фролих, Марк Либерман нарын бичсэн "Дайны үеэр хөлждөг компаниуд” өгүүлэл дэлхийн тоймч, ажиглагчдын анхаарлыг татаж байна. Дайнаар ашиг олдог топ 10 компанийг нэрлэхэд долоо нь Америкийнх байжээ. Дэлхийн I дайны үеэр хэдхэн хүн баяжиж байсан бол, II дайны үеэр АНУ-д 21 мянган саятан, тэрбумтан төрөн гарсан гэдэг.
Америкийн цэрэг, дайны үйлдвэрлэлийн лоббины талаар олон удаа дэлгэж бичсэн ч энэ нь өнөөдөр ч байсаар байна. Энэ нь цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлийнхэн хууль сахиулагчдыг өөрсдийн талд үйлчлүүлдэг гинжин холбоо юм. АНУ эцэс төгсгөлгүй дайн хийж байдаг гол шалтгаан нь энэ хэмээн Activistpost-д бичжээ. Томас Фролих, Марк Либерман нар Дэлхийн асуудлыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгээс авсан мэдээлэл дээр үндэслэн дайнаар хөлждөг тэргүүн компаниудын жагсаалтыг гаргасан байна.
10. Thales Group (ФРАНЦ)
2013 онд тус компани 10.4 тэрбум ам.долларын зэвсэг борлуулж, 800 сая долларын цэвэр ашиг олжээ. Thales Group-ийн арван лоббичдын ес нь урьд өмнө төрийн албан тушаал хашиж байжээ.
9. Finmeccanica S. p. A. (ИТАЛИ)
2013 онд 10.6 тэрбум ам.долларын зэвсэг зарж, 100 сая долларын ашиг олжээ. Тус компанийн 34 лоббичны 21 нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан аж.
8. United Technologies (АНУ)
2013 онд 11.9 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж, 5.7 тэрбумын ашиг олжээ. United Technologies-ийн 70 лоббичны 52 нь төрийн албан тушаал хашиж байв. Конгрессын 24 төлөөлөгч тус компанийн хувьцааг эзэмшдэг.
7. Airbus Group (ФРАНЦ, ГОЛЛАНД)
2013 онд 15.7 тэрбум ам.долларын зэр зэвсэг борлуулж, 2.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Airbus Group-ийн 57 лоббичны 42 нь төрийн албан тушаал хашиж байлаа.
6. General Dynamics (АНУ)
2013 онд 18.7 тэрбум ам.долларын зэвсэг борлуулж, 2.4 тэрбумын ашиг олжээ. General Dynamics нь 1990 оноос хойш холбооны сонгуулийг ивээн тэтгэсэн 140 томоохон компанийн нэг юм. Тус компани цэргийн хөлөг онгоц, цөмийн шумбагч хөлөг, танк, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг. Конгрессын зургаан гишүүн General Dynamics-ийн хувьцааг эзэмшдэг. 133 лоббичны 96 нь төрийн алба хашиж байжээ.
5. Northrop Grumman (АНУ)
2013 онд 20.2 тэрбум ам.долларын зэвсэг зарж, 2.3 тэрбумын ашиг унагажээ. Northrop Grumman нь цэрэг, дайны үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэлээр дэлхийд дөрөвт, цэргийн хөлөг онгоцны үйлдвэрлэлээр 2010 оноос хойш дэлхийд тэргүүлж буй компани юм. Сансрын хөлгийн цахим, мэдээллийн систем үйлдвэрлэж, мөн цэргийн хөлөг онгоцны техникийн үйлчилгээг хариуцдаг. Northrop Grumman нь төрийн батлан хамгаалах захиалгыг хангах тал дээр төвлөрдөг ажээ. Конгрессын зургаан гишүүн Northrop Grumman-ийн хувьцааг эзэмшдэг. 49 лоббичны 32 нь төрд ажиллаж байжээ.
4. Raytheon (АНУ)
2013 онд 29.9 тэрбум ам.долларын зэр зэвсэг борлуулж, хоёр тэрбумын ашиг олжээ. Raytheon нь улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлын технологиор дагнадаг. Удирдлагатай пуужингийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг. Тус компани "Томагавк” далавчит пуужинг үйлдвэрлэдэг. Энэ пуужинг 2011 онд Ливийн дайны үеэр Америк, Британийн цэргийнхэн ашиглаж байсан билээ. Конгрессын найман гишүүн Raytheon-ийн хувьцааг эзэмшдэг. 61 лоббичны 51 нь төрийн алба хашиж байсан.
3. BAE Systems (АНУ, ИХ БРИТАНИ)
2013 онд 26.8 тэрбум ам.долларын зэвсэг борлуулж, 175 саяын ашиг олжээ. 36 лоббичны 27 нь төрийн өндөр алба хашиж байсан.
2. Boeing (АНУ)
2013 онд 30.7 тэрбум ам.долларын зэр зэвсэг борлуулж, 4.6 тэрбумын ашиг олжээ. Boeing нь арилжааны нисэх онгоцоос гадна бөмбөгдөгч, тээврийн нисэх онгоц болон "Апачи” нисдэг тэрэг үйлдвэрлэдэг. Конгресст цэрэг, дайны гэрээ, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх тал дээр гол нөлөө үзүүлэгч компанийн нэг. Boeing-ийн 115 лоббичны 83 нь төрийн албанд ажиллаж байжээ. Конгрессын 17 гишүүн Boeing-ийн хувьцааг эзэмшдэг.
1. Lockheed Martin (АНУ)
2013 онд 35.5 тэрбум ам.долларын зэвсэг борлуулж, 3.1 тэрбум долларын ашиг олжээ. F-16 сөнөөгч онгоц, газрын болон тэнгисийн янз бүрийн пуужин зэрэг цэрэг, дайны өндөр технологийн техник үйлдвэрлэгч юм. Цэрэг, дайны холбогдолтой ажил гүйцэтгэлээр дэлхийд тэргүүлдэг. 109 лоббичны 69 нь төрийн алба хашиж байжээ.
Мэдээж энэ бүх мөнгө хөрөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байдаг. Америкууд "Исламын улс” бүлгийн эсрэг дайнд цаг тутамд 312 мянган ам.доллар зарцуулдаг. Афганы дайнд цаг тутамд 10.1 сая ам.доллар зарцуулж байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих