Чух нуур Дашбалбар сумаас зүүн тийш 20 км зайд Улз голын савд далайн түвшнээс дээш 684 м өндөрт оршдог. Урдаасаа хойш сунаж тогтсон гонзгой хэлбэртэй бөгөөд баруун зүүн хоёр талдаа намхан толгодоор хүрээлүүлсэн, өмнө хойноо налуу намхан элсэн хаялгатай.
Хур бороо элбэг үед Бүрдийн булаг нуурт цутгана. Усны мандлын дээд хэмжээ ус элбэгтэй үед 5-6 ам км-т, гүн 17 м хүрнэ. Эрэг хөвөөгөөр нь эрдэс давсны зүйл хужир байдлаар ургасан байдаг.
Чух нуурын усны хэмжээ Дорнод Монголын ихэнх жижиг нууруудын адил тогтвортой бус, тухайлбал сүүлийн жилүүдэд нуурын усны түвшин ихээхэн багасчээ. Бидний ажиглалт хийх үед нуурын ус нэлээд шүлтжсэн / РН- 9.27/ эрдэсжилт нь I литрт 5 гр болсон байв. Энэ нуурын ус гидрокарбонат натрын рашаан усны бүлэгт багтана. Ёроолын хурдас лаг ба элснээс тогтоно. Эрэг хавьд хавтгай, бөөрөнхий мөлгөр хайрцган зурвасууд тохиолдох бөгөөд тэдгээрийн хонхорт лаг, элс дүүрсэн байна.
Чух нуурын усны байдал уур амьсгал, цаг уурын нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Нуурын ёроолоос ундардаг гүний ундрага, Бүрд булаг болон агаарын хур тундсаар тэжээгдэн усны түвшин харьцангуй тогтвортой байдаг. Дулааны улирлын гандуу үед / 1999 оноос эхлэн / температур өндөр байгаа нөхцөлд усны түвшин доошилсноор усны химийн найрлага өөрчлөгддөг бөгөөд энэ өөрчлөлт нь усан дахь микроорганизмыг бас өөрчилдөг. Микроорганизм уг нуурын экосистемын оршилд чухал үүрэг гүйцэтгэдэг нь бидний судалгаагаар харагдлаа. Одоо үед Чух нуурын ус антропогени үйлчилгээнд ихээхэн өртөж байна. Ийм бохирдол нуурын усан дотроос, бас орчин тойрны ус урсан орсноос үүдэлтэй. Нуурын эргэн тойронд гал түймэр их гардаг, мал олноор бэлчээрлэдгээс бороо хурын ус нуур руу цутган орохдоо малын баас, үнс нурам мэтийн бохирдуулагчийг давхар тээдэг. Өөрөөр хэлбэл нуурын орчимд мал хэт олон байна гэж хэлж болно. Түүнээс гадна хун, галуу, нугас гэхчлэн усны шувууд нуурын усыг бохирдуулдаг. Зарим зун Чух нуурт 100 хүртэл хос хун чуулах нь үзэгддэг. Энэ бүх хүчин зүйлээс болоод нуурын усны бүтэц, морфометр чанар өөрчлөгдөх, биогенн бодисууд үржих, бохирдолт нэмэгдэх хандлагатай байна. Үүний үр дүнд антропоген эвтрофировин нэмэгдэх, өөрөөр хэлбэл тэжээллэг орчин ихэссэнээс биологийн бүтээгдэхүүн нэмэгдэх хандлагатай байгаа нь бүх байдлаас тодорхой ажиглагдаж байна. Дорнод Монголын бүх нутаг дэвсгэрийн нэгэн адил Чух нуур орчмын экосистем ч бохирдолд өртөж байна. Усны экосистемыг бохирдуулдаг олон зүйлсийн дотор аллохтонны бодисууд онцгой байр эзэлнэ. Энэ нуурын ус, ёроолын хурдас, эрдэс давсууд бол байгалийн бүтээгдэхүүн мөн. Чух нуурын 5 г/л минералжсан ус мал, зэрлэг ан амьтны хэрэгцээнд тохирно. Харин угаалга цэвэрлэгээ болон мэтийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно. Усны зах, орчин тойрны эрдэс давс, хужрыг нутгийн ардууд эрт цагаас малын тэжээлд хэрэглэсээр иржээ. Өвс ногоонд натри бага байдаг. Давс – натри хлор дутагдсанаар амьтны бодисын солилцоо янз бүрийн байдлаар алддагддаг. Давслаг нуурын ёроолын хурдас эмчилгээний шавар ба рапатай байдаг онцлогтой. Рапа гэдэг бол давст нууруудын янз бүрийн давс ихтэй усны нэр юм. Рапагийн бүтцэд хлорт натри, кальц, калий, литий, төмөр болон бусад макро элементууд багтдаг. Тиймээс рапа давст нууруудын гол ашигтай талд хамаарна. Чух нуурын эмчилгээний шавар бол өдий төдий микроорганизм, төрөл бүрийн замаг, амьтдын амьдралын мөчлөгөөс үүссэн байгалийн бүтээгдэхүүн юм. Тийм учраас шавар маш нарийн ширхэгтэй /гомогенность/ зөөлөн, наалданги чанартай, дулаан болон чийг агуулах чадвартай, шүлтлэгээс гадна органик эрдсийн зүйл агуулсан байдаг. Ёроолын лаг шаварт эмчилгээний идэвхитэй чанар үүсэн бий болоход хамгийн идэвхитэй үүргийг микроорганизмууд гүйцэтгэдэг. Шавар эмчилгээ бол эмнэхүйн ухааны нэн эртний аргуудын нэг юм, Эмчилгээний шаварт агуулагдсан физик, хими, механик чанарууд, цахилгаан, биологийн идэвхитэй үйлчилгээ нь хүний биед сайнаар нөлөөлж арьс, мэдрэл, гормон, тимик-лимфатик, тулгуур эрхтнүүдийн эмгэгийг анагаахад тустай. Энэ нуурын хөвөөнд амралт зугаалгын газар байгуулах эхлэл хэдүйн тавигджээ. Тухайлбал энд зоогийн газар, амрагчдын байр, 00, хүүхдийн талбай, халуун ус цөм бий. Хүмүүс гэр бүлээрээ амарч зугаалах боломжтой. Мөн энд ажил хэргийн уулзалт хийх, олон хүний оролцоотой семинар зөвлөгөөн зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна. Бас оюутнууд энд дадлага хийж амрах боломж их бий. Энэ бол хүүхэд томчуудгүй усанд сэлэх, наранд биеэ шарах, янз бүрийн спорт тоглоом/ элсний волейбол зэрэг/ тэмцээн явуулах сайхан боломжтой газар. Мөн завиар зугаалах, загас барих ажлыг зохион байгуулсан ч болно.
Одоо энд бариач нар өвчтөнүүдийг хүлээн авч бариа засал, иллэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Нуурын ус ба рапа нь арьсны янз бүрийн өвчин анагаахад тустай. Ёроолын лаг шавар, рапа хоёрыг хүний тулгуур эрхтний өвчин эмгэгийг анагаахад ашиглавал үр дүнгээ өгөх найдвар бий. Эрэг орчмын зурваст үүссэн нянгийн бөөгнөрлийг түлшинд болон био хий гаргаж авахад ашиглах боломжтой. Чух нуурыг ашиглаад аялал жуулчлал хөгжүүлэх боломж их байна гэдэг сэтгэгдэл эндээс төрлөө. Юуны өмнө угсаатны холбогдолтой олон арга хэмжээ зохиож болно. Учир нь энд ОХУ- ын Ага, Онон, Борзъя нутгуудаас гаралтай ёс заншил, хэл аялгуугаа алдаагүй буриад зон нутаглаж байгаа тул энэ талын судалгаа шинжилгээ хийх хүмүүст ашигтай аялал болно. Энэ бол Ази тивийн талын бүсэд багтдаг нутаг мөн тул газар зүй, уур амьсгал, ус судлал, биологи, хөрс судлал, экологи лито, гидро, био мандлуудын хувьслыг судалдаг эрдэмтдийн анхаарлыг татах нь лавтай. Тийм хүмүүсийн байрлах, ажлаа явуулах нөхцөл боломж энд бүрэн байна.
Бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Дашбалбар сумын иргэн Д.Гөлгөн, Ч.Дэмид, Ч.Мөнхцэцэг, Д.Баярсайхан, Ч.Чинболд, Бурмаа, Ж.Жамъян, Үржинханд, Ч.Чинбаатар, Цэрэнжав, Мядагмаа нартаа гүн талархал илэрхийлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих