Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Уг түймрийг Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Хилийн цэрэг, сум, орон нутгийннийт 279 хүн, 24 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2015.04.20-ны өдрийн 07:00 цагт түймрийг цурамд оруулсан боловч Хэнтий аймгийн Норовлин сумын "Эмгэнт” гэдэг газраар 2015.04.21-ний өдрийн 02:00 цагийн орчим түймэр цурамнаас алдагдаж, тус сумын "Хавчуу” гэдэг газар ой модон дотроо асаж байгааг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 31 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дадал сумаас 9 иргэн, Норовлин сумаас 94 иргэн, нийт 203 иргэн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт /сумаас баруун хойш 40 км орчимд/ "Дарьхантын даваа”-ны орчим хэсэгт модондоо асч байгааг унтраахаар сум, орон нутгийн 60 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг "Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Чойбалсан, Чулуунхороот сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 52 албан хаагч, Чойбалсан сумаас 23 иргэн, Чулуунхороот сумаас 8 иргэн, нийт 178 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр Чойбалсан сумын нутагт тархсан хэсгийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж тавьсан цуравнаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 11:50, 21:55 цагуудад хүлээн авч уг түймэрт Чойбалсан сумын нутагт асч байгаа түймэр дээр ажиллаж байгаа сум, орон нутгийн болон хилийн цэргийн хүч хэрэгсэл хуваагдан ажиллаж байна. 2015.04.22-ны 07:00 цагт авсан мэдээллээр түймэр Чойбалсан, Чулуунхороот сумдын талдаа хилийн 1514-1531 дугаар тэмдэгтийн дагуу хилээ дагаад урт нь 70 км орчим, нутгийн гүн рүү 5-6 км, зарим газраар 17 км орчим өргөнтэй түймэр асч байгаа тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг "Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 11 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, Баян-Уул сумаас 301 иргэн, Баяндун сумаас 10 иргэн, нийт 465 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр түймрийн баруун талыг унтраасан, зүүн тал нь "Зүрх” уул руу мод руугаа орсныг 2015.04.22-ны өдрийн 01:00 цагийн орчим цурманд оруулсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс 07:00 цагт мэдээлсэн.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг "Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, сум, орон нутгийн 78 иргэн, нийт 162 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.21-ний өдрийн 21:00 цагт цурманд оруулсан тухай Онцгой байдлын хэлтсээс 07:00 цагт мэдээлсэн.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих