Хуучин Цэцэн Хан аймгийн Санбэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Булган сумын харъяат Талхын Лувсан заан гэгч нэгэн сайхан бөх байжээ. Тэр залуудаа халхын долоон хошуу даншиг наадамд барилдаж заан цол аваад буцаж явахдаа одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгийн нэгэн айлд бууж, цай уугаад мордоход нь тэр айлын гэрийн эзэн "манай гадаа хүн мөргөдөг маш догшин бух байгаа та анхааралтай яваарай” гэж захижээ. Лувсан заан "за гайгүй биз дээ, эгээ л алуулчихгүй л биздээ” гэж хэлээд гарчээ. Гэрийн эзний санаа нь зовоод хойноос нь гарч хартал нөгөө хүн ганзгандаа байсан зодог шуудгаа гаргаж өмсөөд, өнөө айхтар мөргөдөг бухны наанаас очиж байхыг хараад бүүр сандарч сандарчээ. Бух ч нүцгэн хүн хараад улам ч уур нь хүрэв бололтой мөргөх гээд шууд өөдөөс нь дайртал Лувсан заан огцом зайлж хүзүүний нь орцим хүчтэй алгадтал бух ч дороо очоол хөдөлсөнгүй. Лувсан ч эргэж ирээд хувцасаа өмсөөд мордоод явчихаж, харин мөргөдөг бух түүнийг явсанаас нилээн хойно арай гэж босоод үхрийнхээ хойноос аажуухан явсан бөгөөд түүнээс хойш хүн мөргөхөө больсон гэдэг.
Талхын Лувсан заан ид барилдаж ёстой бяр хүч нь амтагдаж байсан үедээ Сан бэйсийн хошууны Ламын хийдийн наадамд барилдахаар очжээ. Замд нь цав цагаан толгойтой, дээл хувцас нь нар салхинд гандсан урьд залуудаа барилдаж явсан болов уу гэмээр өвгөн морьтой шогшиж яваатай тааралджээ. Түүнтэй мэнд усаа мэдэлцсэний дараа өвгөн "чи барилддаг бололтой хүүхэд байна. Бодвол ламын наадамд тоосоо өргөх гэж яваа биз” хэмээн асуужээ. Лувсан ч идэр залуугийн омголон зангаар "тийм” гэж хэлтэл өвгөн: "би ч бас ламынхаа наадамд тоосоо өргөх гэж явна” гэв. Лувсан энэ өвгөний ч барилдах гайгүй байхаа гээд дотроо инээд нь хүрч суужээ. Тэр хоёр ч олон юм ярьсангүй жаахан явж байгаад салахдаа залуу насны зангаар: "өвгөн танаас хир их тоос гардаг юм бол” гэж хэлчээд морио гуядаад явчихжээ. Нилээн холдоод эргэж харвал тэр өвгөн нөгөө янзаараа шогшиж явна гэнэ. Лувсан заан тэр оройгоо ламын хийх дээр очиж унтаад маргааш өглөө нь наадам хийх газар очиж бөхийн даамалд нэрээ бичүүлээд, наадам эхлэхийг хүлээж байжээ. Бага үд хүртэл наадам эхлэхгүй байхаар нь таньдаг хүнээс "наадам яагаад эхлэхгүй байгаа юм бэ”гэж асуужээ. Тэр хүн: "Гаръд гуайг хүлээж байгаа юм байна” хэмээн хэлэв. Гаръд гуай гэж бас ямар гайны амьтан ирэх юм бол гэж бодож байтал хүмүүс "гаръд гуай ирлээ” гээд шуугилдаад явчихаж. Харсан чинь нөгөө өчигдөр хөдөө таарсан цагаан толгойтой өвгөн ирээд мориноосоо бууж байгаа харагдав. Энэ өвгөнийг юунд ингэж хүлээдэг юм бол гэж бодоод сууж байтал ч наадам эхлэлээ. Нөгөө өвгөн энэ тэндээ нөхөөс тавьсан хуучин улаан торгон зодог шуудагөмсөөд, зүүн талын тэргүүн магнайд гарч байгаа харагджээ. Өвгөн ч түүнээс дутахгүй хоёр давлаа. Лувсан заан ч идэр залуу ид бяр хүч нь нэмж явсан болохоор тун ч амархан хоёр давлаа. Гуравын давааны ам авах болж, "Гаръд гуай ам аваарай” гэж бөхийн даамал хэлтэл нөгөө өвгөн, "өчигдөр надтай хөдөө уулздаг хүү хаана байна” гэж хүний дээгүүр саравчлан харжээ. Лувсан: "би энд байна” гэж сууж байсанаа өндийжээ. "за би энэ хүүг авъя” гэж хэлээд эргэж, Лувсан ч тийм аз байх гэж өөрөө гүйж ирсэн энэ олзоор төвөггүй давчихъя гэж дотроо баярлаж байв. Өвгөн зүүн талын тэргүүн магнай болохоор 3-ын давааны хамгийн эхэнд нь тэр 2 барилдахаар болов. Тэр үеийн бөхчүүдийн дотор Талхын Лувсангийн 3-н дайралтыг халхын ямар ч сайн бөх өнгөрөөхөд хэцүү гэж ярьдаг байжээ. Лувсан заан өвгөнийг дархан мэхээрээ дайрсан боловч цаадах нь жаахан халтийх аядаад ойчсонгүй. Дахиад нэлээд сайн хүчтэй дайртал урьдынхаасаа улам хөдлөхгүй янзтай байна гэнэ. Бүх хүчээ дайчилж байгаад 3 дахь удаагаа дайрсан чинь ёстой ургаа хад мөргөсөн юм шиг огт хөдөлсөнгүй. Ингэж хийх мэхээ дуусаад бариад зогсож байтал өвгөн, "хүүхээ ахиад хийх юм бий юу” гэж асуугаад, "одоо миний ээлж болоо шив дээ” гээд зүүн хөл дээрээ давхар хавсарч цохиод хаяъчаад яваад өгчээ. Талхын Лувсан онооны асарт ирээд хувцасаа өмсөөд сууж байтал өнөө өвгөн ирж: "за хүү минь чамд маш их хий байсан юм. Харин одоо арилсан байхаа. Чи их сайн бөх болж олон жил сайн барилдана даа. Харин чамд бөх хүний хувьд нэг зүйлийг захихад хүний битгий голж, ам гарч яваарай. Энэ бол бөх хүнд цээрлэх зүйлийн нэг юм шүү” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр тэр цагаас хойш Талхын Лувсан зааны хий нь арилж олон жил сайн барилдаж нутгийн алдарт бөх бага Гомбо гаръдын захиасыг биелүүлж, халхын их наадмын дэвжээн дээр нэр алдар нь цуурайтсан юм гэдэг. Тэр өвгөн Цэцэн Хан аймгийн Сан бэйсийн хошууны бага Гомбо гаръд гэдэг хуучны нэгэн сайн бөх байсан агаад эрийг нас уулыг цас дардаг юм болохоор байгаль ертөнцийн жам ёсоор өвгөрөөд явж байсан нь тэр юмсанжээ.
Монголын түүхийн эрт эдүгээх 33 домогт бөх номноос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих