Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуулийн тєсєл єргєн барихын ємнє буюу 2014 оны дєрєвдїгээр сарын 25-30-ны єдрїїдэд Улаанбаатар хот, Євєрхангай, Сэлэнгэ аймгуудаас тїїврийн аргаар нийт 600 хэрэглэгчээс авсан санал асуулга. Эдгээр хэрэглэгчдэд дугаартайгаа шилжих їйлчилгээний талаар мэдээлэл єгсний дараа ийм хариултєгчээ.
МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧ 4.2 САЯД ХҮРЧЭЭ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуулийн төсөл өргөн барихаас өмнө суурь судалгааг хийсэн байдаг. Тус судалгаанаас харахад бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 4.2 сая болжээ.
Түүнчлэн нэвтрэлтийн төвшин нь 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байгааг тогтоосон байна. Энэ нь монголчуудын гар утасны хэрэглээ хэрхэн өргөжсөнийг харуулж байгаа юм. Нийт хэрэглэгчдийн 43.8 хувь нь Мобиком, 15.97 хувь нь Скайтел, 29.37 нь Юнител, 10.85 хувь нь Жи мобайлыг сонгон үйлчлүүлж байгаа гэнэ.
Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн ихэнх хувийг тодорхойлдог үнэ, тариф 1996 онд үүрэн холбоо нэвтэрсэн үеэс хэд дахин буурсан үзүүлэлттэй байгаа ч, зөвхөн үнэ тариф бус бусад олон үзүүлэлтээр хэрэглэгчид дугаараа солилгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага байна гэдэг дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийжээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудаас түүврийн аргаар нийт 600 хэрэглэгчээс санал асуулга авахад хэрэглэгчид Юнител болон Скайтел компаниуд руу илүүтэй орох, Мобикомоос гарах, Жи Мобайлын хувьд өөрчлөлтгүй байх ерөнхий дүгнэлт гарсан нь судалгааны тайланд оржээ. / Хувиар нарийвчилсан дүгнэлтийг нэгдүгээр нүүрний зургаас харна уу/.
Ийнхүү суурь судалгаагаар дугаартайгаа шилжих үйлчилгээг Монголд нэвтрүүлэх цаг нь иржээ, хэрэгцээ шаардлага нь ч байна гэсэн дүгнэлт гарсан тул Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Харилцаа холбооны зохицуулах хороо Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьж төвөггүй батлагдсан юм. Харин үүнээс хойш есөн сарын хугацаа өнгөрч байхад хуулийн хэрэгжилт ямар байх талаар тодорхой мэдээлэлгүй, яг хэзээ энэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх нь ойлгомжгүй байсаар байна.
Оператор дөрвөн компанийн захирлуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа уулзжээ. Мөн захирлууд байнга уулзалдаж амжихгүй тул чиглэл хариуцсан захирал, мэргэжилтнүүд оролцсон техникийн болон хөрөнгө оруулалтын дэд ажлын хэсгүүд байгуулагдсан гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн асуудлаар арав орчим удаа уулзаж хуралдсан байна. Гэхдээ ажлын явц удаашралтай байгааг зохицуулах хорооныхон нуусангүй. Харилцаа холбооны зохицуулах хороо оператор бүрээс санал авч, ажлын хэсэгт оролцуулан байр суурийг тэгш хадгалахыг хичээж байгаагаа илэрхийлсэн юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭН ДЭЭР САНАЛ ЗӨРЖЭЭ
Мэдээж аливаа ажилд хөрөнгө мөнгө хамгаас чухал. Хөрөнгө оруулалтын хэмжээн дээр оператор дөрвөн компаниас зөрүүтэй саналууд ирсэн гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэлсэн. Гэхдээ урьдчилсан байдлаар албан бусаар гаргасан тоо тул олон нийтэд мэдээлэх боломжгүй гэлээ. Харин албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр бол компаниудын санал болгосон хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд зөрүүтэй байгаа юм. Тодруулбал, Мобиком корпораци 10 гаруй тэрбум төгрөг гэсэн тоо өгсөн мэдээлэл бидэнд байна. Энэ талаар тус компаниас тодруулахад "Уг чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажлын хэсэг байгуулагдан яриа хэлэлцүүлэг хийгдэж байгаа тул бусад оператор компаниудын адилаар бид хөрөнгө оруулалтын хэмжээг хэлэх боломжгүй. Гэхдээ Европ болон Азийн орнуудад хэрэгжүүлсэн төстэй үйл ажиллагаанд хэр хэмжээний хөрөнгө оруулалт оруулсныг та бүхэн мэдэх боломжтой. Ямартай ч Монгол Улсын хувьд 10-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оператор бүрээс гарах нь тодорхой” гэсэн хариултыг өглөө. Харин Жи Мобайл компани "Манай урьдчилсан хөрөнгө оруулалтын дүн буюу нийлүүлэгч компанийн санал болгосон үнэ 576 мянган ам.доллар байгаа” гэсэн мэдээллийг бидэнд албан ёсоор ирүүлсэн. Тэгвэл Скайтел энэ мэдээлэлд албан ёсоор хариулт ирүүлээгүй, Юнител "Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхэд эрт байна” гэсэн хариу өгсөн юм.
ДЭЛХИЙ ДАЯАР 78 УЛС ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖЭЭ
Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээний туршлага ямар байдаг талаар суурь судалгаанаас харахад 2014 оны байдлаар нийт 78 улс энэ үйлчилгээг хэрэглээндээ нэвтрүүлжээ. Тухайлбал, Хонгконг улс 10 жилийн дотор 461 сая хонгконг долларын өгөөж хүртэх боломжтой гэж үзэн 1999 онд нэвтрүүлж байж. Англи улс 10 жилийн дотор 14.3 тэрбум паундтай тэнцэх хэмжээний өгөөж хүртэнэ хэмээн судалж, мөн л 1999 оноос нэвтрүүлжээ. Харин Европын холбооны гишүүн орнууд дугаартайгаа шилжих үйлчилгээг заавал хэрэгжүүлэхээр 2002 онд хуульчилсан бол Солонгос улс 2004 онд эхлүүлжээ.
Гэхдээ энэхүү үйлчилгээг үзүүлэх хугацаа харилцан адилгүй байдаг байна. Европын томоохон улсуудад дугаар шилжүүлэх үйлчилгээг дунджаар 4.1 хоногтбагтаан хийдэг байсан бол сүүлийн үед нэг өдрийн дотор шилжүүлдэг болох талаар судалж байгаа гэнэ.БНСУ-ын хувьд хамгийн хурдан буюу 30 минутын дотор үйлчилгээ үзүүлэх нь дэлхийн төвшинд өндөр үнэлэгдэж байна. Манай улсын хувьд эхний ээлжинд хэрэглэгчдэд аль болох чирэгдэл учруулахгүйгээр 1-2 хоногт багтаан шилжүүлэх талаар урьдчилсан тооцоо байгаа гэлээ.
Гэхдээ хууль батлагдаж, үйлчилгээ нэвтэрч эхэлсэн ч хэрэглэгчдийн идэвх төдийлөн их байдаггүй гэнэ. Ихэнх орнуудад хэрэглэгчдийнх нь 10 орчим хувь нь энэ үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг байна. Хонгконгод хамгийн их буюу хэрэглэгчдийнх нь 32 хувь нь оператораа сольж байжээ.
Дугаартайгаа шилжих үйлчилгээний хувьд тоног төхөөрөмж, техникийн асуудал маш чухал. Манай үүрэн операторын компаниудын хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, техникт бүгдэд нь нийцүүлж, хооронд нь зохицуулахгүй бол систем бүрэлдэхгүй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос оператор компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг үйлдвэрлэгчдийг урьж уулзалт хийжээ. Хамгийн эхэнд Скайтел компанид нийлүүлэгч ZTE группийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Тус групп нь БНХАУ-д дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тендерт ялжээ. Гэхдээ Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Шалтгаан нь нэг талаас манай зах зээл бага, хоёрдугаарт Хятадад хэрэгжүүлж байгаа төсөлдөө хүчээ төвлөрүүлэх бодолтой байсан байх хэмээн албаны хүн тайлбарлалаа. Үүний дараа мөн л Скайтел компанид тоног төхөөрөмж нийлүүлдэг "Huawei” компанитай уулзахад Хятадад тендертээ ялагдсан тул туршлагагүй гэсэн хариултыг өгчээ. Харин Мобикомын түнш "Ericcson”-ы төлөөллүүд ирсэн ч дугаар шилжих үйлчилгээний талаар туршлагатай мэргэжилтнүүд нь хараахан ирээгүй аж. Одоо дараагийн уулзалтаа БНСУ-ын компанитай хийхээр төлөвлөж байгаа гэсэн.
ОПЕРАТОР КОМПАНИУД ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ҮНЭХЭЭР ДЭМЖИЖ БАЙНА УУ?
"Хуулийн хэрэгжилтийн явц удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч болно. Оператор компаниудын хувьд ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцож байна. Бүгд төвөгшөөлгүй мэдээллээ гаргаж өгч байгаа. Гэхдээ үнэхээр хийе, хэрэгжүүлье гэж байгаа ч компанийнхаа төлөвлөгөөнд үнэхээр оруулсан уу. Хуулийг хэрэгжүүлэхийг үнэхээр хүсч байна уу гэдгээ илэрхийлэхийг бид хүссэн. Учир нь дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэх боломжтой хугацааг бид бодитоор тодорхойлмоор байна. Хэдийгээр хуулийн төсөл өргөн барихаас өмнө судалгаа хийхдээ энэ талаар компаниудаас асуусан байсан ч хугацаагаа тодорхойлох үүднээс дахин асууж байгаа юм” гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын албаны дарга А.Лувсан-Очир ярилаа. Улмаар хорооноос дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхийг хүсч байна уу, хүсч байгаа бол хугацааны хувьд хэзээ байх вэ, нэмж судлахаар зүйлсийн мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн гурван асуулга бүхий албан бичгийг компаниудад явуулжээ.
Операторуудаас өмнө нь салбарын эдийн засгийн өгөөжийг харж үзээч, хямралтай байгаа яг энэ үед шийдэх хэрэг байна уу гэсэн утгатай саналууд ирж байсан байна. Тиймээс эдийн засгийн талаас нарийвчилсан судалгаа гаргаж өгөхийг компаниудаас давхар хүсчээ.
Бид Харилцаа холбооны зохицуулах хорооноос илгээсэн санал асуулгатай ижил асуултыг операторууд руу явуулж албан хариулт авсан юм. Ингэхэд Мобиком корпораци ХХК "Мобиком Корпораци ХХК нь хэрэглэгч дугаартайгаа оператор хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх хуулийн үүргийг биелүүлэх зорилгоор холбогдох ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлгүүдэд оролцсоор ирсэн бөгөөд цаашид ч мөн энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр техникийн нөхцөл, чадамжийг бий болгох чиглэлээр ажиллах болно. Оператор компаниудын хувьд цаг хугацааны товыг хэлэх боломжгүй. Учир нь хуулийн дагуу ХХЗХ энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэв бүх асуудлууд зохих ёсоор шийдэгдвэл, техникийн хувьд 2016 оны эцэст хэрэгжүүлэх бололцоотой болно хэмээн бид харж байна. Бидний хувьд уг ажлыг хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд хэр оновчтой вэ гэсэн асуулт гарч ирж байна. Бүх операторын хэрэглэгчид уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлын улмаас нэмэлт ачаалал авч болзошгүй байна” гэсэн хариултыг өглөө. Харин Жи Мобайл компани "Монгол Улсын хэмжээнд батлагдсан хуулиа дээдлэн ажиллана. Уг үйлчилгээг манай компанийн зүгээс дэмжиж байгаа. Хуулиар тэдэн сарын тэдэнд энэ үйлчилгээг үзүүл гэсэн өдөрт нь бэлэн болгосон байна” гэв. Юнител компани "Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд нэг талаас хэрэглэгчдийн эрх ашиг, нөгөө талаар үйлчилгээ эрхлэгчийн эрх ашиг, цаашлаад бүхэл салбарын асуудал яригдах тул манай зүгээс байр сууриа илэрхийлэхэд цаг хугацааны хувьд эрт байна гэж үзэж байгаа” гэв. Харин Скайтел компани дээрх асуултад тодорхой хариулт ирүүлсэнгүй.
Ямартай ч дугаартайгаа шилжих үйлчилгээний хуулийн хэрэгжилтийн явц иймэрхүү байна. Бизнес төлөвлөгөө, тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт, хөрөнгө босгох гээд олон асуудал хүлээгдэж байгаа. Гэхдээ өнөөдөр хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооноос гадна үйлчилгээ үзүүлж байгаа дөрвөн оператор компанийн хамтын ажиллагаа яалт ч үгүй энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд чухал болоод байгаа юм.
Б.СОЛОНГО
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих