УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэвлэлийн бага хурал зарлаж, Дорнод аймагт үүссэн түймрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд танилцуулсан тухай бид мэдээлж байсан. Мөн тэрээр өчигдөр Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нартай уулзаж, гамшгийн голомтуудад яаралтай хүч нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай байгааг анхааруулжээ.
ОБЕГ-аас өчигдөр оройн Засгийн газрын хуралдаанд түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Үүний дагуу Засгийн газар ой хээрийн түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр тус нэгийг олгохоор шийдвэрлэжээ. Тусламжийн гэрийн 15 нь Дорнод аймагт хуваарилагдсан аж. Мөн аймгуудын нөөц сан шавхагдаж байгаа талаар хэлэлцэж, түймэр унтраах зардал 150 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Дорнод аймгийн Онцгой байдлын штабт олгохоор шийдвэрлэсэн байна.
Түймрийн голомтод гал унтраах багаж техник дутагдалтай байгаа. Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штабын мэдлийн "БМП” маркийн байлдааны машиныг түймэр унтраах, зурвас татахад хэрэглэхээр болсон байна. Мөн цаашдаа Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн хүчин чадлыг өргөтгөж, бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн Анги байгуулах асуудал ч шийдвэрлэх түвшинд яригджээ.
Хандив тусламжийн аян өрнөж байна
Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн нутагт гарсан хэд хэдэн хээрийн түймэрт давхардсан тоогоор 2000 гаруй хүн хүч ажилласан. Өнөө өглөөний байдлаар л гэхэд Баян-Уул, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот сумдад 473 хүн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймэр унтрааж буй эдгээр иргэддээ сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх хандивын аян Дорнод аймаг даяар өрнөж байгаа билээ.
Хандивын хөдөлгөөнийг Чойбалсан хот дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн. Уг аянд аймгийн төвийнхнөөс гадна Швед, Өмнөд Солонгос зэрэг улсуудаас ч хандив цугларч байгаа талаар мэдээллээ. Баян-Уул сумын Нутгийн зөвлөлийн хандивын данс: ХААН БАНК, 5405377201.
Үүний зэргэцээ "Дорнодчуудын ирээдүйн хөгжлийн төлөө” ТББ хандивын данс ажиллуулж эхлээд байна. Тус байгууллага ХААН банкны 5422098433 тоот дансаар хандив хүлээн авч, олон нийтэд ил тод мэдээлж байгаа аж.
Мөн Х.Болорчулуун гишүүний санаачилгаар "Дорнод гурил” компаниас түймэрт ажиллаж буй иргэдийн хүнсэнд 1000 ширхэг талх, 1000 ширхэг лаазалсан махан бүтээгдэхүүн хүргүүлжээ.
Энэ мэтээр хувь хүн, албан байгууллага бүр нутгаа гэсэн халуун сэтгэлээр түймэрт ажиллаж буй иргэддээ чадах чинээгээрээ туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж үг бий. Уншигч та ч бас дээрх хандивын хөдөлгөөнд нэгдэж, өөрт байгаа нөөц бололцоо болгоноор туслаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих