УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Гацууртын орд, Ноён уултай холбоотой асуудал улс төрийн хүрээнд халуун сэдэв байлаа. Харин чуулган завсарласнаар энэ асуудал тэгэсхийгээд намжсан гэхэд болно. Мөн хаврын чуулганыг нээснээс хойш Тавантолгойн гэрээ улстөрчдийн нэгдүгээр сэдэв болж, Ноён уулын асуудал нэг хэсэгтээ мартагдаж байгаа бололтой. Ноён уултай холбоотой маргаан ийнхүү Тавантолгойг тойрсон талцлын сүрд дарагдснаас гадна, цасанд дарагдсан байна. Тодруулбал, Ноён ууланд цас их унаснаас болж Гацууртын ордын олборлолт явуулах хэсэгт түүхийн дурсгалт булш бунхан байхгүй гэдгийг баталгаажуулах үүрэгтэй ажлын хэсгийн ажил хойшилжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга хэлэхдээ, "Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн болон бусад байгууллагаас хийсэн өмнөх хоёр судалгаагаар олборлолт явуулах хэсэгт булш бунхан байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Харин манай ажлын хэсэг үүнийг дахин нягталж баталгаажуулах үүрэгтэй. Манай ажлын хэсгийнхэн нэг удаа газар дээр нь очсон боловч цас ихтэй байсны улмаас ажиллах боломж гараагүй. Тиймээс дулаарч цас ханзарсны дараа ажиллаж дүгнэлтээ гаргана” гэв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тус ордын хэдэн хувийг нь эзэмших талаар шийдвэр гаргахаа түр хойшлуулсан байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих