Сүхбаатарчуудаа, цаана чинь Түмэнцогт сум шатаж байна, авраарай, туслаарай гээд л байсан. Өдөр бүхэн ийм мэдээлэл орон даяар явсан даа. Их хуралд энэ аймгийг төлөөлж сонгогдсон ганц гишүүн болох Мөнхчулууны Зоригт сэтгүүлчидтэй өрсөлдөн цахим хуудастаа шуурхай мэдээлэл, зураг сэлт оруулаад л байсан. Харин өөрөө бол галын цохиур барьж гүйгээгүй. Олны өмнө гарч уриалсангүй. Зүгээр л цахим хуудастаа юм оруулахгүй байж таван минут сууж чаддаггүй зан нь хатгаж жиргэхээс өөрийг хийсэнгүй. Тэгвэл аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нь түймрийг "Галан түйрэн” хэмээн нэрлэж, хэлц үг зохиосноороо од болов. Онцгой байдлын комиссын дарга, хурандаа М.Энх-Амар тэр үгийг нь оносон тодорхойлолт гэж ирээд л телевизээр сүрхий сурталчлав.
Онцгой байдлын асуудал эрхэлж байдаг Шадар сайд У.Хүрэлсүх мөн л шоугаар занималдав. Бас болоогүй ээ, Сүхбаатар аймаг руу гарахынхаа өмнө "Эх орон шатаж байна " гэсэн суртал ухуулгыг хэвлэл, мэдээллээр таарав. Тэр нь аян замд гарах шалтаг, эр зоригийнх нь дуудлага, нэг ёсондоо тийшээ явах ажлынх нь оршил бололтой юм. Тэгээд явсан. Гэтэл 34 сая төгрөгөөр МИ-8 хөлсөлсөн юм байна. Тэнд очоод хйисэн ажил нь хар цамц, хар нүдний шилээр гангарч түймрийн галан фоны өмнө зургаа татуулж, телевизээр гарах л байж. Тэр ажлаа л хийлээ. Тэгвэл өнөөдрөөс Сүхбаатар аймгаас дөрвөн ч удаа Их хуралд гарч байсан, Сангийн сайдаар мөн гурав ч бил үү, дөрвөн удаа ажиллаж асан Ч.Улаан хэвлэлийн хурал хийх гэнэ. Ямартай ч сүхбаатарчуудад сэтгэлийн өртэйгээ гэнэт санасан уу, ер нь улалзаж улалзаж ингэхээр шийдэв үү, түймэрт өртсөн зүүн гурван аймагт МАХН нь тусламжийн цуваа гаргахаар болсны аян шалтаг уу хэвлэлийн хурал хийлгэх байгаа юм байх.
За тэгээд Улаанбаатарын газар нутгийн талыг эзэлж суучихаад "Ургах наран зүгт нутаг минь байдаг” гээд л дуулдаад байдаг жанжны нутгийнхан лав хотоос хальж, нутгаа гэсэнгүй дээ. Ж.Батзандан нэг ч үг дуугарсангүй. Харин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай л уйлчихсан гүйж явсан дуулдсан. Газар шороогоо гэдэг Ай.Төмөр-Очир найрагч нь өөрөө бие нь тааруухан байгаа ч тусламж, хандивын аян энэ тэр хийгээч, юу бодож,яаж байна аа та нар гээд хоолойгоо сөөтөл орилж бухимдаж явсан сурагтай. Түймэрт Түмэнцогт сумынхаа газар нутгийн 90 хувийг хуйхлуулж, 40 орчим айл, олон зуун малаа алдсан Сүхбаатар аймгийн улстөрч эрхмүүд, нэртэй нөлөөтэй хүмүүс нэг иймэрхүү байдлаар л түймэр "унтрааж” явна даа, хөөрхий.
Б.Анар
http://www.ontslokh.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих