XYIII зууны үед хамаарагдах дан байгалийн чулуу ашиглан өрж хийсэн чулуун дурсгалд Дорнод Монголын сав газар, Халх голын баруун тохойд орших "ИХ БУРХАНТ” буюу Жанрайсаг бурханы цогцолбор дурсгал зүй ёсоор орно. Энэхүү дурсгал нь шар шавар ашиглаагүй, зөвхөн байгалийн чулуу ашиглан бүтээгдсэн гэдгээрээ бусад чулуун дурсгалаас онцлог бөгөөд мөн хэмжээний хувьд монголд хамгийн томд тооцогдоно.
Халхын голын баруун эрэг, мөрөгцөг бүхий налуу энгэрт орших "Их бурхант”-ын дурсгал нь зүүн уртрагийн 1180 27” 26”, хойд өргөргийн 470 52″ 29” далайн төвшинөөс дээш 662 метрт, их бурханы нүүр нь зүүн урд зүгт 1190 харсан байдлаар байрлана.
1797 онд Сэцэнхан аймгийн Үнэн Сүжигт Илдэн вангийн хошууны нутагт олноо То ван хэмээн алдаршсан, төр нийгмийн зүтгэлтэн аж ахуй эдийн засгийн шинэтгэгч үзэлтэн Бат-Очирын Тогтохтөр төржээ. Тэрээр улс, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн байсан бөгөөд Найман аюулаас аврагч, өрөвч нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсаг бурханы цогцолбор дурсгалыг 1859-1864 онуудад цогцлоон бүтээжээ.
"Их бурхан”-ыг хэрхэн бүтээсэн тухай бичиглэн үлдээсэн түүхийн баримт мэдээлэл тун хомс гагцхүү олон түмний аман уламжлалд тулгуурлан бичигдсэн, хуримтлуулсан судалгаа нилээд байна. XIX зууны дунд үед Сэцэнхан аймгийг бүхэлд нь хамарсан байгалийн гамшиг ган зуд, гал түймэр, өвчин зовлон, удаа дараалан нүүрлэх болсноор зон олон иргэд ихээхэн зутарч, мал сүрэг орноор хорогдож, аймаг хошуудыг ядуурал хоосролд хүргэжээ. Энэ аюулаас ард олноо гэтэлгэн аврах, эх орныхоо хил хязгаарыг харийн эрхшээлээс хамгаалах тухай Сэцэн хан аймгийн чуулганаар ихэс ноёд хэлэлцэн зөвлөлдсөн боловч зохистой шийдэлд хүрч эс чадсан учир хутагт лам нараас лавлаваас шашны номлол ёсоор Жанрайсаг бурханы дүрийг олон тоогоор эсвэл том хэмжээгээр бүтээж буян үйлдвээс энэ хүнд байдлаас гарз хохирол бага ангижирч болно гэж айлдсан байна.
Айлтгалыг хүлээн авсан Сэцэн хан аймгийн чуулганы ноёд Жанрайсиг бурхныг хаана, хэрхэн ямар янзаар бүтээх талаар нилээд хугацаагаар зөвлөлдсөний эцэст То вангийн хошууныхан хар бор ажилд гаршсан, сүм дуган барих дадлага туршлагатай, олон урчууд дархчуудтайг нь харгалзан үзэж Илдэн вангийн нутагт бурхан бүтээхээр болж, бурханыг аймгийн чуулганы шийдвэрээр 12 тохой өндөр зэсээр хөөж, алт өргөж бүтээхээр тохирсныг То ван эдийн засгийн хувьд үндэслэл муутай, ихээхэн үр ашиггүй ажил болно гэж үзээд тэгш налуу энгэр газарт байгалийн материал ашиглан чулуугаар товойлгон бүтээх хувилбарыг сонгож бурхан бүтээх ажлаа эхлүүлжээ.
Бат-Очирын Тогтохтөр ван Сэцэн хан аймгийн чуулганы даргын албыг хашиж байсан нь бурхан бүтээх ажилд хошуудыг санхүүгийн талаар дайчлан, өрх бүрээс албан татвар гаргуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.
Улсын түүхийн төв архивийн Бүрэн засгийн тэргүүн оны 4.27, 26-д баримтанд Их бурханыг одоогийн байгаа газарт 5 өртөө газраас шилжүүлсэн гэж тэмдэглэснээс, яг ямар нэртэй газраас зөөвөрлөснөө дурдаагүй байна.
2008 оны судалгааны ажлаар одоогийн бурхан байгаа газраас 3 өртөө /90км орчим/ олон түмний аман уламжлалын мөрөөр хилийн хориотой бүсэд орших Хэрээ ууланд, мөн бурханаас 5 өртөө орчим газарт байх Тамсагбулаг зэрэг газруудад очиж сурвалжлахад 150 жилийн өмнө энд бурхан бүтээж байсан гэх ул мөр олдоогүй юм.
Их бурханыг бүтээх ажилд 180 гаруй урчууд тогтмол, 340 гаруй хүн байнга, 500 гаруй хүн тодорхой хугацаагаар ажиллаж байжээ.
Их бурхан бүтээгдсэн цагаасаа өнөөг хүртэл он цагийн уртад түүхийн олон ээдрээтэй үеүүдэд эвдэн сүйтгэгдэж, их хэмжээгээр гэмтэж бидний үед өвлөгдөн ирсэн билээ.
Анх 1995 онд Их бурханыг сэргээн босгох ажлыг нутгийн зон олон санаачлан 1995-1997 онуудад ШУА-иас "Их бурхант”-ын дурсгалд холбогдох судалгаа, малталт, сэргээн босгох ажлыг хийсэн байна. Энэ сэргээн босгох ажлын дараагаар Их бурхантын дурсгал харьцангуйгаар бүтэн болж анхны төрх байдалд ойртон сэргээн засварлагдсан гэж үздэг.
Их шүтээнийг 90 тохой буюу 30 метр хэмжээтэйгээр дагалдах бурхдын хамтаар их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Бага хүрээ нь 13×63 метр хэмжээтэй, дөрвөн өнцөгтөө суваргатай, том хүрээ нь 220×97 метр бөгөөд үүний дотор талд дунджаар 165×110 см хэмжээтэй 20 ланз үсгээр "ом ма ни бад хум, ом базара бани хум пад, ум ра ба занада” гэж хэвтээ байдлаар чулуу шигтгэн бичиж, бага хүрээн дотор 200×110 см орчим 12 ширхэг суварга, Их бурхныг тойруулан чулуугаар урласан 3.03 м өндөртэй 20 гаруй жижиг бурхдыг босоо байдалтай бүтээсэн аж. Бурхны доод хэсэгт 44х26 м мөргөлийн талбай байх ба 5 м голчтой хоёр хорол, 4 махранз тэргүүтнийг товойлгон бүтээжээ.
Шүтээний үүдээр ормогц босоо байдалтай бүтээсэн Дөрвөн Махранз байх бөгөөд орсон бүхнийг ариусгадаг гэж үздэг. Түүнээс цааш урт удаан наслахыг бэлэгдсэн хоёр заан байна. Зааны хоёр талд хоёр зандан мод байдгийг хүслийн мод гэдэг. Их бурхны доод хэсэгт хойд зүгт хандуулан залсан Бурхан багш, түүний өмнөөс Гомбо сахиус бурхныг залсан байх бол эдгээр бурхдаас ялгүй дээш Дүртдагва түүний өмнөөс хандуулан Очирвань бурхныг залсан байдаг.
Их бурхны доод хэсэгт мөргөлийн тавцан, сангийн бойпор, тахилын чулуу болон бурхны мутар байдаг. Нэгэн үед уг мутарыг Улаан худгийн заставын барилгын сууринд хийсэн боловч олон цэрэг эндэж осолтсон тул бурхны мутарыг буцаан залснаар уг явдал зогссон гэдэг яриа бий.
Их бурхан нь 8 мутартай бөгөөд баруун мутар нь арслан, заан, могой, догшин хүний аюулыг, зүүн мутар нь гал, ус, салхи, гарьдын аюулыг зайлуулж хамгаалахыг бэлгэддэг. Их бурхны дээд хэсэгт долоон бурхан бүтнээрээ байдаг. Эдгээрийг урд талаас нь нэрлэвэл:
Насны бурхан Цэнд, Ногоон дарь эх, эрүүл мэндийн бурхан Оточ Манал, Дурлалын бурхан /төрж чаддаггүй хүн өвөр дээр нь сууж төрж байсан гэдэг/, Бурхан багш, хүүхдийн Аюуш бурхан, урлагийн Янжинлхам бурхнууд заларч байдаг.
Гадна хүрээний үүдэн хэсгийн баруун талд найман тахил, зүүн талд төрийн 7 эрдэнийг чулуугаар овойлгон дүрсэлсэн байна.
2007 оноос Монголын Соёлын өвийн төвөөс "Их бурхант”-ын дурсгалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, дахин сэргээн засварлахад зориулсан бэлтгэл ажлыг хийхээр судалгааны ажил хийгдэж эхэлсэн. 2008 онд уг дурсгал орших бүс нутагт очин байгалийн чулуу олзворлож байсан газар болон бурханы түүхтэй холбогдох газруудаар явж судалгааны ажлыг хийлээ.
Уулын энгэр даган байрласан, олон тооны дагуул бурхадын хөшөөнүүдтэй, том хэмжээний чулуун цогцолбор дурсгалыг 1995-1997 онд мэргэжлийн бус баг сэргээн засварлахдаа буруу арга технологи, материал түүхий эд ашигласнаас дурсгалын түүхийн үнэ цэнийг алдагдуулан ХХ зуунд бүтээн босгосон цементэн дурсгал мэт харагдахаар хэмжээнд хүргэсэн байна.
"Их бурхан”- дурсгалын талаар Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ахмад дипломатич, ШУА-ийн олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор Баярын Жаргалсайхан агсан дурсан ярихдаа:
"Манай гэр их бурхан Толгойтын овооны орчимд нутаглаж байхад, би Их бурхны гар хөлийн завсар бишгүй л нуугдаж тоглож байв. Нутгийн хүмүүс их бурханы хамрын нүхэнд хурга ишиг ороод унтаж хоцордог юм гэж ярьдагсан…, 1949 оны намар цаг уурын станц эргэж яваад би тамсагбулаг дээр оросын нэрт археологич, академич А. П. Окладниковтой тааралдав. Тэндээс би чулуун зэвсгийн суурин судлахаар Хэрээ уул хүртэл газарчилсан юм. Замдаа Их бурхан Толгойтын овоог үзүүлэв. Тэрээр энэ чинь эртний Энэтхэгийн гайхамшигт бүтээлийг санагдуулж байна. Монголд ийм их аугаа их дурсгалтай учирна гэж зүүдлээ ч үгүй явлаа хэмээн их сэтгэл нь хөдөлсөн байдалтай ярьж байв. Төдий л удалгүй Зөвлөлтийн эрдэм шинжилгээний нэгэн сэтгүүлд "Халх голын Их бурхан” гэсэн нэртэй өгүүлэл нийтлэгдэж билээ. А.П.Окладников тэр өгүүлэлдээ "ийм аугаа их монументаль дурсгалыг ихээхэн өндөр соёлтой хүмүүс бүтээсэн байж таарна” хэмээн бичсэн байв… 1972 онд манай ГХЯ-ны олон залуучууд тойрон аялалаар явахад би газарчилж түүгээр бас очсон юм. Тэр үед Их бурхан маань ерөнхийдөө бүрэн бүтэн, шалихгүй засвар тордлого хэрэгтэй юм байна гэж бодож байж билээ. Гэтэл 2 жилийн дараа би Алжирт сууж байхдаа Их бурханыг буулгаж чулуугаар нь авто машины гарааш барьж гэнээ гэсэн хүн үнэмшихын аргагүй мэдээ сонссон юм.- гэж "Олон жилийн хууч” нэртэй элчин сайдын тэмдэглэл номондоо бичснийг доктор Б.Палам "То вангийн түүхт нутгаар” номондоо оруулжээ.
Нүүдлийн мал ахуй нь байгаль орчинтойгоо зохицсон цаг хугацаа улиралын аясаар тодорхой хугацаагаа нүүдэллэн амьдардаг нь хот суурин газартай харьцуулахад харьцангуй өргөн уудам орон зайд маш сийрэг байдлаар амьдарч байгаа нь түүх соёлын дурсгалууд хараа хяналтаас гарч орхигдон эзэнгүйдэх, үрэгдэж алга болох нэг үндэс шалтгаан болж байжээ. Бэлчээрийн мал сүрэг нь бороо цас, шороон шуурга бүхий байгалийн үзэгдлийн үед хөшөө чулуун дурсгалын нөмөр нөөлөгт, нартай халуун өдрүүдэд сүүдэрт нь хоргодох, шөргөөх, хазайлгах, унагах зэргээр гэмтээж байна. XIX-XX зууны эхээр Дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн үймээн, будилааны үеэр эвдэн сүйтгэгдэж эхэлсэн гэж үздэг байна. Сүйтгэл цаашид үргэлжилсээр Ардын хувьсгалын дараа бурхан шашиныг хавчин гадуурагчдын гарт өртжээ. 1939 оны Халх голын дайны нөхцөл байдлаас шалтгаалан чулуугаар нь байлдааны хориглолтын нуувч, бэхэлгээний доторлогоо хийх зэрэг ажилд чулууг нь зөөвөрлөн ашигласан байна.
Халхын Хэцүү То ван "Их Бурхан”-ыг байгуулахдаа дараах хэд хэдэн зүйлийг баримталсан тухай мэдээ баримт байдаг:
1. Тэр үед ган зуд зэрэг байгалийн гамшиг удаа дараа болсноор нутгийн хүн ард ихээхэн ядуурч эхэлжээ. Тиймээс хүмүүс үлдсэн мал, эд хөрөнгөө хятадын пүүс, мөнгө хүүлэгч нарт зарж үрэн байж Богдын хүрээ, цаашлаад Утай, Гүмбүм хүртэл явж үлдсэн насныхаа буянг даатгах сонирхол нэмэгдсэн нь нэгдүгээрт, тухайн орон нутгийн эд хөрөнгө гадагш зөөвөрлөгдөж, эдийн засгийн хохирол амсаж аюултай болсон, хоёрдугаарт, хүн ам олноор шилжин явах нь бүр ч илүү хохиролтой болсон, гуравдугаарт, ухамсрын эргэж сэхэхгүй доройтол хүн амын дунд бий болсон байна. Иймээс "хүний нутгийн ууланд өгөх өглөгөө өөрийн нутгийн чулуунд өргө” гэсэн үндэслэлээр Их Бурхан болон Утай 5 уул зэргийг байгууулсан байна.
2. Манжийн дарлалын үед манж ноёд эрх мэдэлдээ дулдуйдан монголын нутгаас аль болох хумслах, авах гэсэн оролдлогууд удаа дараа явагдаж байсан. Үүнийг ч То ван олон уран нарийн аргаар зохицуулж өгөөгүй тухай домог, түүх байдаг. Иймээс хар хятад, харийн түрэмгийллээс эх нутгаа авран хамгаалаг хэмээн Найман аюулаас гэтэлгэгч Жигжиджав Жанрайсиг бурхныг сонгон барьжээ. Энэ нь ч биелж 1939 онд халдан довтолсон Японы Квантуны армийн цэргийн хөлийн мөр Их Бурхан байрлаж буй газраас баруун зүгт гараагүй болохыг түүх гэрчилнэ.
3. Их Бурханыг байгуулах нь нүсэр том ажил гэдгийг тооцоолж чадсан То ван тухайн үедээ олон зуун хүнийг ажлын байраас түр хугацаанд болов бий болгохыг хичээсэн ба үүнээс хавьгүй чухал монгол урчуудыг ухааныг Буддын шашны соёлтой хослуулан уламжлуулах гэсэн холч ухаан байжээ.
Мөн 8 аюул гэдэгт буддын шашны номлол ёсоор ганц гадаад хүчин зүйлийн аюулаас гадна хамгийн чухал хүний дотоод сэтгэлгээнд байх хар муу санаа, атаа жөтөө, хараал тэмцэл, хуял тачаал, уур хилэн, мунхаг санаа, бусдыг басамжлан доромжлох явдлууд ордог бөгөөд хүн өөрийг нь хүлсэн эдгээр хар энергээсээ салсанаар сайн сайхан амьдралын төлөө зөв, үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөн, түүнийхээ үр шимийг хүртэх буюу зөв амьдралын эхлэл тавигдана гэж үздэг нь ард түмнээ энэ замаар сайн сайхан амьдруулахыг билэгдсэн байна. Үүнийгээ ч "Аж төрөх ёсон” хэмээх бүтээлдээ дэлгэрэнгүй зааварчлан бичжээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих