Хаврын чуулган нээхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ "Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед олон албан ёсоор зарлах болно” хэмээж байсан. Харин уржигдрын Засгийн газрын ээлжит бус хурлын мэдээ Ерөнхий сайдын онцолж байсан "Оюутолгой хөдөллөө” хэмээсэн учир битүүлэг үгийн учгийг тайлах шиг болов. Ээлжит бус хурлаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ хэмээж байсан ч Оюутолгойн талаар давхар ярилцжээ. Энэ нь үндсэндээ өнгөрсөн аравдугаар сард "Рио Тинто”-гоос ирүүлсэн "Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн талаар байлаа. Бас гуравдугаар сарын сүүлээр манай улсад ирээд буцсан тус группийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн айлчлалын ул мөр ч ингэж илэрлээ гэж хэлж болохоор байна.
Монголд саатсан хоёр хоногтоо хоёр өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн тэрээр "Санамж бичиг бол хамгийн сайн боловсруулсан, бидний зүгээс өгч байгаа эцсийн хувилбар" хэмээж байсан. Рио Тинтогийнхон ингэж мэдэгдсэн ч үүнийг нь Монголд ашиггүй, нэгэнт байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчихөөр Санамж бичиг гэдгийг Оюутолгойн гэрээ байгуулахад эхнээс нь ажилласан улстөрчид, мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. "Рио Тинто”-гийн захирлыг айлчилсны дараа манай сонин "Сэм Уолш гэрийн даалгавар өгөв үү, авав уу” гэж бичиж байлаа. Засгийн газрын уржигдрын хуралдаанаас үзвэл "Рио Тинто"-гийн захирал "гэрийн даалгавар" өгчихөөд явчихсан байжээ. Засгийн газар нууцын зэрэглэлээр хэлэлцэж, санал зөрөлдсөн ч танхимын сайд нараас авсан мэдээллээр "Рио Тинто’’-д бид буулт хийжээ.
Энэ нь "Рио Тинто”-гоос ирүүлсэн бичигт "Эрдэнэс Монгол”-ын захирлыг гарын үсэг зур хэмээснээс тодорхой харагдана.
Энэ Санамж бичгийг байгуулснаар Хөрөнгө оруулалтын болоод Хувь нийлүүлэгчдийн гэрээний арван зүйл заалт зөрчигдөнө гэдэг. Тэдгээрийг хажуугийн хүснэгтэд товч дурдлаа.
Харин дээрх асуудлаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдээс тодруулахад үгүйсгэсэн хариулт өгөв. Тэгэхээр энэ асуудлыг ТУЗ-д мэдэгдэлгүйгээр Засгийн газрын төвшинд яриад шийдчихэв үү, эсвэл хэдийгээр мэдэж байсан ч мэдэн будилах шалтгаан ТУЗ-ийн гишүүдэд байв уу.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих