Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах ажлын хэсгийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр зүүн аймгуудыг зорьсон бөгөөд гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар ханган ажиллана.
Мөн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологит учирсан хохирлыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулахыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх ажлын хэсэгт үүрэг болгоод сумдад гарсан ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор Улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг энэ үеэр шийдвэрлэлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус гараад байна.
Дээрх гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1.3% өссөн үзүүлэлттэй байна.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих